Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 36

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                            Б.Батзориг

Шүүгчид                                            Я.Туул

Д.Буянжаргал

Оролцогчид:

            Гомдол гаргагч                                Ш.Онон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрамыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 121 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагч болон гомдол гаргагч нарын давж заалдсан гомдлоор Нэргүйгийн Мөнхбат,  Даваасүрэнгийн Оюунцэцэг /Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1/ нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 17 дугаар байрны 36 тоотод оршин суух хаягтай Бичээч овогт Нэргүйгийн Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг 067 тоотод оршин суух Боржигон овогт Даваасүрэнгийн Оюунцэцэг нар нь 2016 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны Сүхбаатар сумын Иргэдийн хурлын сонгуулийн үеэр сонгогчид мөнгө тарааж Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр захиргааны зөрчлийн материал бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ.

                            

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 121  дугаартай  шийтгэврээр:

-Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар Даваасүрэнгийн Оюунцэцэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгож,  Н.Мөнхбатыг захиргааны хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч  Д.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо:

“...Д.Оюунцэцэг миний бие нь 2016 оны орон нутгийн сонгуульд Бор гүвээний 5 дугаар багт Ардчилсан намаас нэр дэвшсэн дэвшигч нарын сонгуулийн штабт ажилласан. Чулуунхишигийн хүү Дөлгөөн ирж сонгуульдаа оролцох мөнгөгүй тул очиж чадахгүй гэхээр нь өөрт байсан мөнгийг шилжүүлсэн. Тэр шилжүүлсэн мөнгөнөөсөө болоод өнөөдөр миний бие 1.152.000 төгрөгөөр торгуулах болсонд гомдолтой байна.

Төлбөр өндөр тавигдсан нь миний амьдралд хүндээр тусч байна. Өөрөө болон нөхөр маань тодорхой эрхэлсэн ажилгүй тул торгуулийн мөнгийг багасгаж өгнө үү...” гэжээ.

 

Гомдол гаргагч нь давж заалдах гомдолдоо:

“...Сонгуулийн тухай хуулийн 70.1-д “...ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, 70.1.1-т “...мөнгө эд зүйл тараах...” гэж ямарч хоёрдмол утгагүйгээр тодорхой заасан. Сонгуулийн тухай хуулийн 159.2, 159.3, 159.4-т Сонгуулийн тухай хуулийн 70.1-т... заасан үндэслэл тогтоогдвол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, түр үнэмлэхийг хүчингүй болгохоор сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид хамаарах хэсгийг хүчингүй болгохоор тус тус заасан. Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1-д “Аливаа этгээд” гэж заасан ч зөвхөн нэр дэвшигчид хамаарах бус тухайн нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн нам, түүний сонгуулийн штаб зэрэг тухайн нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүн хамаарах заалт гэдэг нь ойлгомжтой байна. Нэр дэвшигч Н.Мөнхбат нэр дэвшүүлсэн АН-ын үүрийн дарга, сонгуулийн сурталчилгаанд гол үүрэг гүйцэтгэж байсан, Д.Оюунцэцэг Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-д заасныг зөрчсөн нь тогтоогдож байгаа тул АН-аас 5-р багт нэр дэвшигч Н.Мөнхбат болон бусад нэр дэвшигчдийг сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд заасны дагуу нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч төлөөлөгчийн мандатыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Миний бие нь сумын ИТХ-д төлөөлөгч болохдоо гол нь биш, аливаа сонгууль шударга явагдах ёстой гэдгийг хүсэж энэхүү гомдол гаргаж байна...”гэжээ.

 

Гомдол гаргагч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж гарсан. Энэ хүүхдүүд мөнгөө авах гэж сонгуулийн хэсэг дээр очсон байсан. Хүүхдүүд Н.Мөнхбат гэдэг багш ярьсан гэж хэлсэн байдаг. Д.Оюунцэцэг бол Ардчилсан намын ерөнхий менежер юм. Ингэж мөнгө тараахдаа зармыг нь дансаар явуулсан байсан. Дан ганц Дөлгөөн биш, мөнгө авсан олон хүүхэд бий.

Н.Мөнхбат энэ хэргийг зохион байгуулсан. Гэтэл түүнийг хэргээс хассанд гомдолтой байна...” гэв.

 

Тодорхойлох  нь:

 

            Зөрчил гаргагч Д.Оюунцэцэгийн “...торгуулийн мөнгийг багасгаж өгнө үү...” гэх, гомдол гаргагч Ш.Ононгийн “...Н.Мөнхбат болон бусад нэр дэвшигчдийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, мандатыг хүчингүй болгох ёстой...” гэх үндэслэлүүдээр бичсэн давж заалдах гомдлын дагуу захиргааны зөрчлийн материалыг хянан үзвэл: Зөрчил гаргагч Д.Оюунцэцэг нь 2013 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүд буюу сонгуулийн үеэр сонгогч Г.Дөлгөөнд мөнгө тарааж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Харин зөрчил гаргагч Д.Оюунцэцэгийн гаргасан зөрчилд арга хэмжээ авахдаа Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15.1-д зааснаар “...иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгийн...” торгууль ногдуулахаар заасныг зөрчиж торгууль ногдуулсан байх тул шийтгэвэрт зохих өөрчлөлтийг зөвтгөн оруулж, зөрчил гаргагчид хуульд заасан хэмжээгээр торгууль ногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Энэ талаар бичсэн зөрчил гаргагчийн гомдлыг хүлээн авах үндэстэй.

            Гомдол гаргагчийн давж заалдсан гомдлын хувьд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Н.Мөнхбат нь Сонгуулийн тухай хууль зөрчиж мөнгө тараасан гэх үйл баримт нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байх тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн түүнд хариуцлага тооцох боломжгүй байх ба энэ байдлыг анхан шатны шүүхээс дүгнэхдээ түүнийг гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Түүнчлэн гомдол гаргагчийн гомдолдоо дурьдсан нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч төлөөлөгчийн мандатыг хүчингүй болгох асуудлын хувьд энэ нь Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн сонгуулийн хорооны бүрэн эрхийн асуудал болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 121 дугаартай “ШИЙТГЭВЭР”-ийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:

“...1.Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.15.1-д зааснаар Даваасүрэнгийн Оюунцэцэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 192000 төгрөгөөр торгож,Н.Мөнхбатыг захиргааны хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэж өөрчлөн найруулж, шийтгэвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

                                   ДАРГАЛАГЧ                            Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ