Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

Н.Батжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Алтантүлхүүр,

ялтан Н.Батжаргалын өмгөөлөгч Б.Зулбаяр, М.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Батжаргалын өмгөөлөгч Ц.Нармандахын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Батжаргалд холбогдох 2016 2503 1294 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэрсүүд овгийн Нэмэхбаатарын Батжаргал, 1992 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хорооллын, 44 дүгээр байрны 78 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЕУ92070717/:

Н.Батжаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ноос 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд давтан үйлдлээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Дүүрэнцэцэгээс 2.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Батдэлгэрээс 500.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 5, 12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Отгонбаяраас 800.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 4, 12, 25-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ө.Сосорбарамаас 2.100.000 төгрөгийг тус тус Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч бусдад нийт 5.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Батжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрсүүд овогт Нэмэхбаатарын Батжаргалыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг давтан үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар Н.Батжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар түүний цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжпээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Батжаргалын өмгөөлөгч Ц.Нармандах давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүх шүүгдэгчид ял оноохдоо үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, түүний эрх чөлөөг хязгаарлан нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр баривчлах ял оногдүулах нь зүйтэй гэж үзлээ" гэж дүгнэжээ.

Н.Батжаргал анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ бага, гэм буруугаа сайн дураараа хүлээж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй билээ. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах торгох, баривчлах, хорих гэсэн 3 төрлийн ялаас шүүх баривчлах ялыг сонгож 6 сараар баривчлах ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

Харин шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан тохиолдолд хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд дурдсан “шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж” гэсэн дүгнэлтэд нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ялыг тэнсэх, эсхүл баривчлах ялын хэмжээг 3 сараас 6 сарын дотор сонгон хэрэглэх боломжтой байсан. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Ялтан Н.Батжаргалын өмгөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа Н.Батжаргалд холбогдуулан дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд шалгагдаж байгаа 3 үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр нэгтгэн шалгаж байгаа бөгөөд түүнээс яллагдагчаар байцаалт авсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Энхжаргалаас Н.Батжаргалыг эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа тухай албан тоот ирүүлсэн. Түүний эдгээр үйлдэл холбогдлыг энэ хэрэгтээ нэгтгэн шалгаагүйгээс эрх зүйн байдал нь дордохоор байна. Н.Батжаргал энэ хэрэгт шалгагдаж байх явцдаа буюу 2016 оны 9, 10 дугаар саруудад эдгээр гэмт хэргүүдийг үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Н.Батжаргал дахин өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь хавтаст хэрэгт ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн албан тоотоор нотлогдоно. Өөр хүсэлт байхгүй гэв.  

Ялтан Н.Батжаргалын өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулбал Н.Батжаргалын эрх зүйн байдал дордох тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөрдөн байцаагч Амартайван шүүхэд тоот явуулсан байсан гэв.

Прокурор Н.Алтантүлхүүр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Шүүгдэгч Н.Батжаргалд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад өөр хэрэгт шалгагдаж байгаа тухай баримт ирээгүй. Н.Батжаргал өөр гэмт хэрэгт холбогдсон учраас түүний эрх зүйн байдал хүндэрнэ гэж байгаа хэдий ч үүнийг нотлох баримт ямар нэгэн байдлаар шүүхэд ирүүлээгүй. Хэрэв өөр хэрэг шалгагдаж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн тогтоолоор ял шийтгэл оногдуулах боломжтой. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нармандах Н.Батжаргалын эрх зүйн байдлыг хүндрүүлэх байдлаар “хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх утга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. Шүүхээс Н.Батжаргалд 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, түүнд оногдуулсан ял шийтгэл үйлдсэн гэмт хэрэгт, түүний хувийн байдалд тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Н.Батжаргал нь шунахайн сэдэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 20-ноос 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд давтан үйлдлээр буюу хохирогч З.Дүүрэнцэцэгээс 2.000.000 төгрөг, хохирогч Ч.Батдэлгэрээс 500.000 төгрөг, хохирогч А.Отгонбаяраас 800.000 төгрөг, хохирогч Ө.Сосорбарамаас 2.100.000 төгрөгийг Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч мэхлэх аргаар тус тус залилан авч нийт 5.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Н.Батжаргал, мөрдөн байцаалтад хохирогч Ө.Сосорбарам, Ч.Батдэлгэр, З.Дүүрэнцэцэг, А.Отгонбаяр, гэрч Б.Мөнхсүх, П.Мөнхбаатар нарын өгсөн мэдүүлгүүд, “Голомт банк”-ны мөнгөн шилжүүлэг хийсэн төлбөрийн баримт, “Хаан банк”-ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Н.Батжаргалын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн  аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ялтан Н.Батжаргалын өмгөөлөгч Ц.Нармандахын: “…анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж …шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ялыг тэнсэх, эсхүл баривчлах ялын хэмжээг 3 сараас 6 сарын дотор сонгон хэрэглэх боломжтой байсан. Иймээс …шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл мөрдөн байцаалтын шатанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Н.Батжаргал нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, хувийн байдалд тохирсон, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд Н.Батжаргалд оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг хорих ялаар сольж хүндрүүлж өөрчлөх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй ба баривчлах ялын хэмжээг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх тул ялтны өмгөөлөгч Ц.Нармандахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

“Ялтан Н.Батжаргал нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, нэгтгэн шалгуулах тухай” ялтны өмгөөлөгч Б.Зулбаяр, Н.Энхжаргал нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангах хуулийн үндэслэлгүй байна. Учир нь, ялтан Н.Батжаргал нь дээрх эрүүгийн хэргүүдэд сэжигтнээр тооцогдсон эсэх талаар шүүхэд хуульд заасан арга журмын дагуу хангалттай баримт  ирүүлээгүй, тэдгээр хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт явуулах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх, ялтны эрх зүйн байдлыг дордуулах эсэх талаар шүүх урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.