Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2023/00568

 

 

 

 

 

 

 

 

2023 03 17 210/МА2023/00568

 

 

Т ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00665 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК -ийн хариуцагч Н ХХК , Э.Б л, Ч.Э , З нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, Н ХХК болон Э.Б л нараас зээлийн гэрээний үүрэгт 292,746,134 төгрөг, З гаас 274,658,980 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Э.Б лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А, хариуцагч З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Н ХХК нь Т ХХК -тай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэвлэлийн тоног төхөөрөмжийн төслийн зээлийн гэрээ байгуулан 480,000,000 төгрөгийг сарын 0,66 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, * дүгээр байрны зоорийн давхарт байрлах, 168,61 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн * дүгээр хороо , Овоот 2 дугаар гудамжны * тоотод байрлах, 70 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн * дүгээр хороо , Овоот 2 гудамжны * тоотод байрлах * м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин * зэргийг тус тус барьцаалсан. Мөн З нь Т ХХК -тай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дугаар тоот батлан даалтын гэрээ байгуулан 480,000,000 төгрөгийн зээлийн 57,4 хувийн батлан даалтыг гаргасан. Дээрх гэрээнд зааснаар зээлдэгчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үлдэгдэлтэй байгаа үндсэн зээл 478,499,965.68 төгрөгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг З төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч Н ХХК болон хамтран зээлдэгч Э.Б л нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1,500,034.32 төгрөг, үндсэн хүүнээс 51,457,243.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 00 төгрөг, нийт 52,957,277.97 төгрөг төлсөн байна. 2021 оны 08 дугаар сарын 18-ны байдлаар Н ХХК , хамтран зээлдэгч Э.Б л нар нь үндсэн зээл 203,840,985.38 төгрөг, үндсэн хүү 73,220,774.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,780.97 төгрөг, нийт 277,420,542 төгрөгийн зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байсан. Харин З нь батлан даалтын гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдлийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Н ХХК , хамтран зээлдэгч Э.Б л нараас зээл, зээлийн хүүний төлбөрт 277,420,542 төгрөг гаргуулж талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 107400212331 дугаартай зээлийн гэрээний хугацааг цуцалж, З гаас талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний дагуу төлөх 274,658,980.3 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсаны улмаас Н ХХК , хамтран зээлдэгч Э.Б л нарын төлөх үндсэн хүү 15,102,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223,347 төгрөг, нийт 15,325,592 төгрөгөөр нэмэгдсэн. Иймд Н ХХК , хамтран зээлдэгч Э.Б л нараас нийт зээлийн гэрээний үүрэгт 292,746,134 төгрөг, З гаас 274,658,980.3 төгрөг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох барьцаанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол /13374/, Манлайбаатар дамдинсүрэн гудамж, * дүгээр байрны зоорийн давхарт байрлах, 168,61 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн * дүгээр хороо , Овоот 2 дугаар гудамжны * тоотод байрлах, 70 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн * дүгээр хороо , Овоот 2 гудамжны * тоотод байрлах * м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин * зэрэг хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Зээлийн гэрээний хугацаа 2028 он хүртэл үргэлжлэх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь үндэслэлгүй, хариуцагчийн хувьд төлбөрийг төлж байсан байдаг. Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ихэсгэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Э.Б лын тайлбар, татгалзлын агуулга: Н ХХК -аас шаардсан мөнгөө Э.Б лаас давхар нэхээд байна. Хамтран зээлдэгчийг судлах хэрэгтэй байсан. Э.Б л хамтран зээлдэгчийн хувиар л гарын үсэг зурсан болохоос зээлийг төлөх ёстой гэх учрыг ойлгоогүй. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зээлийн хувийн хэргийн талаар заасан бөгөөд хамтран зээлдэгчийн орлогын талаар судалсан баримт байхгүй. Э.Б л судалгаагүйгээр гарын үсэг зурснаас болж өөрөө төлбөр төлүүлэх гэж байгаад гомдолтой байна. Зээлээс Э.Б л ямар ч мөнгө авч ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн хувийн хэрэг нь бүрдүүлбэр хангаагүй, шаардлага хангаагүй хүнийг судалгаагүйгээр хамтран зээлдэгчээр оруулсан тул хариуцах боломжгүй. Зээлийг үндсэн зээлдэгч хүлээх ёстой. Хамтран зээлдэгч ямар хариуцлага хүлээхгүй. Хамтран үүрэг гүйцэтгэгч хамтран зээлдэгчээс ялгаатай. Гэрээнд хамтран зээлдэгч гэж бичээд шүүхэд хамтран үүрэг гүйцэтгэгч гээд байгаа нь үндэслэлгүй, тусдаа ойлголт. Зээлдэгч гэдэг нь компанийг, зээл төлүүлэх үүрэг нь зээлдэгчид байна. Хамтран зээлдэгчийн хуульд заасан журмыг зөрчиж Э.Б лыг оруулсан тул төлөх боломжгүй гэжээ.

4. Хариуцагч Ч.Э ийн тайлбар, татгалзлын агуулга: Ч.Э ийн төрсөн охин болох Э.Б л, түүний нөхөр Т.Х нар нь 2017 оны 12 дугаар сард Банк бус санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдсөн боловч барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, та хашаа байшингийнхаа гэрчилгээг шилжүүлээд өгөөч гэж ирж уулзсан. Улмаар миний бие хашаа байшингийнхаа нэрийг шилжүүлэхийг зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.Б лын нөхөр Т.Х т итгэмжлэл нотариат дээр очиж хийж өгсөн. Улмаар 1 банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авсан боловч эргэлтийн хөрөнгөд хүрэлцэхгүй байна, дахин банкны зээлийн барьцаанд тавих хэрэгтэй байна гэж 2018 оны зун Т.Х нь банкны 2 ажилтаны хамт ирсэн. Гэтэл энэ оны 11 дүгээр сард Т.Х ын компани болох Н ХХК нь Төрийн банкнаас авсан зээлээ төлж чадаагүй, миний болон үр хүүхдүүдийн минь хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо , Овоот 2 дугаар гудамж 6 тоот хаягт байрших * дугаартай, * м.кв өмчлөх эрхтэй газар, уг хаягт байрших * дугаартай, 70 м.кв талбайтай хувийн сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу зээлийг төлүүлэхээр шүүхэд хандсан талаар мэдсэн. Улмаар хэргийн өөрийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх асуудлыг хэлэхэд банкинд мэдэх, шийдвэрлэх хүн байгаагүй. Надад Н ХХК -ийн зээлийг бүрэн төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлдөг талаар мэдэгдсэн. Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг эрхийн хүрээнд хамгаалах, цаашид өөрийн өмчлөлийн хөрөнгийг улсын бүртгэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэх, аливаа хориг тэмдэглэл хийлгэх, дуудлага худалдаанд оруулах тэмдэглэл хийгдэхээс урьдчилан сэргийлэх, мөн миний хөрөнгө барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангах талуудын тохиролцсон үнээс илүү гарсан тохиолдолд түүнийг заавал төлж, чөлөөлүүлэх эрх зүйн үр дагавар үүсэхээр байна. Иймд миний өмчлөлийн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Хариуцагч З гийн тайлбар, татгалзлын агуулга: З нь Н ХХК -ийн Т ХХК -аас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 480,000,000 төгрөгийн зээлийн 57.4 хувьд батлан даалт гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн *тоот батлан даалтын гуравласан гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.6-д батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг заасан. Талууд гэрээгээр тохиролцсон урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, гэрээний 1.6-д заасан шаардлага хангагдсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан байх, зээлдэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гарч болзошгүй эрсдэлийн санг 25 ба түүнээс дээш хувиар байгуулсан байх, зээлийн гэрээний хугацаа дууссан, эсхүл хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлж эхэлсэн байх, зээлийн барьцаа хөрөнгө бусад батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар нөхөх хариуцлага хүлээх батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 1.6.4-д заасан нөхцөл биелэгдээгүй байгаа тул нэхэмжлэгч Т ХХК нь З гаас батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Иймд З д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н ХХК , Э.Б л нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 292,746,133.98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК -д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н ХХК , Э.Б л нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Т.Х ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, * дүгээр байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204055431 дугаарт бүртгэгдсэн, * м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Э ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо , Овоотын 2 дугаар гудамжны * тоотод байрлах, нэгж талбарын 18648312700785 дугаартай, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн, * м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбай бүхий хувийн сууц, хөдлөх эд хөрөнгө болох Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин * -ыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч З д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т ХХК -ийн батлан даалтын гэрээний дагуу зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,223,125.61 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК , Э.Б л, Ч.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,691,881 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК -д олгосугай.шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Шүүх З г хариуцлагаас чөлөөлөхдөө батлан даалтын гэрээнд заасан нөхцөлүүд бүрдээгүй болохыг дурдсан. З гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар гагцхүү үндсэн зээлийн 57,4 хувийг батлан даахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан. Гэрээний 2-т батлан даалтын үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар зохицуулснаас харахад Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг талууд тохирсон гэж үзэж байна. З болон Н ХХК , Э.Б л нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд тэдгээрийн хүлээх үүрэг нь мөн хуулийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч батлан даалтын сан нь зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980 төгрөг төлөх үүрэгтэй. З гаас батлан даалтын нэмэлт гэрээнд заасан дараах 4 нөхцөл бүрдээгүй тул батлан даалтын үүрэг гүйцэтгэх боломжгүй талаар дурдсан нь үндэслэлтэй хэмээн шүүхээс шийдвэрлэсэн. Энэ талаар анхан шатны шүүхэд тусгайлсан тайлбар гаргаж өгч байсныг шүүхээс хэлэлцэхгүй шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлд дурдагдаад байгаа зээлийн гэрээний маргаан нь нэг компанийн, нэг зээлийн маргаан байхад хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 274,658,980 төгрөгийг хэнээс нэхэмжлэх, цаашид хэрхэх талаар шүүхийн шийдвэрт дурдаагүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулах үед З д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ гэсний дараа уг төлбөрийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэсэн боловч шийдвэртээ энэ талаар тусгаагүй нь ойлгомжгүй байна. Банкны зээлийн гэрээний маргаан болон З нарт холбоогдуулан гаргасан ижил төрлийн маргааныг 3 шатны шүүхээс өөр, өөрөөр шийдвэрлэж байна. Банкнаас З д холбогдох хэсгийг зээлдэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тохиолдолд уг төлбөрт дахин зээлийн хүүг ногдуулан нэхэмжилнэ. Шүүх зээлдэгч талд санхүүгийн хувьд дарамт учруулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар дурдаагүй, орхигдуулсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл энэ талаар шүүх дүгнээгүй. Иймд хариуцагч Н ХХК , Э.Б л нараас гаргуулж банканд олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Э.Б лын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас Э.Б лыг хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй нь үндэслэлгүй гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Н ХХК -аас 292,746,134 төгрөгийг гаргуулах, үлдсэн 274,658,980.3 төгрөгийг З гаас гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2 хариуцагчид холбогдуулан гаргасан. Энэ хүрээнд анхан шатны шатны шүүх шийдвэрлэсэн. Гэтэл одоо нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 274,658,980.3 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж гомдолд дурдсан нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эсхүл нэмэгдүүлж байгаа нь тодорхойгүй. Гомдол үндэслэлгүй гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх З д холбогдсон нэхэмжлэлийн шаардлагын тухайд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Энэ гэрээнд ямар нөхцөл үүссэн тохиолдолд батлан даалтын үүрэг гүйцэтгэх, ямар нөхцөл хангагдаагүй тохиолдолд татгалзах талаарх асуудлыг гэрээний 2.4.5, 2.5, 2.7.1-д тодорхой зохицуулсан. Эдгээр заалтуудаас харахад, энэ гэрээг байгуулахад Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар нөхөх хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй. Анхан шатны шүүх энэ агуулгаар шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч талаас гомдолдоо ижил төрлийн маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хавсаргасан тухай дурдаж байна. Монгол улсын хуулиар шүүхийн шийдвэрийг эх сурвалж тооцохгүй. Батлан даалтын сан нэг байгууллага боловч батлан даалтын гэрээ нь өөр өөр агуулга, нөхцөлтэй хийгддэг. Өөрөөр хэлбэл, батлан даалтын бүтээгдэхүүн, эх үүсвэр, хэрэгжүүлж буй хүсэл зоригоос хамаарч батлан даалтын үүрэг гүйцэтгэгч нь өөр өөр байдаг. Одоогийн байдлаар 3 өөр төрлийн батлан даалтын гэрээ бий. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

11. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч Ч.Э тайлбар гаргаагүй болно.

12. Хариуцагч Н ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч нь зээлийн төлбөрийн хуваарийн зөрчил гаргасан боловч нэхэмжлэгч нь төлбөрийн хуваарийн зөрчил арилгуулах шаардлага гаргаагүй. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл, хүүг төлөх үүргийг шаардсан бөгөөд нэхэмжлэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 болон 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний төлбөрөө шаардаж авах улмаар харилцагч нарын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох эрх зүйн үр дагавартай бөгөөд банк шүүхэд нэхэмжлэл гаргах замаар зээлийн гэрээг цуцалсан байх тул шүүх хуралдааны анхны тов хойшилсон хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх зүйн үндэслэлгүй. Иймд гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй. Мөн хариуцагч Н ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байхад хариуцагч компанийн хүсэлтийн дагуу нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь ойлгомжгүй, алдаатай болсон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т.Х ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, * дугаар хороолол , Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 69 дүгээр байр зоорийн давхрын * м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалсан бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч өөр этгээд болох талаар шүүхэд тайлбарласан боловч гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн 15,325,592 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

13. Хариуцагч Э.Б лын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх гэрээг байгуулах талуудын хүсэл зориг байсан эсэхийг тогтоож, дүгнэх шаардлагатай байсан. Э.Б л гэрээг уншаагүй, гарын үсэг зурсан. Хэрэгт авагдсан гэрээнд Н ХХК -ийн захирал Т.Х гарын үсэг зурсан. Гэрээний 2.1.2-т заасны дагуу Н ХХК -ийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авах байсан. Иймээс хариуцагч Э.Б л нь Н ХХК -тай холбоо хамаарал байхгүй. Банкнаас зээлийг Н ХХК -д зээл олгов гэх утгаар шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргахдаа хариуцагчийн зүгээс шүүхэд мэдэгдсээр байхад барьцааны өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Т.Х ыг оролцуулснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах байсан. Иймд анхан шатны шүүх Т.Х ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй, иргэний эрхийг зөрчсөн. Т ХХК -аас зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг Т.Х т хүргүүлсэн болохоос Э.Б лд мэдэгдэл илгээж байгаагүй, хүлээн авч байгаагүй. Зээлийн данс нь Н ХХК -ийн данс бөгөөд Т.Х ашигладаг тул ямар нэгэн мэдээлэл авах боломжгүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь Э.Б лаас шаардсан шаардлага нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлийг хангахгүй байна.

Шүүхээс нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан үндэслэлээ тусгаагүй буюу дүгнэлт хийгээгүй. Талуудын хооронд гэрээ байгуулах үед 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль үйлчилж байсан бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар талууд зээлийн хүүг зээл ашигласан хугацаагаар тооцохоор тохиролцоогүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Шүүхээс тус өдрөөс эхлэн зээлийн гэрээ цуцлагдаж байгаа гэж үзсэн бөгөөд үүнээс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах боломжгүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

З гийн хүлээх хариуцлага нь нөхөх хариуцлага бус зээлдэгчийн адил үүрэг хүлээх юм. Батлан даалтын гэрээний 2.1-д заасан тохиролцоо нь З гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар гагцхүү үндсэн зээлийн 57.4 хувийг батлан даахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт заасантай нийцсэн. З д холбогдох 274,658,980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ноцтой алдаа гаргасан, зээлийн гэрээний талуудын хүсэл зоригийг бүрэн тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

14. Хариуцагч Н ХХК , Э.Б л нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Т.Х тай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Үүний дагуу хариуцагчаар татаж, Э.Б лаас үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Харин хариуцагч Н ХХК -ийн гомдолд тайлбар хэлэхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 15,325,592.65 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Т.Х ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой байсан гэсэн гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй болохыг хуульчилсан. Зээлийн гэрээ нь 2028 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байгуулагдсан хэдий ч гэрээний хугацаа дуусахаас өмнө цуцлах шаардлага гаргасан. Энэ хугацаанд шүүхээс шийдвэр гаргуулаагүй байсан учраас нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Энэ нь зээлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн захирлаар Т.Х томилогдон ажилласан. Энэ хүнийг хуульд заасан журмын дагуу итгэмжлэлээр Г.Бат-Эрдэнэ төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан эрх, үүрэг хэрэгжүүлж оролцсон. Өөрөөр хэлбэл, Т.Х нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэхгүй байгаа хүн биш юм. Энэ талаар мэдэж байгаа гэжээ.

15. Хариуцагч Н ХХК , Э.Б л нарын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч Э.Б лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А-ын гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гаргасан гомдолд хэлсэн хариу тайлбартай ижил учраас өөр нэмж хэлэх тайлбаргүй гэжээ.

16. Хариуцагч Н ХХК , Э.Б л нарын давж заалдах гомдолд хариуцагч Ч.Э тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтадыг зөв дүгнэсэн боловч гэрээ цуцалснаас хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Н ХХК , Э.Б л нараас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н ХХК , Э.Б л, Ч.Э нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, Н ХХК болон Э.Б л нараас зээлийн гэрээний үүрэгт 292,746,134 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг,

З д холбогдуулан 274,658,980 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус гаргаж, хэргийн оролцогчид маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Т ХХК болон Н ХХК , Э.Б л нар 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 10740021233тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Т ХХК нь зээлдэгч Н ХХК -д 480,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар 120 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь уг зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх13-16/

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Т.Х ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, * дүгээр байрны зоорийн давхарт байрлах, Ү-2204055431 улсын бүртгэлийн дугаартай, * м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Э ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн * дүгээр хороо , Овоотын 2 дугаар гудамжны * тоотод байрлах, * улсын бүртгэлийн дугаартай, * м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, * улсын бүртгэлийн дугаартай, 70 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин * -ыг тус тус Т.Х , Ч.Э , Э.Б л нар нь Т ХХК -тай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж барьцаалуулан, 1183649, 1183647 дугаартай барьцаалбар үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх17-28/

3.3. Улмаар уг гэрээний төлбөр төлөлттэй холбоотойгоор З , Т ХХК , Н ХХК нар хоорондоо 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгчийн 480,000,000 төгрөгийн зээлийн 57,4 хувьд 275,500,000 төгрөгийн батлан даалтыг 120 сарын хугацаатай гаргах, батлан даагч нь гэрээний 2.4, 2.5-д заасан батлан даалтаар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх нөхцөл бүрдсэн тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс 57,4 хувиар нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон байна. /хх29-32/

4. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Дээрхээс дүгнэвэл, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт тус тус заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5. Зээлдүүлэгч Т ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 480,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нар нь зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба нийт 52,957,277 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

6. Зээлдэгч нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгийг төлсөн, үүнээс хойш төлбөр хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н ХХК , Э.Б л нарт холбогдуулан үндсэн зээл 203,840,985 төгрөг, хүү 73,220,774 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,780 төгрөг, нийт 277,420,542 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү 15,102,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223,347 төгрөг, нийт 15,325,592 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

6.1. Т ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд албан бичгээр тус тус зээлдэгч Н ХХК , Э.Б л нарт гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, дээрх хугацаанд зээл, хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх37-59/

6.2 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч нар нь зээл төлөх хуваарийг зөрчсөн нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд гүйцэтгээгүй зөрчилд тооцогдох тул зээлдүүлэгч банкны хувьд гэрээг цуцлахаар шаардлага гаргах эрхтэй.

6.3. Нэхэмжлэгч Т ХХК 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг тооцжээ. Уг тооцоолол нь талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн цаг хугацаанаас хойш буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд гэрээ байгуулахаас гэрээ цуцлагдах хүртэл үүссэн үүргийг төлүүлэхээр шаардах эрхтэй.

6.4. Нэхэмжлэгч энэ шаардлагаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой зааж, хариуцагч нар зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн, зээл төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас гэрээнээсээ татгалзаж, цуцалж байна гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс талуудын зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд зээлдүүлэгч нь гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

6.5. Харин зээлдэгч буюу хариуцагчийн хувьд зээлийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

7. Иймд шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хүү 15,102,245 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223,347 төгрөг, нийт 15,325,592 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу байгааг залруулан нэхэмжлэлээс 15,325,592 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан хариуцагч Н ХХК , Э.Б л нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 203,840,985 төгрөг, хүү 73,220,774 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,780 төгрөг, нийт 277,420,542 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

9. Нэхэмжлэгч Т ХХК -ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна. Барьцааны эрх нь үндсэн зээлийн гэрээтэй салшгүй холбоотой үүрэг тул шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.

10.1. Батлан даалтын гэрээний 2.4-т дараах нөхцөл биелэгдсэн бол батлан даалтаар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх нөхцөл бүрдэхээр тохирсон, мөн гэрээний 2.5-д батлан даагч нь энэхүү гэрээний 2.4-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс гэрээний 2.1-д заасан хувиар нөхөх хариуцлага хүлээх-ээр заажээ. Дээрх нөхцөл бүрдсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул З үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарын өмнөөс нөхөх хариуцлагыг хамтран хариуцах боломжгүй юм.

10.2. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасан.

10.3. Зээлийн батлан даалтын гэрээ болон Иргэний хуулийн дээрх заалтаас үзвэл батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх нөхцөл бүрдээгүй, гэрээнд заасан нөхцөлүүд хангагдаагүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

11. Хариуцагч Э.Б лын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Н ХХК -ийн захирал Т.Х зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, Э.Б л гэрээг уншаагүй гарын үсэг зурсан, уг компанитай хамааралгүй. Иймд Т.Х ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулаагүй... гэсэн агуулгатай гаргасан тайлбар, татгалзал нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч Т ХХК нь Н ХХК -д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийг солих хүсэлтийг гаргаагүй байна. Иймд Н ХХК -ийн захирал Т.Х болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах нь энэ хэрэгт ач холбогдолгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

12. Дээрх үндэслэлээр хариуцагч Н ХХК , Э.Б л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00665 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 292,746,133 гэснийг 277,420,542 гэж, ...гаргуулж... гэсний дараа ...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,325,591 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

4 дэх заалтын 1,691,881 /нэг сая зургаан зуун ерэн нэгэн мянга найман зуун наян нэг/ гэснийг 1,545,053 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,531,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК -ийн төлсөн 234,580 төгрөг, хариуцагч Э.Б лын төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ЦОГТСАЙХАН