Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 44

 

                                                            

 

 

 

                                                                       

Б.Оюунбатад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуул, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Сүхбат,

Ялтан Б.Оюунбатын өмгөөлөгч Д.Дашдорж,

Хохирогч Б.Пүрэвдулам,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлоор Б.Оюунбатад холбогдох 201525020944 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шавь овогт Баасанбатын Оюунбат, 1962 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-81 тоотод оршин суух,

1981 онд БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200-ын “а”, 199-ийн “а”-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1981 оны 7 дугаар сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 cap 16 хоногийн ялыг өршөөсөн,

1984 онд БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 65 дугаар зүйлийн Б, 64 дүгээр зүйлийн Б, 88 дугаар зүйлийн Б, 109 дүгээр зүйлийн Б, 168 дугаар зүйлийн В, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын дээд шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 593 тоот магадлалаар БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 65 дугаар зүйлийн А, 168 дугаар зүйлийн Б, 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 11 жилийн хорих ял болгон өөрчилсөн,

1985 онд БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн Б, 109 дүгээр зүйлийн В-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 280 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 8 жилийн хорих ялыг нэмж, нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

1988 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 177 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялд багтааж шийдвэрлэсэн,

1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-1 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 жил  2 cap 7 хоногийн ялын зарим болох 7 жилийг нэмж, 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж сулласан,

1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 1993 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 7 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сар 6 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 2 сарын хорих ялыг нэмж, нийт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2000 онд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх ялын эдлээгүй үлдсэн 2 жил 23 хоногийг нэмж, бүгд 4 жил 23 хоногийн хорих ялаар шийтгэж, 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: УХ62071236/,

Б.Оюунбат нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ялтай байх хугацаа дуусаагүй, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхад 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд нэвтэрч зөөврийн компьютер 1 ширхэг, модем 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 230.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд дахин нэвтэрч 32 инчийн “LCD” зурагт 1 ширхэг, “Эс Ка” загварын гар утас 1 ширхэг, “LG” загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.080.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, нийт 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд дахин нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлж, 140.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Оюунбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баасанбатын Оюунбатыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, ялтай байхдаа, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Б.Оюунбатын эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Оюунбатаас 1.385.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Пүрэвдуламд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Б.Оюунбатын цагдан хоригдсон 313 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Оюунбатыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан Б.Оюунбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нотлох баримт болох архины шил байхгүй, “Хараа” нэртэй архины шилний зураг байдаг. Эд мөрийн байримт байхгүй. Шинжээч андуурч бичсэн нь нотлох баримт болж чадахгүй юм. Хохирогч зурагтыг цонхоор авч явсан гэдэг ч 39 инчийн зурагт цонхоор нь багтах боломжгүй, мөрдөн байцаалтын шатанд “Sharp” загварын 32 инчийн зурагт гэсэн ч LCD 37 инчийн зурагт гэдэг ба эд зүйлийн үнэлгээ дээр 39 инчийн зурагтаар үнэлсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хяналтын прокурор Сүхбатад хулгай хийсэн Батзаяаг хэлсэн боловч түүнийг шалгаагүй ба түүнтэй садан төрөл, хамсаатан байх үндэслэлтэй. Надад өмгөөлөгч авах боломж олгоогүй ба энэ хэргийн мөрдөн байцаагч болон хулгай хийсэн Батзаяа нарын дарамтанд хүлээсэн гэж өргөдөл бичээд 16 хоног өлсгөлөн зарлахад ирж уулзаагүй ба энэ талаар мэдээ мэдээлэл хавтаст хэрэгт байдаггүй. Хаалгыг татаж ороод хулгай хийсэн гэж мэдүүлсэн ч хохирогчийн хаалга нь давхар хаалгатай, мөн давхар цоожтой байдаг. Татаж онгойлгох үндэслэлгүй. Мөнгөн аяга хулгайлсан гэдэг боловч би тэнд байгаагүй. Надад 10 минут орчимд хугацаанд хулгай хийх ямар ч боломж байхгүй. Хохирлын хэмжээ хүрэхгүй гээд хэрэгсэхгүй болгосон хэргийг надад хүлээлгэх гэж мөрдөн байцаалтын шатанд илрээгүй хэргийг одоо гаргаж ирсэн. Прокурор Сүхбат намайг онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцож, хэт нэг талыг барьж ялласан буюу хохирогч, гэрч, яллагдагч, шинжээч нарын мэдүүлэг нь хоорондоо эрс зөрүүтэй байхад, мөн эд мөрийн баримтгүй байхад яллах талыг барьсан. Батзаяа хулгайн хэргээ өөрөө хүлээн зөвшөөрч хяналтын прокурор Сүхбатад өргөдөл, гомдол гаргасан боловч түүнийг нэг ч удаа асууж шалгаагүй нь садан төрөл гэж үзэхээр байна...” гэжээ.

Ялтан Б.Оюунбатын өмгөөлөгч Д.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Б.Оюунбатын гаргасан давж заалдах гомдолд тайлбар байхгүй. Хэрвээ давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзвэл Б.Оюунбатын хувийн байдал, хохирлын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү…” гэв.

Хохирогч Б.Пүрэвдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би телевизорын инчийн талаар анх мэдүүлэг өгөхдөө “37 инч” гэж хэлсэн. 32 инч гэдэг нь ямар нэгэн алдаа гарсан байх. Дараа үнэлгээ тогтоолгохдоо авсан хүнээсээ асууж байгаад “39 инч” гэж тогтоолгоод үүгээр үнэлгээг хийлгэсэн. Хулгайд алдсан телевизор “39 инч”-ийн хэмжээтэй. Б.Оюунбат хэргийг завхаруулах талаас нь хэрэгт ямар нэгэн зүйл гаргаж ирээд байна…” гэв.

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Б.Оюунбат “нотлох баримт болох архи шил байхгүй” гэж гомдол гаргасан байна. 2015 оны 5 дугаар сарын 26, мөн оны 6 дугаар сарын 1, 16-ны өдрүүдэд хохирогч Б.Пүрэвдуламын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Тухайн өдрүүдэд хэргийн газар үзлэгийг байцаан шийтгэх журмын дагуу хийсэн. Хэргийн газар байсан “Ерөөл” архины шилээс гарын хээг бэхжүүлж авсан. Мөрдөн байцаагч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгаж байцаан шийтгэх журмын дагуу гарын хээг бэхжүүлж авсан бөгөөд тус архины шилийг эд мөрийн баримтаар тооцож аваагүй. Харин архины шилэн дээр байсан гарын хээг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэн авч шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Мөн Б.Оюунбатын гомдолд шинжээч андуурч бичих нь нотлох баримт болж чадахгүй гэсэн байна. Шинжээч андуурч бичсэн зүйл байхгүй. Хэргийн газрын үзлэгийг хийсэн мөрдөн байцаагч Мөнхбатыг гэрчээр байцаахад “хэргийн газрын үзлэг хийгээд гар зураг, схемийг үйлдэхдээ үзлэгээр “Ерөөл” архины шилийг хурааж авсан боловч гар, схем зураг дээрээ “Хараа” гэж бичсэн” байсан. Энэ талаар тодруулж асуухад андуурч бичсэн байна гэж хэлсэн. Телевизорийн үнэлгээний болон телевизорийн инчийн талаар гомдол гаргасан байна. Эд зүйлийн үнэлгээг гаргахдаа хохирогчийн тайлбар мэдүүлэг, эд зүйлийг хохирогчоос үнэлсэн үнэлгээ, ашигласан хугацаа, эдэлгээ, онцлог шинж байдлыг харгалзан үзэж үнэлгээг гаргасан. Тухайн алдагдсан эд зүйлийг үнэлсэн болохоос өөр эд зүйлийг үнэлээгүй. Батзаяа энэ гэмт хэргийг үйлдсэн байхад шалгаагүй гэж гомдол гаргасан байна. Мөрдөн байцаалтын шатанд Б.Оюунбатаас “Батзаяа гэж ямар хүн байдаг вэ, хаана байдаг вэ, холбоо барих утас, гэрийн хаяг нь байна уу” гэхэд “мэдэхгүй” гэж хэлдэг. “Батзаяаг нь 30 настай. 2000 онд чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байхдаа танилцсан” гэж мэдүүлдэг. Мэдүүлгийг эх сурвалжийг магадлан шалгахад одоо 30 настай хүн 2000 онд 14 настай байна. Тэгэхээр насанд хүрээгүй этгээдийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхдээ насанд хүрсэн этгээдтэй хамт ял эдлүүлсэн байх боломжгүй. Эдгээр зүйлээр Батзаяа гэгч бүлэглэн үйлдсэн нь тогтоогдохгүй гэж үзсэн. Улсын яллагчийн зүгээс прокурорын яллах дүгнэлтийг бичихдээ телевизорийн инчийг техникийн алдаа гаргаж бичсэн учраас залруулах хүсэлттэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

                                                      ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Оюунбат нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ялтай байхдаа, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд нэвтэрч зөөврийн компьютер 1 ширхэг, модем 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 230.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд дахин нэвтэрч 39 инчийн “LCD” зурагт 1 ширхэг, “Эс Ка” загварын гар утас 1 ширхэг, “LG” загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.080.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд дахин нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлж, 140.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Ялтан Б.Оюунбат мөрдөн байцаалтын шатанд: “…Тухайн өдөр миний бие архи уучихаад согтуу байсан ба мөнгөгүй болчихоод 2015 оны 5 дугаар сарын сүүл хавиар гэж санаж байна хөрш айл хүнгүй байхаар нь хаалгыг нь шууд татаж эвдэлж ороод хойд өрөөний ширээн дээр байсан дэлгэгддэг зөөврийн компьютерыг нь аваад гарсан юм. Тухайн өдөр би согтуу байсан учир яг ямар маркийн компьютер байсныг сайн санахгүй байна. …Тэгээд дараа нь 6 дугаар сарын 1-ний өдөр буюу хүүхдийн баярын өдөр тэр айл бас эзгүй байхаар нь дахин хулгайгаар орсон юм. 2 дахь удаагаа орохдоо тэр айлын ертөнцийн зүгээр урагшаа харсан вакум цонхыг түлхэж онгойлгож ороод 32 инчийн хар өнгийн зурагт, цагаан, хар өнгийн 2 ширхэг гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Би хулгай хийхдээ ганцаараа хийдэг байсан. …Гар утасны нэгийг нь би тэр өдрөө танилцсан хүүхэнд өгөөд нэгийг нь яаснаа сайн санахгүй байна. Тэгээд тэр хүүхэн л баригдаад намайг илчилсэн юм байна...” /1-р хх-ийн 106-107/, “...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан зүйл ангийг ойлгож мэдлээ. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” /1-р хх-ийн 110-112/, “...Би өмнөх байцаалтууд дээрээ хүний нэр оруулж байсан нь үнэн. Хамгийн гол нь надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар  ял сонсох хэцүү байсан юм. Доод тал нь 10 жил авна. Тэгээд би янз бүрийн хэргээс мултрах арга зам хайсан юм. Би тэр айлаас хулгай хийсэн нь үнэн. Би эхний удаа хулгайгаар орохдоо хаалгыг хүчтэй татаж онгойлгож ороод том өрөөний ширээн дээр байсан нөтбүүкийг авсан. …Дараа нь ертөнцийн зүгээр урагшаагаа харсан вакум цонхыг түлхэж онгойлгож ороод том өрөөний ширээн дээр байсан зурагтыг хулгайлаад, ширээн дээр байсан 2 ширхэг гар утсыг нэмж хулгайлаад гарсан. …Миний өмнөх үйлдэл өршөөлд хамрагдсан байвал миний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шийдэж өгнө үү. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /1-р хх-ийн 149-150/,

хохирогч Б.Пүрэвдулам мөрдөн байцаалтын шатанд: “…Манайд удаа, дараа хулгай орсон. Эхний удаа нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байсан. Хүүхдүүдээ авчихаад гэртээ 18 цаг 30 минутын орчим ирэхэд манай байшингийн хаалгыг эвдчихсэн гэрээс Нөтбүүк, Улс нэтийн модем хоёрыг хулгайлсан байсан ба гэрт байсан 37 инчийн “Sharp” загварын зурагтыг авч явах гээд гэрийн үүдэнд тавьчихсан байсан. Дараа нь 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гэрээсээ 13 цаг 30 минутын орчим хүүхдүүдээ баярлуулах гээд хөдөөнөөс ирсэн охин дүүгийн хамтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орохоор явсан юм. Гэтэл гэрт үлдсэн утсаар над руу залгасан. Тэгээд гэртээ ирэх замдаа манай урд гудамжинд амьдардаг цагдаагийн урамшуулалт эргүүл Гэрэлээ эгч рүү утсаар ярьсан. Тэр эгчийг “Яаралтай очиж шалга даа” гэсэн чинь очиж үзээд “Хаалга үүд чинь зүгээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та цонх үз дээ” гэсэн чинь “Цонх чинь онгорхой байна шүү дээ. Гэрээс чинь зурагт алдагдсан юм шиг байна. Зурагт чинь байхгүй байна. Өөр юу алдагдсаныг харах боломжгүй байна гэж” хэлсэн. ...Би тэр өвгөнийг л сэжиглэж байна. Тэр манай хашаан доторх эд зүйлс рүү болон манай машин руу хараад л байдаг байсан. 3 дахь удаад цонхоор орж гал тогооны шүүгээнд байсан мөнгөн аягыг хулгайлсан байсан. Хуучны мөнгөн аяга болохоор хэдэн төгрөг хүрэхийг мэдэхгүй байна…” /1-р хх-ийн 61- 63, 2-р хх-ийн 146-147/,

гэрч Н.Ганхад мөрдөн байцаалтын шатанд: “...Намайг ажил дээрээ байж байхад 5 дугаар сарын 26-ны өдөр гэрт хулгай орсон гэж манай эхнэр над руу утсаар хэлсэн. Тэгээд намайг очиход цагдаагийн байгууллагын ажилчид ирээд гар, хурууны хээ аваад байсан. Тухайн өдөр манай гэрээс Нөтбүүк, модем хоёр алдагдсан. 2 дахь хулгай нь 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 13 цаг өнгөрч байхад хүүхдүүдээ баярлуулах зорилгоор гэрээсээ гарсан хойгуур орсон байсан. Бид нар үдээс хойш 17 цаг өнгөрч байхад иртэл манай байшингийн том өрөөний цонхоор орж 37 инчийн зурагтыг аваад явчихсан байсан. ...гал тогооны цонхыг яг он, сарыг нь санахгүй байна хагалж ороод миний талийгаач эмээгийн өгч байсан ганц мөнгөн аягыг аваад явчихсан байсан…” /1-р хх-ийн 64-65/,

гэрч Ш.Болормаа мөрдөн байцаалтын шатанд: “…2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төрсөн өдөр тэмдэглэчихээд согтуу явж байгаад Саппорагийн автобусны буудал дээр өөрийгөө Оюунаа гэх үл таних ахимаг насны залуу “хамт пиво ууя” гэхээр нь зөвшөөрч байрны гадаа пиво хувааж уусан. Тухайн үед тэр залуу цагаан өнгийн гар утас гартаа барьсан байсан ба халааснаасаа хар өнгийн утас гаргаж ирээд “Ах нь энэ хоёрыг зараад мөнгө болгоё” гээд дахин 2 литр пиво уугаад надад хар өнгийн дэлгэгддэг утас өгсөн. Тэр залуу ганцаараа явсан. Үүргэвч үүрсэн байсан ба ямар нэг зурагт, зөөврийн компьютер байгаагүй…” /2-р хх-ийн 178-179/,

гэрч Ц.Энхболд мөрдөн байцаалтын шатанд: “…2015 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст жижиүүрийн мөрдөн байцаагчаар ажилласан. Тухайн үед хэргийн газрын үзлэгийн тэмдээглэлд хавсаргах схем зураг үйлдэхдээ гарын мөр илрүүлэн авсан объектыг зурахдаа “Хараа” архи гэж андуурч бичсэн байна. Энэ талаар би сүүлд мэдсэн. Ажлын ачаалал ихтэй байсан учир “Ерөөл” архины шилийг андуурч бичсэн. Учир нь хэргийн газарт байсан хоосон “Ерөөл” архины шилнээс шинжээч д/ч С.Анхбаяр ул мөр бэхжүүлэн авсан…” /2-р хх-ийн 198-199/ гэх мэдүүлгүүд,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “…Б.Оюунбат нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Оюунбатын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Оюунбат өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна. Б.Оюунбат нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Оюунбат нь сэтгэцийн
эмчийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Оюунбат нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Оюунбатад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” болохыг тогтоосон шинжээчийн 970 тоот дүгнэлт /1-р хх-ийн 155/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 дугаарын 3 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн  4 дугаарын 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 3 ширхэг гарын мөр Б.Оюунбатын гарын дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.Оюунбатын баруун гарын эрхий хурууны дардас санд 2015-128 СБД дугаараар бүртгэгдсэн 1 ширхэг гарын мөртэй тохирч байгаа…” болохыг тогтоосон 495 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 192/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-8, 12-13/, Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 30, 78/, Эд зүйл хураан авах тэмдэглэл /1-р хх-ийн 81/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 59/, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 146-148/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Оюунбатын гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Оюунбатын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Б.Оюунбатын “…Прокурор Сүхбат намайг онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцож, хэт нэг талыг барьж ялласан буюу хохирогч, гэрч, яллагдагч, шинжээч нарын мэдүүлэг нь хоорондоо эрс зөрүүтэй байхад, мөн эд мөрийн баримтгүй байхад яллах талыг барьсан...” гэсэн утга агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Б.Оюунбатад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Б.Оюунбатад оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Дээрх нөхцөл байдлуудын талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт зааснаар “...шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасныг хангасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хохирогч, уг хэрэгт холбогдолгүй, өөрөөр хэлбэл асуувал зохих бүх гэрч нарын мэдүүлгийг авсан байх бөгөөд анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтан У.Оюунбатын мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримттай нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй болно.

 

Түүнчлэн ялтан Б.Оюунбат нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж ялтай байх хугацаа дуусаагүй, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13-82 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдуламын байшинд нэвтэрч 2015 оны 5 дугаар сарын 26, мөн оны 6 дугаар сарын 1, 16-ны өдрүүдэд эд зүйл хулгайлж, нийт 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд ялтан нэг зорилгод хүрэхийн тулд төсөөтэй буюу нэг төрлийн үйлдлүүдийг тасралтгүй хэрэгжүүлсэн, нэгдмэл хор уршиг бүхий удааширсан үйлдэлтэй нэг гэмт хэрэг юм.

 

Үүнээс гадна давж заалдах шатны шүүхэд гаргасан хохирогч Б.Пүрэвдуламын “…Би телевизорын инчийн талаар анх мэдүүлэг өгөхдөө “37 инч” гэж хэлсэн. 32 инч гэдэг нь ямар нэгэн алдаа гарсан байх. Дараа үнэлгээ тогтоолгохдоо авсан хүнээсээ асууж байгаад “39 инч” гэж тогтоолгоод үүгээр үнэлгээг хийлгэсэн. …39 инчийн телевизор алдсан.” гэх тайлбар, 39 инчийн зурагтыг 975.000 төгрөгөөр /1-р хх-ийн 78/ үнэлсэн эд зүйлийн үнэлгээ зэргээс дүгнэхэд хохирогч 39 инчийн хэмжээтэй зурагт хулгайд алдсан, түүний үнэлгээг зохих ёсоор хийлгэжээ. Гэтэл прокуророос У.Оюунбатыг “…32 инчийн…” зурагт хулгайлсан хэмээн яллах дүгнэлт үйлдснийг анхан шатны шүүх зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Прокурорын яллах дүгнэлтэд зурагтын хэмжээг “…32 инч…” гэж дурдсан хэдий ч үнэлгээг хохирогчоос мэдүүлсэн хэмжээнд үнэлсэн үнэлгээг үндэслэж хохирлыг тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн  80.1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотлосон гэж үзнэ.

 

Эдгээр байдлаас дүгнэхэд прокурорын яллах дүгнэлтэд зурагтын инчийн хэмжээ зөрүүтэй байгаа боловч мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохирогч Б.Пүрэвдуламын хулгайд алдсан зурагтын инчийн хэмжээгээр үнэлсэн үнэлгээгээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн, мөн У.Оюунбатад холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөхгүй, хохирлын хэр хэмжээ өөрчлөгдөхгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлгүй юм.   

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан У.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: