Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 47

 

Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Алтантуяа,

ялтан Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарт холбогдох 201626010479 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Жагдбаатар овгийн Лхагвасүрэнгийн Баярсайхан, 1985 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2-41 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЙЗ85111616/,

Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Боржигин овгийн Доржсүрэнгийн Долгорсүрэн, 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 80-ийн задгай тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЙП85091055/,

 

Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нар нь бүлэглэн давтан үйлдлээр:

1. 2016 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-6 тоотод оршин суух иргэн Ц.Галсансанжаагийн байшингийн вакум цонхоор орж, орон байранд нэвтэрч “Самсунг” загварын 40 инчийн зурагт, 15 инчийн компьютерийн дэлгэц, компьютерийн гар зэрэг эд зүйлсийг хулгайлж 590.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-235б тоотод оршин суух Д.Байгалмаагийн байшингийн цонхыг хагалж, орон байранд нэвтэрч “Шарп” загварын 32 инчийн зурагт хулгайлж 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-102 тоотод оршин суух Б.Түмэнгийн монгол гэрийн цоожийг эвдэн, орон байранд нэвтэрч 100.000 төгрөг, морин хуур, дээлийн торго, дарс, вино зэрэг эд зүйлсийг хулгайлж 395.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-183а тоотод оршин суух Ё.Даваасүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдэн, орон байранд нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, 3 ширхэг гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 1.030.000 төгрөгийн, нийт 2.365.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Жагдбаатар овогт Лхагвасүрэнгийн Баярсайхан, шүүгдэгч Боржигон овогт Доржсүрэнгийн Долгорсүрэн нарыг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлснаас бусдад “бага бус” хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярсайханд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Долгорсүрэнд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Л.Баярсайханы урьдчилан цагдан хоригдсон 36 хоног, шүүгдэгч Д.Долгорсүрэнгийн урьдчилан цагдан хоригдсон 104 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.405.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч Л.Баярсайханаас нийт 702.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Байгалмаад 32.500 төгрөгийг, хохирогч Б.Түмэнд 97.500 төгрөгийг, хохирогч Ё.Даваасүрэнд 205.000 төгрөгийг, хохирогч Б.Галсансанжаад 292.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулгад 75.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Долгорсүрэнгээс нийт 702.500 төгрөг гаргуулж, хохирогч Д.Байгалмаад 32.500 төгрөгийг, хохирогч Б.Түмэнд 97.500 төгрөгийг, хохирогч Ё.Даваасүрэнд 205.000 төгрөгийг, хохирогч Б.Галсансанжаад 292.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулгад 75.000 төгрөгийг тус тус олгож,

энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдаж,

хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Л.Баярсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-07-06 тоотод оршин суух Галсансанжаа гэх айлаас “Самсунг” загварын 40 инчийн зурагт, 15 инчийн компьютерын дэлгэц, гар зэргийг хулгай хийсэн нь үнэн. Энэ үед Д.Долгорсүрэн, Н.Элбэгсайхан, Л.Баярсайхан бид гурав байсан. Компьютерийн дэлгэц, гарыг буцаан өгсөн. Цагдаад баригдсаны дараа Н.Элбэгсайхан “...мөнгийг би төлье, намайг битгий хэлээч” гэж хэлсэн. Гэтэл одоо хүртэл төлөөгүй байгаа тул энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-102 тоотод оршин суух Б.Түмэн гэх айлаас дээлийн торго, морин хуур, 100.000 төгрөг аваагүй байхад авсан гээд байна. Мөрдөн байцаагч Адарсүрэнгийн өрөөнд байхад Б.Түмэн гэгч нь өөрөө ирээд “...манайд дахиад хулгай орчихлоо, энэ хоёр хүн буцаж очоод орчихлоо” гээд орилоод байсан. Мөн дээлийн өнгө зарж байсан хүн мэдүүлэг өгөхдөө “дээлийн өнгө зарж байсан хүмүүс энэ хоёр биш” гэж мэдүүлсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Ялтан Д.Долгорсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “...Пүрэвхүү гэх айлаас том дөрвөлжин савтай вино, 2 шил архи авсан. Энэ айлын авдар, савыг нь ухаагүй. Хохирогч Пүрэвхүү нь 100.000 төгрөг, дээлийн торго зэрэг зүйл нэхэмжилж байна. Хохирогч Ё.Даваасүрэн мөнгөн аяга 2 ширхэг, 3 ширхэг гар утас авсан гэдэг. Гэтэл энэ айл руу Л.Баярсайхан ганцаараа орсон. Гарч ирэхдээ 3 ширхэг гар утас авч гарч ирсэн. Эдгээр гар утаснуудыг буцааж өгсөн. Дээлийн торго зардаг наймаачин ч гэсэн бид хоёрыг биш гэж хэлсэн. Ё.Даваасүрэн гэх айл үнэхээр мөнгөн аягатай байсан эсэх, байсан бол тухайн өдөр алдсан эсэх талаар нотлох баримт байхгүй. Б.Түмэн цагдаагийн газар ирээд “...манайд дахиад хулгай орчихлоо, энэ хоёр хүн буцаж очоод орчихлоо” гээд зэмлэж байсан. Н.Элбэгсайхан гэгчтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн. Энэ залуу “...бүх мөнгийг төлнө, та хоёр даачих” гэсэн атлаа одоо хүртэл хохирол төлбөрийг төлөөгүй. Н.Элбэгсайхан гэгчийг шалгуулж, хэргээ хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

 

Ялтан Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтны ар гэрийнхэн хохирогч нарт учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлнө гэж байсан боловч одоогийн байдлаар хохирлыг нь төлж чадаагүй. Өөр нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

 

Прокурор Ө.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан нар мөрдөн байцаалтын шатанд Б.Түмэн гэх айлаас бэлэн 100.000 төгрөг, дээлийн торго, морин хуур аваагүй гэдэг асуудлыг огт хэлдэггүй атлаа шүүх хуралдаанд ийм зүйл ярьж эхэлсэн. Хохирогч Б.Түмэнг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Б.Түмэн морин хуур, 100.000 төгрөг, 3 ширхэг дээлийн торго байсан гэж хэлдэг бөгөөд прокурорын зүгээс “танайд үнэхээр дахин хулгай ороод эдгээр зүйлүүдийг алдсан юм биш биз дээ” гэхэд Б.Түмэн “манайд нэг л өдөр буюу 20-ны өдөр хулгай орсон. Энэ хоёр хүн 20-ны өдөр айлд ирчихээд хашаа даваад өнгийж явж байхыг би хараад ямар хүн хашаа давж хараад байнаа гэж бодож байсан. Ингээд гэрээ цоожлон гараад явчихаад эргэж ирэхэд хулгай орсон байсан. Гутлынх нь мөрөөр явахад энэ хоёр Буянхишиг гэх айлд байж байсан. Манайд 20-ны өдөр нэг л удаа хулгай орсон. Манай хамаг зүйлийг самарчихсан байсан бөгөөд өлгөөтэй байсан морин хуур байхгүй байсан. Авдар дотор замын зардал хийх гээд 100.000 төгрөг хадгалсан байсныг аваад явчихсан байсан. Эдгээр хүмүүс үйлдсэн гэмт хэргээ хүлээхгүй байгаад гомдолтой байна” гэж хэлсэн. Иймд хохирогчийн мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт тул дээрх үйлдэл нотлогдсон гэж үзэж байна. Ялтан нар 1 дүгээр сарын 26-ны өдөр Галсансанжаа гэх айлд ороход Элбэгсайхан гэх хүн хамт байсан бөгөөд Элбэгсайхан “та хоёр хэргээ даачих, би хохирлыг чинь төлж өгье” гэж хэлсэн гэх асуудлыг давж заалдах гомдолдоо гаргасан байна. Мөрдөн байцаалтын шатанд энэ асуудлыг огт ярьж байгаагүй. 2 дугаар сараас хэргийг мөрдөн байцаалтад өгөх хүртэл буюу 10 дугаар сар хүртэлх  хугацаанд ялтан нарт хохирлыг төлөх юм бол хуульд заасан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломж байна гэдгийг тайлбарлан хохирол төлөх талаар прокурорын зүгээс шаардаж байсан. Хохирол төлүүлэхээр ялтан нарыг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Гэтэл хохирол төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Өнөөдөр давж заалдах шатны шүүхэд өөр хүний нэр гарган ирж, хохирол хуваалцах асуудал ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн, хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэрэг байдалд дүгнэлт хийж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх талаар байнга ярьж, хохирол төлүүлэхээр Л.Баярсайханд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч байхад хохирол төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд ирэхгүй байж хүндрэл учруулсан байдал гаргаж байсан учир давж заалдах гомдолд дурдагдсан зүйл үндэслэлгүй, цаашид шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн           284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нар нь бүлэглэн давтан үйлдлээр:

2016 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-7-6 тоотод оршин суух иргэн Ц.Галсансанжаагийн байшингийн цонхоор орон байранд нэвтэрч “Самсунг” загварын 40 инчийн зурагт, компьютерийн дэлгэц, компьютерийн гар зэрэг эд зүйлсийг хулгайлж 590.000 төгрөгийн,

2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-235б тоотод оршин суух Д.Байгалмаагийн байшингийн цонхыг хагалж, орон байранд нэвтэрч “Шарп” загварын 32 инчийн зурагт хулгайлж 350.000 төгрөгийн,

Тахилтын 6-102 тоотод оршин суух Б.Түмэнгийн монгол гэрийн цоожийг эвдэн, орон байранд нэвтэрч бэлэн 100.000 төгрөг, морин хуур, дээлийн торго, дарс, вино зэрэг эд зүйлсийг хулгайлж 395.000 төгрөгийн,

Тахилтын 6-183а тоотод оршин суух Ё.Даваасүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдэн, орон байранд нэвтэрч мөнгөн аяга хоёр ширхэг, гурван ширхэг гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж 1.030.000 төгрөгийн, бусдад нийт 2.365.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

ялтан Л.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Долгорсүрэн бид хоёр гараад гудамжаар явж байсан чинь Буянхишигийн арын гудамжинд хашааны гадна хаалга нь түгжээтэй эзэнгүй гэртэй айл байхаар нь энэ айлд орж архи байвал архи ууя гээд Д.Долгорсүрэн бид хоёр тэр айлын хаалганы цоожийг эвдээд орсон чинь мөлхөө тавилга дээр нь тал шил Хятад архи байхаар нь авсан чинь Д.Долгорсүрэн тал шил архи, ногоон шилтэй бүтэн дарс гаргаж ирэхээр нь аваад гарсан чинь нохой нь дайрахаар нь гэрт нь байсан чанасан хавиргыг нохойд нь өгөөд хашааг нь даваад гараад эзэнгүй блокон хашаанд архийг нь хувааж уугаад Буянхишигийн гэрт дарсыг нь аваад очсон…Д.Долгорсүрэн бид хоёр гараад гудамжаар дээшээгээ өгсөж явж байгаад нэг монгол гэртэй айл эзэнгүй байхаар нь амбаарын хаалгыг нь татаж эвдээд Д.Долгорсүрэнгээр хүн харуулж байгаад би гэрт нь ороод тавиур дээрээс дэлгэц нь хагархай 3 ширхэг гар утас аваад гарч ирсэн. Тэгээд гудамжаар явж байсан чинь улаан тоосгон байшинтай айл цоожтой байхаар нь хашаанд ороод цонхоор нь харсан чинь зурагт байхаар нь би цонхыг хагалж ороод зурагтыг нь аваад цонхоор Д.Долгорсүрэнд өгөөд, хулгайлсан зурагтаа эзэнгүй хашаанд тавьж байгаад дүү Балжинням руу залгаж дуудаад … ломбарданд зурагтаа Балжиннямын бичиг баримтаар 150.000 төгрөгөнд тавиад Балжиннямд 20.000 төгрөг өгөөд, Д.Долгорсүрэн бид хоёр сансар орж пиво уучихаад Буянхишигийн гадаа ирсэн чинь цагдаа ирж бид хоёрыг барьсан” гэх мэдүүлэг /хх1, х64-65/,

ялтан Д.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Л.Баярсайхан бид хоёр гудамжаар алхаж яваад эзэнгүй монгол гэртэй айлын цоожийг нь эвдэж ороод 1 шил бүтэн дарс, 2 шил дундарсан архи аваад… гудамжаар явж байгаад монгол гэртэй айлын хашааг нь давж ороод хаалгыг нь эвдээд орсон. Тэр айл руу Л.Баярсайхан орсон, би гадна нь хүн харж байсан. Уг айлаас Л.Баярсайхан гарч ирэхдээ 2 ширхэг гар утас авч гарч ирээд дахиад гудамжаар явж байгаад тоосгон байшинтай айлын цонхыг хагалж Л.Баярсайхан ороод зурагт авч гарч ирсэн. Би хашааны гаднаас зурагтыг нь аваад эзэнгүй хашааны буланд тавьж байгаад Л.Баярсайхан такси дуудая гээд дүү Балжиннямыг дуудаж ирүүлсэн. Балжинням ирээд “наад зурагт чинь ямар учиртай юм” гэхээр нь “миний зурагт, хөдөө явах гээд тавих гэж байгаа юм” гэж хэлсэн… хотын төв рүү орж хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд байрладаг ломбарданд Балжиннямын бичиг баримтаар тавьсан” гэх мэдүүлэг /хх1, х69/,

хохирогч Д.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд хашаа руугаа ортол байшингийн том өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд очоод хартал манай гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс 32 инчийн “Шарп” брендийн зурагт алдагдсан байсан. Би зурагтаа 2011 онд 550.000 төгрөгөөр худалдаж авсан, одоо 350.000 төгрөгөөр үнэлж байна. Би зурагтаа хүлээж авсан. Манай байшингийн цонх хагарсан байсан, би цонхоо 50.000 төгрөгөөр янзлуулаад, 30.000 төгрөгийн бензин хийсэн мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х27/,

хохирогч Б.Түмэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад орой 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын хаалганы цоож, гэрийн хаалганы цоожийг хоёуланг нь эвдэж хаалга онгойлгосон байхаар цагдаа дуудаж… манай хашаанд байсан гутлын мөрийг дагаад яваад байтал Буянхишигийн хашаанд орчихсон. Намайг өглөө гарч явах үед хоёр танихгүй пиво барьчихсан өндөр нам хоёр залуу Буянхишигийн хашаанд орж явсан юм. ...Би хэрүүл хийж байгаад алдсан зүйлээ хэлсэн, тэгтэл манай гэрээс алдсан Алтай дарсны шил мөн Даваасүрэнгийн гэрээс алдсан цагаан тагтай, цэнхэр хаягтай архины шил орон доороос нь гараад ирсэн. Тэр үед цагдаа ирсэн, цагдаагийн ажилтан хоёр хулгайчийг Буянхишиг болон Буянхишигийн найз эмэгтэй хоёроор утсаар яриулж дуудсан. Манай гэрийн хойморт байсан бор шүүгээнд байсан бэлэн 100.000 төгрөг, бор өнгийн дээлийн торго том дугай хээтэй 4 метр урттай 48.000 төгрөг, бор өнгийн цэцэгэн хээтэй 4 метр урттай торго 32.000 төгрөг, хавтгай шилтэй архи 10.000-25.000 төгрөг, бариултай шилэн саванд байсан Монгол архи үнэлэхгүй.” гэх мэдүүлэг /хх1, х96-97/,

хохирогч Ё.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гарч яваад буцаад 16 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой, гэрийн үүдний амбаарын хаалга эвдэрсэн, гэрийн цоожийг эвдэж гэрт хулгай орсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс гэр дотор байсан гэрийн баруун талд байдаг авдаранд байсан юманд боолттой байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, ширээн дээр байсан хар өнгийн тоучтай 1 шихэг гар утас /загварыг нь сайн мэдэхгүй/, бурханы гүнгэрваанд байсан “Самунг галакси Эс-3” загварын хар хөх өнгийн 1 ширхэг гар утас, “ай фон-4” загварын цагаан өнгийн гар утас 1 ширхэг, бурхан дээр байсан 1 шил “Капля” гэсэн нэртэй цэнхэр хаягтай цагаан тагтай 0.5 грамм архийг хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд байж байтал манай урд талын гудамжинд байдаг Б.Түмэн гэдэг айлд хулгай орчихсон байна гэж дуулаад тэр айлд яваад ортол манай хашаанд байсан гутлын мөр Б.Түмэнгийн хашаанд байсан гутлын мөртэй яг таарч байхаар нь би тэр мөрийг нь хөөгөөд Буяа гэдэг айлд орчихсон байхаар нь гэр рүү нь яваад ортол 20-30 насны 2 эмэгтэй сууж байхаар нь “манай гэрт хулгай орсон, тэгтэл мөрийг нь хөөгөөд яваад байсан чинь танай хашаанд орж ирсэн байна, ямар хүмүүс байсан” гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл Б.Түмэн эгч миний араас орж ирээд Буяа гэдэг хүүхэнийг загнаж, хэрүүл болтол Буяа хэлэхдээ “манай найз хүүхэн хоёр залуутай шөнө 3 цагт ирсэн, өглөө төв рүү орно гээд явсан” гээд яриад байж байтал манай гэрээс алдсан архины шил, Б.Түмэн эгчийн гэрээс алдсан дарсны шил 2 гэрт нь байж байсан. Тэр хоёр найзыг нь нэрийг хэлээгүй. Сүүлд сонсож байхад Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн гэж хоёр залуу байсан юм байна лээ. Би дунд гарын мөнгөн аягыг тус бүр 200.000 төгрөгөөр, “Самсунг Галакси Эс-3” загварын хар хөх өнгийн 1 ширхэг гар утасыг 200.000 төгрөгөөр, “ай фон-4” загварын цагаан өнгийн гар утасыг 350.000 төгрөгөөр үнэлнэ. Харин ширээн дээр байсан гар утасыг 120.000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /хх1, х120-121/,

хохирогч Ц.Галсансанжаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би эхнэрийнхээ хамт 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хадам аав Батбаярын гэр рүү яваад тэндээ байж байгаад 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай байшингийн үүдэн талын вакум цонх онгорхой, гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс “Самсунг” загварын 40 инчийн Лед зурагт, 15 инчийн дэлгэцтэй “Асер” загварын компьютерийн дэлгэц, гар зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж гэрээсээ алдсан 15 инчийн дэлгэцтэй “Асер” загварын компьютерийн дэлгэц, гар зэрэг эд зүйлээ хүлээж авсан. Одоо гэм буруутай этгээдээс гэрээсээ алдсан “Самсунг” загварын 40 инчийн Лед зурагтыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх1, х141-142/,

иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим нэг намхан нуруутай залуутай манай ломбарданд орж ирээд “зурагт авах уу” гэж асуухаар нь “зурагт авна, ямар зурагт юм” гэсэн чинь “32 инчийн ЛСД зурагт байна, хэдээр авах юм” гэхээр нь “манайх 100.000 төгрөгөнд авах боломжтой” гэж хэлсэн чинь “би хөдөө явах гэсэн юмаа, 150.000 төгрөгөнд авчихаач” гэж хэлэхээр нь “за оруулаад ир, үзье” гэсэн чинь өндөр нуруутай залуу 32 инчийн хар өнгийн “Шарп” брендийн зурагт авч орж ирсэн. Тэгээд асаагаад шалгаж “удирдлага нь байна уу” гэсэн чинь “мартаад ирчихсэн байна” гэж намхан нуруутай залуу нь хэлсэн. Тэгээд бичиг баримтаа гэсэн чинь намхан нуруутай залуу хамт явж байгаа хүнийхээ бичиг баримтаар тавьж болно биз дээ гээд зурагт барьж орж ирсэн өндөр залуугийн бичиг баримтаар буюу П.Балжинням гэдэг залуугийн бичиг баримтаар 150.000 төгрөгөнд тавиад явсан. Тухайн намхан нуруутай залуу нь архи уусан, халамцуу байсан.” /хх1, х29-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4 гэж дугаарласан наалдамхай туузан хальсан дахь 4 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 5 гэж дугаарласан наалдамхай туузан хальсан дахь 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батбаярын илрүүлсэн гэх шинжилгээнд тэнцэх 2, 3 гэж дугаарласан гарын мөр нэгдсэн санд MN000710005194, MN000510015194 бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Лхагвасүрэнгийн Баярсайханы зүүн гарын эрхий хуруу болон баруун гарын алганы хээтэй тохирч байна. Харин эзэнгүй хэргийн газраас олдсон гарын мөрүүдтэй шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд тохирохгүй байна.” гэх 1432 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х34-35/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х4-5, х79, х108, х131-132/,

хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х6-7, х81-82, х109-110, х133-134/,

эд зүйлийн үнэлгээ /хх1, х17, х92-93, х116-117, х140/,

хураан авах тухай тогтоол /хх1, х18, х22/,

эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх1, х19, 23/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх1, х20, х24, х25/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарын гаргасан “...Тахилтын 6-102 тоотод оршин суух Б.Түмэн гэх айлаас дээлийн торго, морин хуур, 100.000 төгрөг аваагүй байхад авсан гээд байна. ...Н.Элбэгсайхан гэгчтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн. Энэ залуу “...бүх мөнгийг төлнө, та хоёр даачих” гэсэн атлаа одоо хүртэл хохирол төлбөрийг төлөөгүй. Н.Элбэгсайхан гэгчийг шалгуулж, хэргээ хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нар нь Ц.Галсансанжаа, Д.Байгалмаа, Б.Түмэн, Ё.Даваасүрэн нарын орон байранд нэвтэрч 2.365.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг гэмт хэргүүдийг хоёулаа үйлдсэн болох нь Б.Мөнхзаяа, Ц.Буянхишиг, П.Балжинням нарын мэдүүлэг болон Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарын өөрсдийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар 1.405.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд ялтан Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Л.Баярсайхан, Д.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Ц.ОЧ