Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 42

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Б.Батзориг

Шүүгчид                                             Ц.Амаржаргал

                                                                                        Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                          Л.Энхтайван

Ялтны өмгөөлөгч                              А.Ариунзаяа

Хохирогчийн өмгөөлөгч                   М.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Монгол овогт Чойжилын Хүчбаярт холбогдох, эрүүгийн 201618000186 дугаартай, 148/2016/0113/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ам бүл 4, ээж аав дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 2-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сум дундын 20 дугаар шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Монгол овогт Чойжилын Хүчбаяр /РД:МТ-91072314/.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ч.Хүчбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт иргэн Р.Оюунчимэгт хүч хэрэглэн хүчиндэхээр довтлох үедээ хохирогчийн эсэргүүцлийг дарах зорилгоор толгойн тус газарт нь чулуугаар цохиж, биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Анхан шатны шүүх Ч.Хүчбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 50 дугаартай шүүхийн тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-д зааснаар Ч.Хүчбаярт холбогдох 201618000186 тоот хэргийг Аймгийн Прокурорын газраар дамжуулан мөрдөн байцаалтанд  буцааж,

-Шүүгдэгч Ч.Хүчбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ:

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.Хүчбаяр нь хохирогчийг хүчиндэх зорилготой байсан болох нь түүний хийсэн үйлдлүүдээр тодорхой тогтоогддог. Тухайлбал Ч.Хүчбаяр зам дээр хохирогч Р.Оюунчимэгтэй тааралдан улмаар амыг нь таглан доош чирч, ус зайлуулах хоолойны орчимд аваачсан, хохирогчийг чимээгүй байлгах, эсэргүүцлийг мохоох зорилгоор гарт тааралдсан чулуугаар толгойн тус газарт нь цохиж ухаан алдуулан, улмаар дотуур өмдийг нь хагас тайлсан байх боловч гэмт хэргээ туйлд нь хүргэлгүй орхин явсан нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, үзлэгээр хураагдсан эд мөрийн баримтууд, хохирогч Р.Оюунчимэгийн мэдүүлэг, гэрч Т.Эрдэнэчимэг, Б.Оюун-Ундрах нарын мэдүүлэг, Р.Оюунчимэгийн биед анх үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийж хэргийг буцаасан нь буруу байна.

2. Шүүх...шүүгдэгчийн зүгээс хохирогч руу довтолсон санаа зорилго нь хүчиндэх зорилготой байсан эсэх, хүчиндэх гэмт хэргээс бодитой татгалзсан эсэх, хүнд гэмтэл учруулаад биед нь тусламж үзүүлэлгүй орхиод явсан үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөх, дээрх үйлдлүүдийн шалтгаант холбоо зэргийг нарийвчлан тогтоосны эцэст шүүгдэгчийн ...гэм буруугийн асуудлыг тогтоолгох нь зүйтэй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч нь бусдыг хүчиндэх зорилготой байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон ба Ч.Хүчбаяр нь уг хүчиндэх гэмт хэргээ туйлд нь хүргэх боломж байсан боловч хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар, төгс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна...Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эсэргүүцэл бичив...” гэжээ.

Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

“...Ч.Хүчбаярт анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа түүний санаа сэдэлт, зорилго тодорхой бус гэж үзсэн. Тэрээр анхнаасаа хохирогчийг хүчиндэх зорилготой байсан. Учир нь хохирогчийг чимээгүй болгох, эсэргүүцлийг зогсоох зорилгоор гарт таарсан чулуугаар толгой уруу нь 3/гурав/ удаа цохиж, түүнийг ус зайлуулах шуудуу уруу чирч, хүчиндэх зорилгоор өмдийг нь хагас тайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон.

Шүүгдэгч хохирогчийг хүчиндэхээр завдсан боловч гэмт хэргээ туйлд нь хүргээгүй тул Эрүүгийн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар төгс татгалзсан.

Ч.Хүчбаярын үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа нь тогтоогдохгүй бөгөөд шалтгаант холбоогүй юм. Учир нь шүүгдэгч өөрөө хохирогчид хүнд гэмтэл учруулсан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 33 дугаар зүйлийн 33.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхэд шийтгэх тогтоол хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлтэй. Учир нь шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, зүйл анги нь тохироогүй. Түүний үйлдлүүдийн дарааллыг зөв тогтоож чадаагүй. Энэ бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн эсэх, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг шалгах ёстой. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хүндрүүлэх нөхцөл байдал болохоор заасан. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийг төгс татгалзлаа гэдгийг тогтоогоогүй. Харин ч шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл, настай хүний өмд гутлыг тайлсан байдал зэргээс харахад хохирогчоор тохуурхан даажигнасан байх гэмт хэргийн нөхцөл байдал харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Ялтын өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотолж тогтоосон.

Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч хохирогчийг танихгүй байж хүчиндэх зорилготой байсан гэдэг тал дээр маргаантай байдаг, гэсэн хэдий ч хохирогчийн мэдүүлгийг, шүүгдэгчийн мэдүүлэг давхар нотлогддог. Мөн хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож буцааж өгнө үү..” гэв.ы

Тодорхойлох нь:

   Ч.Хүчбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 06 дугаар сарын 30 ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар ыаг Бугант тосгоны нутаг дэвсгэрт иргэн Р.Оюунчимэгт хүч хэрэглэн хүчиндэхээр довтлох үедээ хохирогчийн эсэргүүцлийг дарах зорилгоор толгойн тус газарт нь чулуугаар цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ч.Хүчбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 50 дугаартай шүүхийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2-д зааснаар Ч.Хүчбаярт холбогдох 201618000186 тоот хэргийг Аймгийн Прокурорын газраар дамжуулан мөрдөн байцаалтанд  буцааж, шүүгдэгч Ч.Хүчбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 тоот Улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу Ч.Хүчбаярт холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт зааснаар Ч.Хүчбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан тогтоосны эцэст хэргийн зүйлчлэлийн асуудлыг хуулийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.    

 Дээрх ажиллагааг хийсний дүнд гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэх бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолд дурьдагдсан хохирогчийн биед хүнд гэмтэл учруулаад орхиод явсан гэх үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөх ажиллагааг хийх шаардлагагүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн заалтыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 тоот Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 50 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 тоот Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хэргийг прокурорт очтол Ч.Хүчбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах,эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ                                       Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                              Д.БУЯНЖАРГАЛ