Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 46

 

                                                             И.Буянжаргалд холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Мөнхцэцэг,

ялтан И.Буянжаргалын өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан И.Буянжаргал, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар И.Буянжаргалд холбогдох эрүүгийн 201626022326 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овогт Ишхүүгийн Буянжаргал, 1965 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүд, зээгийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 4 дүгээр байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЧГ65050274/,

И.Буянжаргал нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01-02 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ хотхоны 4 дүгээр байрны гадаа иргэн А.Ариунболдыг танхайн сэдэлтээр хутгалан, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: И.Буянжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос И.Буянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, И.Буянжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, И.Буянжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан И.Буянжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “...би өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирлыг бүрэн төлж барагдуулан хохиролгүй болгосон. Миний бие даралт ихтэй, сахарын өвчтэй тул эрүүл мэндийн байдлыг маань харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтан И.Буянжаргалын өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Буянжаргалын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй болсон, хохирогч А.Ариунболд нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор М.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокуророос И.Буянжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг үндэслэлтэй болсон гэж үзсэн. Мөн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр ялтан И.Буянжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх, прокурорын газраас И.Буянжаргалын үйлдлийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ялтны гэмт хэрэг үйлдсэн субьектив санаа зорилго, хувийн таарамжгүй харьцаа байгаа зэргийг үндэслэн И.Буянжаргалын үйлдлийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалгүйгээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хэргийг шийдвэрлэснийг үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болсон гэж үзлээ.

Хэргийн материалыг судлахад, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Шинэ хотхоны 4 дүгээр байрны гадаа И.Буянжаргал, А.Ариунболд нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа “...самрын муна даахгүй юм гэж хэллээ...” гэх асуудлаар хоорондоо маргалдан, улмаар барилцаж авах үед И.Буянжаргал нь А.Ариунболдын зүүн цээжний суга, дал орчмын хэсэгт 2 удаа хутгалж, бие махбодид нь цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд хий, цус хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч А.Ариунболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...архи ууж байхдаа Буянжаргалд “Би дандаа муна үүрээд байх юм” гэхэд “Чи яасан их муна үүрдэг юм бэ” гээд бор иштэй хутга гаргаж ирэхээр нь би тэр хутгыг тавиулах гээд ноцолдсон. Тэгээд Буянжаргалаас зугтаах гэхэд миний ар нуруу руу 2 удаа хутгаараа дүрсэн ба би тэр чигтээ зугтаагаад гэр лүүгээ харьсан... Тухайн үед маргааныг би эхлүүлсэн. Эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг гарснаас 500.000 төгрөгийг Буянжаргалаас авсан. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-30-31, 125-126/,

- гэрч А.Халиуны “...аав Ариунболд шөнийн 02 цагийн үед гэртээ согтуу орж ирсэн ба хувцасных нь ар талд цус болсон байсан. Нуруунаас нь цус гараад байхаар нь ээж рүү залгаад “Аав сая Буяа гэх хүнд хутгалуулсан гэнэ” гэж хэлсэн. Тэгээд би 102 дугаарт залгаж цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд “Түргэн тусламж дууд” гэсэн...” /хх-32/,

- гэрч Р.Оюунбилэгийн “...Ариунболд нь эмнэлэгт биеийн байдал муу, нэлээд цус алдсан, зүүн гарны доод талд гуурс тавьсан байсан. Тэрээр “Буянжаргал байрныхаа гадаа хутга гаргаж ирээд, миний нуруу руу 2 удаа хутгалсан” гэж хэлсэн...” /хх-33-34/,

- гэрч А.Ариунаагийн “...Ариунболд нь “Самранд явсан, тэгээд хотод орж ирээд Буянжаргал, Мөнх-Очир нарын хэдэн хүмүүстэй хамт архи уусан, Буянжаргалтай самрын мод цохидог мунаас болж, муудалцаад зодолдсон, зугтаах гэхэд Буянжаргал миний араас хутгалсан” гэж хэлсэн...” /хх-36/,

- гэрч Б.Мөнх-Очирын “...Ариунболд, Буянжаргал бид гурав архи ууж байхад тэр хоёр хоорондоо мунаас болж маргалдсан... Ариунболд нь Буянжаргалыг “Муна даахгүй байна” гээд байсан. Намайг байхад тэр хоёр зодолдоогүй, хоорондоо хэл амаар маргалдаад байхаар нь би яваад өгсөн. Сүүлд Буянжаргалтай уулзахад “Би Ариунболдыг хутгалчихсан юм, одоо цагдаад шалгагдаж байгаа” гэж хэлсэн...” /хх-37-38/,

- гэрч Ч.Өлзийбатын “...бид нар Богд уул руу гарах үед Буянжаргал намайг дуудаж “Нэг хутга оллоо яах вэ, хоол хийх хутга байгаа юу” гэхээр нь би “Наад хутгаа авчих, хэрэг болно” гээд авахуулсан. Тэр хутга бор иштэй хутга байсан. Бид нар Богд ууланд самар түүгээд, тэр газраа 3 шил архи уусан. Тэгээд уулнаасаа буугаад такси бариад хотод орж ирсэн. Буянжаргал, Ариунболд нар намайг гэрийн гадаа буулгаад би гэртээ орсон. Цааш юу болсныг мэдэхгүй байна...” /хх-39/,

- ялтан И.Буянжаргалын яллагдагчаар өгсөн “...Ариунболд намайг “Та муна даахгүй арчаагүй, хоол ч хийж чадахгүй” гэхээр нь “Чи одоо юу яриад байгаа юм бэ” гээд бид хоёр маргалдсан. Ариунболд миний хоолойг боогоод сандал дээр дараад байсан. Би гарыг нь салгах гээд дийлэхгүй болохоор нь халааснаасаа хутга гаргаж ирээд түүний дал руу 2 удаа хутгалсан...” /хх-63-65/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12418 тоот “...Ариунболдын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийд хий, цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-42/, хохирогч А.Ариунболдын Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар, мэс засал хийлгэсэн тэмдэглэл /хх-44-55/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс И.Буянжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, түүнд тохируулан хэргийн зүйлчлэлийг зөвтгөсөн нь үндэслэлтэй болсны гадна, хуульд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж, ял эдлэх дэглэмийг тогтоосон байна.

Харин хохирогч А.Ариунболд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг авсан, биеийн байдал сайжирсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” болохоо илэрхийлснийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан гэж дүгнэв.

Иймээс ялтан И.Буянжаргалын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, одоо 52 настай зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байна.

Энэ тухай бичсэн ялтан И.Буянжаргал, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Буянжаргалыг 5 жил 4 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Буянжаргалыг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.МӨНХТУУЛ