Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 40

 

Г.Ганбатад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      М.Гансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Н.Баяр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Ө.Төмөрчөдөр, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг

Нарийн бичгийн дарга                             С.Базардорж  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 337 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор Г.Ганбатад холбогдох эрүүгийн 2015 1900 0457 дугаартай 1 хавтас 227 хуудас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багт Баянгол "Угалзат" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Луугар овогт Ганболдын Ганбат /РД: НФ98083131/.

Шүүгдэгч Г.Ганбат нь Т.Сод-Эрдэнийг болгоомжгүй алсан буюу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын "Талын Улаан"  гэх газарт болж байсан 3 түмэн адууны баяр наадмын талбайд тээврийн хэрэгсэл явахыг хориглосон газарт аав Ч.Ганболдын эзэмшлийн 34-37 ТӨЗ улсын дугаартай "Зонгшинг" маркийн шар өнгийн мотоциклийг жолоодон явахдаа хайхрамжгүй хандсаны улмаас 4 настай Т.Сод-Эрдэнийн унаж явсан мориний хажууд мотоциклио өндөр хаазалснаас уг морь үргэж, улмаар Т.Сод-Эрдэнэ нь морин дээрээс тэнцвэр алдан унаж, зүүн хөл дөрөөнөөсөө мултралгүй улмаар мориндоо чирэгдэж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 337 дугаар шүүхийн тогтоолоор: Луугар овогт Ганболдын Ганбатыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганбатыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Ганбатад оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Энэ хэрэгт ялтан Г.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Төмөрхуягт хохиролд 5.989.400 тєгрєгийг төлсөн  болохыг тус тус дурьдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолоор хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хэргийн хугацаа дуустал үлдээж,  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ч.Ганболдын эзэмшлийн 34-37 ТӨЗ улсын дугаартай "Зонгшинг" маркийн шар өнгийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

Ялтан Г.Ганбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Ганбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ганболд овогтой Ганбат би Эрүүгийн хуулийн 94-ийн 1-д заасан хэрэгт холбогдож 2 жил 5 сар хорих ялаар шийтгүүлсэн. Би анх насанд хүрээгүй байхдаа болгоомжгүйгээсээ болж хүний амь хохироосондоо маш их харамсаж, гэмшиж байна. Би дөнгөж насанд хүрээд удаагүй байгаа болохоор миний цаашдийн ирээдүйг бодож ялыг тэнсэн болгож өгнө үү. Дахиж алдаа гаргахгүй хэрэг хийсэндээ маш харамсаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "...Анхан шатны шүүх Г.Ганбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор шинжилж судлалгүйгээр ял шийтгэл оногдууллаа гэж үзэж байна. Тухайлбал: Ганбат Батбаяртай өмнө нь очиж уулзахад талийгаачийн унаж явсан морь үргээгүй. Дараа нь очиж уулзаад мотоцильтойгоо хөдлөөд холдож яваад эргээд харахад талийгаачийн унаж явсан морь дороо эргэлдэж байсан. Харин хөтөлж явсан хүүхэд нь тэр морийг барьж аваагүй. Талийгаачийн хөл дөрөөнөөс мултарч хазайхад морь авч давхисан гэдэг нь тогтоогдсон. Ганбатыг мотоциклтойгоо хөдлөхөд морь үргэсэн гэдгийг харсан гэрч, нотолсон баримт байдаггүй. Харин талийгаачийн морь дороо эргэлдээд хажууд нь хөтлөж явсан хүүхэд нь байсныг болон Ганбат цаана явж байхыг харсан гэрч бол байдаг. Гэрч адуу судлаач Н.Эрдэнэцогтын мэдүүлснээр... Адуу нь хөдөлгөөн, үнэр, дуу чимээ, дүрс зэрэг байдлуудыг мэдэрч байж үргэх үндэслэл болдог. Үргэх шалтгаан нь урьд өмнө нь харьцаж байгаагүй хөдөлгөөнгүй ба хөдөлгөөнтэй биес юмс, эсвэл урьд өмнө нь үргээд гэнэтийн цочрол аваад тэрхүү мэдээлэл нь тархинд нь хадгалагдаж үлдсэн үед үргэдэг байна гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын туршилт хийх үед уг адуу мотоциклоос огт үргээгүй зэрэг нь талийгаачийн унаж явсан морь өөр зүйлээс үргэсэн байж болохыг нотолж байна. Тухайн өдөр хүүхдүүд цаасан шувуу хийсгэж, янз бүрийн зүйл барьсан олон хүн бужигнасан байсан. Тэрч байтугай талийгаачийн морийг хөтлөж явсан хүүхэд нь өөрөө том гялгар савтай ус бариад тэр морийг хөтлөөд явж байсан. Нүд хамарт нь дасаагүй гялгар зүйл гэрэл ойлгож гялбуулснаас морь нь үргэж арагшаа суусан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх зөвхөн Ганбатын мотоциклоос морь үргэсэн гэдэг дээр анхаарлаа хандуулсан болохоос яг юунаас болж үргэсэн бэ талийгаачийн амь нас нь хохироход хүргэсэн шалтгаан, нөхцөл юу байв?, юу зөрчигдөв? гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Монгол улс хурдны морь унах хүүхдийн насыг 8-аас дээш гэж тогтоосон. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.1-д ...Эцэг эх харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. 10.1.3-д Хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэл нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах гэж заасан. Гэтэл шүүх 4-хөн настай, морь унаж сураагүй хүүхдийг цулбуургүй морь унуулж, унаж бэртэхээс хамгаалсан хамгаалалтгүйгээр, иргэний чадамжгүй хүүхдэд жолоогоор нь хөтлүүлж явуулсанд нь талийгаач нас барахад нөлөө үзүүлсэн шалтгаан нөхцөл болсон эсэх талаар шинжилж дүгнэлт хийгээгүй. Г.Ганбат нь Эрүүгийн хуулийн 94.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байдаг.

Шүүх Ганбатад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцсон болно гэж заасан мөртлөө Эрүүгийн хуулийн 55.1.7-д заасан 18 насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн гэсэн хамгийн чухал хөнгөрүүлэх нөхцлийг заагаагүй, Ганбат нь 16 настай байсан нь нотлогдсон байхад үнэлж үзээгүй. Шүүх чухам юуг хүндрүүлэх нөхцөл болгон ял шийтгэл оногдуулаад байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд ямар нэг хүндрүүлэх нөхцөл заагаагүй. Түүнчлэн хохирогч хохирол бүрэн төлөгдсөн дахин нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Шүүх ялтны хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзээд түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв гэж заасан.

Гэтэл Ганбат нь тухайн үед 16 настай байсан. Эцэг, эх ах дүү нарын хамт амьдардаг, мал малладаг. Урьд өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй. Ял шийтгэлгүй, ажил хөдөлмөрч, өсөх насандаа нийгэмд тустай хөдөлмөр хийгээд явж байсан. Энд ял шийтгэл хүндрүүлэх ямар нэг баримт байхгүй байхад шүүх үндэслэлгүйгээр нэг талыг барьж хүндрүүлж ял шийтгэл оногдуулсан.

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзээд хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэжээ. Г.Ганбатад ял оногдуулаад байгаа Эрүүгийн хуулийн 94.1-д заасан хэрэг нь хуульд зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтдаг, нийгмийн хор аюулаар их биш гэсэн үг. Тийм ч учраас энэ ангиллын гэмт хэргийг болгоомжгүй битгий хэл санаатайгаар насанд хүрсэн үедээ анх удаа үйлдсэн этгээдэд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах хуультай. Гэтэл Ганбат тэр үед 16 настай байсан. Энэ талаар Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан байхад анхан шатны шүүх огт хэрэгжүүлсэнгүй.

Г.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгодгүй юм гэхэд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар ялыг тэнсэж хянан харгалзах бүрэн боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийг Г.Ганбатад ял оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйл /Шударга ёсны зарчим/, 54 дүгээр зүйл ял оногдуулах нийтлэг зарчим, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.4-д, 317.1.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хэрэг эргэлзээтэй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчийн талд шийдвэрлэнэ гэснийг хэрэгжүүлээгүй.

Анхан шатны шүүх Г.Ганбатад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг огт харгалзан үзэлгүй хууль буруу хэрэглэж, хэргийн хүнд хөнгөн ба шүүгдэгчийн хувийн байдалд илт тохироогүй хүнд ял оногдуулсан.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Г.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзвэл ялыг бууруулж, тэнсэж хянан харгалзан түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгнө үү" гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ганбатыг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  94 дүгээр  зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх ба анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаархи хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ганбат нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны єдєр Тєв аймгийн Эрдэнэсант суманд  болж байсан 3 түмэн адууны баяр наадмын талбайд тээврийн хэрэгсэл явахыг хориглосон газарт Ч.Ганболдын эзэмшлийн 34-37 ТЄЗ улсын дугаартай "Зонгшинг" маркийн мотоциклийг жолоодон явахдаа хайхрамжгүй хандаж, 04 настай Т.Сод-Эрдэнийн унаж явсан мориний хажууд мотоциклио єндєр хаазалснаас уг морь үргэж, улмаар Т.Сод-Эрдэнэ нь морин дээрээс тэнцвэр алдан унаж, зүүн хєл дєрєєнєєсєє мултралгүй мориндоо чирэгдэж нас барсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-14,42-43/, Төв аймгийн шүүх шинжилгээний албаны 2015.08.28-ны өдрийн №84 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-45-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-106-107/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-109-112/,  туршилт   хийсэн  тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-157-160/, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, Г.Ганбатыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярын “Г.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл ялыг тэнсэх” тухай, шүүгдэгч Г.Ганбатын “ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах  боломжгүй  юм.

Учир нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон мэдүүлгүүдийг зөв үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх журамд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Насанд хүрээгүй гэрч Д.Батбаярын “...араас мотоцикль хурдтай ирээд Сод-Эрдэнэ бид 2-ын дундуур ороход 2 морь 2 тийшээ үргэж, би Сод-Эрдэнийн унаж байсан хээр морины жолооноос хөтлөж байснаа алдчихсан...миний морь бас үргээд би хазайсан, тэгээд харахад голоор орж давхисан мотоцикльтой хүн надтай  урьд нь уулзсан Ганбат байсан ба тэр чигээрээ давхиад явчихсан. Хээр морь үргээд тэр чигтээ аваад давхисан. Сод-Эрдэнэ  буруу тал руу нь хазайсаар байгаад гэдсэнд нь орж чирэгдүүлсэн байх...малгай нь газар унахыг харсан”,  гэрч Б.Энх-Амгалангийн “...Морь үргэхэд мотоцикльтой хүүхэд их л өндөр хаазлаад явсан. Мотоцикль, морьтой хүүхэд хоорондоо их л ойрхон харагдсан...морь үргэсэн мотоцикльтой хүүхэд хойшоо давхиж харагдсан. Хүүхдийн жанжин малгай газар унасан, хээр морины буруу тал руу нэг жоохон хүүхэд зүүгдэж унжсан, савчаад яваад байсан. Өмнө нь тэр мотоцикльтой залуу их л хурдтай, хаазтай тэр хавиар давхиад байсан”,

Шүүгдэгч Г.Ганбатын мөрдөн байцаалтанд  өгсөн ”... Би мотоцикльдоо хааз өгөхөд урд дугуй газраас өвдөгний хиртэй хөндийрсөн, тэгээд би тэнцвэрээ олоод хөлөө тулаад зогсоод эргээд харахад  жоохон хүүхдийн хээр морь үргээд ухарч байсан...урьд нь уулзахад хээр морь үргэхгүй байсан. Би тухайн үед Батбаярт л мотоцикль унаж чаддаг гэж онгирсон байх хааз өгөөд хөдөлтөл дугуй газраас хөндийрсөн. Би санаатай морийг нь үргээх гэж хаазлаагүй, миний хойно хүн алчихлаа гээд хашгирах шиг болохоор нь айгаад тэр чигээрээ  давхиад явчихсан” гэсэн мэдүүлгүүд, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан болон туршилт   хийсэн  тухай тэмдэглэл,  талийгаач Т.Сод-Эрдэнэ нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан тухай №84 дугаарт шинжээчийн дүгнэлт, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, нөхцөл байдал, гэмт үйлдэл хор уршиг хоорондын  шалтгаант холбоо зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ганбатын үйлдлийн улмаас 04 настай Т.Сод-Эрдэнэ нь нас барсан, уг гэмт хэргийг Г.Ганбат нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, хайхрамжгүй хандаж үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна. Энэ үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гомдол няцаагдаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ганбатыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон,  тухайн хэрэгт гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж  үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярын “Г.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл ялыг тэнсэх” тухай, шүүгдэгч Г.Ганбатын “ялыг тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                        ШҮҮГЧИД                                Т.ЭНХМАА

                                                                        Г.БОЛОРМАА