Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 60

 

                                                                  М.Машбаярт холбогдох эрүүгийн

                                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Жаргал,

ялтан М.Машбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан М.Машбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Машбаярт холбогдох эрүүгийн 201626021983 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Цэдэв овогт Мантайноровын Машбаяр, 1975 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 89 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЧП75012977/,

М.Машбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Улсын 3 дугаар төв эмнэлгийн урд байрлах автобусны буудлын дэргэд иргэн С.Цэрмааг илтэд үл хүндэтгэн цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: М.Машбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Машбаярыг “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч С.Цэрмаад 523.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Цэрмаа нь цаашид гарах гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, М.Машбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан М.Машбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ба хохирогч С.Цэрмааг хохиролгүй болгосон. Хэргийн үйл явдлын тухайд: намайг тролейбусанд ороход С.Цэрмаагийн нөхөр буюу жолооч С.Энхбаатар нь утсаар ярьж байсан ба би “Хүн тээвэрлэж байж, утсаар ярьлаа” гэсэн шаардлагыг тавьсаны улмаас маргалдсан. Намайг буух үед миний араас нулимах шиг болохоор нь би эргүүлээд нулимахад С.Энхбаатар бууж ирээд бид барилцаж авсан. Би С.Цэрмааг цохьё гэж бодоогүй, ноцолдож байхад миний гаранд оногдсон. Миний бие эхнэр болон 2-13 насны 4 хүүхдийн хамт байр түрээслэж амьдардаг. Эхнэр маань элэгний өвчтэй тул ажил хийдэггүй. Би ганцаараа ар гэрээ тэжээн тэтгэдэг. Эдгээр байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

Ялтан М.Машбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Машбаяр нь тролейбусанд зорчиж явахдаа ... жолооч С.Энхбаатарт хандаж “Хүн тээвэрлэн явж байж, утсаар ярьхаа боль...” гэсэн зүй ёсны шаардлагыг тавихад тэрээр эхнэр С.Цэрмаагийн хамт эсэргүүцэж хэрүүл маргаан үүсгэсэн. М.Машбаярт С.Цэрмааг зодож, цохих санаа зорилго байгаагүй. Тролейбуснаас бууж М.Машбаяр нь С.Энхбаатартай ноцолдох явцад С.Цэрмаа гарт нь өртөгдөж биедээ гэмтэл авсан. Энэ хэрэг гарахад хохирогч С.Цэрмаа түүний нөхөр С.Энхбаатар нарын хууль бус үйлдэл нөлөөлсөн. Иймээс гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогч С.Цэрмаагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх хүсэлт, М.Машбаярын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсныг болон бага насны 4 хүүхэдтэй, ар гэрийнх нь байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс ялтан М.Машбаярын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хохирогч С.Цэрмаа нь М.Машбаярт цохиулсны улмаас уруул нь сэтэрч, 2 оёдол тавиулсан. Цаашид сорви арилгуулах эмчилгээний зардалд 2,0 сая төгрөгийг нэхэмжилсэн. Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд ялтны зүгээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан ба хохирогч С.Цэрмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаар хүсэлтээ ирүүлжээ. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар ялтан М.Машбаярт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахад татгалзах зүйлгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх М.Машбаярын үйлдсэн “бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг танхайн сэдэлттэй гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Иймээс дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн материалыг судлахад, М.Машбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, 18 цаг 30 минутын үед, Баянгол дүүргийн 10 дугаар хороололоос тролейбусанд сууж явахдаа уг тролейбусны жолооч С.Энхбаатартай “Тээврийн хэрэгсэл жолоодохдоо гар утсаар ярьлаа боль” гэж маргалдан улмаар тус тролейбусанд сууж явсан жолоочийн эхнэр С.Цэрмаатай хэрэлдэж түүнрүү нулимсаны гадна Улсын 3 дугаар төв эмнэлгийн дэргэдэх автобусны буудал дээр тролейбуснаас зорчигч М.Машбаяр, жолооч С.Энхбаатар, түүний эхнэр С.Цэрмаа нар гурвуулаа бууж барьцалдан авч ноцолдсон, М.Машбаярын үйлдлээс С.Цэрмаагийн нүүрэн тус газарт гараар цохигдож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь дараах:

- хохирогч С.Цэрмаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нөхөр Энхбаатарын жолоодон явсан тролейбусанд суугаад гэртээ харихаар явж байтал 10 дугаар хорооллын автобусны буудлаас үл таних 165-170 см өндөртэй, бор царайтай, онигор нүдтэй, махлаг, спорт халимаг үсний засалттай, 40-45 насны эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд суусан. Тэр үед манай нөхөр шугаманд гэмтэл гарсан талаар утсаар яриад явж байтал нөгөө согтуу эрэгтэй “Нийтийн тээврийн муу сайн жолооч нар дандаа ингэж утсаар ярьж явдаг” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Манай нөхөр утсаар ярихаа больсон ба би тэр эрэгтэйд “Хойд хаалгаар буу” гэж хэлсэн... Улсын 3 дугаар төв эмнэлгийн дэргэдэх автобусны буудал дээр ирэхэд нөгөө эрэгтэй урд хаалгаар буухдаа миний өөдөөс нулимсан. Тэгтэл манай нөхөр “Эмэгтэй хүний рүү нулимаад байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд түүний араас буусан ба би араас нь буугаад “Боль” гээд очих үед нөгөө эрэгтэй баруун гараараа миний уруул руу маш хүчтэй цохисон ... миний уруул сэтэрсэн байсан. Би нөхрийгөө “Шугамандаа яв” гэж хэлээд цагдаа дуудсан ба тэр эрэгтэйг бариад зогсож байтал өмсөж явсан футболкаа тайлж хаяад зугтаагаад явсан. Би араас нь хаашаа орж байгааг нь хараад тэр тухайгаа цагдаад хэлсэн. Би гомдолтой байна. Перфект эмнэлэгт уруулын сорвийг арилгуулахаар цаг авсан байгаа. Хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2,0 сая төгрөг нэхэмжилж байна...” /хх-16, 93/,

- гэрч С.Энхбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би тухайн үед шугамын дуудлага өгөөд утсаар яриад байж байтал нөгөө залуу хэрүүл өдөөд “Та нар хүн зөөж байж утсаар ярьлаа, та нар ийм байхгүй юу” гээд байсан... энэ үед эхнэр Цэрмаа нь хамт явсан болохоор уг эрэгтэйг “Хойд хаалга руу яв, битгий жолоочийн анхаарал сарниул” гэсэн шаардлага тавиад хэрэлдээд явж байсан. Улсын 3 дугаар төв эмнэлгийн ойролцоо автобусны буудал дээр ирэхэд нөгөө эрэгтэй урд хаалгаар буухдаа манай эхнэрийн нүүр лүү нулимаад буусан. Би тэр эрэгтэйг “Яаж байгаа юм бэ” гэхэд “Чаддаг юм бол буугаад ир” гэж хэлсэн. Тэгэхэд нь бууж очоод барьж авах гэтэл над руу шууд далайхаар нь бултаад холдтол эхнэр Цэрмаагийн нүүрэн тус газарт цохиж таарсан. Тэгээд эхнэрийн маань амнаас нь цус гараад эмнэлэгт очиж үзүүлэхэд уруул нь сэтэрсэн байсан. Тэр эрэгтэй баруун гараараа манай эхнэрийн нүүрэн тус газарт нь маш хүчтэй цохисон...” /хх-43, 94/,

            - ялтан М.Машбаярын яллагдагчаар өгсөн “...тролейбусанд ороход жолооч нь утсаар яриад, эвгүй жолоодоод байхаар нь уур хүрээд “Чи хүн тээвэрлэж явж байж, наад утсаа салгаад эвтэйхэн яв” гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл жолооч нь “Чамд ямар хамаатай юм, чи согтуу байна” гэхэд хажууд нь явсан түүний эхнэр буюу хохирогч эмэгтэй хэл амаар доромжилж, над руу дайрч эхэлсэн... урд талын хаалгаар буухад хохирогч эмэгтэй миний араас нулимах шиг болохоор нь би эргэж хараад нүүр лүү нь нулимтал тэр эмэгтэй, жолоочтой хамт бууж ирээд намайг түлхэж унагаагаад газар хоёулаа дарсан, миний саарал цамцыг урчихсан,... надтай тэмцэлдэх үед эхнэр Цэрмаа нь миний гарт цохигдсон,… тэгээд нөхөр нь тролейбусаа жолоод явсан ба эхнэр нь цагдаа дуудна гээд надтай үлдсэн юм...” /хх-52-53/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10212 тоот “...Цэрмаагийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-20/ гэх дүгнэлт, хохирогч С.Цэрмаагийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-13/, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар, мэс засал хийлгэсэн тэмдэглэл, толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн тухай эмчийн дүгнэлт /хх-23-34/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтой байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Хүн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч ... замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих, замын хөдөлгөөнд оролцох нөхцлөө хангуулахаар ... шаардлага тавих эрхтэй”, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/г-д “Жолооч ... гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэхийг хориглоно” гэж тус тус заажээ.

Иймээс М.Машбаяр нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчин явахдаа, жолооч С.Энхбаатарт хөдөлгөөний үед гар утас хэрэглэхийг хориглож, зүй ёсны шаардлага тавьсан байна.

Энэ шаардлагатай холбогдуулан Зорчигч тээврийн нэгтгэлд жолооч С.Энхбаатар нь орлогын нярав буюу эхнэр С.Цэрмаагийн хамт уг шаардлагыг үл ойшоож марган, тээврийн хэрэгслээсээ хоёул бууж, зорчигч М.Машбаяртай ноцолдсон хохирогчийн зохисгүй үйлдэл байна гэж үзлээ.

Ялтан М.Машбаяр нь зүй ёсны шаардлагаа хэтрүүлж, согтуугаар бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон, харин энэ гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр прокуророос ялтан М.Машбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасныг журамлан М.Машбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагад татах хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Машбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай ялтан М.Машбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад: Цэдэв овогт Мантайноровын М.Машбаярыг “…бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танайрах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэснийг “…бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.1-д заасныг баримтлан  М.Машбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар М.Машбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан М.Машбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.МӨНХТУУЛ