Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.Энхтулга, Э.Ариунбаяр, М.Билгүүн

         нарт холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Бадамцэцэг,

ялтан Б.Энхтулга, М.Билгүүн,

ялтан Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Баатарсайхан,  

ялтан М.Билгүүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, П.Одонтунгалаг,

ялтан Э.Ариунбаярын өмгөөлөгч Б.Нарандолгор, 

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Энхтулга болон ялтан М.Билгүүн, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Энхтулга, Э.Ариунбаяр, М.Билгүүн нарт холбогдох 201626021438 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигин овгийн Бямбатулгын Энхтулга, 1995 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, ах, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа”-гийн 4-160 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 58 дугаар байрны 41 тоотод түр оршин суух,

2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: УЗ95110733/

 

2. Бигэр номон хан овгийн Мөнх-Очирын Билгүүн, 1993 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 14 дүгээр байрны 228 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Жаргалан хотхон”-ны 3 дугаар байрны 31 тоотод түр оршин суух,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. /регистрийн дугаар: УШ93081136/

 

3. Боржигон овгийн Энхбаярын Ариунбаяр, 1986 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Ногоон талбай” 5-33 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ХЛ86042912/

 

Э.Ариунбаяр нь 2016 оны 4 дүгээр сард өөрийн эзэмшлийн 17-33 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудлын шалавчнаас санамсаргүй олдсон НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг завшин хууль бусаар авч, уг тээврийн хэрэгсэлдээ борлуулах зорилгогүйгээр хадгалсан,

М.Билгүүн нь 2016 оны 4 дүгээр сард Э.Ариунбаяраас дээрх ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалан, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б.Энхтулгад өгөх ёстой 40,000 төгрөгийн өрөнд тооцож борлуулсан,

Б.Энхтулга нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээд, уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр М.Билгүүнээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байрны 3 дугаар орцны 1 давхрын цахилгаан шийтний хайрцагт 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Э.Ариунбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар, М.Билгүүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар, Б.Энхтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Э.Ариунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Б.Энхтулга, Э.Ариунбаяр нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг, М.Билгүүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхтулга, Э.Ариунбаяр нарт 4 cap баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар М.Билгүүнд 5 жил 1 cap хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхтулгад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 capын хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Энхтулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Билгүүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Э.Ариунбаярт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарласан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2,2 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 4 ширхэг компакт дискийг хавтаст хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Энхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэрэг болохоос өмнө М.Билгүүн надаас мөнгө зээлсэн байсан. Тухайн үед эхнэр төрөөд мөнгө хэрэгтэй, эхнэр, хүүхэд рүү яарч явсан болохоор М.Билгүүний надад өгсөн зүйлийг нь мэдээгүй. 3 хоногийн дараа М.Билгүүнтэй зочид буудалд таарч мөнгөний талаар маргаж байхдаа “өвс” гэдгийг нь мэдээд цагдаа дуудан тэр зүйлийг нь иргэнийнхээ хувьд хүлээлгэж өгсөн. Шүүхээс намайг мансууруулах бодис болох өвсийг мэдсээр байж хууль бусаар олж авсан хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнд гомдолтой байна. Иймд хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Ялтан М.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 4 дүгээр сард тэр өвсийг хэн нэгэнд зарж борлуулж, ямар нэгэн ашиг хонжоо олох зорилгоор Э.Ариунбаяр ахын автомашинаас аваагүй. Өөрөө татаж үзэхээр сонирохоод авсан. Тэр өвс нь яг мансууруулах хэмжээний өвс байсан гэдэгт эргэлздэг. Магадгүй Б.Энхтулга урьд нь өвсний хэргээр цагдаад шалгагдаж байсан болохоор намайг зээлсэн мөнгөө өгөхгүй байсан болохоор чадах зорилгоор тухайн уутанд өвсийг сольж хийсэн ч байж магадгүй гэж үздэг. Би урьд нь Б.Энхтулгаас 40,000 төгрөг зээлж авсан ба 2016 оны 4 дүгээр сард тааралдаад надаас өрөө нэхээд байхаар нь надад өвс байсан болохоор мөнгөө өгөхөөрөө өвсөө эргүүлж авна гэж хэлээд өвсөө үлдээсэн, Б.Энхтулга зөвшөөрсөн. Тэгээд 2 хоногийн дараа “Манхеттан” зочид буудалд Б.Энхтулгатай тааралдахад мөнгөө нэхээд байхаар нь мөнгөгүй байна, удахгүй өгөөд өвсөө эргүүлж авна гээд маргаан болсон... цагдаа дээр Б.Энхтулгад зээлсэн 40,000 төгрөгөө өгсөн. Би өвсийг Монгол Улсын хуульд хориотой зүйл гэдгийг нь мэдэлгүй, хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж сонирхон татаж үзэж бас найзынхаа санал болгосноор хүзүүн дээрээ ил харагдахаар шивээс хийлгэсэндээ харамсаж, гэмшиж байна. Цаашид дахин ийм асуудалд холбогдохгүй гэдгээ ухамсарлан ойлгож байна. Би удахгүй аав болох гэж байгаа болохоор 1 удаа буруу гишгэсэн алдааг минь уучилж, өршөөвөл итгэлийг нь алдахгүй сайхан амьдарна гэдэгтээ итгэлтэй байна. Иймд хэргийг минь хүндрүүлэн шийдвэрлэснийг үнэн зөвөөр нь тогтоож өгнө үү. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Ялтан М.Билгүүний өмгөөлөгч П.Одонтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Билгүүний үйлдэлд Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд гарсан эргэлзээний талаар: Улсын Дээд шүүхийн 29 дүгээр тогтоолд “Борлуулсан гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцож өрөнд өгөх зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ” гэж тайлбарласан. Дээрх тайлбарыг анхан шатны шүүх “Мансууруулах бодисыг борлуулах гэдэг нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бэлэглэх солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох /өрөнд өгөх/ зэргээр бусдад шилжүүлж байгаа үйлдлийг ойлгоно” гэж шийтгэх тогтоолд дүгнэн хэрэглэсэн. М.Билгүүний Б.Энхтулгад төлөх 40,000 төгрөгийн өрөнд тооцох хэлбэрээр борлуулсан гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан борлуулсан гэдэг бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв М.Билгүүн нь Б.Энхтулгад 40,000 төгрөгийн өрөнд тооцон борлуулсан юм бол яагаад Б.Энхтулга “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг авснаасаа хойш 3 хоногийн дараа зочид буудалд М.Билгүүнээс өрөө нэхэж, уг мөнгөнөөс болж маргалдсан болох, төлбөрт тооцон борлуулсан бол Б.Энхтулга яагаад мөрдөн байцаалтын шатанд М.Билгүүнээс мөнгөө авсан болох, Б.Энхтулга М.Билгүүнээс 40,000 төгрөг авсан тухайгаа мэдүүлсээр байхад 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй ургамлыг төлбөрт тооцож өгч, зээлийн төлбөр барагдаж дуусгавар болсон гэж үзэх үү, Б.Энхтулгаас М.Билгүүний зээлсэн мөнгөний төлбөр хэзээ дуусгавар болов, “өвс” өгснөөр дуусгавар болов уу, эсхүл 40,000 төгрөг мөрдөн байцаалтын шатанд өгснөөр зээлийн өр дуусгавар болж үүргийн гүйцэтгэл дууссан уу гэсэн асуултууд гарч байгаа ба үүний хариулт нь шийтгэх тогтоолд заасан Б.Энхтулгад төлөх 40,000 төгрөгийн өрөнд тооцох хэлбэрээр борлуулсан гэсэн дүгнэлт үндэслэлтэй юу, хуулийн зүйлчлэл тохирсон уу гэдгийг тодруулахад ач холбогдолтой юм.

Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг Б.Энхтулгад 40,000 төгрөгийн өрөнд тооцож өгсөн үү. Ингэж өгснөөр М.Билгүүний Б.Энхтулгад төлөх 40,000 өр дуусгавар болсон уу гэдэгт огт дүгнэлт хийгээгүй байна.

М.Билгүүн нь Б.Энхтулгад “өвс” гэх нэршилтэй ургамлыг 40,000 төгрөгийн өрөнд тооцож өгөөгүй. Харин өрөө төлөх хүртэл түр хадгалуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсоор байтал уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйд нь гомдолтой байна. М.Билгүүний Б.Энхтулгад “өвс” гэх нэршилтэй ургамлыг өгсөн үйлдлийг өрөндөө өгөөгүй, харин өрөө төлөх хүртлээ хадгалуулсан байхад өрөнд тооцон борлуулсан гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэх эргэлзээг бий болгож байна. Дээр дурдснаар өрөндөө тооцоогүй зөвхөн өрөө өгөх хүртлээ хадгалуулсан үйл баримт нь хуульд заасан борлуулсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар эргэлзээ бүхий байдлыг бий болгож байхад анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй ургамлыг өрөнд тооцон өгсөн үү эсхүл өрөө төлөх хүртлээ хадгалуулсан уу гэдэгт Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарч байгаа тул түүнд ашигтайгаар эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийн зүйл заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.

Хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж хангасан эсэх тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь заалт нь мөн зүйлийн нэг дэх заалтаас борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан байх шинжээрээ ялгагдаж байна. М.Билгүүн нь Э.Ариунбаяраас 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг сонирхож авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн байдаг бөгөөд борлуулах зорилго сэдэлт байгаагүй, анх олж авах цаг мөчид борлуулах зорилготой байсан, борлуулах зорилготой хадгалсан гэх нотлох баримт хэрэгт байдаггүй болно. М.Билгүүн дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй ургамлыг Э.Ариунбаяраас борлуулах зорилгогүйгээр олж аван, биедээ хадгалсан, бусдад шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын буюу борлуулах зорилго сэдэлтгүй байхад хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэй зүйл хэсгээр ял шийтгэсэнд гомдолтой байна. Иймд М.Билгүүнд ял шийтгэл оногдуулсан хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Ялтан М.Билгүүний өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Билгүүн нь 2,2 грамм өвс гэх нэршилтэй ургамлыг Э.Ариунбаяраас борлуулах зорилгогүйгээр олж авч биедээ хадгалсан, бусдад шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг агуулаагүй бөгөөд борлуулах зорилго сэдэлт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хүндрүүлж шийдвэрлэсэн. Уг өвсөө барьцаанд тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан борлуулсан гэх объектив талын шинжид багтах үүрэг гүйцэтгэлд тооцох буюу өр төлбөртөө өгсөн гэм буруутай гэж үзэх гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж биш юм. М.Билгүүн нь Б.Энхтулгад төлөх 40,000 төгрөгийн өрөнд тооцож өвсөө бүрмөсөн өгөөгүй бөгөөд тухайн үед өгнө гэсэн хугацаандаа зээлсэн мөнгөө өгөх гэтэл мөнгөгүй байсан учраас өгч чадалгүй явж байгаад боломжтой хугацаандаа зээлсэн 40,000 төгрөгөө буцааж өгсөн байдаг. Тухайн өвсийг буцааж авахаар тохиролцож хэсэг хугацаанд барьцаанд үлдээсэн болох нь сэжигтэн яллагдагч нарын мэдүүлгээр нотлогддог. Хэрвээ үүргийн гүйцэтгэлд тооцож өгсөн бол энэ нь өвсөө өгснөөр нэг мөр дуусгавар болсон байх ёстой. Гэтэл Б.Энхтулга нь М.Билгүүнээс 40,000 төгрөгөө удаа дараа нэхэж байгаа нь мөн зочид буудалд тааралдаад уг мөнгөнөөс болж маргалдсан байдал, өр төлбөрөө хэсэг хугацааны дараа төлсөн нь тухайн өвсийг өр төлбөртөө /үүрэг гүйцэтгэлд/ тооцсон гэх хуулийн шаардлагыг үгүйсгэж байна.

Энэ нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч, гэрчүүдийн тайлбар мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон байтал анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй хүндрүүлж шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд М.Билгүүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив болон субъектив талын шинж тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж М.Билгүүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Ялтан Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Б.Энхтулга нарт холбогдох хэргийг шийвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Б.Энхтулга нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзаж, иргэний хувьд өөрт хадгалж байсан “өвс” гэх бодисыг гаргаж өгсөн. Б.Энхтулга нь сэтгэцэд нөлөөлөх бодис ямар үр дагавартай вэ гэдгийг мэднэ. Энэ нь гэмт хэрэг үйлдэхээс төгс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Б.Энхтулга “өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж, 1 жил 6 сарын тэнсэн, хянан харгалзах ялтай байсан. Шүүх надад дахин энэ гэмт хэргийг битгий үйлдээрэй гэж даалгасан учир би сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисыг хадгалахаас татгалзаж, гаргаж өгсөн” гэж мэдүүлсэн. Энэ зүйл бол бэлэг дурсгал биш, хадгалагдаад мөн чанараа хадгалаад байх зүйл биш юм. Хэрэв хадгалж байсан бол худалдан борлуулагдах. Эсвэл ямар нэг байдлаар хэн нэг нь хэрэглэх нөхцөл байдал үүснэ. Б.Энхтулга энэ үр дагавраас сэргийлж чадсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийг журамлан хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Ялтан Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх бүрэлдэхүүн Б.Энхтулгын гаргасан давж заалдах гомдлыг анхаарч үзнэ үү. Өмгөөлөгч миний бие Б.Энхтулгын хүсэлтээр давж заалдах шатны шүүхийн шатнаас түүний хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах байр суурьтай оролцож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь тогтоох, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох тал дээр хангалтгүй ажилласан гэж үзэж байна. Тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст хэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэн гэдэг хүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэж байгаа нь тодорхой бус байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 73 дугаар зүйлд заасан хэрэг үүсгэснээс эхлэн ажиллагааг дутуу хийсэн гэж харж байна. Нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан. Уг дүгнэлтийг гаргуулахдаа мөрдөн байцаагчаас шинжээчид ургамлын бүтэц, уг ургамлын мансууруулах сэтгэцэд нөлөөлөх байдал, НҮБ-ийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон эсэх гэсэн 3 асуултыг тавьсан болно. Шинжээчийн дүгнэлтээс харахад уг ургамлыг НҮБ-ын 1971 онд батлагдсан конвенцийн жагсаалтад орсон гэж үзсэн. “Ургамлын бүтцийг тогтоолгох” гэдгийг шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд ямар химийн бүтэцтэй бэ гэдгийг нарийвчлан шинжлэн тогтоох гэж ойлгож байна. “Дельта-9 тетрагидроканнабинол” гэдэг нь орчуулагдахгүй нэр томъёо, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг зөвтгөх хэрэгтэй. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг Монгол хэл дээр явуулдаг гэж ойлгож байна. Гэтэл сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис гэдгийг тал бүрээс нь Монгол Улсын Олон улсын 1999 онд нэгдэн орсон уг конвенцид орсон байна гээд л орхисон байна. Шинжээчийн дүгнэлтэд байгаа “гадаад үг” дээрх конвенцид байхгүй. Англи нэршилд нь хамаарах эсэхэд мөрдөн байцаагч тодорхой ажиллагаа явуулаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Эрүүгийн хууль болон олон улсын хэм хэмжээнд үндэслэгдэнэ” гэж заасан. Конвенцийн 22 дугаар зүйлд “талууд өөрийн үндсэн хуулийн хязгаарлалтыг харгалзан энэ конвенцийн үүргийг биелүүлэхээр гаргасан хууль тогтоомжид харшлах, санаатай үйлдсэн аливаа үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх ба гэмт хэрэгт зохих шийтгэл оногдуулах, түүний дотор хорих, эрх чөлөөг хасах нөхцөлийг хангана” гэж заасан. Хэргээ илчилж ирсэн хүний нөхцөл байдлыг яаж авч үзэж байна вэ гэдгийг тал бүрээс нь тогтоогоогүй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн саналаа илэрхийлж байгаа юм. Мөн түүний эхнэр нь төрөх гэж байгаа байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

 

Ялтан Э.Ариунбаярын өмгөөлөгч Б.Нарандолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй тул тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Н.Бадамцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлууд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Худалдан борлуулах зорилгоор олж авсан, борлуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өгсөн эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн. М.Билгүүний хувьд 40,000 төгрөгөө нэхээд байхаар нь “Үүнийг авч бай” гэж хэлээд өвсөө өгсөн байдаг. Уг бодисыг Б.Энхтулга 6 хоног хадгалсан. Б.Энхтулга нь бодисыг би авсан юм гэж хэлээд сайн дураар Цагдаагийн байгууллагад өгсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч нар очиж шалгалт хийхэд хоорондоо маргалдаж байсан хүмүүсийн нэг нь “энэ хүн чинь надад мансууруулах бодис зарсан” гэж хэлсэн бөгөөд түүнээс “таны худалдаж авсан мансууруулах бодис хаана байна вэ” гэж асуухад өөрийн хадгалж байсан газрыг зааж өгч гаргаж өгсөн байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тухайн бодис нь мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамал болох нь тогтоогдсон. М.Билгүүний хувьд Э.Ариунбаярын автомашинд шүдэнз хайж байгаад “өвс” гэх бодисыг Э.Ариунбаяраас гуйж авсан байдаг. Э.Ариунбаяр “автомашинаа цэвэрлэх үедээ арын суудлын шалан дээрээс шүдэнзний хайрцагтай зүйл байхаар нь онгойлгож үзэхдээ “өвс” шиг бодис байхаар нь автомашиныхаа урд хайрцагт хийсэн” гэж мэдүүлсэн. Б.Энхтулга “мансууруулах бодис гэдгийг нь мэдээгүй” гэж байгаа боловч 40,000 төгрөгт нь дүйцэх эд зүйл гэдгийг мэдээд авч хадгалсан. Цагдаагийн байгууллагад хэлэхдээ “тэгж ярих юм бол энэ өөрөө надад мансууруулах төрлийн бодис зарсан” гэж хэлсэн байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудал нотлогдож, тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд нэмж хийх ажиллагаа байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Э.Ариунбаяр нь 2016 оны 4 дүгээр сард өөрийн эзэмшлийн 17-33 УНУ улсын дугаартай автомашинд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг борлуулах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг,

М.Билгүүн нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг 40,000 төгрөгийн өрөнд тооцож Б.Энхтулгад борлуулсан гэмт хэргийг,

Б.Энхтулга нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээд, уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр М.Билгүүнээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байрны 3 дугаар орцны 1 давхрын цахилгааны тоолуурын хайрцагт 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

- Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Эрдэнэхүү, Н.Баяртогтох нарын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн илтгэх хуудас /1-р хх-6/,

- 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 58 дугаар байрны 3 дугаар орцны цахилгаан тоолуурын хайрцагаас Б.Энхтулгын “мансууруулах бодис” гэх улаан өнгийн гялгар цаасанд боосон ногоон зүйлийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-7, 16-17/,

- Улаан өнгийн гялгар цаасанд боосон цайвар ногоон өнгийн ургамал нь 2,2 грамм жинтэй байсныг үзлэг хийн бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-83-85/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн шинжээчийн №4088 дугаар дүгнэлт /1-р хх-26/,

- Гэрч Н.Баяртогтохын: “... 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр “Бугат-115” чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Эрдэнэхүүгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад өглөөний 07 цагийн орчимд “4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Манхеттан” нэртэй зочид буудалд маргаан, зодоон болоод байна” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад уг зочид буудалд 4 залуу маргалдаж байсан. Б.Энхтулга нь М.Билгүүнийг “энэ надад хар тамхи зарсан” гэсэн ба “тэр хар тамхи чинь хаана байгаа юм бэ” гэж асуухад “манай гэрт байгаа” гэж хэлсэн. Түүнийг дагуулж гэрт нь очиход Б.Энхтулга улаан өнгийн гялгар уутанд ороосон өвс мэт ногоон өнгийн зүйл авч гарч ирснийг хураан авч, зарсан гэх М.Билгүүний хамт тухайн өдрийн ээлжийн жижүүрийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн...” /1-р хх-24/,

- Б.Энхтулгын сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Хүүхдийн 100” орчим М.Билгүүнтэй тааралдаад урьд зээлсэн 35,000 төгрөгөө нэхсэн чинь “мөнгө байхгүй, ганц хоёр хоног хүлээж бай” гэхээр нь “хүүхэд төрчихсөн надад мөнгө хэрэгтэй байна” гэтэл М.Билгүүн өөрийн зүүж явсан паскнаасаа улаан өнгийн жижиг гялгар уутанд боосон ургамал гаргаж ирээд “чи үүнийг түр авч бай” гэсэн. Би “энэ чинь юу юм бэ” гэсэн чинь “надад хэрэгтэй юм байгаа юм, орой чамаас авахдаа мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Улаан өнгийн гялгар уутанд боосон зүйлийг нь авч яваад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 58 дугаар байрны 3 дугаар орцны 1 давхрын цахилгаан тоолуурын төмөр хайрцагны араар хийж хадгалсан. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр М.Билгүүн Угтахбаярыг шууд нүүрэнд нь цохиод, надтай бас маргаад байхаар нь цагдаа дуудаад М.Билгүүний өгсөн улаан өнгийн жижиг гялгар уутанд боосон зүйлийг дуудлагаар ирсэн 2 цагдаад өгсөн... М.Билгүүнээс авсан ногоон өнгийн ургамлыг би хэрэглээгүй, хадгалж байгаад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Тэр ургамлын нэрийг Канабис гэдгийг би мэдэж байсан... ” /1-р хх-33-34/,

- М.Билгүүний сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр  Э.Ариунбаяр ахтай хамт гадуур явж байгаад тамхи татах гээд гал асуухад урд хайрцагт байгаа гэхээр нь онгойлгоход шүдэнз байхаар нь асаах гэтэл улаан өнгийн гялгар уутанд боодолтой зүйл байсан. Гялгар уутыг нь задалж үзэхэд ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл байхаар нь Э.Ариунбаяр ахаас гуйгаад авсан юм. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, “Хүүхдийн 100” орчимд явж байгаад Б.Энхтулгатай таарсан. Би өмнө нь Б.Энхтулгаас 40,000 төгрөг зээлээд өгч чадаагүй байсан юм.  Б.Энхтулга өрөө нэхэхээр нь “мөнгө байхгүй байна, найз нь удахгүй өгье” гэхэд уурлаад “зээлсэн мөнгөнийхөө оронд юм үлдээ” гээд явуулахгүй байхаар нь өвсөө өгсөн. Өгөхдөө “энэ юмыг авч бай, надад хэрэгтэй юм байгаа, орой чамаас зээлсэн мөнгөө өгөөд авъя” гэсэн...” /2-р хх-27-31/,

- Э.Ариунбаярын сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр автомашинаа цэвэрлэж байгаад арын суудлын шалан дээрээс шүдэнзний хайрцагт хийсэн зүйл олсон. Онгойлгож үзэхэд дотор нь улаан өнгийн гялгар уутанд боосон, ногоон өнгийн нунтаг “өвс” байхаар нь автомашиныхаа урд талын хайрцагт хийчихсэн юм. Тэгээд манай дүү М.Билгүүн надтай хамт гадуур явж байхдаа тамхи татах гээд надаас гал асуухаар нь “урд хайрцагт шүдэнз байгаа” гэсэн. М.Билгүүн урд хайрцагийг онгойлгож үзээд миний олсон шүдэнзний хайрцагтай өвсийг харчихаад, өгчих гэхээр нь надад хэрэггүй юм чинь гэж бодоод өгчихсөн юм. Тэрнээс биш мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч бусдад зарж борлуулсан асуудал миний хувьд байхгүй...” /2-р хх-40-43/ гэсэн  мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг прокурорын яллах дүгнэлт, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд явуулан, Б.Энхтулга, Э.Ариунбаяр нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, М.Билгүүнийг энэ төрлийн бодисыг борлуулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ. 

Э.Ариунбаяр нь  дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг такси үйлчилгээ эрхэлж байхдаа санамсаргүй байдлаар автомашинаасаа олсон гэдгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй. Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлд тодорхойлон заасан хулгайлах, булаах, дээрэмдэх, залилан мэхлэх зэрэг хууль бус аргаар олж авсан шинжүүдийн алинд нь ч хамаарахгүй байх тул анхан шатны шүүхээс Э.Ариунбаярт энэ зүйлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ. 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасах буюу хязгаарласан,  хэргийг хянан хэлэлцэхэд саад болох ноцтой зөрчил гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд:

 

М.Билгүүн нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2,2 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг 40,000 төгрөгийн өрөнд тооцож Б.Энхтулгад  өгсөн болох нь дуудлагын дагуу очсон цагдаагийн ажилтнуудын илтгэх хуудас /1-р хх-6/, гэрч Н.Баяртогтохын “...Б.Энхтулга нь М.Билгүүнийг “энэ надад хар тамхи зарсан” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-24/ болон М.Билгүүн, Б.Энхтулга нарын “40,000 төгрөгийн өрөнд боодолтой өвсийг өгсөн, авсан” тухай сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдож байна.

“Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг ... борлуулсан...” гэдэгт худалдах, арилжих, бэлэглэх, өрөнд тооцуулах, барьцаалах зэргээр иргэний эрх зүйн харилцааны бүх хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ. Хариу төлбөртэй, төлбөргүй байсан нь хэргийн зүйлчлэлд ноцтой нөлөөлөхгүй бөгөөд гагцхүү дурьдаж буй эм, бэлдмэл, бодис нэг этгээдээс нөгөө этгээдийн эзэмшил, өмчлөлд шилжсэн байдлаар тухайн гэмт хэргийн борлуулсан гэх шинж тодорхойлогдоно. Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсгийг зөв тайлбарлан, хэрэглэжээ. 

 

М.Билгүүн нь Б.Энхтулгад боодолтой өвсийг өгөх болсон шалтгаан нь 40,000 төгрөгийн өртэй холбогдон үүссэн асуудал бөгөөд энэ нөхцөл байдлаар “өвсийг түр хугацаагаар Б.Энхтулгад өгч хадгалуулсан нь борлуулсан гэх ойлголтод хамаарахгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх” гэсэн давж заалдах гомдлуудын үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хадгалсан гэмт хэрэг нь уг бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувчинд агуулснаар төгс үйлдэгдсэн гэж үзэх тул хадгалж байсан бодисоо цагдаагийн байгууллагад гарган өгч хэргээ илчилсэн нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан хэрэг биш юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 70 дугаар зүйлд зааснаар сайн дураар хэргээ илчилж ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт зөвхөн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдэд хамаарахаар заасан байх тул эдгээр үндэслэлүүдээр Б.Энхтулгын өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Баатарсайхан нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Билгүүн, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, П.Одонтунгалаг болон ялтан Б.Энхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Билгүүн, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Ж.Уранчимэг болон ялтан Б.Энхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

М.ПҮРЭВСҮРЭН