Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 01

 

Б.*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Хохирогч Л.*******

          Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

         Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнийн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 261 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.*******т холбогдох 201616000153 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                   Яллагдагч Б.******* нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өглөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг Даланзадгад сум Хан-Уулын 24 дүгээр гудамжинд Л.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Хохирогч Л.******* прокурорт “...томографийн зургийг хэрэгт хавсаргаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн атлаа компьютер томографийн зурагийг хэрэгт хавсаргаагүй, Ачтан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаараа хохирогч мэдүүлсэн байхад Ачтан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөний түүхийг хэрэгт авч хийгээгүй, хохирогч Л.*******ын бие махбодид хаана нь ямар хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсныг тодорхой бичээгүй, мөн гавлын суурийн /эрвээхэй яс/ ясны хугарал нь хуучин бороолсон хугарал эсэхэд эргэлзээтэй зэрэг үндэслэлүүдээр Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд улсын яллагчаас гаргасан эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.4 дэх хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хэргийг мөрдөн байцаалтанд шүүгчийн захирамжаар буцаана гэж заасан байхад мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт “...мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол” хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар зохицуулсан. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтэнд эргэлзэж байгаа бол шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах, эсвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлд зааснаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрхтэй байхад шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтанд хэргийг буцаасан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдыг чирэгдүүлэхэд хүргэж байна.

Иймд шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй учир  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 261 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Хохирогч Л.*******ын хүсэлт гаргасны дагуу шинжээч томилж нэмэлт шинжилгээ хийлгэхэд шинжээч эмч Б.Шүрцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 565 дугаартай “...*******ын биед хамрын яс, гавлын суурийн /эрвээхэй яс/ ясны хуучин бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийг хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй ба тухайн гэмт хэргээс өмнө хугацаанд үүссэн хамааралгүй гэмтэл байна" гэсэн дүгнэлт гаргасан.

Хохирогч Л.******* нь дээрх дүгнэлттэй танилцаад хүлээн зөвшөөрсөн бөгөөд ямар нэг санал хүсэлт гаргаагүй.

Мөн хохирогчийн шинжээч томилуулах талаар гаргасан хүсэлтдээ хавсаргаж өгсөн Компьютер Томографийн шинжилгээний хариуг хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд хавсаргасан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэхэд шийдвэрлэвэл зохих асуудалд буюу хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.4 дэх хэсэгт “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал байгаа эсэх” гэж заасан. Энэ заалт нь хэрвээ байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хэргийг мөрдөн байцаалтанд шүүгчийн захирамжаар буцаана гэсэн агуулга бүхий заалт байна.

Гэтэл хэргийн мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт “...мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол” хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар зохицуулсан. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтэнд эргэлзэж байгаа бол шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах, эсвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 273 дугаар зүйлд зааснаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах эрхтэй байхад шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдыг чирэгдүүлэхэд хүргэж байна.

Иймд шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасныг зөрчсөн байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 261 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчөөс: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь зөв. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудал цаашдаа яригдах учраас хэргийг зайлшгүй мөрдөн байцаалтанд буцааж хийгдвэл зохих ажиллагааг хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.*******т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 Давж заалдах шатны шүүхэд улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:

Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн /хх-101/ шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолд б/. Уг гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна вэ, в/. Л.*******ын биед учирсан гэмтэл нь түүний эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх вэ, г/. Уг гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ гэсэн асуултуудад хариулт авахаар тусгасан байхад нь шинжээч эмч С.Шүрцэцэг нь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа дээрх асуултад хариулт өгөөгүй нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.2 дахь хэсгийн бие махбодид учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлыг тогтоох шинжилгээ хийж заавал тогтоох, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг хийж, дүгнэлт гаргах зэрэг  шинжээчид үүрэг болгосон хуулийн заалтуудыг биелүүлээгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт .Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт тангараг өргөсөн хүний их эмч нэрийн тэмдэг хэрэглэнэ, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна гэж зөвшөөрөл бүхий эмнэлгийн байгууллага, мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстойг хуульчилжээ.

 Гэтэл шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 565 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон хэргийн 90 дугаар хуудсанд байгаа Өмнөговь аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн компьютерт томографийн шинжилгээ, дүгнэлт бичсэн эмч Б.Энхмаа гэж бичигдсэн бичиг нь ямар нэг тамга тэмдэггүй, хуулбар хувь байх тул түүнийг хуулийн шаардлагыг хангасан эрх бүхий этгээдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийг нотолсон нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 158, 159 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар болон шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх гэж ялгаатай зохицуулалтыг тусгажээ.  

Гэтэл мөрдөн байцаагч Г.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн /хх-20/, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн /хх-101/ шинжилгээ хийх шинжээч томилох тогтоолуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 159 дүгээр зүйлийг буюу шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх заалтыг удирдлага болгож гаргажээ. Хуулийн мөн зүйл, хэсэгт шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална гэсэн байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 158 дугаар зүйлд заасан Шүүхийн шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэхээр тогтоолынхоо 1 дүгээр заалтаар үүрэг болгосон байгааг томилогдсон шинжээч, хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45  дугаар зүйлийн 45.7 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.4 хэсэгт зааснаар гэрч, хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасан. Гэрч Б.Чулуунчимэг нь  /хх-80/ гэмт хэрэгт холбогдсон Б.*******ыг өөрийн нөхрийн төрсөн дүү гэж мэдүүлсэн мэдүүлгийн тэмдэглэлээр тэд хоорондоо эцэг, эх, үр хүүхэд гэх этгээдэд хамаарахгүй байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно гэж тайлбарласан. Хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, Б.*******ын сэжигтэн, яллагдагчаар байцаагдсан байцаалтын тэмдэглэл /хх-27,31/ зэргээр Б.Чулуунчимэг, Б.******* нар хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүн болох нь нотлогдохгүй байна. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45  дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар Б.Чулуунчимэг нь хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй этгээд байна. Гэтэл мөрдөн байцаагч хуулийг буруу хэрэглэн Б.Чулуунчимэгээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлох ажиллагааг хийгээгүй гэж үзэхээр болжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн шинжээчийн дүгнэлтээр түүнчлэн нотолбол зохих асуудлыг нотлоогүй мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжгүй байна.

Иймд шүүгчийн захирамжинд дурдсан ажиллагаануудаас гадна магадлалд дурдсан ажиллагааг нэмж гүйцэтгэх шаардлагатай байх тул прокурор Х.Ариунжаргалын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйл, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 261 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5/13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.*******т урьд авсан Б.*******, Б.*******-******* нарын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                        Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ГЭРЭЛМАА