Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 02

 

                                        Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт

                                      холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор А.Амгалан /онлайнаар оролцсон/

          Ялтан Б.Батзаяа

          Өмгөөлөгч И.Олонмөнх, Ц.Баярмаа

          Хохирогч С.Цэрэндолжид

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

         Нарийн бичгийн дарга Б.Гарьдхүү нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн  Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох 201616010069 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                   Шүүгдэгч Б.Батзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтонд Ц.Гантулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргах явцдаа түүний толгойд архитай шилээр цохиж санаатай алсан, мөн цаг хугацаанд хохирогчийг амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон үед Б.Энхтөрийн хамт тээврийн хэрэгсэлд зөөвөрлөж оруулах, буулгах үедээ “ходоодны ханын урагдал, цооролт” буюу хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Энхтөр нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтод иргэн Ц.Гантулгыг амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон үед нь Б.Батзаяагийн хамт тээврийн хэрэгсэлд зөөвөрлөн оруулах, буулгах үедээ “ходоодны ханын урагдал, цооролт” буюу хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан, хохирогчийг толгойдоо архины шилээр цохиулсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болж, амь биед аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтод иргэн Ц.Гантулгыг толгойдоо архины шилээр цохиулсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болж, амь биед аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Б.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 97 дугаар зүйлийн 97.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Б.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар, Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсгүүдэд зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас шүүгдэгч Б.Батзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Батзаяа, Б.Энхтөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагаатгаж, Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газраас шүүгдэгч Б.Батзаяад Эрүүгийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон өөрчилж, шүүгдэгч Б.Батзаяаг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Б.Батзаяаг 4 / дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батзаяад оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Батзаяагийн цагдан хоригдсон 134 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Энхтөр 14 хоног цагдан хоригдсон, Д.Мөнх-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэвэлмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Ц.Гантулгын өмсч явсан гэх бор шар өнгийн тэлээтэй эрэгтэй хүний шаргал өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн даавуун малгай 1 ширхэг, хар өнгийн богино ханцуйтай футволк 1 ширхэг, хар өнгийн тэлээтэй хар саарал өнгийн жинсэн өмд 1 ширхэг, 0,75 литрийн Ерөөл гэсэн нэртэй архины нэртэй архины хүзүү орчимд хагарсан, бөглөө бүхий шилний хагархай, шилний бөглөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6 дахь хэсэгт зааснаар Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Улсын яллагчаас давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 47 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлаагүй, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Учир нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт: “Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх бөгөөд удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасан ба мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт: “...тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхойлно...” гэж заасан.

Шүүхийн 47 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлтийн үндэслэл болсон ямар ч нотлох баримт дурьдаагүй, харин энэхүү тодорхойлох хэсэгтээ прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн шүүгдэгч нарыг яллах үндэслэл болгосон бүхий л нотлох баримтуудыг дурьдсан атлаа эдгээр нотлох баримтуудыг хэрхэн, ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлоогүй тул шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт бичигдсэн байдал нь бүхэлдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсгийн шаардлагад огт нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Батзаяа нь сахилгагүй сэдлээр гэмт хэрэг үйлдсэн бус харин талийгаачийн агсам тавьсан цохь гэж хэлсэн түүний хүсэлтийн хариуд, дотроо архитай шилээр талийгаачийн бие рүү нь чиглэж, толгойд нь шууд санаатай цохьсон үйлдлийг “хайхрамжгүй хандаж үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна. Хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч Б.Батзаяа нь сахилгагүй сэдлээр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бөгөөд харин эсрэгээр талийгаач нь тухайн үед сахилгагүй сэдлээр агсамнасан, бусдыг өдөөн хатгасан үйлдэл, сэдлийг гаргаж байсан нь нотлогдсон болно.

            Шүүгдэгчийн архины шилээр цохьсон “идэвхитэй" үйлдэл нь амь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн бүхий л нотлох баримтаар хангалттай нотлогдсоныг шүүх анхааран үзэлгүйгээр, шүүгдэгч Б.Батзаяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Батзаяа, Б.Энхтөр нар нь хохирогчийг амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгсэлд зөөвөрлөж оруулах, буулгах үедээ “ходоодны ханын урагдал, цооролт” буюу хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Б.Батзаяа, Б.Энхтөр нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогддог.

Талийгаачийн биед учирсан гэмтэл нь дарааллын хувьд тархины гэмтэл нь түрүүлж үүссэний дараа ходоодны цооролт гэмтэл учирсан болох нь шинжээчийн мэдүүлгээр нотлогддог. /хх-104/

Ц.Гантулга нь толгойдоо цохиулснаас хойш огт сэргээгүй, ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй гэдгийг гэрч, шүүгдэгч нар хөдөлбөргүй нотолсныг шүүх анхааран үзэхгүйгээр “гэмт хэргийг ямар байдлаар, хэрхэн үйлдсэн талаар нотлох баримт байхгүй” гэсэн хийсвэр дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхээс “шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-эрдэнэ нар нь талийгаач өөрөө зүгээр гэж хэлсэн, согтуурсны улмаас унтаж байгаа гэдэгт итгэлтэйгээр түүний биеийг цэвэрлэж айлд хүргэх зэргээр байнга халамжлан авч явж байгаа үйлдлүүдээр тэднийг эрүүгийн хариуцлага хүлээхээс айгаагүй, хар амиа хичээгээгүй зэрэг байдал нь хохирогч Гантулга /талийгаач/-д тусламж үзүүлэхээс ямар нэгэн байдлаар зайлсхийгээгүй, эмнэлгийн тусламж үзүүлэхийг хичээж байсан санаа зорилготой тэдний хийсэн үйлдэл тодорхой байна. Тухайн зүйл ангиар хариуцлага хүлээлгэхийн тулд туслалцаа үзүүлэхээс зайлсхийхийг хүсэж, зайлсхийсэн шууд санаатай үйлдэлтэй байхыг шаарддаг гэсэн дүгнэлтийг хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь:

Тухайн гэмт хэрэг нь орон зай, цаг хугацааны хувьд 2016 оны 07 дугаар сарын 02- ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт гарсан. Цагаан хад гэх газраас шүүгдэгч нар нь удаа дараа архи авч хөдөө хээр гарч, архидан согтуурч байсан атлаа өглөөний 10-11 цагийн хооронд биедээ гэмтэл авч, ухаангүй болсны улмаас хүндээр бие засч, хөдөлгөөн хийхгүй байгаа хүнийг хөдөө хээр орхиж, архинд явах, архидан согтуурах зэргээр шөнийн 01 цаг өнгөртөл байлгасан болох нь Цагаан хаданд байнга байрладаг эмч Д.Бархасжавын мэдүүлэг /хх-71/-ээр нотлогдсон.

Түүнчлэн шүүгдэгч Б.Энхтөр нь өөрийн эхнэрийн эгч болох Ц.Нарантуяатай 01 цаг 43 минутад холбогдож, “болохгүй бол дуудлага өгье” гэж ярьсан боловч 03 цаг45 минутын орчимд дуудлага өгье гэж ярьсан болох нь хавтаст хэргийн 74 дүгээр хуудаст авагдсан гэрч Ц.Нарантуяагийн мэдүүлгээр нотлогддог бол хэргийн 73 дугаар хуудаст авагдсан гэрч Б.Нандинцэцэгийн: “....04 цаг 35 минутын үед үзэхэд ....нас бараад 1-2 цаг болсон болов уу ...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч нар нь талийгаачийг нас барсны дараа эмнэлгийн түргэн тусламж дуудсан болох нь нотлогддог.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогчид амь биед аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй үйлдэл нь хангалттай нотлогдож байгаа бөгөөд бие рүү нь ус цацах, өтгөнөөр бохирлогдсон дотуур өмдийг сольж байгаа үйлдлүүд нь өнгөцхөн харахад халамжилж байгаа мэт боловч дээр дурьдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хариуцлагаас зайлсхийх, хар амиа хичээсэн байдал нь хангалттай нотлогдож байгаа болно.

Түүнчлэн шүүгдэгч нар нь талийгаачийг амь биедээ үхэлд хүргэх гэмтэл авч мэдрэхүй нь алдагдсан байхад “Тунадас Ганаа”, “Чацга царайлаад хэвтэж байгаа...” гэх мэт үг хэлж, усанд хаяж байсан, хөлөөрөө бие рүү нь ус цацаж байсан зэрэг үйлдэл, эс үйлдэхүй нь тэдний үйлдлийн шинж чанарыг нотолж байгааг шүүх анхааран үзэлгүйгээр “...байнга халамжлан авч явж байгаа үйлдэл...” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд болон үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна. 47 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Батзаяагийн Хүрэлбаатарыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн хувьд дүгнэлт хийхгүй, эсэргүүцэхгүй. Харин Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдсэн Батзаяагийн хэргийг мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдснийг хэрэгсэхгүй болгож Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагаатгасанд эсэргүүцэл бичсэн юм. Шүүх хэрэгт ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй, нотлогдоогүй үйл баримтыг иш үндэс болгосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэргийг шийдвэрлэхдээ эрх зүйн онолын тайлбарыг дэлгэрэнгүй хийсэн боловч нөгөө талдаа нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг орхигдуулсан гэж үзэж байна. Нотлох баримтуудыг харьцуулаагүй, шийдвэртээ ямар нотлох баримтыг үндэслэл болгож байгаагаа дүгнээгүй, үгүйсгэж байгаа нотлох баримтаа дүгнэлгүйгээр хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ  байдалтай нийцэхгүй байна. Улсын яллагч хэргийн зүйлчлэлийн талаар нотлох баримттай бичсэн байгаа.

Шүүх тогтоол гаргахдаа ач холбогдолтой байдлыг орхигдуулан нэг талыг баримтлан шийдсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Б.Батзаяагаас: Тайлбаргүй гэв.  

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч И.Олонмөнхөөс: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар Батзаяагийн үйлдэл холбогдлыг зөв зүйлчилсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюултай хор уршиг учирч болохыг мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсөгөөр найдсан байхыг болгоомжгүй үйлдсэн гэнэ. Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр талийгаач өмнө нь маргалдаж агсарч эхэлсэн байдаг. Талийгаач намайг архины шилээр цохисон ч би яах ч үгүй гэж хэлсэн байдаг. Талийгаач цохиулсныхаа дараа би яах ч үгүй байгаа биздээ гэж хэлсэн байдаг.  Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагаас: Улсын яллагчийн эсэргүүцэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284.1-т зааснаар тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн зүйлчлэл, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж эсэргүүцэл гаргасан байна. Шийтгэх тогтоолд дурдсан, дүгнэсэн хэсгийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Улсын яллагч эсэргүүцэлдээ тухайн үед талийгаачийг гадны хүчний үйлчлэлээс толгойдоо цохиулснаас эхлээд тусламж үзүүлэх үүрэг үүсэх ёстой гэсэн байна. Үүргийг тухайн этгээд мэдсэн үеэс эхлэн үүсэх ёстой. Тухайн гэм буруутай үйлдэл хийсэн эсэхийг олж тогтоох ёстой. Талийгаачид гэм буруутай үйлдэл хийгээд яваад байгаа юм биш. Харин ч туслаад байгаа үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл биш юм. Гэмт хэрэг хэдийд, хэрхэн яаж үйлдэгдсэн нь тодорхой байх ёстой. Гэтэл Батзаяа болон миний үйлчлүүлэгч нарт ял халдааж зүйлчлэх ёстой гээд байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Мэдсээр байж зохих тусламжийг үзүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх ёстой. Миний үйлчлүүлэгч нар амь биед нь аюултай байдалд байгааг мэдээгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэсэлэлтэй гарсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Цэрэндолжидоос: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хор уршигийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ гэж заасан. Батзаяа нь тухайн үед талийгаачийн толгойд архины шилээр цохиж байгаа үйлдэл нь талийгаачийг алъя гэж хүсээгүй боловч архины шилээр цохисон учраас шууд санаатай гэж үзэж байна. Мөнх-Эрдэнэ, Энхтөр нар нь хохирогчийн амь бие аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлээгүй гэсэн улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Энхтөр, Б.Мөнх-Эрдэнэ нар өөрсдийн гэм бурууг хүлээж талийгаачид тусламж үзүүлээгүйгээ мэдүүлсэн.

Талийгаач архины шилээр цохиулснаас хойш 12 цагийн турш ухаангүй байсан байдаг. Тасарсан гэж ойлгосон тайлбарладаг боловч энэ хугацаанд талийгаач нэг ч үйлдэл хийгээгүй, босоогүй байдаг нь тухайн үед тусламж шаардлагатай гэдгийг Энхтөр, Мөнх-Эрдэнэ нар ухамсарлах бүрэн боломжтой байсан гэж үзнэ. Мөн гэрч Мөнхболд, Ууганбаяр нарын мэдүүлгээс талийгаачид тусламж үзүүлэх шаардлагатай байсан гэдэг нь харагдаж байна. Тухайн үед Батзаяа архины шилээр талийгаачийг цохисон даруйд талийгаачид тусламж үзүүлэх ёстойг ухамсарласан гэж үзэж байна. Ядаж түргэн тусламж дууддаггүй юмаа гэхэд цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжтой байсан боловч мэдэгдээгүй нь Эрүүгийн хуулийн 107-р зүйлд зааснаар яллагдах үндэстэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Б.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 97 дугаар зүйлийн 97.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Б.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар, Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх Б.Батзаяад холбогдох Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар  хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон өөрчилж, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Батзаяа, Б.Энхтөр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагаатгасан шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг биелүүлээгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт мэдээлэл нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно гэж заасан.

Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалсан боловч Эрүүгийн хууль хэрэглэх болсон хууль зүйн үндэслэлээ цугларсан, бэхжигдсэн нотлох баримтуудын хэмжээнд бүрэн бодитой дүгнэлт хийлгүйгээр хуулийн зүйл, хэсгийг онолын үүднээс дэлгэрэнгүй тайлбарлан, гэмт хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар ерөнхий дүгнэлт хийжээ.

   Иймд улсын яллагчийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлаагүй, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй гэсэн эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул ялтнуудын гэм буруугийн асуудлаар давж залдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

           Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1 дэх хэсэг, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                   1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

           2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

     

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.НАСАНЖАРГАЛ

                                                            ШҮҮГЧИД                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                                   Х.ГЭРЭЛМАА