Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 1

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Д.Баярмаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Уртнасан,

шүүгдэгч Д.Баярмаагийн өмгөөлөгч Н.Мандах,

хохирогч Р.Бүрэнтэгшийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Уянга, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,          

                                                                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 111 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Ц.Уртнасангийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 21 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 21136440 дугаартай Д.Баярмаад холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хардал мэргэд овогт Далхсүрэнгийн Баярмаа, 1988 оны 3 дугаар сарын 9-нд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетинг, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Жигүүр гранд групп” ХХК-ийн борлуулалтын албанд борлуулагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14а байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧЗ88030906/;

 

Д.Баярмаа нь:

1. 2008 оноос 2010 оны хооронд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун” хотхоны борлуулалтын менежер буюу аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцаж байх хугацаандаа давтан үйлдлээр:

2008 онд иргэн П.Довчинсамбуугийн №070829 дугаартай гэрээний үүргийн дагуу тушаасан 21752 ам долларыг хүлээн авч зохих ёсоор “Жигүүр гранд групп” ХХК-ийн санхүүд тушаалгүй хууль бусаар үрэгдүүлж иргэний нэхэмжлэгч “Жигүүр гранд групп” ХХК-д 28,542,322 төгрөгийн,

2009 оны 9 дүгээр сард иргэн Д.Ариунжаргалын №071207 дугаартай гэрээний үүргийн дагуу тушаасан 6500 ам долларыг хүлээн авч зохих ёсоор “Жигүүр гранд групп” ХХК-ийн санхүүд тушаалгүй хууль бусаар үрэгдүүлж иргэний нэхэмжлэгч “Жигүүр гранд групп” ХХК-д 8,529,105 төгрөгийн буюу нийт 37,071,428 төгрөгийн их хэмжээний хохирол бусдад учруулсан,

2. 2008 оноос 2010 оны хооронд шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун” хотхоны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа:

2009 оны 12 дугаар сард хохирогч Д.Төгсбаярыг хуурч мэхлэн 1 тоот авто зогсоолыг худалдана гэж дүр үзүүлэн 8000 ам долларыг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж 10,497,360 төгрөгийн,

2010 оны 3 дугаар сард хохирогч З.Батзолбоог хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Шинэ зуун” хотхоны Г корпусын 11 тоот авто зогсоолыг худалдана гэж дүр үзүүлэн 6500 ам долларыг залилан мэхлэж 8,352,500 төгрөгийн,

2010 оны 4 дүгээр сард хохирогч Р.Бүрэнтэгшийг хуурч мэхлэн тус хотхонд орон сууц худалдана гэж дүр үзүүлэн гэрээ байгуулан 117,000,000 төгрөгийг “Жигүүр гранд групп” ХХК-ийн санхүүд тушаалгаж түүнээс 102,000,000 төгрөгийг залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Баярмаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Баярмаад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш, дутуу хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Үүнд:

1. Хохирогч Р.Бүрэнтэгш шүүхийн хэлэлцүүлэгт “...Би зарын дагуу “Жигүүр гранд” ХХК-ийн борлуулалтын менежер Д.Баярмаатай холбогдоод “Шинэ зуун” хотхоны 4 өрөө орон сууцыг авахаар болоод 2010 оны 4 дүгээр сарын 10-наас 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр 117,000,000 төгрөгийг борлуулалтын менежер Д.Баярмаагийн хэлсний дагуу “Жигүүр гранд” ХХК-ийн санхүүгийн албанд тушаасан. Миний төлсөн мөнгөнөөс 15,000,000 төгрөг нь тус компанийн дансанд байсан, үлдсэн 102,000,000 төгрөг байхгүй байна гэж надад хэлсэн. Би энэ том компанид итгэсэн учраас мөнгөө тушаасан. Одоо байр ч үгүй, мөнгө ч үгүй боллоо. “Жигүүр гранд” ХХК-иас мөнгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг, түүнчлэн иргэний хариуцагч Б.Бямбатогтох шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүхээс Баярмааг гэм буруутай гэж үзвэл хохирогч Бүрэнтэгшийн мөнгийг бид төлнө.” гэсэн мэдүүлгээс үзэхэд иргэн Р.Бүрэнтэгш нь энэ хэрэгт хохирогч эсхүл иргэний нэхэмжлэгчийн аль нь болохыг зөв тодорхойлох.

Мөн прокуророос Д.Баярмааг “Р.Бүрэнтэгшийг хуурч мэхлэн 102,000,000 төгрөгийг залилан мэхлэн авсан гэж зүйлчилж ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинж нь хамаарч байгаа нь тодорхойгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний хариуцагч нарын мэдүүлгээс үзэхэд Д.Баярмаа нь энэ хэрэгт бусдын залилан мэхэлсэн үү эсхүл бусдын эд хөрөнгийг үрэгдүүлсэн эсэх талаар нарийвчлан шалгаж тогтоож ирүүлэх шаардлагатай байна.

2. Нөгөөтэйгүүр прокурорын яллах дүгнэлтэд “Д.Баярмаа нь 2009 оны 9 дүгээр сард иргэн Д.Ариунжаргалын 071207 дугаартай гэрээний дагуу тушаасан 6500 ам долларыг хүлээн авч зохих ёсоор “Жигүүр гранд групп” ХХК-ийн санхүүд тушаалгүй хууль бусаар үрэгдүүлж иргэний нэхэмжлэгч “Жигүүр гранд групп” ХХК-д 8,529,105 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд зааснаар,

2009 оны 12 дугаар сард хохирогч Д.Төгсбаярыг хуурч мэхлэн 1 тоот авто зогсоолыг худалдана гэж дүр үзүүлэн 8000 ам долларыг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж 10,497,360 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл ангид зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэг өгсөн хохирогч Д.Төгсбаярын мэдүүлэг, гэрч Д.Ариунжаргал нарын мэдүүлгүүдээр Д.Баярмаа нь дээрх 2 иргэнээс адил аргаар мөнгө авсан байхад өөр өөр зүйл ангиар зүйлчилж ирүүлсэн нь ойлгомжгүй,

мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Төгсбаярын “...тухайн үед авто зогсоолын үнэ 6500 ам доллар байсан юм байна лээ, би 8000 ам доллар өгсөн, үлдэх 1500 ам доллараа авна.”, гэрч Д.Ариунжаргалын “би одоо авто зогсоолоо авсан гэхдээ би 8500 ам доллар төлсөн” гэх мэдүүлгүүдээс үзэхэд дээрх үнийн зөрүүг хэнээс гаргуулах нь тодорхойгүй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагыг нэг мөр нарийвчлан тогтоох шаардлагатай байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд “Жигүүр гранд групп” ХХК нь иргэн Д.Ариунжаргалын авто зогсоолыг захирлын гарын үсэгтэйгээр олгосон байдаг бөгөөд энэ үйлдэлд Д.Баярмаа ямар холбоотой болох нь тодорхойгүй байна. “Жигүүр гранд групп” ХХК нь Д.Төгсбаярын нэр дээр бичигдсэн авто зогсоолыг Б.Халиунаагийн нэр дээр шилжүүлсэн гэх боловч ямар шийдвэрээр уг авто зогсоол шилжсэн, одоо уг авто зогсоол хэний өмчлөлд байгааг тодруулж холбогдох баримт бичгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

4. Түүнчлэн Д.Баярмаагийн нагац эгч Д.Энхсувд нь энэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг дахин нарийвчлан тогтоох шаардлагатай байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Баярмаагийн “...эдгээр авто зогсоолууд нь төлбөр нь төлөгдсөн, би эдгээр хүмүүсээс авсан мөнгөө тухайн авто зогсоолын эзэнд нь өгсөн” гэж мэтгэлцсэн бөгөөд уг авто зогсоолууд хэний нэр дээр байдаг, түүнчлэн төлбөр нь бүрэн төлөгдсөн эсэхийг тухайн компанийн санхүүгийн баримтаас шүүж тодруулах нь зүйтэй. Уг авто зогсоолын хууль ёсны өмчлөгч нарыг тогтоож Д.Баярмаа нь бусдаас авсан мөнгийг дээрх авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгч нарт өгсөн эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй байна.

Иймд дээрх ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Д.Баярмаад холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Баярмаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч Ц.Уртнасан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж зааснаар Р.Бүрэнтэгш нь эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд болох нь 6 дугаар хавтас хэргийн 84 хуудаст “...Би зарын дагуу “Жигүүр гранд” компанийн борлуулалтын менежер Д.Баярмаатай холбогдоод “Шинэ зуун” хотхоны орон сууцны Г корпусын 3 давхарын А блок-д 4 өрөө орон сууц авахаар болоод 2010 оны 4 дүгээр сарын 10-нд 3,000,000 төгрөг, 2010 оны 4 дүгээр сарын 21-нд 99,000,000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 22-нд 15,000,000 төгрөгийг борлуулалтын менежер Баярмаагийн “наад мөнгөө кассанд тушаа” гэсний дагуу “Жигүүр гранд” оффисын 7 давхарт байх санхүүгийн албанд тушаагаад мөнгө төлсөн баримтыг тус бүрдээ авч байсан. Тэгээд гэрээ байгуулах гэхэд Баярмаа “манай захирал байхгүй байна, та санаа зовох хэрэггүй” гээд сүүлдээ аав, ээж нас барсан гээд байхаар нь би гачигдал зовлонтой байхаар нь дарамт болоод яахав гээд 49 хоног нь өнгөрөг гээд хүлээсээр байтал хагас жил болсон. Тэгээд утсаар яриад нөгөө байр чинь юу болж байна гэхэд Баярмаа “урд нь зарах гэж байсан хүний шүүхийн шийдвэр гараад байраа авахаар болчихсон байна” гэж хэлээд “та Шинэ зуун хотхондоо байранд орох уу” гэхээр нь би “за за” гээд хүлээгээд сууж байтал Баярмаа “шинэ зуун хотхонд байр бүтэхээ болилоо та Гэгээнтэн хотхонд шинэ байр адил кв метрийг авах уу” гэхээр нь бас зөвшөөрөөд хүлээлтийн байдалтай байсан. 2011 оны 8, 9 дүгээр сарын үед Баярмаагийн 91990784 дугаар руу залгахад “Баярмаа ажлаасаа гарсан” гэж хэлсэн Тэгээд би “Жигүүр гранд” компани дээр ирээд болсон асуудлаа хэлэхэд Батчимэг гэдэг хүн таны төлсөн мөнгөнөөс 15,000,000 төгрөг нь л компанид байна гээд би уг 15,000,000 төгрөгөө буцааж авсан юм. Би Баярмаатай ямар нэг байдлаар гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоод л мөнгөө өгсөн...” гэх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Иргэний хариуцагч нь “яллагдагч Д.Баярмаа нь албан тушаалын байдлаа ашиглан Р.Бүрэнтэгшийг залилан мэхэлсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг төлж барагдуулахаа мэдэгдэж, тус хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хохирлоо яллагдагч Д.Баярмаагаас нэхэмжилнэ” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байгаа.

Р.Бүрэнтэгш, “Жигүүр гранд групп” ХХК-ийн хооронд ямар нэг гэрээ байгуулагдаагүй, эрх үүрэг бий болоогүй учир түүний кассад төлсөн 117,000,000 төгрөг нь ямар нэг үүргийн биелэлт болоогүй ба Д.Баярмаа нь компаний кассыг хохирогчид итгэл төрүүлэх зорилгоор ашигласан нь хохирогчийн “...би “Жигүүр гранд” компани дээр ирээд болсон асуудлаа хэлэхэд Батчимэг гэдэг хүн таны төлсөн мөнгөнөөс 15,000,000 төгрөг нь л компанид байна гээд би уг 15,000,000 сая төгрөгөө буцааж авсан юм. Би Баярмаатай ямар нэг байдлаар гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоод л мөнгөө өгсөн” гэсэн мэдүүлгээр бусдын эд хөрөнгийг үрэгдүүлээгүй, харин бусдыг залилан мэхэлсэн нь тогтоогдож байна.

Мөн шүүх “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэсэн нь ойлгомжгүй байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн дотор 80 дугаар зүйл гэсэн байхгүй болно.

Прокурор яллах дүгнэлтэндээ “яллагдагч Д.Баярмаа нь шунахай сэдэлтээр 2010 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун” хотхоны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа хохирогч Р.Бүрэнтэгшийг хуурч мэхлэн тус хотхонд орон сууц худалдана гэж дүр үзүүлж, гэрээ байгуулан 102,000,000 төгрөгийг залилан мэхлэн авсан...” гэж бичсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан асуудлууд нотлогдсон гэж үзэж байна.

Хэрэв яллагдагч Д.Баярмаа нь хохирогч Р.Бүрэнтэгшийн эд хөрөнгийг хуурч мэхлэн залилан аваагүй гэж шүүх дүгнэсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй шийдвэрлэх боломжтой байсан.

2. Д.Баярмаа нь өөрийн нагац эгч болох Д.Энхсувдыг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглан Д.Ариунжаргал, Д.Төгсбаяр нараас адил аргаар мөнгө авсан хэдий ч Д.Баярмаа нь өөрт олгогдсон давуу байдлаа ашиглах замаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн объектив талын шинж болох “Жигүүр гранд групп” ХХК-ийн авто машины зогсоолыг өмчлөх эрхийг Д.Ариунжаргалд шилжүүлж, Д.Ариунжаргалын авто машины зогсоолын төлбөрт “Жигүүр гранд групп” ХХК-д төлсөн 6500 ам.долларыг завшсан үйлдлээрээ хохирогч Д.Төгсбаярыг хуурч мэхлэн залилан мэхэлсэн үйлдлээс ялгагдаж байна. Өөрөөр хэлбэл “Жигүүр гранд групп” ХХК-ийн өмч Д.Ариунжаргалд шилжсэн байхад Д.Төгсбаярын хувьд ямар нэг өмч шилжээгүй байна.

3. Иргэн Д.Төгсбаярын түр ашиглаж буй 1 тоот авто машины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан ба “Жигүүр гранд групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Халиун Улсын комиссын актыг үндэслэн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Харин ажилтны буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан нь тогтоогдвол хохирсон этгээд ажил олгогч иргэний журмаар шүүхээр нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт Д.Энхсувдыг яллагдагчаар татаж шалгасан боловч бусдыг залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй болох нь мөрдөн байцаалтаар тоггоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Прокурорын тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй, тогтоол хүчинтэй байхад шүүх прокурорын тогтоолоос давж дүгнэлт хийж, Д.Энхсувдын үйлдлийг дахин шалгах шаардлагатай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

4. 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 230 дугаар яллагдагч Д.Баярмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолын 4 дэх заалтад “Жигүүр гранд групп” ХХК-ийн Шинэ Зуун хотхоны авто машины зогсоолуудын анхны эзэмшигч нарыг тогтоо, анхны эзэмшигч нар Д.Баярмаагаас мөнгө авсан эсэхийг тогтоо гэж заасан тул энэ ажиллагааг заалтыг нэг бүрчлэн хангасан болно. Үүнд:

Шинэ Зуун хотхоны 1 тоот зогсоолыг анх Ө.Гүндэгмаа захиалсан боловч орон сууц нь өөрчлөгдөхөд зогсоол өөрчлөгдөж 1 тоот авто зогсоолыг 29 болгож дахин еөрчилж 9 тоот зогсоолын өмчлөгч болсон болох нь 2 дугаар хавтас хэргийн 456 хуудас “...Би энэ байранд 2009 оны 5 сард орохдоо 19 билүү 20 билүү дугаартай машины зогсоолыг авсан. Сүүлд бол 9 дугаартай зогсоолыг сольж авсан.Сольсон шалтгаан томсгож сольсон. Би 1 гэсэн дугаартай зогсоолыг авч байгаагүй...” гэх мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн 26 тоот авто машины зогсоолын анхны захиалагч иргэн С.Баянзул байсан, гэрч С.Баянзул нь анх 26 тоотыг зогсоолыг “Жигүүр гранд групп” ХХК-д буцааж гэрээнд өөрчлөлт оруулж 27 тоот зогсоолын өмчлөгч болсон болох нь эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр Ө.Гүндэгмаа, С.Баянзул нарын нэрээр 1 ба 26 тоот зогсоолын төлбөр ороогүй болох тогтоогдсон болно. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Хохирогч Р.Бүрэнтэгшийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Анхан шатны шүүхийн тогтоолд Р.Бүрэнтэгшийг хохирогч биш иргэний нэхэмжлэгч байх ёстой гэсэн дүгнэлт хийсэн...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Уянгын өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд дурдсан бүх ажиллагаа хийгдсэн. Анхан шатны шүүх байцаан шийтгэх ажиллагааг ноцтойгоор зөрчсөн буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийг зөрчсөн учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогддоггүй...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Санхүүгийн албанаас тухайн үйл баримтыг мэдсэн даруйдаа Р.Бүрэнтэгшид 15,000,000 төгрөгийг буцаан олгосон. Д.Ариунжаргал, П.Довчинсамбуу нарын төлсөн мөнгө компанийн дансанд ороогүй, Д.Баярмаагийн завшсан үйлдэл байгаа...” гэв.

 

Шүүгдэгч Д.Баярмаагийн өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй. Шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Д.Баярмаад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолд бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн:

“...2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 230 дугаар яллагдагч Д.Баярмаад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолын 4 дэх заалтад “Жигүүр гранд групп” ХХК-ийн Шинэ Зуун хотхоны авто машины зогсоолуудын анхны эзэмшигч нарыг тогтоо, анхны эзэмшигч нар Д.Баярмаагаас мөнгө авсан эсэхийг тогтоо гэж заасан ба энэ талаархи ажиллагааг нэг бүрчлэн хийсэн болно...”  гэсэн  хэсгийг хүлээн авч,

бусад үндэслэлүүдийн талаархи хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дүгээр “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” шүүхийн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 111 дүгээр шүүхийн тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, 1, 2, 3 дахь заалтуудыг хэвээр үлдээж, улсын яллагч Ц.Уртнасангийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийн 4 дэх заалтыг хүлээн авч, 1, 2, 3 дахь заалтуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Д.Баярмаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Л.ДАВААСҮРЭН

 

                                     ШҮҮГЧИД                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ