Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 04

 

З.*******д холбогдох захиргааны 
зөрчилтэй материалын талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, гомдол гаргагч З.******* өмгөөлөгч О.*******ыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн З.******* давж заалдсан гомдлоор З.*******д холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх: Зөрчилд холбогдогч З.*******д захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзаж, захиргааны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, захирамжийн хувийг иргэн З.Буяндэлгэр, түүний өмгөөлөгч М.*******, зөрчилд холбогдогч З.*******, түүний өмгөөлөгч Г.******* нарт гардуулж, захирамжийг эс зөвшөөрвөл Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

    Гомдол гаргагч З.Буяндэлгэр давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний 54 тоот шүүгчийн захирамжийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 

1. Захиргааны зөрчлийн материалыг өмнө нь шүүхэд шилжүүлэхэд тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 тоот захирамжаар даалгавар гүйцэтгүүлэхээр Цагдаагийн байгууллагад буцаасан байдаг. Гэтэл шүүх “...2016 оны 06 дугаар сарын 23-ны зөрчил гаргасан гэж үзэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул Цагдаагийн байгууллагад буцаахгүйгээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” хэмээн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан бол Цагдаагийн байгууллагад буцаах байсан мэт ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Хэрэв шүүх хөөн  хэлэлцэх хугацааны асуудлыг хөндөж байгаа бол өмнө 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахад 2 хоног үлдсэн байхад Цагдаагийн байгууллага руу даалгавар өгч буцаах шаардлагагүй байсан. 

2. Тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 тоот захирамжид заасны дагуу нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны зардал 281 сая төгрөг нь зардлын дээд хэмжээнээс хэтэрсэн эсэхийг шалган тогтоохыг даалгасан боловч Цагдаагийн байгууллага энэ ажлыг огт хийгээгүй байна. Мөн гомдол гаргач З.Буяндэлгэрээс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан тайлбарын доод хэсэгт тайлбар өгсөн гэдэг дээр гомдол гаргагчаар гарын үсэг зуруулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл шүүх өөрийнх нь  гаргасан өмнөх 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай захирамжийн биелэлт хангагдаагүй байхад үүнийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүх зөрчлийг шийдвэрлэхдээ бүрэн шалгаж тогтоолгоогүй, ажиллагааг бүрэн хийгээгүй болохыг нотолж байна. 

3. Сонгуулийн тухай хуулийн 116.1-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд тухайн орон нутаг дахь Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргана” , 116.2-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргана.” гэж тус тус заасны дагуу УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр сонгуульд оролцогч нам, нэр дэвшигч тэдгээрийн штаб нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж байгаа эсэх талаар нотлох баримт бүрдүүлэх улмаар гомдол мэдээлэл гаргах эрхтэй билээ. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж байгаа эсэх, мэдээлэл цуглуулах хүрээнд хийсэн энэхүү бодитой бичлэгийг Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж бүрдүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн аудио бичлэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийж 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 4984 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан ба энэхүү дүгнэлтээр дуу авианы бичлэгт эвлүүлэг хийгдээгүй, бичлэгт байгаа яриа нь З.*******гийнх мөн болохыг тус тус тогтоосон. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан энэхүү шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй нь мөн хууль зөрчсөн. 

4. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор сонгуулийг будлиантуулах зохион байгуулалттай хууль бус ажиллагааг эхлүүлсэн. “Мөлхөө” гэх нэрээр сонгогчдыг нэрлэж тэдний саналыг мөнгөөр шууд худалдан авах зорилгоор сонгуулийн хэсэг бүр дээр хүмүүс ажиллуулж эдгээр хүмүүсийн ах, дүү, найз нөхөд буюу өөрөөр хэлбэл ард нь байх 1900 гаруй мөлхөө буюу сонгогч иргэдийн саналыг авахын тулд мөлхөө нарт 592000000 төгрөгийг төсөвлөж үүнээс баг болгонд 30.000.000 төгрөг төсөвлөж мөнгө өгсөн. Мөлхөө нарт нийт 592.0 сая төгрөг өгөх тухай болон хүмүүст энэ мөнгийг хэрхэн тараах тухай Ардчилсан намын  Сонгуулын штаб дээр хүмүүстэй зааварчилгаа өгч байгаа тухай дэлгэрэнгүй дуу авианы бичлэгт орсон. Мөн уг бичлэгт З.******* нь “Би энэ гаргаж байгаа мөнгөнийхөө бүх тооцоог чамд өгнө нам руу би 300-г хийх ёстой. Өнөөдөр 200-г хийсэн байгаа одоо энэ бүх тооцоонууд 100 хол гарна. Тэгээд намаас энэ хүмүүс одоо нэхэх юмгүй боллоо ш дээ бензинүүдийг нь өгчихлөө, машинуудыг нь өгчихлөө, мөлхөөг нь тооцоод өгчлөө, тэгэхээр ямар нэг гомдолгүйгээр сонгууль дуусах байх гэж бодож байна. ” гэж түүний сонгуулийн сурталчилгааны зардал нь Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан зардлын дээд хэмжээ, Монгол улсын Ерөнхий аудиторын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/45 дугаар “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох тухай” тушаал батлагдсан. Улсын Их Хурлын сонгуулийн Завхан аймгийн 18 дугаар тойрогт 124.000.000 төгрөг байхаар тогтоосон хэмжээнээс хэтэрсэн болохыг нотолдог. Уг бичлэгт дурдсанаар З.******* нь энэхүү уулзалтын үеэр мөлхөө, машинуудад мөнгө тараахдаа баримт үйлдэж, асуудалд орохгүй байх талаар хүмүүстэй үүрэг болгож байгаагаас үзэхэд хууль бус үйлдэл гэдэг нь ойлгомжтой байхад шүүх үүнд огт анхаарал хандуулаагүй хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. 

Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн З.*******д захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзах тухай 54 тоот захирамжийг хүчингүй болгож, Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон З.*******д хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулж өгнө үү гэжээ.

     Гомдол гаргагч З.******* өмгөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өмнөх зөрчлийн материал болон энэ зөрчлийн материалыг нэгтгэж шалгах ёстой байсан юм. Сонгуулийн тухай хуулийн 118 дугаар зүйлд зааснаар захиргааны зөрчлийн материалыг хянан шалгахдаа тухайн зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдэхүйг тогтоож шийдвэрлэхээр заасан байгаа.  Бидний зүгээс захиргааны зөрчлийн эдгээр материалуудыг нэгтгэж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг маань хүлээн аваагүй тус тусад нь шийдвэрлэсэн юм. 
    
    Мөн зөрчилд холбогдогч З.*******гийн дуу авиа бүхий бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгөхөд анхан шатны шүүх Цагдаагийн байгууллага нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хууль зөрчиж хийсэн гэж дүгнэсэн. Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар тус хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргах ёстой юм. Үүнээс үзэхэд нотлох баримтыг зөвхөн Цагдаагийн байгууллагад гаргах шаардлагагүй, хэргийн оролцогчдод нотлох баримт байгаа тохиолдолд түүнийгээ шууд шүүхэд гаргаж өгөх боломжтойгоор хуульд зохицуулсан байна. Иймээс Цагдаагийн байгууллага шалгаж тогтоож чадаагүй гэсэн үндэслэлээр бидний гаргасан нотлох баримтыг үнэлэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэл муутай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх захиргааны зөрчлийн материалыг Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу хянан хэлэцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хянахын зэрэгцээ гомдолд дурдсан үндэслэлээр бус материалыг бүхэлд нь хянаж үзлээ. 

    Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ш.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндэлгэр Завхан аймгийн Цагдаагийн газарт Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч З.*******г сонгогчдийн санал татах зорилгоор 592.000.000 төгрөг төсөвлөж мөнгийг тараахыг сонгуулийн штабын ажилтнуудындаа зааварчилсан, 1 машинаар 4 удаа сонгогчдыг зөөлгөж 100.000 төгрөгөөр тооцож нийт 27.000.000 төгрөг төлөхөөр төсөвлөж өгсөн, Сонгуулийн зардлын хэмжээг хэтрүүлж Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.3, 70.5.3, 70.5.16 дахь хэсгүүдэд заасан зөрчлүүдийг гаргасан гэж үзэж гомдол гаргасан үндэслэлээ нотлохоор З.*******гийн сонгуулийн штабын ажилтнуудтайгаа хийсэн уулзалтын яриа бүхий дуу авианы бичлэгийг  /CD-г/ нотлох баримтаар гаргаж өгсөн байна.  
    
    Цагдаагийн байгууллага дээрх гомдолд дурдсан асуудлуудыг хуулийн дагуу шалгаж холбогдох иргэд, сонгогчдоос тайлбар авсан байна. Эдгээр тайлбар дүрс бичлэгтээ үндэслэн З.*******г Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж хариуцлага тооцуулахаар шүүхэд шилжүүлжээ. 

    Шүүх З.*******д Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж захиргааны шийтгэл ногдуулахад Цагдаагийн байгууллагаас шалгаж ирүүлсэн материал хуульд заасан шаардлага хангахгүй байсан учир 1 биш удаа даалгавар гүйцэтгүүлэх захирамж гаргаж ажиллагаа хийлгүүлж байсан байна.

    Дээрх материалд авагдсан дуу авианы бичлэгийг хууль зөрчиж далд нууц аргаар хийсэн М.******* Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа “... 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр З.******* мөнгө тарааж регистрийн дугаар цуглуулж байна гэж мэдээд Завхан аймгийн Улиастай сумын Оргил худалдааны төвийн зүүн талын байшингийн 2 давхарт байрлах хэсгийн сонгуулийн хороонд орж буйдангийн дор өөрийн “Samsong” маркийн гар утсыг хийж бичлэг хийсэн нь Монгол улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт “... хуулиар эрх олгоогүй хувь хүн байгууллага, албан тушаалтан, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэж заажээ.

    Иргэн М.******* нь дээрх хориглосон заалтыг зөрчиж З.*******гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, түүний сонгуулийн штабын ажилтнуудтайгаа хийсэн уулзалтын яриаг бичсэн дуу авианы бичлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримт биш учир зөрчлийг нотолсон нотлох баримт гэж үзэх хуульзүйн үндэслэлгүй байна. 

    Уг хууль бус аргаар авагдсан дуу авианы бичлэгт хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4984 дугаартай шинжээчийн дүгнэлтийг ч мөн зөрчлийг давхар нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна. 

    -Мөн зөрчлийн материалд тайлбар өгсөн Б.*******, Б.*******, М., Б., Б., Д., Б., Л. нарын ярианд дүгнэлт хийхэд З.******* нь сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон сонгуулийн штабт ажиллах эрхгүй иргэд, сонгогчдод мөнгө тарааж улмаар саналыг нь өгүүлэхээр машин хөлслөөгүй гэсэн дээрх хүмүүсийн өгсөн тайлбаруудаар давхар үгүйсгэгдэж байна. 

    Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульзүйн үндэслэлтэй болжээ. 

Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татахаар зохицуулсан  байгааг дурдах нь зүйтэй байна. 

Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн З.*******д захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзах тухай 54 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ш.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн З.*******д захиргааны шийтгэл оногдуулахаас татгалзах тухай 54 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Улсын Их Хурлын 18 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ш.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ