Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 06

 

2017.1.19            №06

Б.Мөнхбатад холбогдох
эрүүгийн хэргийн талаар

226/2016/0008/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,
Прокурор: Ц.Цэен-Ойдов,
Ялтны өмгөөлөгч: Л.Наранчимэг,
Ялтан: Б.Мөнхбат нар оролцов.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 12  дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Л.Наранчимэгийн давж заалдах гомдлоор Б.Мөнхбатад холбогдох эрүүгийн 201623000150 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1968 онд Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Банзрагчийн Мөнхбат /РД:СФ-68012318/.
Б.Мөнхбат нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны төвд иргэн Л.Ганчулууныг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж зүүн бугалганд нь хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Банзрагчийн Мөнхбатыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатыг 05  жил 06 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад оногдуулсан 05 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатын цагдан хоригдсон 119 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Л.Наранчимэг нь давж заалдах гомдолдоо: ... Мөнхбатын сэтгэцийн хувьд эрүүл гэсэн нь магадлагаанд эргэлзээтэй байна гэж үзэж байна. ... Мөнхбат нь өөрийн гэсэн ах, дүү  хамаатан садан байхгүй урьд нь Улаанбаатар хотод Шар хадны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж сэтгэцийн эмчийн хяналтанд байсан байна. Гэтэл энэ талаараа өөрөө тайлбарлаж хэлэх чадваргүй хүн байгаа юм. Түүний сэтгэцийн өвчний улмаас эмчлүүлж байсан гэх баримтууд нь анхан шатны шүүх хуралдааны дараа олдсон тул уг баримтуудыг хэрэгт хавсаргуулах  шаардлагатай байна. Иймд өмгөөлөгчийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхэд нь эргэлзээ төрж байгаа учраас дахин магадлагаа гаргуулах хүсэлтэй. Гэрч Пүрэвсүрэнгээс мэдүүлэг авахдаа Мөнхбатын эрүүл мэндийн талаар тодруулж асуугаагүй, хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1-д зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Б.Мөнхбат нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчиж иргэн Л.Ганчулууны зүүн бугалганд хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Л.Ганчулууны мөрдөн байцаалтад өгсөн: ... Манай аавынх Бэрхийн төв дээр хувийн байшин бариад түүнд нь туслах зорилгоор Бэрхэд очсон байсан юм. ... Өөрийн танил Сүхбаатар ахынд очиж хамт архи уусан. Бид хоёр гэрээс гараад аавынх руугаа явж байтал эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй хүн гарч ирээд үгийн зөрүүгүй намайг хутгалсан. Би цус алдсан гэх /хх-12-14х/
Гэрч Л.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ганчулуун манайд ирж бид хоёр архи уусан. Тэгээд намайг аавынхаа машинаар хүргэж өгөхөөр болоод цуг явж байтал Мөнхбат өөдөөс гарч ирсэн. Бид хоёртой нэг их юм яриагүй. Би Ганчулууныг явья гэтэл гэнэт ард ёо ёо гэхээр нь хартал Мөнхбат Ганчулууныг хутгалчихсан байсан гэх /хх-16-17, 133х/
Гэрч М.Түмэннастын мөрдөн байцаалтад өгсөн: ... Гончигсүрэн цагдаа зүүн талын орны гудсыг толгой талаас нь сөхөж харахад ясан бариултай гал тогооны хутга харагдсан. Тэгсэн чинь Мөнхбат тэр хутгыг авах гэж дайрахад Гончигсүрэн цагдаа түүнийг цааш нь түлхэж байгаад хутгыг авсан гэх /хх-136-137х/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 074 тоот актад: Л.Ганчулууны биед зүүн бугалганы гадна дунд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх, /хх-19х/
Шүүх сэтгэц гэм судлалын 17 тоот магадлагаанд: Мөнхбат нь болсон зүйлийн талаар бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Б.Мөнхбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өмнө нь сэтгэцийн өвчний улмаас эмчлүүлж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул ялтны өмгөөлөгчийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах тухай гомдлыг хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин түүний гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжтой гэж үзэв.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12  дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар  03 жил 06 сар хорих ялаар шийтгэсүгэй гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.СҮХГОМБО