Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 42

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                   Ц.Амаржаргал

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                                 Л.Энхтайван

Ялтны өмгөөлөгч                   Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Соён овогт Мөнхбаярын Мандахбаатарт холбогдох, эрүүгийн 201618000238 дугаартай, 148/2016/0115/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сум, Бүрэнтолгой Энхтал багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Соён овогт Мөнхбаярын Мандахбаатар /РД:БЛ-90041019/.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч М.Мандахбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн төв замын 30-315 дахь км-ын шонгийн орчимд 33-87 СЭА улсын дугаартай “Тоyota prius 11” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Буянзаяад хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх М.Мандахбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 115 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсэгт зааснаар Соён овогт Мөнхбаярын Мандахбаатарыг мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Соён овогт Мөнхбаярын Мандахбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 05 /тав/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар М.Мандахбаатарт оногдуулсан 05 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж,

-Хохирогч Д.Буянзаяагаас хохирол төлбөр нэхэмжилсэн 11.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Мандахбаатар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс  2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 жилийн хугацаанд сар бүр 500.000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Ялтан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний бие Анужин гэж 7 настай охинтой ганц бие эцэг, миний охин Эрдэнэт хотод 1 дүгээр ангийн сурагч, эхнэрээсээ салаад 3 жил болж байгаа. Одоогоор миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, охиныгоо ганцаараа асардаг. Хохирогч Д.Буянзаяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг харгалзан ялыг минь хөнгөлж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхээс ялтанд 5 сарын баривчлах ял шийтгэл оногдуулсан. Эхлээд ялтан маань анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг эдэлнэ гэж байсан. Сүүлд ялтан маань өөрөө давж заалдах гомдол гаргасны дараа очиж уулзахад 7 настай хүүхэдтэй, эхнэр нь хаяад явсан, ингээд хүүхэд нь сургуульдаа явж чадахгүй, сургалт хүмүүжилд нь нөлөөлөөд байна гээд давж заалдах гомдол гаргасан тухайгаа хэлсэн.

Ялтан маань хохирогчид сар бүр 500.000/таван зуун мянга/ төгрөг өгөхөөр тохирсон. Сая өнгөрсөн сард хохирогчид өгөх ёстой мөнгө нь нэхэгдсэн. М.Мандахбаатар маань одоо баривчлагдсан байдаг. Гэтэл хохирогч мөнгөө нэхээд банкинд мөнгө өгөх ёстой гэсэн. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Улсын яллагч давж заалдах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

“...Хавтаст хэрэгт авагдсан ялтны хувийн байдал дээр түүнийг 7 настай хүүхдээ хардаг гэдэг талаар байхгүй, харин хүүхэд нь Эрдэнэтэд ээж дээрээ байдаг гэсэн.

Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Тодорхойлох нь:

М.Мандахбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн төв замын 30-315 дахь км-ын шонгийн орчимд 33-87 СЭА улсын дугаартай “Тоyota prius 11” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Буянзаяад хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх М.Мандахбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 115 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсэгт зааснаар Соён овогт Мөнхбаярын Мандахбаатарыг мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Соён овогт Мөнхбаярын Мандахбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 05 /тав/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар М.Мандахбаатарт оногдуулсан 05 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

М.Мандахбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн төв замын 30-315 дахь км-ын шонгийн орчимд 33-87 СЭА улсын дугаартай “Тоyota prius 11” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Буянзаяад хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Буянзаяа /хх-ийн 35-37-р ху/, гэрч Я.Нарантуяа /хх-ийн 40-р ху/,Д.Энхзаяа /хх-ийн 42-р ху/, Т.Норжмаа /хх-ийн 43-р ху/,Л.Чулуун /хх-ийн 45-46-р ху/, Э.Баянмөнх /хх-ийн 47-48-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р ху/,Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р ху/, Согтуурлын хэмжээ шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан  байх тул ялтан М.Мандахбаатарын гаргасан “...Одоогоор миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй,охиныгоо ганцаараа асардаг. Хохирогч Д.Буянзаяа нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг харгалзан үзэж миний ялыг хөнгөлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх хохирогч Д.Буянзаяагийн гаргасан тайлбарыг /хх-ийн 175-р ху/ ялтан болон хохирогч нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ буюу хуулийн шаардлага хангасан нотлох баримтын хэмжээнд үнэлэн, дүгнэлт хийж шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтаар хохирогч Д.Буянзаяагаас хохирол төлбөр нэхэмжилсэн 11.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Мандахбаатар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс  2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 жилийн хугацаанд сар бүр 500.000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон болохыг дурьдсугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэмт хэргийн улмаас учирсан  хохирол буюу “Ашид Билгүүн” ХХК-ий гаргасан автомашины эвдрэл, хохирлын шууд зардлын үнэ-3.913.000 төгрөг /хх-ийн 109-р ху/, эмчилгээний зардал -1.203.024 төгрөг /хх-ийн129-152-р ху/, нийт 5.116.024 төгрөгийн  нэхэмжлэлээс М.Мандахбаатарын төлж барагдуулсан 1.200.000 төгрөгийг хасаж тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Мандахбаатараас нийт 3.916.024 төгрөг гаргуулан хохирогч Д.Буянзаяад олгож, хохирогч Д.Буянзаяа нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтанд өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан М.Мандахбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4,   325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 5 дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

“…5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Мандахбаатараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 3.916.024 төгрөг гаргуулан хохирогч Д.Буянзаяад олгож, хохирогч Д.Буянзаяа нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай…” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                                             Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ