Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 03

 

2016.12.21                 №03

Л.Ганбатад холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2016/0018/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга:            Н.Болор-Уянга,
Прокурор:                  Ц.Цэен-Ойдов,
Ялтны өмгөөлөгч:            Г.Баярсайхан,
Ялтан:                                       Л.Ганбат нар оролцов.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянгын шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Г.Баярсайхан, ялтан Л.Ганбат нарын давж заалдах гомдлоор эрүүгийн 201623000199 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1965 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэртэй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 3 дугаар баг, Цэнхэрийн голд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэлгүй гэх Бүргэд овогт Лхамсүрэнгийн Ганбат /РД:СМ65060413/
Ялтан Л.Ганбат нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4-р баг Чулуут гэх газарт иргэн Ц.Батзаяагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж үхрийн мах 20 кг, хуучин аккумлятор 1 ширхэг, үхрийн борц 15 кг хулгайлж 310000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5-р баг Шийрийн 04 тоотод оршин суух Б.Туулайн байшинд хууль бусаар нэвтрэн орж хуучин дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хуучин бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, үхрийн борц 15 кг, бэлэн мөнгө 200000 төгрөг хулгайлж, 1.050.000 төгрөгийн  хохирол, 2016 оны 6 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт иргэн А.Болдбаатарын “Даюун” маркийн итгэмжлэн өгсөн мотоциклийг завшиж 500000 төгрөгийн хохирлыг  тус тус учруулсан,
2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гадагш явж болохгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Бүргэд овогт Лхамсүрэнгийн Ганбатыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нь хулгайлсан, хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатыг эд хөрөнгө хураахгүйгээр  02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих  ялаар, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын баривчлах ялыг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн ялтны биечлэн эдлэх ялыг 02 жил, 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатад оногдуулсан 02 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатын цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатаас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Туулайд, 100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэболдод тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч Ц.Батзаяа, А.Болдбаатар нарт төлөх төлбөргүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Г.Баярсайхан нь давж заалдах гомдолдоо: ... Миний үйлчлүүлэгч Л.Ганбатыг анхан шатны шүүхээс оргон зайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж ял халдаасан. Би өмгөөлөгчийн хувьд огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь түүнд холбогдох эрүүгийн хэрэгт Л.Ганбатыг эрэн сурвалжилсан тогтоолоос өөр ямар ч нотлох баримт байхгүй. Зарлан дуудах хуудас болон оршин сууж байгаа газарт нь нэг ч удаа албан бичиг явуулаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд заасан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар  шийдвэрлэн түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, ар гэрийн байдлыг нь харгалзан оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.
Ялтан Л.Ганбат давж заалдах гомдолдоо: Би давтан үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зохих хохирлоо бүрэн төлсөн. Харин намайг оргон зайлсан гэж буруутгаж буйг огт зөвшөөрөхгүй байна. Мөн намайг хохирогч Б.Туулай, Эрдэнэболд нарт хохирлыг нь өгөөгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Би долоон хүүхэдтэйгээ амьдардаг. Ар гэрийн  болон хохирол төлбөргүй байдлыг минь харгалзаж хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Л.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагт хянан шийдвэрлэхээр товлосон атлаа тухайн өдрийн 17 цаг 30 минутад буюу ажлын цаг  дууссан үед шүүх хуралдааныг эхлүүлж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад нөлөөлөхөөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг  анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна. /хх-156-157х, 172-177х/

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.3, 320 дугаар зүйлийн 320.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д  заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Ганбатад холбогдох эрүүгийн 201623000199 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.  Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Ганбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
Магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэхийг, магадлалд эрх бүхий этгээд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.ДЭНСМАА