Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 04

 


2017.1.18                             01

Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, Б.Өнөболд нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2016/0004/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,
Прокурор: Ц.Цэен-Ойдов,
Ялтны өмгөөлөгч: Р.Ганчулуун, Н.Баяр, Ц.Эрдэнэбат, М.Энхтуяа,
Ялтан: Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, Б.Өнөболд нар оролцов.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Н.Баяр, Ц.Эрдэнэбат, ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарын давж заалдах гомдлоор Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, Б.Өнөболд нарт холбогдох эрүүгийн 201211000264 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй    ажилгүй, ам бүл 9, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 27 дугаар байрны 21 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх  Бодонгууд овогт Батсүхийн Бат-Эрдэнэ. /РД: ЖВ88081319/

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1993 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 6 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Бодонгууд овогт Зоригтын Билгүүн. /РД: ЖЛ93091711/
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй   ажилгүй, ам бүл 4, эцэг,эх, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 28 дугаар байрны 28 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Сутаан чонос овогт Болдбаатарын Өнөболд. /РД:ЖЭ90051871/

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өнөболдод Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож
Шүүгдэгч Бодонгууд овогт Батсүхийн Бат-Эрдэнэ, Бодонгууд овогт Зоригтын Билгүүн,  нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, бүлэглэж үйлдсэн мөн танхайрах гэмт хэргийг бүлэглэж догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Сутаан чонос овогт Болдбаатарын Өнөболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, "Анхны ардчилсан   сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөболдод холбогдох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батсүхийн Бат-Эрдэнийг 15 /арван тав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар, шүүгдэгч Зоригтын Билгүүнийг  Эрүүгийн  хуулийн  91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дахь хэсэгт зааснаар 15 /арван тав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар,  мөн хуулийн 181  дүгээр  зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,
"Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай"  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялтан  Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаас тус тус 2 /хоёр/ жилийг өршөөн хасч,
Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт  Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 жил 01 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хорих ялын зарим болох 06 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх хорих ялыг тус тус 15 /арван тав/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт оногдуулсан 15 жил 07 сарын хорих ялыг тус тс чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Бат-Эрдэнийн ял эдэлсэн болон цагдан хоригдсон 1060 хоног, ялтан З.Билгүүний цагдан хоригдсон болон ял эдэлсэн 694 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч Б.Өнөболд нь 427 хоног цагдан хоригдсон болон ял эдэлсэн болохыг дурдаж,
Энэ өдрөөс эхлэн шүүгдэгч З.Билгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Өнөболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,
 Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нараас хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд тус тус 1.499.160 /нэг сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг Нарлагийн 8 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, хохирогчийн төлөөлөгч Боржигон овогт Нарантуяагийн Болорцэцэгт олгож,
Шүүгдэгч Б.Өнөболд нь хохирогчийн төлөөлөгч Н.Болорцэцэгт 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, З.Билгүүн нь хохирогч Ганзоригт 70.000 /далан мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Өнөболдын эзэмшлээс "Serene" маркийн хоёр хаалгатай хөргөгч, "Konka" маркийн 21 инчийн өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 сарын 03-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, ялтан З.Билгүүний эзэмшлээс 3 хаалгатай шкаф, "Тoshiвa" маркийн 32 инчийн өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 сарын 05-ны өдрийн, ялтан Б.Бат-Эрдэнийн эзэмшлээс 2х4 хэмжээтэй Дархан хивс, "Sharp" маркийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 сарын 06-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-уудыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээж,Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгийн цамц 1 ширхэг, шаргал өнгийн даавуун өмд 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан алаг өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, "Нийслэл" пивоны 0.5 литрийн шил 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох 6 ширхэг захиаг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлалгүйгээр миний үйлчлүүлэгч Билгүүнийг онц хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцон яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Билгүүн нь талийгаачийн амь насыг хохироосон гэх ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд түүний зөвхөн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримт болгон яллаж байгаа нь учир дутагдалтай юм. Гэвч Билгүүн нь өөрийнхөө зодсон улаан цамцтай Ганзориг гэгч залууг нас барсан гэж бодсон юм. Тухайн хэрэг гарсны дараа Бат-Эрдэнэ нь бүх хүмүүсийг дарамталж зодсон гэж мэдүүлэг өгүүлсэн байдаг. Энэ хэргийн цорын ганц гэрч Мөнхтөр нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэг өгөхдөө Билгүүнийг талийгаачийг зодсон талаар огт мэдүүлдэггүй. Харин улаан цамцтай Ганзоригийг зодож байсан талаар байнга мэдүүлдэг. Шүүгдэгч Бат-Эрдэнэ нь анх сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Билгүүн талийгаачийг зодсон гэж хэлдэггүй бөгөөд давж заалдах шатны шүүх хурлаас л зодсон гэж худал хэлдэг. Уг хэргийг анхан шатны шүүхээр 6 удаа хянан хэлэлцэж 2 удаа мөрдөн байцаалтад буцаж, Билгүүнийг 3 удаа хэрэгт холбогдолгүй гэж шийдвэр гарч байсан. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар З.Билгүүнд холбогдох Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Н.Баяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ цагаатгах талын нотлох баримтыг судалж үнэлэлт, дүгнэлт өгөлгүй яллах талыг барьсан шийдвэр гаргаж Өнөболдыг ял завшуулж байгаа нь ойлгомжгүй байна. Хэргийн 4-р хавтасны 152-153, 5-р хавтасны 16-р хуудсанд “... би нэг хүний хөлөөс зуурсан.  Бараан хувцастай хүн байсан” гэх Баярбаатарын мэдүүлгээс үзэхэд Бат-Эрдэнэ Баярбаатартай ноцолдсон гэдэг нь харагддаг. Үүнийг үнэн болохыг Билгүүн мэдүүлсэн. ... Гэрч Баясгалан баарнаас хамгийн сүүлд Бат-Эрдэнэ гарч явсан гэж удаа дараа мэдүүлдэг. Улсын дээд шүүхийн тогтоолд ганцхан гэрч Мөнхтөрийг л дахин асуу гэж буцаасан атал бусад гэрчүүдийг асууж мэдүүлгийг өөрчлөх талаар заагаагүй. Дээрх баримтаар Бат-Эрдэнэ нь  хүний амь нас хөнөөсөн болох нь нотлогдоогүй. Харин Билгүүн, Өнөболд нар талийгаачийг алсан болох нь гэрч Мөнхтөр, Ууганбаяр, Цогтжаргалын мэдүүлгээр мөн шүүгдэгч Билгүүний өөрийнх нь өгсөн ... би талийгаачийг хэвтэж байхад нь  хөлөөрөө савж өшиглөсөн гэх мэдүүлэг, 4551 тоот шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319, 320-р заалтуудыг зөрчиж, миний үйлчлүүлэгч Б.Бат-Эрдэнийн эрх ашгийг хохироож байна. Иймд Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тогтоол, магадлал хүчинтэй болтол батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү гэжээ.

Ялтан Б.Бат-Эрдэнэ нь давж заалдах гомдолдоо: ... Би Надежда бааранд ажилладаг байсан юм. Цогтжаргал, Өнөболд, Билгүүн, Мөнхтөр нар намайг бааранд дуудсан. ... Намайг текний хажууд зогсож байтал кабинаас Өнөболд ороод ирээ гэж дуудахаар нь ортол Билгүүн, Ганзориг хоёр муудалцаж байсан. Амгалан бааранд муудалцахгүй шүү гэж хэлэхээр нь тэд нар гарсан. Би дуу сонсох гээд үлдсэн. ... Би тэд нарыг салгах гээд гартал Өнөболд горшокон малгайтай залуутай заамдалцаад түүний цаана Билгүүн, Ганзориг,  Мөнхтөр нар зогсож байсан. Өнөболдыг салгах гээд явж байтал савхин куртиктэй залуу хажуугаар гүйгээд цохихоор  нь би зөрүүлээд цохисон. Надтай зууралдаж байсан савхин куртиктэй залуугийн гарыг нь тавиулах  гээд шилэн хүзүүнээс нь татаж өшиглөн гарыг нь тавиултал баруун талаас цагдаа ирсэн. Зүүн тийш хартал талийгаач Сүхболдыг газар унаад хоёр гараараа нүүрээ дараад  дөрвөн хөллөөд хэвтэж байхад нь Билгүүн замын талаас гүйж ирж нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа өшиглөж байгаа харагдсан.  Өнөболд бид хоёр Билгүүний өшиглөж байгааг хоёулаа харсан.Тэгээд талийгаач газар дээрээ өнгөрсөн болохыг түргэний машины жолоочоос мэдсэн. Билгүүн “миний өшиглөсөн залуу нас барчихлаа, би хүн алчихлаа” гээд л уйлаад байсан. ... Би бичиг үсэг мэдэхгүй хэн рүү ч ийм захидал бичээгүй. Өнөболд 8 сарын дараа даалтанд гарсан. Тэгээд Билгүүн, Өнөболд, Цогтжаргал нар  ууж байхдаа бүх хэргийг Бат-Эрдэнэ рүү тохъё гэж хэлж байсныг нь манай дүүгийн найз надад хэлсэн. Анхны байцаалт дээр Билгүүн “Би өшиглөсөн энэ хэргийг би даана” гэж хэлсэн. Дараа нь байцаагдахдаа над руу бурууг чихдэг. Билгүүн, Өнөболд, Цогтжаргал нар  намайг гүтгэж байна. Би энэ хэргийг үйлдээгүй. Хэргийг шударгаар, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Ялтан З.Билгүүн нь давж заалдах гомдолдоо: ... Би хэрэг болдог өдөр Ганзоригийг цохиж хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Харин талийгаач Сүхболдыг цохиж зодсон зүйл огт байхгүй гэдгээ шүүх хуралдаан бүр дээр мэдүүлсэн. Хэргийн гол хүн болох Бат-Эрдэнэ Сүхболдыг зодсон гэж намайг гүтгэж  энэ талаар Х.Болор гэх гэрч мэднэ гэж шүүх хурал дээр мэдүүлж байсан. Энэ мэдүүлгээс болж урьд нь хэрэг мөрдөн байцаалтад буцаж Болороос энэ талаар асуухад Бат-Эрдэнийн ярьсан зүйлийг яриагүй учраас худлаа хэлж байсан нь илэрхий болсон. ... Бат-Эрдэнэ нь хэргийг шалгах явцад “энэ хэргийг Билгүүн рүү тохъё, эсвэл чи өөрөө даачих, ингэж мэдүүл, тэгж мэдүүл, болохгүй бол Сүхболдтой адил болгоно шүү” гэж хэл, амаар дарамтлаад байхаар нь би эхэндээ айсан учраас цохисон, зодоонд оролцсон мэтээр мэдүүлгээ өгсөн. Гэтэл би талийгаачид гар хүрсэн асуудал огт байхгүй юм. Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нар нь согтуугаар, бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайн сэдэлтээр 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс  09-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “Надежда” кафен хойд талд иргэн Д.Сүхболдыг зодож санаатай алсан,
Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нар нь согтуугаар, бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2012 оны 5 дугаар сарын 08-ны орой 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “Надежда” кафены хойно Ц.Ганзоригийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,
Б.Өнөболд нь согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2012 оны 5 дугаар сарын 08-ны орой шөнийн 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт байрлах “Надежда” кафены хойд талд Ж.Баярбаатарыг зодож танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Б.Өнөболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ... горшокон малгайтай залуу “чи хүртэл юу вэ” гээд над руу дөхөхөд нь цохьчихож магадгүй гэж бодоод арагшаа ухартал Бат-Эрдэнэ араас гэнэт гарч ирээд тэр залууг цохиод унагаасан. Тэгтэл Цогтжаргалтай юм ярьж байсан залуу намайг цохиод авсан. Бид хоёрыг зууралдаад байж байтал цагдаагийн шүгэл дуугарсан. ... Бат-Эрдэнэ нь хэдүүлээ хот руу зугтъя, эсвэл энэ хэргийг нэг нь даачих, мөнгө өгье гэх зүйлс ярьсан гэх, /1хх-184х/
З.Билгүүний сэжигтнээр өгсөн: ... Улаан фудволктой залуу намайг цохих гэхээр нь би түлхсэн чинь зам дээр унасан. Би түүнийг хоёр өшиглөөд эргээд харахад нөгөө хоёр залуу газарт унасан байхад нь би “горшокон” малгайтай  залуугийн нүүр орчимд нэг удаа өшиглөсөн. Баяржаргалын гэдэс рүү хоёр өшиглөөд байж байтал  шүгэл дуугарахаар нь сандраад зугатаасан ... гэх, /1хх-168х/
Б.Бат-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: ... “Бүдүүн савхин куртиктэй залуу миний мөр рүү цохихоор нь би дэгээдэх гээд барахгүй, өшиглөж цохисон ... гэх,/1хх-162х/
Хохирогч Ц.Ганзоригийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ... Би улаан саарал алаг  цамцтай, Баярбаатар хар савхин куртиктэй, Сүхболд горшокон малгайтай байсан ...гэх, /1хх-23-24х/
Хохирогч Ж.Баярбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ... Нэг л мэдэхэд миний дээрээс энэ тэндээс өшиглөөд, нэгнийх нь хөлөөс тэврээд автал хөлөө тавиулаад зугтсан. Ганзоригийг хэвтэж байхад нь босгоод Сүхболд руу ирэхэд ухаангүй байхаар нь эмнэлэг дуудсан ...  гэх /6хх-198-199х/
Гэрч Э.Мөнхтөрийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ... Билгүүн муудалцаж байсан залуугаа хавсарч унагаад цээж орчим нь 2-3 удаа өшиглөсөн. Бат-Эрдэнэ Билгүүний зодож байсан залуу руу очоод хоёр өшиглөсөн ... гэх, /6хх-46-48х/
Гэрч Г.Амгалангийн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: ... Бат-Эрдэнийн эгчийг мөнгө төгрөг өгье гэж гуйгаад байхаар нь зөвшөөрөөд тэр эгчийн хэлснээр л мэдүүлэг өгсөн ... гэх мэдүүлгүүд /1хх-35х/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 44 актад: “....Б.Сүхболдын цогцост хийсэн шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины суурь хэсэг, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доор цус хуралт, тархины 3-4-р ховдлын цус хуралт, баруун нүдний дээд зовхины хөхрөлт, баруун хацар тохойн зулгаралт зэрэг тус тус тогтоогдлоо. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралтын улмаас тархи дарагдан төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /1хх-47-49х/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 350  актад: “...Ц.Ганзоригийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал ... гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /1хх- 55х/ зэрэг болон хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, үйлдлийг зөв зүйлчлэн, Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд нотолж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн Дорнод аймгийн Прокурорын газраас Б.Өнөболдыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 172 дугаар тогтоолын заалтын дагуу Б.Өнөболдын Ж.Баярбаатарыг зодсон гэх бие даасан өөр гэмт хэргийн шинжийг агуулж байгаа үйлдэлд нь Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд Өнөболдыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, "Анхны ардчилсан   сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.Өнөболдод холбогдох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарыг танхайн сэдэлтээр бүлэглэн Сүхболдыг алсан, Ганзоригийг бүлэглэж зодож танхайрсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэг нь “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай"  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар уг үйлдэлд оногдуулсан ялаас тус бүр 2 жилийг өршөөн хассан нь
үндэслэл бүхий болжээ.
 Иймд ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, ялтны өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Н.Баяр нарын Өнөболдын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Бат-Эрдэнэ, Билгүүн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан түүний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.СҮХГОМБО
Гэрч Б.Цогтжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: …Бид нарыг кафе руу