Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 05

 

Б.Мягмарсүрэнд холбогдох
хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл 
    Прокурор                Э.Гантулга
    Шүүгдэгч                Б.Мягмарсүрэн
    Шүүгдэгчийн     өмгөөлөгч        Э.Ганбат, В.Содномцэрэн Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн, Ж.Мөнхнасан нарын давж заалдсан гомдлоор Б.Мягмарсүрэнд холбогдох 201613000101 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол  Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Отгон сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Хангамжийн хэсгийн 3-17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Очирваань овгийн Болдын Мягмарсүрэн РД: /ИЙ-92040718/

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
        
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Очирваань овгийн Болдын Мягмарсүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч Б.Мягмарсүрэнд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 1051м2 хэмжээтэй хашааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, цагаатгагдсан этгээд цагаатгагдсан шалтгаан үндэслэлд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Б.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 
Миний бие Б.Мягмарсүрэн нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.  
Хохирогч гэх Б.Лхагвадэмбэрэлийг машины өмнөөс зайлуулах гээд түлхэх гэтэл цааш гуйваад явсан. Хохирогч гээд байгаа Б.Лхагвадэмбэрэл дээр ээжийн хамт очиход ганцаараа сууж байсан. Гэрч болсон Я.Дашбалжир, Ч.Биндэръяа 2 хажууд нь байгаагүй. Цагдаагийн машин ирлээ гэхэд хохирогч Б.Лхагвадэмбэрэл хажуу талаараа хараад хэвтсэн. Цагдаа ирээд эмч дууд гэсэн. Би түргэн тусламж дуудсан. Эмч үзээд даралт нь тогтвортой байна. Эмнэлэг аваад явъя гэхэд хохирогч өөрөө босоод машинд суусан. Эмнэлэгт очсоноос хойш надаар ундаа, тамхи авахуулсан. Эмнэлэгийн гадаа байхдаа бид 3-т нэг шил архи аваад өгчих тэгээд бид 3 явлаа би зүгээр гээд байсан. Би зөвшөөрөөгүй эмнэлэгт үзүүлээдэх гэсэн. Тэгээд эмнэлэгийн гадаа согтуу байсны улмаас цементэн шалан дээр унаад, мөн эмнэлэгийн орноос урагш, хойш хэдэнтээ унасан. Эмнэлэгийн орон дээрээс унасан гэж сувилагч эгч хэлсэн. Ийм болохоор миний хийсэн үйлдлээс болж хохирогч орчиндоо харьцах ямар ч чадваргүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр орой надаас Цагдаагийн байгууллагын ажилтнууд ирж тайлбар авч байсан, нөгөө 2 гэрчээс 2 сарын дараа мэдүүлэг авсан байсан. Хохирогчийн гэрч гээд байгаа Ч.Биндэръяа, Я.Дашбалжир 2 нь гэрч болж чадахааргүй согтуу байсан. Мөн энэ 2 хүний согтолтын зэргийг тухайн үед ирсэн Цагдаагийн ажилтан тогтоогоогүй. Хохирогч тухайн үеийн болсон үйл явдлыг  бүрэн гүйцэт ойлгох чадваргүй байсан. Намайг машин дотроос хойшоо бол гэж гараараа дохисон гэж ярихад шүүх хурал дээр прокурор занасан гэж эсрэгээ тайлбарлаж байсан. Энэ бүгдийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, гэрч болох Ч.Биндэръяа, Я.Дашбалжир хоёрын мэдүүлэг болон миний хийсэн үйлдлээс болсон гэх хохирогчийн гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний энэ гомдлыг шүүн тунгааж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах буюу цагаатгаж өгнө үү гэжээ. 

    Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус шүүх хэргийг Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага бүрэн хангагдаагүй байхад Б.Мягмарсүрэнг гэм буруутай гэж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн Б.Мягмарсүрэнгийн үйлдлээс болж Б.Лхагвадэмбэрэлд гэмтэл учирсан гэж дүгнэсэн бөгөөд харин Б.Лхагвадэмбэрэл нь эмнэлэгийн орноос унасан гэх гэрчийн мэдүүлгийг шүүх яаж дүгнэсэн нь тодорхойгүй, аймгийн нэгдсэн эмнэлэгийн 103 буюу түргэн тусламжийн эмч очсоны дараа гэмтэл авсан аваагүйг тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулсан гэж үзэхээр байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж, хэрэгт авагдсан эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоолгох шаардлагатай байна гэжээ.

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Б.Мягмарсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сэдэлт зорилго, арга хэлбэр, цаг хугацааны хамаарлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохгүйгээр анхан шатны шүүх шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 
Энэ хавтаст хэргийн материалтай танилцахад мөрдөн байцаалтын ажиллагаа маш хангалтгүй хийгдсэн нь харагдаж байна. Гэрч Ч.Биндэръяа, Я.Дашбалжир нар нь тухайн хэрэг гарах үед согтуу байсан. 2016 оны 06 дугаар сарын 19-нд хэрэг гарсан байхад 2016 оны 08 сарын 20-нд гэрч нараас мэдүүлэг авсан байгаа. Тухайн хэрэг гарах үед гэрч Ч.Биндэръяа, Я.Дашбалжир нар нь хохирогч Б.Лхагвадэмбэрэлийг орхиод салаад явсан байсан. Машины өмнө болсон явдлыг гэрч нар харах боломж байсан эсэхийг тодруулаагүй, мөн бүхэл бүтэн 2 сарын дараа мэдүүлэг авсан байгаа. Тухайн үед согтуу байсан гэрч нар болсон явдлыг яг адилхан байдлаар мэдүүлэг өгсөн байна. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэгийг үнэлэхэд эргэлзээ төрүүлж байгаа. Тухайн хэргийн газар цагдаа ирээд явсан байдаг, үүнийг хавтаст хэргийн материалд тодруулаагүй байгаа. 
Гэрч М.Амаржаргал шүүх хуралдаан дээр “ ... би очиж үзсэн. Тэгэхэд амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Б.Лхагвадэмбэрэл өөрөө босоод машинд суусан, эмнэлэгт өөрөө орсон. Намайг үзэхэд маш согтуу байсан. Ухаантай байсан. Намайг 2 дугаар эмчид хүлээлгэж өгөхөд ухаантай байсан ...” гэх мэдүүлэг,   хохирогч Б.Лхагвадэмбэрэл шүүх хуралдаан дээр “... би эмнэлэгийн гадаа Б.Мягмарсүрэнгээр тамхи, ундаа, авахуулаад тамхи татаад, ундаа уусан үүнийгээ сайн санаж байна ...” гэх мэдүүлгүүдээс харахад хохирогч Б.Мягмарсүрэнд цохиулаад орчинтойгоо харьцах чадваргүй байсан гэх нь үгүйсгэгдэж байна.
Гэрч М.Амаржаргал хэлэхдээ би үзээд 2-р эмчид 1940-20 цагийн хооронд хүлээлгэж өгсөн гэдэг. Гэрч Т.Оргилсайхан хүлээж авсан гэдэг. Энэ хооронд хохирогч хаана байсан талаар хавтаст хэргийн материалд огт тодруулаагүй. Энэ хугацаанд хохирогч өөрөө гадаа гарсан би орон дээрээс унасан талаараа өөрөө хэлээд байгаа. Би өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас боллоо. Б.Мягмарсүрэнд ямар ч хамаагүй гэж мэдүүлэг өгсөн. 

Мөн гэрч Л.Энхсайхан: “... Орон дээрээс унаад болохгүй газар хэвтүүлсэн ...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн материалд байгаа. Энэ унасан гэх ор нь газраас хэр өндөр байсан, мөн газар нь ямархуу байдалтай байсан талаар огт тодруулаагүй байж Б.Мягмарсүрэнг 2 согтуу гэрчийн мэдүүлгээр ял халдааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 
Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн яллах ба цагаатгах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй. 
Мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт ... мөрдөн байцаагч, прокурор шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж байгаа.  Хавтаст хэргийн материалаас харахад миний үйлчлүүлэгч Б.Мягмарсүрэнгийн хэрэг нь хэтэрхий яллах талыг барьсан нь харагдаж байгаа. 
Мөн миний үйлчлүүлэгч Б.Мягмарсүрэн прокурорын хяналтын үед хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргахад прокурор маань хэргийн хугацаа дууссан гээд загнаад аваагүй. Мөн хохирогч мөрдөн байцаалтад өөрийнхөө талаар болон хэргийн талаар хүсэлт гаргаад очиход мөн прокурор ураад хаясан юм. Чиний мэдүүлэг байгаа гэх зэргээр харьцаж байсан. Эдгээр байдлуудаас харахад хэтэрхий нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн нь харагдаж байна. Мөн хавтаст хэргийн материалтай танилцахад өмгөөлөгч авахаас өмнө шинжээчийн дүгнэлт гаргуулах тогтоолтой өмгөөлөгч нь танилцсан. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тогтоолтой өмгөөлөгч танилцаагүй байгаа. Энэ байдлуудаас харахад хэргийг маш удаан хариуцлагагүй шалгасан, нөхөөд гарын үсэг зуруулаад хэргийн хугацаа дууссан гэх шалтгаанаар хохирогч болон миний үйлчлүүлэгч нараас ямар ч хүсэлт аваагүй нь харагдаж байгаа. 

Мөн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг аваагүй байгаа. Шинжээчийн дүгнэлт бас эргэлзээ төрүүлж байгаа. Хохирогч ар дагзаараа унасан гэсэн байхад гэмтэл өөр газар үүссэн байгаа. Энэ гэмтэл юуны улмаас үүссэн нь маш эргэлзээтэй байгаа. 
Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч заавал оролцоно гэжээ. 

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Хохирогчид учирсан гэмтэл нь миний гаргасан үйлдлээс болоогүй. 
Намайг эмнэлэг дээр ирэхэд хохирогч өөрөө эмнэлэгийн орноос, сандал дээрээс хойшоогоо  савж унасан. Эмнэлэг дээр байхдаа хохирогч намайг архи, тамхи, ундаа аваад ир гэж хэлэхэд нь би хэлсэн зүйлсийг нь авчирч өгсөн гэв.

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлоо дэмжиж байна. Энэ хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байна. Хэрэг гарах шалтгаан болсон хохирогчийн үйлдэл, Б.Мягмарсүрэнд цохиулсан гэх үеэс хойшхи хугацаанд хохирогчийн биеийн байдал ямар байсан талаар, мөн түргэн тусламжаар эмнэлэгт ирсэнээс хойш яагаад эмнэлэгийн орноос унасан талаар шалгаж тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. 
 Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь Баруун бүсийн худалдааны төвд хохирогчийн цээжин тус газар өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь үнэхээр өшиглөсөн эсэхийг тогтоох, түүнээс хойш хохирогч эмнэлэгт ирээд гэмтэл авч болзошгүй үйлдэл хийсэн талаар гэрч Б.Энхсайханы мэдүүлэгт шүүх үнэлэлт, дүгнэлт хийгээгүй.  
 Эдгээр нөхцөл байдлыг шалгасны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, шүүгдэгч Б.Мягмарсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Б.Мягмарсүрэн болон хохирогч Б.Лхагвадэмбэрэл нарын хооронд болсон үйл явдлыг гэмт хэрэг гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг тал бүрээс нь бодитойгоор нягтлан шалгах шаардлагатай байсан.  

Тухайлбал: гэрч Ч.Биндэръяа, Я.Дашбалжир нараас зөвхөн болсон үйл явдлын талаар асуусан байдаг. Эдгээр хүмүүс эмнэлэг дээр ирээд хохирогчийг дагаж очсон байхад тэнд юу болсон, хохирогч орноосоо унасан эсэх талаар огт тодруулаагүй байдаг. Гэрч Б.Энхсайханы мэдүүлэгт “ ...наад хүн чинь орон дээрээс унаад болохгүй байна, газар хэвтүүлчих гэж хэлсэн” талаар дурдагдсан. Эмнэлэг дээр очоод хохирогч тамхи татаж, ундаа уугаад сууж байсан болохыг эдгээр хүмүүс болон шүүгдэгчийн ар гэрийнхэн мэдэж байгаа байх.  Энэ хэргийг шалгах явцад эмнэлэг дээр очоод юу болсон талаар огт шалгаагүй орхигдуулсан.

 Хохирогчийг орон дээрээс унасан талаар мэдүүлсээр байхад тухайн ор ямар өндөртэй, шал нь дэвсгэртэй байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Хэрэг гарсан тухайн үед хэргийн газар дээр дуудлагаар цагдаа очсон байдаг. Гэтэл уг цагдааг гэрчээр асуугаагүй.  Эдгээр ажиллагааг дутуу хийсэн байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагатай гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалын 48 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Мягмарсүрэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээчийн дүгнэлтийг дахин  гаргуулах шаардлага үүсч байна. Мөн гомдлоо шүүгдэгч Б.Мягмарсүрэн прокурорт гаргахад нь түүний гомдлыг хүлээж аваагүй гэж шүүгдэгч ярьдаг. Өөрөөр хэлбэл: мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй юм.

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сэдэлт, зорилго, цаг хугацааны хамаарлыг нь бүрэн шалгаж тогтоосны дараа ял шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэж өгнө үү гэв. 

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Хохирогчтой хамт байсан гэрч Ч.Биндэръяа, Я.Дашбалжир нарын тайлбарыг гэмт хэрэг гарсан өдөр согтуу байхад нь авсан байдаг. Эдгээр гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хохирогч Б.Лхагвадэмбэрэл болон гэрч Ч.Биндэръяа, Я.Дашбалжир нар нь Баруун бүсийн худалдааны төвийн ойролцоо 0.75 граммын “Тэргүүн” архи 2 шилийг уугаад шүүгдэгч Б.Мягмарсүрэнг “Баруун бүсийн худалдааны төв” рүү орох гэж явахад нь машины урдуур халхалж зогссон үйл явдал болсон нь тогтоогдсон. Эдгээр хоёр гэрчээс тайлбар авахдаа согтуу байсан эсэхийг нь драйгер үлээлгэж аваагүй, харин машин жолоодож явсан шүүгдэгч Б.Мягмарсүрэнгээс драйгер үлээлгэхэд заалт нь “0” буюу согтууруулах ундаа хэрэглээгүй гэж гарсан байдаг.  

Хохирогч болон хамт байсан 2 гэрчийн мэдүүлэгт хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалан түүнийг түлхэж унагасан талаар яригддаг. Хохирогч Б.Лхагвадэмбэрэл газарт ар дагзаараа унасан гэж тайлбарладаг. Гэтэл эмнэлэгийн оношлогооны баримт бичиг, өвчний түүх, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн баруун чамархайн яс нь 4 см орчим цуурч хугарсан, хугарлын харалдаа цусан хураа үүссэн гэдэг оношоор түүнд мэс засал хийсэн байдаг. Дуудлагаар очсон эмч гэрч М.Амаржаргалын мэдүүлэг болон дуудлагын хуудаст 19 цаг 40 минутанд дуудлага өгөхөд 20 минутын дараа буюу 2000 цагт түргэн тусламж очиж үзэхэд хохирогчийн биеийн байдал дунд зэрэг, ил шарх сорвигүй, ухаан санаа саруул, хүүхэн хараа хэвийн гэж  дуудлагын хуудсанд тэмдэглэсэн байдаг. Хавтаст хэргийн 95-р хуудсанд авагдсан энэ баримтыг хэн ч үгүйсгэх боломжгүй баримт юм. Хэрэг гарах үед хамт согтуу байсан гэрчийн мэдүүлэгт хохирогчийг ухаан алдсан гэсэн мэдүүлгээр гэмтэл аваад тэр даруйдаа ухаан алджээ гэж ойлгоод байх шиг байна. Гэтэл эмчийн мэдүүлгээр хохирогч тухайн үед ухаан нь саруул, биеийн байдал дунд зэрэг байсан болохыг өвчний түүхэнд тэмдэглэсэн байдаг. 

Хохирогч эмнэлэг дээр ирсний дараа хүлээн авах дээр байж байгаад 2100 цаг 30 минутын орчим тархинд нь томографийн шинжилгээ хийж үзэхэд тархинд нь нөж байна гэсэн үзүүлэлт гарсан учраас тэр шөнө нь мэс заслын хагалгаанд оруулсан байдаг.  Гэтэл хагалгаа хийгдэхээс өмнө эмнэлэгт ирснийхээ дараа 1 цаг 30 минут орчим хэд хэдэн үйл явдал болсон. Гэмтлийн зэрэг хүнд гарсан, хохирогчийг цохиж унагасан гэсэн хоёр зүйлд үндэслэж Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилсэн байна. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд гэмт хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг заасан бөгөөд гэмт хэргийн талаар бүх талаас нь шалгаж тогтоох  ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудсанд хохирогчид шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийлгэхэд архины хам шинжтэй, гэмт хэрэг гарах үед архидан согтуурсан, ухамсарт ухаан нь түр зуурын шокын сааталд орсон байна гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл үүнийг гэмтэл аваад ухаан алдсан гэж ойлгож болохгүй юм. Хэрэв үнэхээр ухаан алдсан байсан бол эмнэлэгт аваачсан даруйд компьютер томографикаар харуулж дараагийн шатны арга хэмжээг  нь авах ёстой байсан байх. 

Гэтэл 1 цаг 30 минут хүлээлгэж, тэр хооронд хохирогч зүгээр үйлдэл, хөдөлгөөн хийж байсан. Шинжээчийн дүгнэлтээр зөвхөн гэмтлийн зэргийг тогтоож, баруун чамархайн ясны шугаман хугарал түүний харалдаа цусан хураатай гэсэн онош тогтоогдсон нь гэмтлийн хүнд зэрэгт орно. Энэ нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ гэсэн дүгнэлт байдаг. Түүнээс биш аль нөхцөл байдалд үүссэн байж болох, хэрэг гарсан үед үүсэх боломжтой эсэхийг нарийвчлан шалгаагүй хэргийг шийдвэрлэсэн байна. Гэрч М.Амаржаргал шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “... хохирогчоос маш их архи үнэртэж байсан, юм асуухад хариулаагүй, тэр нь согтолттой нь холбоотой байхыг үгүйсгэхгүй” гэж мэдүүлэг өгсөн. Харин Т.Оргилсайхан эмч өвчтөнийг ухаангүй байхад нь хагалгаа хийсэн гэж мэдүүлсэн байдаг. Энэ хэргийн хувьд гэмтлийн зэрэг нь хүнд гарсан. Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн талаар нотлогдсон зүйл байхгүй байгааг харгалзан үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зөв гэж үзэж байна гэв. 

Прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар  зүйлийн 15.4 ,15.5 дахь хэсэг, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 дүгээр зүйл, 313 дугаар зүйлийн 313.4 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Мягмарсүрэнд холбогдох 201610000101 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, В.Содномцэрэн, шүүгдэгч Б.Мягмарсүрэн нарын гомдлоор оролцож прокурорын дүгнэлт гаргаж байна. Хэргийн утга нь: шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн орой Завхан аймгийн Улиастай сумын Богдын голын нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүсийн худалдааны төв”-ийн гарах хаалганы дэргэд хохирогч Б.Лхагвадэмбэрэлийг машины урдаас холдсонгүй, урдаас хэл амаар доромжиллоо гэж цээжин тус газар нь өшиглөсний улмаас Б.Лхагвадэмбэрэл нь автомашины цементэн зам дээр толгойгоороо унаж баруун чамархайн ясны хэсэгт цус хуралт, тархи дарагдалт, баруун чамархайн ясны шугаман хугарал гэсэн хүнд гэмтлийг санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551.1 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар шийтгэсэн. 

Хэргийн хувьд шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь хохирогчийг хэл амаар доромжилж, машиныг нь хааж зогсоод машин руу шүлсээ хаясан үйлдэлд нь шүүгдэгч Б.Мягмарсүрэн бухимдаж очиж өшиглөсөн гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ярьсан. Хэрэг гарах үед хохирогч Б.Лхагвадэмбэрэлтэй хамт байсан хоёр гэрчийг хугацаа алдаж 2 сарын дараа байцаалт авсан гэж өмгөөлөгч нар тайлбарлалаа. Гэрч Ч.Биндэръяа, Я.Дашбалжир нар нь тодорхой оршин суух хаяггүй, хувийн байдал тааруу хүмүүс байсан. Хэрэг гарсан өдөр тайлбар аваад түүнээс хойш гэрчээр асуухаар дуудах гэсэн боловч оршин суугаа газар нь мэдэгдэхгүй хугацаа алдсан асуудал байгаа. 

Дээрх 2 гэрчийн мэдүүлж байгаагаар шүүгдэгч Б.Мягмарсүрэн машинаас бууж очоод хохирогчийн цээж рүү нь өшиглөхөд хохирогч Б.Лхагвадэмбэрэл хойшоо савж унасан гэсэн байдаг. Хохирогч Б.Лхагвадэмбэрэлийг хойшоо савж унахаар нь яваад очиход хөдлөхгүй байсан гэж гэрчүүд мэдүүлдэг. Шүүгдэгч рүү хүн утсаар яриад нөгөө хүн чинь босохгүй хэвтээд байна гэхэд нь шүүгдэгч өөрөө очиж эмнэлэг дуудаж, эмнэлэгт хүргэж өгөөд хохирогчийг архи, тамхи, ундаа аваад ир гэхэд нь авчирч өгсөн байдаг. Хэрэв шүүгдэгч хохирогчийг өшиглөөгүй, биед нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй юм бол яагаад түүнд ингэж үйлчлээд байсан нь анхаарал татаж байна. Тухайн үед дуудлагаар очсон эмч М.Амаржаргал, хоёрдугаар ээлжийн эмч Т.Оргилсайхан нар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Мөн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаахад тухайн гэмтлийг тогтоохын тулд ажиглалтын хугацаа 1-2 цаг байдаг. Иймээс бид Б.Лхагвадэмбэрэлийг бид ажиглалтын хугацаанд нь ажиглаж байсан. Ажиглалтын хугацаанд үүдний өрөөнд мөн гадаа агаарт суулгасан. Ажиглалтын хугацаа өнгөрч томографийн шинжилгээ хийхэд тархинд нь томоохон хэмжээний цусан хураа байсан учраас яаралтай хагалгаанд орсон гэж мэдүүлдэг. Мөн эмч М.Амаржаргалаас таныг очиход хохирогч Б.Лхагвадэмбэрэл орчинтойгоо харьцах харьцаа ямар байсан бэ? гэж асуухад дунд зэрэг гэж хариулсан байдаг. Хохирогч өшиглүүлэхээс өмнөх үед идэвхтэй үйлдэл хийж байгаад өшиглүүлснээсээ хойш  идэвхтэй үйлдэл хийж чадаагүй. 

Шүүгдэгчээс гаргасан хүсэлтийн хувьд миний зүгээс хүлээж авахгүй загнасан зүйл байхгүй. Яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлж байх үед шүүгдэгч Б.Мягмарсүрэн хүсэлт гаргая гэхэд нь манай прокурорын газарт өгч болно эсвэл шүүхэд хэрэг нь шилжиж байгаа учраас шүүхэд гаргаж болно гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийг оролцуулахад гэмтлийн зэргийн талаар тодорхой ярьсан. Шинжээчийн дүгнэлтийг хоёр удаа гаргуулсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахад мөн хүнд зэргийн гэмтэл учирсан гэж тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн, Ж.Мөнхнасан нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнд  холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш хийгдсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Тухайлбал: Прокурор тухайн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй яллах дүгнэлт үйлдсэн байна. Тухайн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Лхагвадэмбэрэлд хүнд гэмтэл учруулахдаа ямархуу байдлаар гэмтэл учруулсаныг яллах дүгнэлтэндээ тодорхой тусгаагүй байна. Жишээлбэл: Тухайн хүнд гэмтэл нь эрхтэнээс нь салгасан гэмтэл үү, аль эсхүл амь насанд аюултай хүнд гэмтэл байсан эсэхийг тодорхой ялгаж бичээгүй байна. 

-Мөн хавтаст хэргийн 37-38, 42-46 дугаар хуудсанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолоор хохирогч Б.Лхагвадэмбэрэлийн биед анхан болон давтан шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээчид нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон /хуваарилагдсан/ шинжээчид дүгнэлт гаргаагүй байна. 
Иймд эдгээр шинжээчдийн гаргасан дүгнэлтийг хууль ёсны гэж үнэлэх боломжгүй байна. Зүй нь дээрх шинжээчдийн шинжилгээ хийлгэх, хуваарилах албан тушаалтан нь тус шүүхийн шинжилгээний албаны дарга байна. Түүнчлэн тухайн шинжилгээний албаны дарга /албан ажлын шаардлагаар буюу чөлөөтэй амралттай байгаа үед нь/ түүнийг орлох эрх бүхий албан тушаалтанд /албаны эрх шилжсэн/ шинжилгээ хийх шинжээчийг томилж хуваарилах эрх хуулийн дагуу үүсэх ёстой. Гэтэл тухайн хэрэгт ямар ч албаны эрх үүсээгүй /криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мижиддорж, ахлах  шинжээч цагдаагийн ахмад Ж.Даваадорж/ нар нь удаа дараа шинжээчдийг дур мэдэн томилж байгааг хууль ёсны гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. 

-Мөн давтан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хийсэн мөртлөө шинжээчийн дүгнэлтийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хийснээр гаргасан байна. Шинжээчийн дүгнэлт яг хэдний өдөр хийгдсэн болох нь эргэлзээтэй байна. Түүнчлэн давтан шинжилгээ хийх мөрдөн байцаагчийн шинжээч томилсон. тогтоолыг хүлээн авсан шинжээчид хэзээ, хэдэн хуудас материал хүлээн авсан нь тодорхойгүй байна. 

-Мөн хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд хохирогч Б.Лхагвадэмбэрэлийн бие махбодид гэмтлийн зэрэг тогтоосон 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг  дүгнэлт гарсанаас хойш 01 сарын дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнд танилцуулсан, мөн давтан бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тогтоолыг шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч В.Содномцэрэнд огт танилцуулахгүйгээр дүгнэлт гаргаж шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлд заасан “...шинжээч, бусад этгээдэд аль ч үед асуулт тавих” эрхийг нь зөрчсөн байна. Энэ алдааг засах шаардлагатай. Түүнчлэн шинжээчдийн дүгнэлтийг хэргийн оролцогчдод танилцуулсан тэмдэглэл хэрэгт байхгүй байна.

-Мөн хохирогч Б.Лхагвадэмбэрэлийн тархинд мэс засал хийхдээ ашигласан компьютер томографикийн зураг тухайн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт юм. Тухайн зурагнаас хохирогчийн тархины хаана нь ямар гэмтэл үүссэн бэ? гэдгийг шинжээчийн дүгнэлттэй харьцуулж үзэх боломжтой. 
Иймд хохирогч Б.Лхагвадэмбэрэлийн тархины компьютер томографикийн зургийг олж хэрэгт хавсарган, улмаар хэргийн материалаар дахин шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр гаргуулах шаардлагатай байна. 

-Мөн хохирогч Б.Лхагвадэмбэрэл, гэрч Ч.Биндэръяа, Я.Дашбалжир нараас дахин байцаалт авах шаардлагатай байна. Тэгэхдээ хохирогч нь шүүгдэгч Б.Мягмарсүрэнд цээжиндээ өшиглүүлж унахдаа биеийн аль хэсгээр тухайлбал:  шууд хойшоогоо савж толгойныхоо ар дагзаараа унасан уу, аль эсхүл хохирогч биеийнхээ баруун, зүүн аль хэсгээр унасаныг тодорхой дахин лавлаж асуух хэрэгтэй байна. 

-Мөн шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн прокурорын хяналтын үед бичгээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг тодорхой болгох шаардлагатай байна. 

-Мөн хэргийн газар дуудлагаар очсон цагдааг гэрчээр асуух. 

-Мөн хохирогч Б.Лхагвадэмбэрэлийн аймгийн нэгдсэн эмнэлэгийн орноос унаад байсан асуудлыг шалгаж тогтоох.

-Мөн гэрч Л.Энхсайханаас дахин байцаалт авах хэрэгтэй байна. Хохирогч Б.Лхагвадэмбэрэл аймгийн нэгдсэн эмнэлэгийн жижүүрийн орноос унахдаа биеийнхээ аль хэсгээр унасаныг тодруулан асуух. 

-Мөн шинжээчийн дүгнэлт дахин гарсны дараа шинжээчдийн дүгнэлтэд эргэлзээ байвал шинжээчдийг гэрчээр асуух хэрэгтэй.

-Мөн шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь хохирогч Б.Лхагвадэмбэрэлд учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа, хувийн байдлууд зэргийг нь харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авах хуульзүйн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн, Ж.Мөнхнасан нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.


Монгол улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн, Ж.Мөнхнасан нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасугай. 

2. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Б.Мягмарсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээнд үлдээсүгэй. 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ