Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 39

 

 

А.Зоригтбаатар, А.Ганзориг нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

        Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

         Прокурор О.Пүрэвсүрэн,

          Ялтан А.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр,

           Шүүгдэгч А.Ганзориг,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул  даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Зоригтбаатар, А.Ганзориг нарт холбогдох 201626011209 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

       Боржигин овогт Алтанчимэгийн Зоригтбаатар, 1994 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүд, эцэг, эх, дүү нарын  хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 44 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УБ94120214/,

       Мандал овогт Аварзэдийн Ганзориг, 1994 оны 6 дугаар сарын 25-нд Төв аймгийн Лүн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 154 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НО94062515/,

1. А.Зоригтбаатар нь согтуурсан үедээ:

       2016 оны 5 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-44 тоот хашааны гадна “ээжээр хүүхдээ сахиулаад, өөрөө архи уулаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.Отгонзундуйгийн хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, түүний биед “хэвлийн хөндийг нэвтэрч, ходоодны ар хана, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /1700 мл/” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

       А.Ганзоригтой бүлэглэн согтуурсан үедээ бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сити” цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, С.Батбаярын биед “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт”, А.Мөнхбатын биед “хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж, танхайрсан,

         2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сити” цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, С.Батбаяр, А.Мөнхбат нартай “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хүч хэрэглэн чулууг зэвсгийн чанартай хэрэглэн С.Батбаярын биед “тархи доргилт, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, А.Мөнхбатын биед “тархи доргилт, хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан танхайрсан,

         2. А.Ганзориг нь согтуурсан үедээ А.Зоригтбаатартай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сити” цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, С.Батбаярын биед “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт”, А.Мөнхбатын биед “хамар ясны хугарал, зулайн шархнууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: А.Зоригтбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар, А.Ганзоригт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, А.Зоригтбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, А.Ганзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А.Ганзоригийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, А.Зоригтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар А.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 5 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар А.Зоригтбаатарын цагдан хоригдсон 198 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт А.Ганзориг цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд А.Зоригтбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Зоригтбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх, А.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

        Ялтан А.Зоригтбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг. 2016 оны 5 дугаар сарын 15-ны шилжих шөнө найз А.Ганзориг, А.Золбоо, Ц.Энхбаяр нарын хамт явж байгаад уг хэрэгт холбогдсон. Мөн 2016 оны 5 дугаар сарын 13-нд нагац ах Т.Отгонзундуйтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хэвлий тус газар нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, ухаарч байгаа, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулж, тэднээс уучлалт гуйсан. Миний ар гэрийн байдал хүнд, эхнэр нялх хүүхэдтэй, эцэг, эх эрхэлсэн тодорхой ажилгүй тул энэхүү байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг багасгаж, хорих ялын дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

      Ялтан А.Зоригтбаатарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

     Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг буруу зүйлчлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан сэжигтэн, яллагдагч, гэрч хохирогч нарын мэдүүлэг болон эд мөрийн баримт зэргээс үзэхэд А.Зоригтбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь хэсэгт зааснаар танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь А.Зоригтбаатар 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч С.Батбаяр, А.Мөнхбат нартай маргалдан зодолдох болсон шалтгаан, хохирогчийн биед учирсан гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх чулуу нь эд мөрийн баримтаар хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх бүрэн бодитой, үнэн зөв үнэлээгүй. Тухайлбал:

Хохирогч А.Мөнхбатын “...С.Батбаярын толгойг А.Зоригтбаатар цохиогүй, түүний толгой хагарах үед А.Зоригтбаатар байхгүй, зам гараад явсан байсан. Чи тамхи өгөхгүй хүнийг доромжилдог юмуу гээд буцаж очоод цээж рүү нь би түлхсэн...”, хохирогч С.Батбаярын “...Чи зүгээр цаашаа яв гээд А.Мөнхбат түлхсэн...”, А.Ганзоригийн яллагдагчаар өгсөн “...Нөгөө залуучууд А.Зоригтбаатарыг хоолойноос нь боосон байдалтай байсан. А.Зоригтбаатар, А.Золбоо хоёрыг зодолдсон эсэхийг хараагүй. А.Мөнхбат, С.Батбаяр нар эхэлж цохиогүй бол бид нар зодолдохгүй байсан.”, Гэрч Б.Рэгзэнгийн “...Хохирогч гэх залуу миний толгойг чулуугаар хагалсан гэх боловч хэргийн газар чулуу гэх зүйл байгаагүй, хохирогч цохиулсан гэх чулуу хаана байгаа талаар хэлж мэдэхгүй байсан. Ийм учраас хэргийн газраас эд мөрийн баримтаар ямар нэгэн чулуу хураагаагүй. Хохирогчтой хамт явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хохирогчийг чулуугаар цохьсон гэдгийг харсан зүйл байхгүй гэж байсан. Толгой руугаа чулуугаар цохиулсан нь тодорхойгүй байсан...”, А.Зоригтбаатарын сэжигтнээр өгсөн “...Нөгөө гурван ах л эхлээд цохьсон, түүнээс бид нар эхлээгүй...”, гэрч Х.Наранцацралын “...А.Зоригтбаатар нэг л удаа чулуу шидсэн...”, Шинжээч эмч Б.Ундармаагийн “...Хохирогчийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч С.Батбаяр, А.Мөнхбат нарын биед гэмтэл учруулаагүй, хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй гэмтэл болох нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх А.Зоригтбаатарыг шалтгаангүйгээр бусадтай зодолдож, чулууг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч нарт хөнгөн гэмтэл учруулсан гэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн хэрэгт хохирогч А.Мөнхбат, С.Батбаяр, гэрч Х.Наранцацрал нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байхад прокурор худал мэдүүлэг өгсөн гэх шалтгаанаар үүсгэсэн эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Шүүх энэхүү ноцтой, зөрүүтэй худал мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна. Гэрч Х.Наранцацрал нь хохирогчийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир зөвхөн сэжигтэн, яллагдагч нарыг буруутай мэтээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн.

Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд “хувийн таарамжгүй харьцаа, эр, эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа” зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх хэргийг нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн хохирогч болон шүүгдэгчийн хувийн байдлыг зөв дүгнээгүй. Хохирогч гэх С.Батбаяр, А.Мөнхбат нар нь насаар ахмад төдийгүй, тухайн үед олуулаа явж байсан, урьд ял шийтгүүлж байсан зэргээс дүгнэхэд А.Зоригтбаатар зодоон эхлүүлэх ямар ч боломжгүй, тэр нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Хохирогч Т.Отгонзундуйг хутгалсан үйлдэлд аргагүй хамгаалалтын шинж байсныг шүүх зөв дүгнээгүй гэж үзэж байна. Учир нь А.Зоригтбаатарыг хохирогч Т.Отгонзундуй боож, улмаар амьсгал нь боогдохдоо нэг удаа хутгалсан байдаг. Мөн А.Зоригтбаатар нь хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч цагдаагийн байгууллагад сайн дураараа ирсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү..” гэв.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. А.Зоригтбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа нагац ахыгаа хутгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн. А.Зоригтбаатар нь гудамж талбай, олон нийтийн газарт танхайрах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Түүний үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэлтэй...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

1. А.Зоригтбаатар нь согтуурсан үедээ:

2016 оны 5 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-44 тоот хашааны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.Отгонзундуйгийн хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, хүнд гэмтэл санаатай учруулсан,

А.Ганзоригтой бүлэглэн согтуурсан үедээ 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сити” цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, С.Батбаяр, А.Мөнхбат нарын биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан,

2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сити” цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, С.Батбаяр, А.Мөнхбат нартай “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хүч хэрэглэн чулууг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан,

            2. А.Ганзориг нь согтуурсан үедээ А.Зоригтбаатартай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сити” цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, С.Батбаяр А.Мөнхбат нарын биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар мөрдөн байцаалтын шатанд уг хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ.

            Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэх явцад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн дараах алдаа зөрчил тогтоогдлоо.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.Зоригтбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт А.Зоригтбаатарыг “...бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан А.Мөнхбатын биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, түүнчлэн дээрх зодоон дууссаны дараа чулууг зэвсгийн чанартай хэрэглэн А.Мөнхбат, С.Батбаяр нарын биед дахин хөнгөн гэмтэл учруулж танхайрсан…” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнэсэн хэрнээ “...С.Батбаяр, А.Мөнхбат нарын биед хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь багтаан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй...” хэмээн хоёр өөр дүгнэлт хийсэн.

Түүнчлэн А.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон,  танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт ял шийтгэл оногдуулалгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт “шүүгдэгч хэд, хэдэн гэмт хэрэгт яллагдаж байгаа бол асуудлыг гэмт хэрэг нэг бүрээр шийдвэрлэнэ.”, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.3 дахь хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан ял сонссон бол түүний аль хэсэгт нь цагаатгагдаж, аль хэсэгт нь шийтгүүлснийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана.”, 297.5 дахь хэсэгт “шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Гэмт хэргийг “бүлэглэн гүйцэтгэгч” гэдэг нь гэмт этгээдүүд гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцдаа үйлдлээрээ нэгдэн хамтран оролцсон байхыг ойлгодог.

Гэтэл А.Ганзориг нь А.Зоригтбаатарыг олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хэрүүл маргаан өдөн агсам тавьсан гэх үйлдлийг таслан зогсоолгүйгээр түүнийг өмөөрч, дээрх хэрэгт хамтран оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэмээн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Түүнчлэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “Боржигон овогт Алтанчимэгийн Зоригтбаатар, РД:УП94120214” /1-р хх-115/ гэж ургийн овог, регистрийн дугаарыг буруу бичиж шалгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байхад түүнийг нягтлан шалгалгүйгээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахдаа хөнгөн ялыг хүндэд нь багтаах, үйлдсэн хэрэг  тус бүрд оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэхээр заасан байхад А.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь ял оногдуулах нийтлэг зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд тус тус нийцээгүй шийдвэр гаргажээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан анхан шатны шүүхийн дээрх алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, ялтан А.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг шийдвэрлээгүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

               1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Зоригтбаатар, А.Ганзориг нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

                2. Хэрэг шүүхэд очтол А.Зоригтбаатарт урьд авсан цагдан хорих, А.Ганзоригт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

                3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                   Н.БАТСАЙХАН