Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 03

 

Д.Сэрээтэрт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Х.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ж.Эрдэнэцэцэг

Нарийн бичгийн дарга                 А.Доржпүрэв  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Д.Сэрээтэрт холбогдох эрүүгийн 2016 1900 0555 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1987 оны 05 сарын 28-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, малчин 1-33 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, Илжигэн овогт Дашпүрэвийн Сэрээтэр /РД:ОЕ87052814/.

Шүүгдэгч Дашпүрэвийн Сэрээтэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Жирмийн цагаан нуур гэх газар 13 настай Б.Жүрмэдсүрэнг ямар ч шалтгаангүйгээр зодож баруун 3,4,5 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, уруул, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Илжигэн овогт Дашпүрэвийн Сэрээтэрийг догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэрээтэрийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Сэрээтэрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Сэрээтэрээс 1.600.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэгт олгож, насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Сэрээтэрийн Хятад улсад үйлдвэрлэсэн Кимбо маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг насанд хүрээгүй хохирогчийн хохирол барагдах хүртэл хэвээр үлдээж,  

Хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан Д.Сэрээтэр нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Ялтан Д.Сэрээтэрт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2016 оны 11 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Сэрээтэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг давж заалдах гомдолдоо: “... Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг би Илжигэн овогт Дашпүрэвийн Сэрээтэрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахаар түүний хүсэлтээр өмгөөлөгчөөр ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч Д.Сэрээтэр нь 2016.07.22-нд Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2 дугаар багийн нутагт “Жирмийн цагаан нуур” гэх газарт 13 настай Б.Жүрмэдсүрэнг согтуугаар шалтгаангүйгээр зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдэж Төв аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016.11.21-ний өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн болно. Гэвч шүүгдэгч Д.Сэрээтэрийг

 1. Мөрдөн байцаах шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ “Би ийм муухай зүйл хийсэндээ харамсан гэмшиж байна гэсэн мэдүүлгээр гэм буруугаа чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа байдал /ЭХ-ийн 55.1.9/,

 2. Анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /ЭХ-ийн 55.1.1/,

3. Насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 1 сая төгрөгийг бүрэн барагдуулсан ба шүүхийн хэлэлцүүлэг дээр нэхэмжилсэн 1,6 сая төгрөгийг ч мөн бүрэн төлж барагдуулсан. Хохирогч болон түүний ар гэрийхнээс уучлалт гуйн гэмшиж байгаа юм.

Мөн шүүгдэгч Д.Сэрээтэрийн ар гэр ахуй байдлын хувьд өөрийнх нь ээж Норов нь улаан хоолойн хорт хавдар гэсэн оноштойгоор биеийн байдал нь хүнд эмчийн хяналтанд байгаа, 4-7 насны 2 хүүхэдтэй хүү С.Анар нь Улаанбаатар хотод 76-р сургуулийн 1-р ангид сурч ээж Гантуул хүргэж өгч, аван асардаг хөдөө гэр мал нь эзэнгүй байгаа зэрэг ар гэрийн гачигдал болон дээр дурдсан ял хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ЭХ-ийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сэрээтэрт оногдуулсан 3,1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцэж байна.

Д.Сэрээтэр нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг  Жирмийн цагаан нуур гэх газар согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн 13 настай Б.Жүрмэдсүрэнг / 2003 оны 2-р сарын 21-ний өдөр төрсөн, хх-12/ ямар ч шалтгаангүйгээр зодож биед нь “баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, зүүн чамархай, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, уруул, гуянд цус хуралт бүхий хүндэвтэр” гэмтэл учруулж,  догшин авирлаж танхайрсан  болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-52-57/, насанд хүрээгүй хохирогч Б.Жүрмэдсүрэн /хх-19-20, 23-25/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэг /хх-21-22/, гэрч Т.Сугар /хх-31-32/, гэрч Д.Эрдэнэбат /хх-26-27/, гэрч Г.Гантуул /хх-28/, гэрч Я.Аня /хх-29-30/ нарын мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10296 тоот  шинжээчийн дүгнэлт /хх-40/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүхээс Д.Сэрээтэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-д заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...гэм буруугаа чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа байдал, ...анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн...хохирол төлбөрийг  бүрэн төлж барагдуулсан, хохирогч болон түүний ар гэрийхнээс уучлалт гуйн гэмшиж байгаа...ээж Норов нь улаан хоолойн хорт хавдар гэсэн оноштойгоор биеийн байдал нь хүнд ...4-7 насны 2 хүүхэдтэй ... хөдөө гэр мал нь эзэнгүй байгаа зэрэг ар  гэрийн гачигдал ... харгалзан үзэж ЭХ-ийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сэрээтэрт оногдуулсан 3,1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож өгнө  үү” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирол төлбөрийн хувьд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэгээс мөрдөн байцаалтын шатанд  эм, тариа,  эмчилгээ болон унааны зардал гэж  нийт 1.033.260 төгрөгийн нотлох баримт гаргаж /хх-63-68/ өгч нэхэмжлэснээс шүүгдэгч Д.Сэрээтэр  2016 оны 11-р сарын 10-ны өдөр 1 сая төгрөгийг бэлнээр төлсөн /хх-100/,  хохирогчоос шүүхийн шатанд 1.711.650  төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн байх боловч тэрээр  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 1 600.000 төгрөг нэхэмжилсэн байна /хх-104-109, 111, 118/. 

            Шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунчимэгийн өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч С.Сувдмааг сонгон авч, түүнтэй төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөр болох 500.000 төгрөгийг “байцаан шийтгэх ажиллагааны зардал”-д хамааруулан шүүгдэгч Д.Сэрээтэрээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй тул 1.600.000 төгрөгнөөс хохирогчоос өмгөөллийн хөлс төлсөн 500.000 төгрөгийг хасах,  төлөгдөөгүй үлдсэн  33.260 төгрөгийн нэмж нийт 1.133.260 төгрөг гаргуулахаар шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Эрүүгийн Байцаан шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний  өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын  “...1.600.000 төгрөг...” гэснийг “...1.133.260 төгрөг...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                             Г.БОЛОРМАА

                                                                                   Т.ЭНХМАА