Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 49

 

Э.Цэнд-Аюушд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Бүрэнжаргал,

ялтан Э.Цэнд-Аюушын өмгөөлөгч Н.Болормаа,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж, шүүгч Н.Нарантуяа, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Цэнд-Аюушид холбогдох 201601070170 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Алагчууд овгийн Энэбишийн Цэнд-Аюуш, 1974 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 21 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, /регистрийн дугаар: УЕ74092971/,

2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 11 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.

 

Э.Цэнд-Аюуш нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны орой 16-17 цагийн үед Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 20 дугаар гудамжны 6 тоотод Я.Отгонбаттай “чи намайг гэртээ оруулдаггүй, архи авч өгдөггүй” гэхчлэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг орон дээр дарж унаган багалзуурдан, зүүн нүд рүү нь хуруугаараа хатгаж, биемахбодид нь зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн урагдал, торлогийн ховхрол, шилэнцэрийн бүдэгшил, нүдний алимны цус хуралт гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн Прокурорын газраас: Э.Цэнд-Аюушийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: шүүгдэгч Алагчууд овгийн Энэбишийн Цэнд-Аюушийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Алагчууд овгийн Энэбишийн Цэнд-Аюушийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Цэнд-Аюушд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э.Цэнд-Аюуш нь хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 1.510.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Я.Отгонбатыг цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж,

шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж,

Э.Цэнд-Аюуш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цэнд-Аюушид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Н.Болормаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдолд дурдагдсан нөхцөл байдал байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх үед хохирогч 5.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарна, энэ зардлыг авч байж эмчилгээгээ хийлгэх тул гомдолтой гэж байсан. Шүүгдэгчийн ар гэрээс өчигдөр хохирогчид нүдний хагалгаанд орох эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийг төлж хохирогч гомдол, саналгүй гэсэн бичгийг хийж өгсөн. Үүнийг хэрэгт хавсаргуулахаар өгье. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.

 

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан Э.Цэнд-Аюушийн үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Э.Цэнд-Аюушийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхээс хангахад татгалзах зүйлгүй. Хохирол төлбөр төлөгдсөн. Өмнөх 2015 оны ял шийтгэл нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж ялтай байдал нь өршөөгдсөн” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Э.Цэнд-Аюуш нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны орой 16-17 цагийн үед Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 20 дугаар гудамжны 6 тоотод Я.Отгонбаттай “Чи намайг гэртээ оруулдаггүй, архи авч өгдөггүй” гэхчлэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг орон дээр дарж унаган багалзуурдан, зүүн нүд рүү нь хуруугаараа хатгаж, түүний биемахбодид зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн урагдал, торлогийн ховхрол, шилэнцэрийн бүдэгшил, нүдний алимны цус хуралт гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

ялтан Э.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгшээ эгч Зоригоо ах бид гурав уугаад сууж байтал гаднаас Я.Отгонбат согтуу гэрт орж ирсэн. Тэгсэн “Чи ямар намынх юм бэ” гээд уурлаад байсан. Тэгээд намайг архи аягалаад сууж байтал Я.Отгонбат хажуу талаас миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би болиоч гээд цээж рүү нь гараараа цааш болгож түлхсэн. Тэгсэн Я.Отгонбат нь миний шанаа руу дахиад цохиж миний баруун гуя руу нэг өшиглөсөн. Тэгэхээр нь би болиоч гээд цааш түлхэхдээ Я.Отгонбатыг заамдаад авсан. Тэгсэн Цоодолын том хүү Галбадрах “Та хоёр болиоч” гээд гэрээс гараад явсан чинь манай эхнэрийг дуудсан байсан. Манай эхнэр орж ирээд “Жоохон юм уучаад маргалдаад байхдаа яадаг юм бэ” гээд намайг аваад гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг /х36-37/,

хохирогч Я.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Цоодолын эхнэр Тэгшбаяр, Э.Цэнд-Аюуш хоёр 0.75 грамм Ерөөл гэх нэртэй архи уугаад сууж байсан. Тэгсэн Э.Цэнд-Аюуш надад хандаж “Чи хүн  гэртээ оруулдаггүй. Надад нэг шил архи аваад өгдөггүй” гэж хэлэхээр нь “Би чамд яахаараа архи авч өгдөг юм бэ” гэж хэлсэн чинь миний нүүр рүү хундагатай архиа цацсан. Тэгсэн нөгөө цацсан архи нь миний нүд рүү орсон. Тэгээд би нүдээ нухлаад зогсож байтал Э.Цэнд-Аюуш нь намайг багалзуурдаад, миний дээр гараад сууж байгаад миний зүүн нүдийг хуруугаараа хатгаж гэмтээсэн. Тэгээд би ухаан алдсан. Сэрсэн чинь Тэгшбаяр надад хандаж “Э.Цэнд-Аюушийг авгайд нь өгөөд явуулсан” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьсан. Гэртээ байж байтал миний зүүн нүд өвдөөд байхаар нь би 2016 оны 6 дугаар сарын 25-ны үдээс хойш нүдний Ганчимэг эмч дээр ороод нүдээ үзүүлсэн чинь миний нүдийг дурангаар хараад “чи хурдан Улаанбаатар хот ор” гэж хэлээд 13а бичиг өгөөд намайг явуулсан. Тэгээд би Улаанбаатар хот руу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хот ороод 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 дүгээр эмнэлэгт үзүүлээд нүдний хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /х8/,

гэрч Б.Тэгшбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай гэрийн хойд талд амьдардаг Э.Цэнд-Аюуш согтуу 0.75 грамм Ерөөл архи бариад манай гэрт орж ирээд намайг сэрээгээд тэр архийг нь уух гээд сууж байтал Я.Отгонбат нилээн согтуу орж ирсэн. Тэгсэн чинь Э.Цэнд-Аюуш нь Я.Отгонбатыг “чи гэртээ хүн оруулдаггүй, архи авч өгдөггүй” гэж хэлсэн. Тэгээл Э.Цэнд-Аюуш, Я.Отгонбат хоёр манай гэрт муудалцаад, зууралдаад байсан. Харин Э.Цэнд-Аюуш нь Я.Отгонбатын дээр нь гараад сууж байсан. Тэгэхээр нь би болиулах гээд тэр хоёрыг дийлээгүй. Манай хүү Шонхоо гаднаас орж ирэхээр нь “Э.Цэнд-Аюушийн авгайг дууд” гэж хэлсэн. Тэгсэн удалгүй авгай нь ирээд Э.Цэнд-Аюушийг аваад явсан.” гэх мэдүүлэг /х11-12/,

гэрч Я.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би төрсөн дүү болох Я.Отгонбатынд яваад очтол Я.Отгонбатын хоёр нүд улаан өнгөтэй хар нүдний шил зүүсэн гэртээ сууж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “юу ч болоогүй” гээд хэлэхгүй байсан. Тэгээд түүнийг тодруулж асуухад Э.Цэнд-Аюуш гэх хүн урд айлд байхад миний хоёр нүдийг гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот орж 1 дүгээр эмнэлэг дээр очиж нүдний хагалгаанд орсон. Одоогоор манай дүү Я.Отгонбатын нүд харахгүй толгойгоор хатгаж өвдөөд байнгын өвчин намдаах эм хэрэглэж байгаа.” гэх мэдүүлэг /х13/,

гэрч Т.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би нээх удалгүй гэрт ороод ирсэн чинь Э.Цэнд-Аюуш ах манай гэрийн баруун орон дээр Я.Отгонбат ахын дээр нь гараад хэрэлдээд заамдаад сууж байсан. Тэгсэн манай ээж намайг “Э.Цэнд-Аюушийн эхнэрийг дууд” гэхээр нь би Э.Цэнд-Аюушийн эхнэрийг дуудаад эхнэр нь Э.Цэнд-Аюуш ахыг аваад явсан. Я.Отгонбат ах нүд рүү хатгачихлаа гээд нүдээ дараад сууж байгаад харьлаа гээд гэрээс гараад явсан.” гэх мэдүүлэг /х14/,

гэрч Ж.Цоодолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...автомашин янзлаад уг газартаа 2 шил архи уусан. Тэгээд гэртээ харьсанаа мэдэхгүй тасарсан. Тэгээд маргааш өглөө бостол манай гэрийн хүн Э.Цэнд-Аюуш, Я.Отгонбат хоёр гэрт зодолдсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /х15/,

гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Цоодол ахын хүү манай гэрт ирээд “Я.Отгонбат, Э.Цэнд-Аюуш хоёр зодолдоод байна” гэж хэлэхээр нь гүйгээд ортол гэрийн баруун талын орон дээр Я.Отгонбат, манай нөхөр Э.Цэнд-Аюуш нар нь заамдалцаад зогсож байхаар нь би нөхрөө салгаад аваад гарах гэтэл Я.Отгонбат салахгүй “араас чинь хутга ш....” гээд үлдсэн.” гэх мэдүүлэг /х16/,

гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 6 дугаар сарын сүүлээр цахимд бүртгүүлээгүй шууд над дээр ирээд “хүнтэй муудалцсан чинь нүдийг минь ийм болгочихлоо” гэхээр нь харахад зүүн нүдэнд цус хуралт нийлэнхэдээ салст урагдсан байсан. Тэгэхээр нь  би 13а эмнэлэг хоорондын өвчтөн шилжүүлэх эрхийн бичиг хийж өгөөд маш яаралтай Улаанбаатар хот яв гэж хэлээд явуулсан.” гэх мэдүүлэг /х18-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Я.Отгонбатын биед зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн урагдал, торлогийн ховхрол, шилэнцэрийн бүдэгшил, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 9421 тоот шинжээчийн дүгнэлт /х22/,

 “...Шинжээч эмч М.Золжаргалын гаргасан 9421 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Я.Отгонбатын биед тухайн үед зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн урагдал, торлогийн ховхрол, шилэнцэрийн бүдэгшил, нүдний алимны цус хуралт гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар зүүн нүдний хараагүйдэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 65%-иар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 1101 тоот шинжээчийн дүгнэлт /х26-27/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Э.Цэнд-Аюушийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Ялтан Э.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Э.Цэнд-Аюушид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь Э.Цэнд-Аюуш нь өөрийн гэм бурууг ухамсарлаж, хохирогч Я.Отгонбатад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, тэрээр ахуйн ослын улмаас баруун хөлгүй болж 69 хувийн байнгын хөдөлмөрийн чадвар алдалттай байдаг зэрэг хувийн байдал, мөн хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд хохирогч Я.Отгонбат тус шүүхэд “би Э.Цэнд-Аюушаас эмчилгээний зардал өмнө нь 1.500.000 төгрөг авсан. Одоо 5.000.000 төгрөг эмчилгээнд авч гомдолгүй болж байгаа нь үнэн болно. Цаашид нэхэмжлэх зүйлгүй тул Э.Цэнд-Аюушийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Тухайн хэрэг гарахад би согтуу, миний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн юм. Ийм учраас хүсэлтийг минь хүлээн авна уу. Э.Цэнд-Аюушийн дүү Э.Цэвэлжаргалаас 5.000.000 төгрөг хүлээн авч, нийт 6.500.000 төгрөг хүлээн авсан” гэх хүсэлтийг ирүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасан журмыг хэрэглэж ял оногдуулах боломжтой байна.

 

Иймд ялтан Э.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Энэбишийн Цэнд-Аюушийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Ц.ОЧ