Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 01

 

 

Д.Жамбалдоржид холбогдох
хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр зөрчилд холбогдогч Д.Жамбалдорж, гомдол гаргагч П.Доржсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргагч П.Доржсүрэнгийн давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Монгол банкны салбарын захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Оргил баг 8 дугаар байр 8 тоотод оршин суудаг, ПЕ77010611 регистрийн дугаартай Багшийнхан овгийн  Дашзэвэгийн Жамбалдорж нь орон нутгийн сонгуулийн үеэр буюу 2016 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 21 цагийн орчим 24-06 ГАҮ улсын дугаартай Монгол банкны эзэмшлийн авто машинтаар сонгуулийн сурталчилгаа хийсэн гэх зөрчилд холбогджээ.
          
Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн П.Доржсүрэнгийн тус аймгийн Монгол банкны салбарын захирал ажилтай Д.Жамбалдоржид холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Гомдол гаргагч П.Доржсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн захирамжийг эсэргүүцэж байна. Хэргийн материалд засаг даргын тамгын газрын дарга байсан П.Золжаргал нь Монгол банкны захирал Д.Жамбалдоржийг танихгүй гэж намын нөхөд нь өмгөөлж байна.  2012 оны 9 сард Монгол банкны дотоод хяналт эрсдэлийн хэлтсийн дарга Г.Болд, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, н.Хурцгэрэл, ерөнхийлөгчийн зөвлөх н.Пүрэвсүрэн нарын хамт иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Д.Жамбалдорж нь сурталчилгаа хийж дагаж явж байсан. 2013 оны 1 сард дахин сонгуулиар иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Жамбалдорж болж, улмаар Монгол банкны захирал болсон. 2016 оны Орон нутгийн сонгуулиар 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 24-06 ГАҮ улсын дугаартай машинтай нэр дэвшигчдийн хамт сурталчилгаанд явсныг нүдээр үзсэн юм. 
Засгийн унаагаар Нийгмийн даатгалын газар ажилладаг эхнэрээ байнга нааш цааш нь зөөж явдаг. Би эрхийнхээ дагуу үзсэн харснаа холбогдох байгууллагад нь хандсан. Энэхүү зөрчлийг хянаж өгнө үү гэжээ.
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн их эмч Ш.Юмжирмаа П.Доржсүрэнгийн талаар гаргасан тодорхойлолтдоо: “...сэтгэцийн өвчтэй 16 дахь жилдээ эмчийн хяналтанд байгаа. Өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар буурсан, өвчин нь заргач хэлбэрээр явагддаг” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Пүрэвжав овогтой Доржсүрэнгээс гаргасан тус аймгийн Монгол банкны салбарын захирал ажилтай Д.Жамбалдорж  2016 оны орон нутгийн сонгуулиар 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 21 цагийн үед 24-06 ГАҮ улсын дугаартай Монгол банкны машинтай нэр дэвшигчдийн хамт сурталчилгаанд явж,  сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчил гаргасан гэх байдал нь уг зөрчлийг шалгаж, бүрдүүлсэн нотлох баримтаар  тогтоогдоогүй байна.
        Тус банкны Говь-Алтай аймаг дахь салбарын захирал Д.Жамбалдорж нь 2016 оны 10-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод ажлын томилолтоор явж байсан нь түүний албан томилолтын үнэмлэх /хх-19-20-рт/, цагийн бүртгэл /хх-18-рт/, гэрч С.Энхбаатар “...2016 оны 10 дугаар сарын 16-нд манайд ирсэн зүйл байхгүй Д.Жамбалдорж бол бүр манайд ирэх нь битгий хэл бид 2 бараг мэнд ус мэдэлцэж үзээгүй хүмүүс байгаа юм” гэх тайлбар, /хх-10-рт/, М.Алтангэрэл “...Д.Жамбалдорж гэх хүнийг танихгүй 24-06 ГАҮ дугаартай машинаар явсан сурталчилгаа хийсэн зүйл байхгүй, энэ хаанахын ямар машин болохыг нь мэдэхгүй байна” гэх тайлбар                /хх-11-рт/, П.Золжаргал  “...би С.Энхбаатарын гэрт дээрх нэр бүхий хүмүүстэй хамт очсон зүйл байхгүй Д.Жамбалдорж гэдэг хүнийг танихгүй” гэх тайлбар                             /хх-12-рт/ захиргааны зөрчлийг хянан шалгах үед хэсгийн байцаагч Цагдаагийн ахмад Б. Арсланбаатарт өгсөн тайлбар, захиргааны зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар Д.Жамбалдорж Сонгуулийн тухай хууль зөрчиж, 2016 оны орон нутгийн сонгуулиар 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 21 цагийн үед 24-06 ГАҮ улсын дугаартай Монгол банкны машинтай нэр дэвшигчдийн хамт сурталчилгаанд явсан гэх байдал нь тогтоогдоогүй байна. 
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч П.Доржсүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай

 


                   ДДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЭНХТӨР          
            ШҮҮГЧИД                            М.МӨНХДАВАА
                                                                  Ш.БАТТОГТОХ