Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 5

 

Б.Баяраад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хандмаа, ялтан Б.Баяраа түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой Б.Баяраад холбогдох эрүүгийн 201621000205 дугаартай хэргийг ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1969 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Баасанхүүгийн Баяраа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэр шороон замд өөрийн эзэмшлийн 33-99 ХОҮ улсын дугаартай Тоёото Карина маркийн тээвийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/А-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх, мөн дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Г.Очирын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Боржигон овогт Баасанхүүгийн Баярааг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Баасанхүүгийн Баярааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Баасанхүүгийн Баяраад оногдуулсан 3 /гурван/ жил 1 нэг/ сарын хугацааны хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 2850000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ”

Ялтны өмгөөлөгч М.Мандалбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой гэдэг саналыг нь харгалзан дээрх ял шийтгэл оногдуулсан.

Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан энэрэнгүй ёсны зарчмыг алдсан гэж үзэхээр байна. Иймд хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.

Ялтан Б.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эрдэнэт хүний амь насыг хохироосон буруугаа хүлээн зөвшөөрч туйлын их гэмшиж байна.

Гэвч энэ хэрэг нь гэнэтийн болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн билээ. Одоо би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хүү маань одоо 10 настай хүүгээ 4 настай байхад нь өргөж авсан. Хүүгээ ирээдүйд сайн хүн болгож өсгөж, сайн аав байхыг хүсэж байна. Би эрүүл мэндийн салбарт тасралтгүй 22 жил ажилласан. Иймд надад хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хандмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт нас барсан хүнийг босгох биш. Б.Баяраа хохирлоо төлсөн. Надад одоо гомдол санал байхгүй шүүх боломжтой гэж үзвэл Б.Баяраад оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан хэргийн зүйлчлэл тохирсон, гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:  Б.Баяраа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт сум Наранхайрхан багийн нутаг дэвсгэр шороон замд өөрийн эзэмшлийн 33-99 ХОҮ улсын дугаартай Тоёото Карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/А-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно “ гэх, мөн дүрмийн 7.6-д заасан “ Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана “ гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Г.Очирын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Хандмаа / хх-н 19-21 /, гэрч Г.Цэвгээ / хх-н 22-23 /,Б.Батбаяр / 24-25 /, В.Дуламжав / хх-н 26-27,36-37 /, Б.Ганхуяг / хх-н 32-33 /, Б.Нэмүүнзаяа / хх-н 34-35 /, насанд хүрээгүй М.Бямбаравжих / хх-н 153-154 /, О.Даваадорж  / хх-н 155-156 / нар ,Ц.Мягмар / хх-н 157-158 /, Ю.Ням-Очир / хх-н 161-162 / нарын мэдүүлгүүд , хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-н 3-4, 5-10 /, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн шинжээчээр гаргасан 40 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-н 72 /, шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 74, 75 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-н 43, 44 /, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн . . .Г.Очирын цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 42 дугаартай. . . Г.Очир нь дарагдлын улмаас үүссэн амьсгалын дутагдал, хавирганы хугарал нь баруун уушгины дунд дэлбэнд хатгагдсан шарх, дотуур цус алдалтаас нас барсан талаарх шинжээчийн дүгнэлт / хх-н 61-62 /, осол  хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, схем зураг / хх-н 74-75 /, мөрдөн байцаалтад Б.Баяраагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-н 89-91 / зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Мөн Б.Баяраад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

Ялтан Б.Баяраа түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын “ Б.Баяраад анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү “ гэх давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл:

Б.Баяраа нь анх удаа хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нь гомдолгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд ялтан Б.Баяраа түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:         

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт: “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж  2 / хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай “ гэсэн нэмэлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа ялтан Б.Баярааг цагдан хорих байрнаас сулалсугай.

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ТУЯА

                                 ШҮҮГЧИД                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                       Б.ДАМБА