Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 05

 

2017.1.19        №05


Т.Хүрэлбаатарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2016/0006/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга
Прокурор:С.Алтай /онлайнаар/
Яллагдагчийн өмгөөлөгч: Р.Ганчулуун нар оролцов.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 405 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор С.Алтайн эсэргүүцлээр Т.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 201611000167 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1966 онд Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Цагаан-
Чулуут” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх  Их Монгол овогт Төмөрбаатарын Хүрэлбаатар  /РД:ЖЮ66080512/.

Т.Хүрэлбаатар нь  2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Бурхант” гэх газарт иргэн Ч.Сүхбаатарын 3 тооны үхрийг “Хонда-Лого” маркийн 57-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж бэлчээрт нядалж, бусдад 2400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 405 дугаар шүүгчийн захирамжаар: Яллагдагч Их Монгол овогт Төмөрбаатарын Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 201611000167 дугаартай хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн Прокурорын  газарт буцааж, хэргийг Прокурорын газарт очтол яллагдагч Т.Хүрэлбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн 2,5 литрийн “Нийслэл” пивоны хуванцар тал сав 1 ширхэг,  бичгийн баримтаар ирүүлсэн яллагдагчийн жолоочийн үнэмлэх, Н.Нэргүйгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэргийн хамт прокурорын газарт хүргүүлэхээр дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Прокурор С.Алтай нь давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлдээ: ... Шүүхээс алдагдсан 3 тооны үхэр хохирогчийн өмч эсэх нь тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Хохирогч Сүхбаатар болон гэрч Г.Баянмөнх  маш тодорхой мэдүүлэг өгсөн бөгөөд шаардлагатай бол шүүх хуралдаанаар мэдүүлгийн зөрүүг арилгах боломжтой. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогч, гэрч Н.Нэргүй, Ө.Наранбаатар нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Мөн хэргийн газраас бэхжүүлсэн дугуйны тэнхлэг хоорондын зай Хүрэлбаатарын машины тэнхлэг хоорондын зайтай 129 см гэж таарч байхад түүнийг заавал шинжилгээ хийлгэх шаардлагагүй бөгөөд тухайн мөр байсан гэх газар нь хатсан хуурай өвсөөр хучигдсан тал байсан бөгөөд тэр газрын налсан өвснөөс дугуйны мөр илрүүлэх боломжгүй тул шинжилгээ хийх боломжгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тодорхойгүй гэж байна. Нэргүй, Хүрэлбаатар нар нь гэр бүл бөгөөд тээврийн хэрэгсэл нь өөр хүний эзэмшлийнх гэж байгаа тул дахин тодруулах шаардлагагүй юм.
Иймд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 405 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар “...шүүгдэгчийн хувьд түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэх боломжтой” байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 405 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Хүрэлбаатарт  холбогдох хэргийг тус шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1,  325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1 Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 405 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Хүрэлбаатарт урьд авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.СҮХГОМБО