Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 216/МА2023/00002

 

 

   Ц.О нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

        Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй хийсэн хуралдаанаар,

      Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 134/ШШ2023/00023 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Ц.О,

          Хариуцагч Н.Б холбогдох

       Нэхэмжлэлийн шаардлага: 700 тооны мал гаргуулах, эд хөрөнгүүдийг дундын өмч болохыг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох 25,152,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Б гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.О нар /онлайнаар/, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

  1. Нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлага:

     Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Н.Б холбогдуулан 700 тооны мал гаргуулах, эд хөрөнгүүдийг дундын өмч болохыг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох 25,152,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.      Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

     1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Б 2011 онд танилцаж, 2012 оны 06 дугаар сараас нэг гэрт орж 9 жил хамт амьдарсан. Бид албан ёсоор гэр бүлээ бүртгүүлж чадаагүй. Учир нь Н.Б өмнө нь гэр бүлтэй байсан ба дээрэлхүү зангаараа гэрлэлтээ батлуулах шаардлагагүй гэдэг байсан. Хамт амьдарч эхлэх үед Н.Б 100 гаруй толгой хонь, ямаатай, 2 тугалтай үнээ, 11 тооны адуу, 1 ботготой ингэтэй байсан. Би аав, ээжээс тасдаж өгсөн 50 гаруй тооны хонь, ямаатай, 4 тооны тугалтай үхэртэй ирж хоёр талаасаа малаа нийлүүлж, хамтдаа малаа маллаж өсгөж, мөн нэмж мал худалдаж авч 2020 оны тооллогоор нийт 1439 малтай болсон. Эдгээр малууд өрхийн тэргүүн Н.Б нэр дээр тоологдсон. 2017 оноос хойш бүртгэл шинэчлэгдээд миний нэр орж ирсэн. Бид амьдрал ахуйдаа хэрэглэхээр ямааныхаа ноолуураар 18 тооны тэмээ, саарал өнгөтэй фургон маркийн 2 автомашиныг 2013, 2018 онд нэгийг нь 3,000,000, нөгөөг нь 13,000,000 төгрөгөөр, мөн 64, 100 ширхэгтэй малын модон шургааган хашааг 1,900,000 төгрөгөөр, хөлдөөгч 500,000 төгрөгөөр, угаалгын машин 280,000 төгрөгөөр, зурагт 180,000 төгрөгөөр, зурагтын станц 170,000 төгрөгөөр, 380 В хүчдэл гаргадаг цахилгаан мотор 520,000 төгрөгөөр, мал усалдаг насос 50,000 төгрөгөөр, нарны 2 ширхэг толь 2011, 2019 онд 400,000 төгрөгөөр, 500 бог малын төмөр хашааг 2021 онд 1,000,000 төгрөгөөр, дугааргүй мотоцикль 2020 оны 12 дугаар сард 3,600,000 төгрөгөөр, оёдлын машиныг 2017 онд хятад улсаас 1,300 юаниар, хормойн мөнгөн боолт 2021 оны 01 дүгээр сард 800,000 төгрөгөөр, 12-ын хэмжээтэй мөнгөн аягыг 2020 оны 12 дугаар сард 1,800,000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Мөн өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшиж, тухайн газартаа өөрсдөө том, жижиг 2 машины граж барьсан. Эдгээр эд зүйлүүдийг бид адилхан хөдөлмөр зүтгэлээ гаргаж, малаа маллан, малынхаа ашиг шим, малчны зээлээр худалдан авч бий болгосон. Н.Б нь хамт амьдрах хугацаандаа намайг байнга зодож, харааж зүхэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул 2021 оны 01 дүгээр сард салсан. Иймээс би эдгээр мал, хөрөнгүүдийг дундын эд хөрөнгө гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар Ц.О гэр бүлийн гишүүн мөн. Биднийг 2012 оноос эхэлж хамт амьдарч байсан талаар миний ах дүү нараас гадна, хөндлөнгийн хүмүүс болох нутгийн ард түмэн гэрчилсэн. Яагаад гэвэл 8-9 жил гэдэг маш их хугацаа, 20 гаран насандаа жинхэнэ ажил хөдөлмөр хийдэг эрч хүчтэй насандаа бид хоёр хамт амьдарч байсан. Ингэж хамт амьдрахдаа 2-3 хүүхдээ золиослон, амьдралын хатууг туулж ирсэн. Би зүгээр ширээний ард суучихаад нэхэмжлэл гаргаагүй. Зовлонтой, жаргалтай цаг хугацааг энэ хүнтэй хамт амьдарч өнгөрүүлсэн байдаг. Би гэр бүл салгаж суугаагүй. Надтай суухаас өмнө салсан байсан. Хэрэгт авагдсан гэрч Ө, Ц, Г, Б, М нарын мэдүүлгээс хамтран амьдрагч байсан нь харагддаг. Мөн хамтран амьдарч байх хугацаандаа банкнаас хамтран зээл авсан байдаг. Жил жилийн цагаан сараар хамт авахуулсан фото зургийг хүртэл хэрэгт хавсаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа бол тухайн эд зүйлийн зах зээлийн үнийн дүнг тодорхойлоход тухайн нэхэмжлэлийн үнэ тодорхой болно. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой гарч байж хэрэг үүсгэгдээд явсан болохоос биш, ямар ч нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрдээгүй нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрийнхөө мал, эд хөрөнгө дээр өөрөө зах зээлийнхээ үнэлгээг гаргаж өгөөд нэхэмжлэл гаргасан. 2021 онд Н.Б нэр дээр мал тоологдоогүй ч гэсэн бусдын эзэмшил, ашиглалтанд шилжүүлээд өгчихсөн мал байж байгаа. Тэгэхээр малгүйдээ биш, зориуд өгөхгүй байх зорилгоор гаргасан баримт үндэслэлгүй. Иймд Н.Б 700 тооны мал гаргуулж, - ДГА, - ДГО фургон маркийн машинууд, малын шургааган хашаа, хөлдөөгч, угаалгын машин, зурагт, зурагтын станц, цахилгаан мотор, мал усалдаг насос, 2 ширхэг нарны толь, оёдлын машин, хормойн мөнгөн боолт, мөнгөн аяга, 500 малын төмөр хашаа, том жижиг граж, улсын дугааргүй мотоцикль, өвөлжөө, хаваржааны газар зэргийг дундын өмч болохыг тогтоож, эдгээр эд хөрөнгийн үнээс 25,152,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, түүний тайлбарын агуулга:

     Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ хоёр хүн хамтран амьдрагч биш. Тухайн үед Н.Б гэр бүлтэй байхад Ц.О гэр орноор нь орж, гарч яваад эр, эмийн харилцаатай байхын хувьд байсан. Ц.О энэ айлд өөрийн хуваарьт хөрөнгөтэй ирсэн, аав нь мал тасдаж өгсөн гэх боловч нотлох зүйл байхгүй. Н.Б нь өөрөө бага наснаасаа мал малласан. Малчин байхад нь Ц.О 2011, 2012 онд ирсэн гээд байгаа. Тухайн үеийн мал тооллогоор 369 тооны малтай байсан, Гэтэл гэр оронд нь ирж, малыг нь хамт маллах, өөрийнхөө эрүүл мэндийг асруулах, тусламж гуйх зэргээр эр, эмийн асуудлынхаа хүрээнд хэлж гуйснаар нь эмчлүүлэх, идэж уух, өмсөх зүүх бүх зүйлийг үнэ төлбөргүй биелүүлж байсан. Н.Б ам бүлийн бүртгэлд нь төрсөн эгчийнх нь хүүхэд, ээж, эмээ нь байгаа. Мөн өвөө Ж.Д, эмээ Ц.Ч гээд хүмүүс нь насаараа нэгдэл байгуулагдахаас эхлээд энэ малыг үржүүлж ирсэн. 10 хүүхэдтэй. Дээр үеэсээ уламжлагдаж ирсэн мал. Үүнээс гадна Н.Б ээж Д.Ц-А энэ малыг маллаж байсан. Эмээ, өвөөгийнхөө бүх малыг маллаж байгаад, эмээ, өвөө нь өндөр насны тэтгэвэрт гараад, Н.Б дээр мал нь үлдсэн. Ж.Д, Ц.Ч нар үр хүүхдүүддээ малаа хуваарилж өгөөгүй байсан. Өвөлжөө, хаваржааны газар угаасаа энэ хүний өвөө, эмээгийнх нь газар байсан, захирамжтай. Энэ өвөлжөө, хаваржаан дээрээ малаа өсгөөд, үржүүлээд явдаг, аварга малчин байсан. Нас нь өндөр болоод Ж.Д нь нас барсан. Эмээ нь Дорноговь аймагт төв газар бараадаж эрүүл мэнддээ анхаарч, хөдөлмөрийн чадвар муудсан учраас Н.Б нэр дээр малаа тоолуулаад, өвөлжөө, хаваржааны газраа наашаа, цаашаа шилжүүлж олон ажил удаж байхаар Н.Б хамаг хөрөнгөө үлдээгээд байсан. 2019 оны өвөл Н.Б нь аваарт орж, босч ирэхээргүй болж мал ахуй, хамаг юм нь эзэнгүй болж, малын тоо болоход Ц.О малын тоонд өөрийнхөө нэрийг хавчуулж тоолуулаад гэнэтхэн хөрөнгийн асуудлыг шүүхэд өгч, шүүхдээд явж байхдаа янз бүрийн арга хэрэглэж байсан. Ингэж явахдаа Н.Б номер дугааргүй мотоцикль унуулсан, намайг урьд нь 1-2 жилийн өмнө хутга юмаар цохиж гэмтээсэн, ингэж үг хэллэг хэрэглэж, тэгж, ингэж хэлдэг гээд эрүүгийн хэргийг янз бүрийн байдлаар үүсгэсэн. Мөн өөрсдийнхөө эмэгтэй дүү нарыг хүртэл дараалаад хүчиндсэн гэж хүнд гэмт хэрэгт гүтгэж, энэ нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд хэрэгсэхгүй болгоод явсан хүртэл асуудлууд баримтуудаас харагдаад байгаа. Хөрөнгийн тухайд урьд нь гэр бүлтэй байсан, эмээ өвөө, ээжийнх нь монгол гэр байна. Гэр дотор нь тэр хүмүүсийн эдэлж хэрэглэдэг, нэхэмжилсэн бүх хөдлөх хөрөнгүүд байна. Энэ болгоны талыг нь авна, бид хоёрын хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон, бид хоёр хамтран амьдрагч байсан учраас талыг нь авна гэдэг нэхэмжлэлийг өөрөө гаргасан байдаг. Тэгвэл урьдах гэр бүлийн асуудлыг нь чи наадахаа цуцлуулчих, салгуулчих гэдэг асуудлыг 8-9 жил болж байхад яагаад Н.Б хэлж, гэр бүлээ батлуулаагүй явсан юм бэ? Миний хувьд энэ хүнийг эхнэр болгох шаардлагагүй байсан, эр, эмийн харилцаатай байхын хувьд байсан, би өөрөө эхнэртэй, хүүхэдтэй, Дорноговь аймагт ирж, очоод байдаг гэж Н.Б хэлсэн. Мөн эмээ, өвөө, ээж, М, М гээд эгч, ах нарынх нь тавиул мал байдаг, хоорондоо хэлцлээ хийгээд малладаг нь үнэн. Нэхэмжлэл гаргаад явж байхад 30 эр хонийг чэнжүүдтэй ирээд өөрөө аваад явсан байдаг. Эдний хүсэлтийг хангасан гэрчүүдээс зарим нэг нь хэлсэн байсан. Аав, ээж, ах дүү гээд шүүх хангаж шийдсэн гэрчүүдийн мэдүүлгээс харахад зарим нь 200-300, зарим нь 50-60 мал өгсөн гэдэг. Өөрсдөө бас тийм малтай хүмүүс мөн үү, биш үү. Хэрэг дотор Ц.Ц болон Н.Б малын А дансны хуулга тоо бүгд байж байгаа. 200 гаран малаас 60-70 нь хасагдсан тоо баримт, өгсөн мал нь Н.Б юм уу, Ц.О нэр дээр шилжиж орж ирсэн баримт байхгүй байгаа. Фургон машин гаргуулах гээд нэхэмжлэл гаргасан. Энэ машин 1998 онд байсан. Гэтэл дундын хөрөнгө гээд нэхэмжилсэн байх жишээтэй. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа хууль зөрчсөн. Яагаад гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 62 дугаар зүйлийн 62.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж байгаа. Гэтэл анх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй нэхэмжлэлийг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан байдаг. Тийм учраас тухайн шүүгч энэ хүн 65 сая төгрөг нэхэж байгаа нь үндэслэлтэй эсэх талаар үнэлгээ гаргуулъя гээд шинжээч томилсон. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй байгаа. Хоёрт Иргэний хуулийн 108-д зааснаар дундын өмч гэж ярьж байгаа бол Ц.О гэдэг хүн хэдэн сарын хэдэнд ямар хөрөнгө нийлүүлсэн юм бэ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар огт харагддаггүй. Ц.Ц гэдэг айлаас мал нийлүүлсэн гэж хэлсэн. Ц.Ц малын А дансны архивын лавлагаанаас харахад өөрийнхөө бүх малыг хүнд өгчихөөр малгүй болно биз дээ. Төрсөн эгч нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө манай дүү 30 хоньтой очсон гэсэн. Гэтэл 30 хонио аваад явчихсан. Сүүлд нь хэдэн үхэр байсныг аваад явчихсан. Н.Б гэдэг хүн чинь малтай байж мал өгнө. Одоо энэ Н.Б гэдэг хүнд ямар ч мал байхгүй. Дэлхийн нийтийг хамарсан Ковид цар тахал гарахад 350 мал нь алга болсон. Коронагийн комиссийн гишүүдэд үүнийгээ үзүүлж бүртгүүлж баримтжуулсан нь хэрэгт авагдсан байгаа. Журмаар бол тухайн гэрт байгаа хэн нь ч малыг тоолуулж болно. Тиймээс Ц.О гэдэг хүнд энэ мал тоологдсон. Малын А данс бол энэ мал Ц.О гэдэг хүний нийлүүлсэн мал гэдэг баримт биш. Ийм зүйлийг нэхэмжилж, нэн ядуу амьдралын бүртгэлд орж ирж байгаа Н.Б гаргуулна гээд ярьж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Хоёрдугаарт сая өмгөөлөгч нь Гэр бүлийн тухай хууль яриад байна. Энэ хоёр хүн хууль зүйн талаасаа гэрлэсэн хүмүүс биш. Эхнэр, нөхөр биш, хамтран амьдрагч ч биш. Гэр бүлийн хажуугаар эр, эмийн харилцаатай байсан нөхөр орж ирээд, энэ хүнийг танихгүй байхдаа авсан машиныг хүртэл нэхсэн. Энэ машин одоо хогийн цэг дээр байгаа. Зүгээр бүртгэлтэй байгаа болохоос машин гэдэг ойлголт байхгүй. Шургааг хашааны мод гэдэг нь өвөө нь хашааныхаа модыг аваад, тэр газар нь Ж.Д гэдэг хүнээс гаралтай гэдэг тогтоогдоно. Хормойн боолт гэж яриад байгаа. Энэ хормойн боолт байхгүй. Өөрөө нэг зураг авчираад үнэлүүлсэн. Н.Б энэ хүн бүтэн 2 жил цагдаа, прокурор гээд явуулсан. Энэ хооронд малгүй болсон. Энд ч зодсон, энд ч нүдлээ гээд эрүүгийн, зөрчлийн хэрэг гээд прокурортойгоо нийлж байгаад 3 сар прокурорын гадаа байлгасан. Шүүхийн тогтоол хэрэгт авагдсан байгаа. Мөн шинжээч үнэлгээ хийхдээ бодит амьдрал дээр яг энэ мал нь байна уу, шургааг мод нь байна уу гэдгийг харахгүй, энэ хүний гаргасан зургаар үнэлгээ хийсэн. Шүүгчийн захирамжид гомдол гаргаад явж байхад Ашид билгүүн ХХК үнэлгээ гаргаад ирсэн. Энэ үнэлгээн дээр оролцогчид оролцож чадаагүй. Ийм нөхцөл үүсээд шүүх шударгаар шийдэхгүй гэж үзээд татгалзаад байгаа. Банкны зээлд хамтран зээлдэгчээр орсон асуудлыг өөрөө ярьж байх шиг байна. 10 гаран сая төгрөгөөр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Өөрөө болон банк зөвшөөрсөн учраас зээл аваад төлөөд дуусгасан. Н.Б, би Ц.О эр, эмийн харилцааны асуудал байсан, орж гараад явж байсан. Тухайн үед зүрхний өвчний айхтар оноштой, төрж болохгүй, бие муутай, Ц.Ц талаас олон хүүхэдтэй, амьдралын боломж бололцоо муу, нас нь явчихсан, нөхөр сүүдэргүй ганцаараа учраас манайд толгой хорогдож, мал ахуйгаас туслалцаж, дэмжилцээд, орж гараад явж байсан гэж хэлдэг. Тэгэхээр энэ асуудлуудыг нарийн нэг бүрчлэн тодруулж, дундын хөрөнгө юм уу, хамтран амьдрагч юм уу, гэр бүлийн гишүүд үү, гэдгийг тогтоож байж хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

     Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.3, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч Н.Б 121 тооны хонь буюу 9,680,000 төгрөг, 499 ямаа буюу 34,930,000 төгрөг, 18 тооны үхэр буюу 14,400,000 төгрөг, 10 тооны тэмээ буюу 4,900,000 төгрөг, нийт 648 тооны мал буюу 63,910,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О олгож, хариуцагч Н.Б өмчлөлд байсан - ДГО улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл, одоо өмчлөлд нь байгаа малын шургааган хашаа, хөлдөөгч, угаалгын машин, зурагт, зурагтын станц, цахилгаан мотор, мал усалдаг насос, 2 ширхэг нарны толь, оёдлын машин, хормойн мөнгөн боолт, 500 малын төмөр хашаа, том, жижиг 2 машины граж, улсын дугааргүй мотоцикль зэрэг эд хөрөнгүүдийг Ц.О, Н.Б нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, уг эд хөрөнгийн үнээс 15,303,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52 тооны мал буюу 8,280,000 төгрөг, - ДГА улсын дугаартай байсан фургон маркийн тээврийн хэрэгсэл болон өвөлжөө, хаваржааны газрыг дундын өмч болохыг тогтоолгох, тухайн эд хөрөнгийн үнээс 2,849,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 828,595 төгрөгнөөс 324,217 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 204,378 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж, шинжээчийн зардал нийт 924,217 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.О 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 346-01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор 12 нэр төрлийн эд хөрөнгийг битүүмжилсэн арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг талуудад болон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж,... гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  1. Давж заалдах гомдлын агуулга:

      Хариуцагч Н.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ц.О нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б надад холбогдох иргэний хэрэгт Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23-р шийдвэрээр нэхэмжлэгч Ц.О нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн талаар өөрийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс утсаар мэдэж уг хэргийг шийдвэрлэсэн шүүгч зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль бус бүрэлдэхүүнтэй шүүх хурлыг хийсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

      Ц.О гаргасан нэхэмжлэл ойлгомжгүй байхад хэрэг үүсгэсэн байгааг үргэлжлүүлэн явуулж би Ц.О гэр бүл, хамтран амьдрагч биш, түүнтэй миний дундын хөрөнгийн асуудал огт байхгүй, тэр ч бүү хэл өнөөдрийн байдлаар Н.Б би гэр бүлтэй, хүүхэдтэй, одоо 3 дахь хүүхэд маань гарах гэж байгаа, Ц.О нь өөрийн аав, ээж, ах дүү нарын өгсөн хуваарьт хөрөнгийн талаар яриад байхад хэний эд хөрөнгө, эх үүсвэрийг хэзээ бий болгосон зэрэг нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, би бага наснаасаа өөрийн эмээ, өвөө болон бусдын малыг өнөөдрийг хүртэл хариулж өсгөж ирсэн малчин удамтай, түүгээрч барахгүй миний өвөө улсын аварга малчин цол хэргэм шагналыг улсаас шагнуулж байсан, түүний үргэлжлэл болсон би ч мөн аварга малчин эрхэм алдрыг хүртэн мал малласаар байна.

      Харин шүүгч үүнийг нэхэмжлэгч Ц.О хариуцагч Н.Б нарын дундын хөрөнгө мэтээр шийдвэрлэсэн байх бөгөөд Ц.О Н.Б миний хариулж байгаа мал сүрэгт өөрийн эцэг эх, ах дүү нараас өгсөн хуваарьт мал мөн сугалаанд хожсон үхэртэй байснаа хэрэг хянан шийдвэрлэх явцад авснаа хэлсэн байдаг, бусад гуравдагч этгээдийн мал болон өөр хөдлөх хөрөнгийг Ц.О, Н.Б нарын дундын хөрөнгө гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүйд хүрч байна.

         Тус хэрэгт эд хөрөнгийн эзэд болох Д.Ц-А, Д.М, М, С.Ч, Д.Б, Ц.М нарыг гэрчээр оролцуулах мөн бусад гуравдагч этгээдүүдийн хөрөнгө мал зэргийг эргэлзээгүй талаас нь тогтоох ажиллагаа огт хийлгүй өөрийн үзэмж, үнэлгээгээр хэргийг шийдвэрлэж, бусад этгээдүүдийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн, дээрх этгээдүүдийг гэрчээр оролцуулж асуулгах хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар удаа дараа гаргасаар байхад хүлээн авдаггүй, тэдний өмчлөх эзэмших эрхийг ноцтой зөрчиж, хэний хөрөнгө нэхэмжлэлд дурдсанг эргэлзээгүй талаас нотолж шийдвэрлээгүй, зөвхөн нэхэмжлэгч талаас бичиж ирүүлсэн хөрөнгө мөн нэхэмжлэгч талын буюу нэг талыг баримталсан гэрчийг асуулгах хүсэлтийг удаа дараа хангаж тэдний ээж, аав төрөл садныг гэрчээр асуух хүсэлтүүдийг хангадаг, нэхэмжлэгч талаас хэний эд хөрөнгө үл мэдэгдэх фото зураг зэргийг Ц.О Н.Б нарын дундын хөрөнгө мэтээр үнэлж, мөн фото зургийг шинжээчээр үнэлсэн үнэлгээгээр хэргийг хянаж шийдвэрлэсэн шүүгч Б.Н шүүх хуралдааны явцад 2022-12-02-нд татгалзаж байсан. Мөн 2023-01-13-нд шүүх хуралд оролцсон шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан саналыг хурлын өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хурал явагдаж байх явцад мөн өмгөөлөгч Т.М шүүх хурал тэгш бус байдалтай явагдаж, нотлох баримтууд шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт хэт нэг талыг баримтлан явуулж байгаа удаа дараа анхааруулж мэдэгдээд байхад хүлээн авахгүй би өөрөө шүүх хурлыг хуульд зааснаар цааш үргэлжлүүлэн явуулна гэж зүтгэсээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж миний болон бусдын өмчлөх эд хөрөнгийг Ц.О тал хөрөнгө мэтээр хангаж шийдвэрлэсэн.

        Миний амьдрал бага наснаасаа улсын аварга малчин өвөө, эмээ, ээж, ах, дүү нарын ажилч хөдөлмөрч байдлыг үргэлжлүүлэн Ц.О нэхээд байгаа мал сүргийг өнөөдрийг хүртэл тасралтгүй өсгөсөөр малласаар ирсэн ба 2020 оны 12 дугаар сард миний бие аваарт орж, хүний гарт эмнэлэгт сэхээнд байх үед өөрийн нэрээ Ц.О малын А дансанд бүртгүүлж, шүүхэд хөрөнгө мал авах нэхэмжлэл өгч, улмаар ДГО аймгийн цагдаа, прокурор, шүүхэд маш олон янзын хэрэг үүсгүүлэн шалгуулах, Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг нээлгэн шалгуулах, бүр бүх эмэгтэй дүү эгч нарыгаа хүчиндсэн мэтээр хэрэг нээлгүүлэн өгснийг шалган үндэслэлгүй байсан энэ утгаараа мал маллаж байгаа намайг цагдаа шүүх прокурорын үүдийг сахиулж, залхаан цээрлүүлж, миний маллаж байгаа бусад этгээдүүдийн малыг өөрийн нэрийг малын А дансанд өөрийн нэрээ бүртгүүлэн бичүүлж, мал тооллогонд бүртгүүлснээр эд хөрөнгийн талыг авах зорилготой байсан.

       Иймд Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү гэжээ.    

 

                                             ХЯНАВАЛ:

      1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагч Н.Б гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд  анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул гомдлыг хангах үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний  болон бусад өөрчлөлтийг  оруулах нь зүйтэй гэж дүгнэв.      

           Хэргээс судлан үзвэл:

           2. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Н.Б холбогдуулан 700 тооны мал гаргуулах, эд хөрөнгүүдийг дундын өмч болохыг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох 25 152 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          3. Хариуцагч Н.Б нь “ ... хамтын амьдралтай байгаагүй, ... бага наснаасаа өвөө, эмээгийнхээ  малыг маллаж байгаад өвөө, эмээ тэтгэвэрт гарахад мал нь нэр дээр үлдсэн,... айлын эд хөрөнгөн дээр ирчихээд талыг нь авна гэж хэлж болохгүй,... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна.

          4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Н.Б нь ... Ц.О гэр бүл, хамтран амьдрагч биш, түүнтэй миний дундын  хөрөнгийн асуудал огт байхгүй, ...би бага наснаасаа өөрийн эмээ, өвөөгийн болон бусдын малыг өнөөдрийг хүртэл хариулж өсгөж ирсэн...шүүх дундын хөрөнгө мэтээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бусад этгээдүүдийн өмчлөх эрхийг  ноцтой зөрчиж, тэднийг гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээж авдаггүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

          5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын тайлбар зэргээс  дүгнэвэл  зохигч нар нь хамтын амьдралтай байсан боловч гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүйгээс гэрлэгчдийн эрх, үүрэг үүсээгүй.

 

          Тодруулбал, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн харилцаа үүсээгүй байна.

          6. Анхан шатны шүүх,  Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтуудад үндэслэн нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Н.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, тэдгээр нь хамтын амьдралтай байсан, хамтран амьдрагчийн дундын өмчлөлийн эрх Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарахгүй тул уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй  талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

          7. Харин нэхэмжлэгч Ц.О,  хариуцагч Н.Б нарыг нэр бүхий хөдлөх эд хөрөнгүүдийн /мал болон бусад/ хамтран өмчлөгч гэж, уг хөрөнгөөс нэхэмжлэгчид ногдох мал болон бусад хөрөнгийн үнээс ногдох хэсгийг хариуцагч Н.Б гаргуулж, нэхэмжлэгч Ц.О олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан малын А дансны хуулга /1-р хх-3, 22-37/ болон Ашид билгүүн ХХК-н үнэлгээ/ 2-р хх-67-85/  зэрэг нотлох баримтыг дутуу үнэлж,  тооцооллын алдаа гаргасан байна.

   Тухайлбал, -700 тооны мал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ зохигч нарын хамтын амьдрал эхлүүлэх үед болон хамтран амьдарсан хугацаанд  хэн аль нь хэдий хэмжээний малтай байгаад  хэдий хэмжээ болтол малын тоо толгойн  өссөн талаарх хэрэгт авагдсан малын А дансны хуулга, талуудын тайлбар, хэргийн үйл баримт зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, 

           -хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт оногдох хэсгийн үнийг гаргуулах шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ 15,303,500 төгрөг гаргуулж,  2,849,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагын 25,152,500 төгрөгийн үнийн дүнтэй тохирохгүй, зөрүүтэй,

    - зохигч нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс нэхэмжлэгчид оногдох хэсгийг тооцохдоо “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээг харгалзан тооцсон байх боловч - ДГА  улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийн нэхэмжлэгчид оногдох хэсгийг анх машин худалдан авсан үнийн 50 хувь буюу 6,500,000 төгрөгөөр тооцсон нь учир дутагдалтай  зэрэг болно.

         8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Н.Б нар нь 8-9 жил хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд тухайн өрхийн малын тоо 369-өөс 1439 болтол өсөн үржиж маргаан бүхий дундын өмчлөлийн эд хөрөнгө бий болсон гэж үзэхээр байна.

          Гэтэл анхан шатны шүүх, хариуцагчаас 648 тооны мал гаргуулахаар шийдвэрлэхдээ хамтын амьдрал эхлэх үеийн  буюу 2012 онд Н.Б нэр дээр тоологдсон малыг 2020 оны эцэст тоологдсон малаас хасч тооцоогүй нь буруу  байна. 

      Учир нь  нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтын амьдралтай байх буюу тэдний тус тусын хуваарьт хөрөнгө болох малаа нийлүүлснээс хойшхи хугацаа /2012-2020/- нд өсөж үржиж бий болсон 1070 /1439-369/ малыг тэдний дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж      тооцоход : тэмээ /22-3= 19:2/  9 буюу 4 400 000 төгрөг, үхэр /46-5-3= 38:2 / 19 буюу 15 200 000 төгрөг, хонь /322-138-30-20= 134:2/  67 буюу 5 360 000 төгрөг, ямаа /1029-206-30= 793:2/ 396 буюу 27 720 000 төгрөг, нийт 52 680 000 төгрөгийн 491 тооны малыг хариуцагч Н.Б гаргуулж, 209 тооны мал буюу 19 100 000  төгрөгийг нэхэмжлэлээс хасч хэрэгсэхгүй болгох, 

     Мөн - ДГА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийн хувьд үнэлгээ нь “Ашид билгүүн ХХК”-ний үнэлгээгээр 6,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул түүний 50 хувь  болох 3,000,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.

     9. Иймд нэхэмжлэгч Ц.О 700 толгой мал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 491 тооны мал /нэр төрлөөр нь дээр тусгасан/ буюу 52,680,000 төгрөгийг хариуцагч Н.Б гаргуулж, нэхэмжлэгч Ц.О олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 209 тооны мал буюу 19,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох гэж,

       Мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг гэж 25,152,500 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас 11,803,500 төгрөгийг гаргуулж, үлдэх 13,349,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэж,

      Мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний зэрэг өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж  үзэв.

   10. Түүнчлэн  хариуцагчаас гаргуулж буй мал болон эд хөрөнгөний үнийн дүн өөрчлөгдөж байгаатай холбогдуулан хариуцагчаас гаргуулсан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд зохих  өөрчлөлт оруулах  нь зүйтэй болно.

     11. Иймээс  хариуцагчийн “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул  хэргийг хэрэгсэхгүй болгуулах “ гэх агуулга бүхий  давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул  гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний болон бусад  өөрчлөлтүүдийг  оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

         1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 134/ШШ2023/00023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б 67 тооны хонь буюу 5360000 төгрөг, 396 тооны ямаа буюу 27,720,000 төгрөг, 19 тооны үхэр буюу 15,200,000 төгрөг, 9 тооны тэмээ буюу 4,400,000 төгрөг, нийт 491 тооны мал буюу 52,680,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О олгож, нэхэмжлэлээс үлдэх 209 тооны мал буюу  19,510,000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай гэж,

         Хариуцагч Н.Б өмчлөлд байсан 24-50 ДГО улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл, одоо өмчлөлд нь байгаа малын шургааган хашаа, хөлдөөгч, угаалгын машин, зурагт, зурагтын станц, цахилгаан мотор, мал усалдаг насос, 2 ширхэг нарны толь, оёдлын машин, хормойн мөнгөн боолт, мөнгөн аяга, 500 малын төмөр хашаа, том, жижиг 2 машины граж, улсын дугааргүй мотоцикль зэрэг эд хөрөнгүүдийг Ц.О, Н.Б нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож,  уг эд хөрөнгийн үнээс 11,803,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас - ДГА улсын дугаартай байсан фургон маркийн тээврийн хэрэгсэл болон өвөлжөө, хаваржааны газрыг дундын өмч болохыг тогтоолгох шаардлага болон нэхэмжлэлийн энэхүү шаардлагаас үлдэх 13,349,500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

          Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын  ... “ 924,217 “ гэснийг  “ 780,367”  төгрөг гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.БАЙГАЛМАА

          ШҮҮГЧ                                                         О.ОДНЯМАА

          ШҮҮГЧ                                                         Г.ТЭГШСУУРЬ