Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 811

 

Б.Нацагт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан,

Ялтан Б.Нацагийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, С.Батболд,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Нацаг, түүний өмгөөлөгч

Д.Цэвээнцэрэн, С.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Нацагт холбогдох эрүүгийн 201626021906 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Гунан Дандар овогт Бат-Эрдэнийн Нацаг, 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, 4 дүгээр багийн Идрэнд оршин суух бүртгэлтэй боловч гэмт хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1-23 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ВД93061011/;

Б.Нацаг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөнх гал” төвийн орчим явган хүний зам дээр иргэн Б.Энхсайханыг танхайн сэдэлтээр зодож, амь биед нь аюултай гэмтэл буюу ураг зулбуулж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Нацагт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянголдүүргийн шүүх: Б.Нацагийг бусдын бие мөхбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл ураг зулбуулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Нацагийг 7 /долоо/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Нацагт оногдуулсан 7 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нацагаас 100.270 /нэг зуун мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулан хохирогч Б.Энхсайханд олгохоор зааж, хохирогч Б.Энхсайхан нь гэм хорын хохирлын талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжилэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Нацаг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. 2016 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө найз Дондов, Дашдорж нарын хамт Модны 2-т байрлах бааранд орж, 0,5 л Чингис архи, хүний нэг нэг шар айраг уугаад, бүжиглэж байгаад шөнийн 02 цагт гэр лүүгээ харих гээд гарсан. Дондов бид хоёр, нэг нь таксигаар явна гээд нөгөө нь алхаж явна гээд маргалдаж байтал “Мөнх гал” баарнаас 2 эмэгтэй гарч ирээд биднийг чиглээд ирэхээр нь би “юугаа хараав, авгай нар минь, тойроод яваач” гэж хэлсэн. Гэтэл нэг эмэгтэй нь “согтуу юм чинь юу гээд байгаа юм” гээд над руу дайрсан. Тэр үед хохирогч эмэгтэй нилээд согтсон байсан. ... Тэр хоёр эмэгтэй цаашаа нилээд холдож байснаа буцаж ирээд “чи муу ер нь юу гээд байгаа юм. Ээж, охин 2 явж байхад авгай гэж хэл амаар доромжилж байдаг. Чамайг цагдаад өгнө” гэж хохирогч эмэгтэй над руу дайраад миний зүүн гарын тохойг гүн самардаж цус гаргасан. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулаад такси бариад суугаад явах гэтэл миний фудболкноос зуураад хаалга хаалгахгүй байхаар нь би буцаад буух гээд хаалгаа цааш нь түлхтэл хохирогч хаалганд түлхэгдээд цааш унасан. Тухайн үед хохирогч өндөр өсгийтэй гуталтай, бас согтуу байсан тул тэнцвэр алдаад унасан. Би машинаас бууж ирээд “та одоо яах гээд байгаа юм бэ” гэхэд дахиж надаас зуураад явах гэхээр чирэгдээд над руу орилоод нүүр лүү самардах гээд зууралдаад дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд түлхтэл хохирогч унах гэж байхад Дондов түшиж авсан. Тэр хооронд би хохирогчоос холдохын тулд гүйгээд явахад хохирогч араас орилоод үлдсэн. Би такси бариад явсны дараа хохирогч гутлаа тайлаад миний араас хөл нүцгэн гүйгээд хашааны булан тойроод орилоход нь Дашдорж араас нь ирэхэд өвдөгөөрөө унасан. Өвдөг нь шалбарсан байдалтай уйлаад сууж байсан гэж Дашдорж ярьсан. Намайг явсны дараа юу болсон талаар Дашдорж тодорхой мэдэж байгаа. ... Энэ асуудлын дараа би хохирогчтой уулзаж уучлал гуйгаад эмчилгээний зардлыг өгсөн. Гэтэл хохирогч над руу танихгүй хүнээр залгуулж, дарамтлуулж надаас 3.000.000 төгрөг нэхэж, өгвөл чамайг энэ хэргээс салгаад өгнө” гэж ярьж байсан. Мөн тогтоолд “...6 дугаар сарын 27-нд “Номун” эмнэлэгт үзүүлсэн...” гэж бичсэн байна. Гэтэл 6 дугаар сарын 28-ны өдөр “Номун” эмнэлэгт үзүүлсэн байдаг. 6 дугаар сарын 28-ны өдөр би эмнэлэгт очиж хохирогчид эмчилгээний зардал өгсөн. Энэ бүх зөрүүтэй байдал болон худал асуудлыг дахин шалгаж өгнө үү. Хохирогч юунаас болж ураг зулбасан болон яагаад намайг зодож цохисон гэж гүтгэж байгааг ойлгохгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд Дашдорж, Сүрэн нараас гэрчийн мэдүүлэг авч өгөөч гэж хэлсэн боловч хүлээж аваалгүй “наадхаа тэр прокурор, шүүхдээ хэл” гэсэн. Хэргийг үнэн зөвшөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хохирогчийн жирэмслэлт таслагдсан гэж байгааг үгүйсэхгүй байна. Гэхдээ жирэмслэлт таслагдах олон шалтгаан байдаг бөгөөд үүнийг олон янзаар нотлох боломж Анагаахын шинжлэх ухаанд байдаг. Миний олж мэдснээр эрт үеийн зулбалт 20 гаруй төрлийн шалтгаантай байдаг. Үүнд, жирэмсэн үедээ архи уусан, мансуурсан зэрэг шалтгаан багтдаг. Ураг зулбалтын 60-70 хувь нь ургийн гажуудалтай холбоотой байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд эх барих, эмэгтэйчүүдийн эмчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байсан боловч шүүх дахин дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журамд ураг зулбасан гэмтэлд шинжилгээ хийхдээ заавал эх барих, эмэгтэйчүүдийн эмчийг оролцуулах талаар маш тодорхой заасан. Үүнийг хэлэх нь гарцаагүй шаардлагатай гэж үзэж байна. Нөгөө талаар хохирогч эмэгтэй ураг зулбахаасаа өмнөхөн аборт хийлгэсэн, аборт хийлгээд удаагүй байхдаа архи, дарс уусан байдаг. Гэрч нар тухайн үед хохирогчийг согтуу байсан гэдгийг хэлдэг. Хохирогч өөрөө “би архи уугаагүй. Өдөр нь улаан вино уусан, пиво уусан” зэргээр зөрүүтэй мэдүүлж байгаад сүүлд өгсөн мэдүүлэгтээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ үгүйсгэдэг. Тиймээс хохирогчийн урьд нь аборт хийлгэсэн асуудал үр зулбалтад нөлөөлсөн байх магадлалтай. Гэмт хэрэг гарах үед Г.Нацаг нь Л.Дондов, Дашдорж гэх хоёр найзынхаа хамт явж байсан. Л.Дондов “Б.Нацаг зугтаад явсны дараа хохирогч эмэгтэй хоёр гутлаа тайлж бариад хөл нүцгэн хойноос нь гүйж байгаад унасныг Дашдорж үүрч авчирсан” гэж мэдүүлсэн. Дашдоржоос гэрчийн мэдүүлэг авч өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч мөрдөн байцаагч “тэр хүн чинь олдохгүй байна. Өөрөө олж ир” гэж хэлдэг байсан. Дашдорж нь Өвөрхангай аймгаас ирсэн байсан тул түүнийг хайж олох амархан. Гэрч Л.Дондов “Б.Нацаг эхлээд тэр хоёр эмэгтэйг хэл амаар доромжилсон. Гэтэл тэр хоёр эмэгтэй хүрч ирээд Б.Нацагтай зууралдсан. Тэгэхээр нь би тэднийг салгаж, хоёр эмэгтэйгээс уучлалт гуйж явуулсан. Хэсэг хугацааны дараа тэр хоёр эмэгтэй эргэж ирээд Б.Нацагтай зууралдаад авсан” гэж мэдүүлсэн байгаагаас үзэхэд Б.Нацагийн танхайрсан үйлдэл таслагдаад дууссаны дараа хохирогч эргэж ирээд маргаан үүсгэж Б.Нацагтай зууралдаж авсан байдал харагдаж байна. Б.Нацагийг таксинд суугаад явах гэж байхад нь явуулахгүй гэж зууралдаж байгаад хаалга онгойлгоход нь арагш түлхэгдэн унасан асуудал байдаг. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүдийг байцаагаагүй. Анхан шатны шүүх шаардлагатай дүгнэлт хийж чадаагүй байх тул шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Хэрвээ шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах бол Б.Нацагт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү” гэв.

 

Өмгөөлөгч С.Батболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай байсан. Шинжээчийн дүгнэлт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг зөрчсөн байхад шүүх тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.12 дахь хэсэгт “жирэмслэлт таслагдсан бол шинжлүүлэгчийн гэмтлийн зэргийг тогтоохдоо өөр өөр мэргэжлийн ... эх барих эмэгтэйчүүдийн ... шинжээчийг оролцуулж бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийнэ” гэж заасан. Гэтэл уг журмыг зөрчин хэрэг гарах өдөр жижүүрт гарч байсан эмчээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Мөн дүгнэлт гаргасан шинжээч шүүх хуралдаанд “Жирэмслэлт таслагдах нь гэмтлийн улмаас байж болно. Мөн өвчний, удамшлын, архидан согтуурсны улмаас жирэмслэлт таслагдаж болно. Тухайн үеийн эхсийн шинжилгээгээр гэмтлийн улмаас уу, эсхүл өөр бусад шалтгаанаар уу гэдэг нь тогтоогдоно. Энэ хэргийн тухайд эхсийн шинжилгээ тодорхой бус байсан” гэж мэдүүлсэн. Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд “мэс заслын сорилын шинжилгээний илгээлт” гэх баримт авагдсан. Уг баримтын ард гараар бичсэн юу гэдэг нь мэдэгдэхгүй хариу байгаа.  Энэ баримт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхүү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд аль нотлох баримтыг яллах болон цагаатгах талын нотлох баримтаар үнэлж байгаа үндэслэл, дүгнэлт хийгээгүй, зөрүүтэй мэдүүлгүүдийн алийг нь үнэлж байгаа нь тодорхойгүй байна. Эдгээр ажиллагааг зайлшгүй хийж байж Б.Нацагийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, цаашлаад түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль зүйл хэсэгт зааснаар зүйлчлэх эсэхийг тогтоох боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Нацаг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөнх гал” төвийн орчим явган хүний зам дээр иргэн Б.Энхсайханыг танхайн сэдэлтээр зодож, амь биед нь аюултай гэмтэл буюу ураг зулбуулж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Б.Нацаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдсон тул түүнд 7 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Гэмтлийн зэрэг тогтоох журам зөрчиж дүгнэлт гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.10 дахь хэсэгт “өөр өөр нарийн мэргэжлийн эмч оролцуулж болно” гэж заасан болохоос “заавал оролцуулна” гэсэн заалт байхгүй. Шинжээч эмч дүгнэлт гаргахдаа дан ганцаараа үзлэг хийгээгүй. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өглөө хохирогч эход харуулахад умайн хөндийд холимог хэсэгтээ дутуу зулбасан байдалтай байсан. Тэрээр хэвтэн эмчлүүлж зохих эмчилгээ хийлгэсэн талаар эмчлэгч эмч Наранцацралаас нь мэдүүлэг авсан. Гэрч Б.Наранцацралын мэдүүлэг, нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээний дүгнэлтэд үндэслэн шинжээч эмч дүгнэлт гаргасан учир шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг гарах үед байсан гурван хүний нэг болох Дашдорж гэх хүнийг заавал гэрчээр байцаах шаардлагатай гэж байна. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр асуувал зохих бүх хүнийг асууж, гэрчийн мэдүүлэг авсан. Дондов нь Дашдоржийн талаар “хамаатны хүн. Тухайн үед Улаанбаатар хотод байж байгаад явсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Хэргийн талаар нотолбол зохих зүйлсийг бүрэн нотолсон, хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд “Б.Нацаг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Мөнх гал” төвийн орчим явган хүний зам дээр иргэн Б.Энхсайханыг танхайн сэдэлтээр зодож, амь биед нь аюултай гэмтэл буюу ураг зулбуулж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон” гэжээ.

Яллах дүгнэлтээс үзвэл Б.Нацаг нь Б.Энхсайханы биеийн аль хэсэгт, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэрхэн зодож, ямар ямар гэмтэл учруулсан, гэмтэл учирсан бол аль гэмтэл, аль хүчин зүйлийнх нь үйлчлэлээр Б.Энхсайханы бие махбодид ямар өөрчлөлтийг бий болгож, аль өөрчлөлт нь ураг зулбах шалтгааныг үүсгэж, улмаар ураг зулбасан нь тодорхой биш байна.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.10-т “Дараах тохиолдолд шинжлүүлэгчийн гэмтлийн зэргийг тогтоохдоо төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч (... эх барих эмэгтэйчүүдийн ...) нарыг оролцуулан бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж болно. Үүнд: “... 1.10.2-т жирэмслэлт таслагдсан, ...” гэж заажээ.

 

Жирэмслэлт ямар шалтгааны улмаас таслагдсан талаар шинжээчийн 8963 дугаартай дүгнэлтэд тодорхой тусгагдаагүй байх бөгөөд талуудын гол маргааны буюу мэтгэлцээний үндсэн асуудал нь үүнтэй холбоотой байна.

 

Иймд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаруулах нь зүйтэй байх бөгөөд уг дүгнэлтээр Б.Энхсайханы бие махбодид ямар ямар гэмтэл учирсан эсэх, гэмтэл учирсан бол аль гэмтэл, ямар хүчин зүйлийнх нь үйлчлэлээр Б.Энхсайханы бие махбодид ямар өөрчлөлтийг бий болгож, аль өөрчлөлт нь ураг зулбах шалтгааныг үүсгэж, улмаар ураг зулбасан нөхцөл байдлыг тодорхой болгох.

 

Хохирогч Б.Энхсайхан /гэдэс рүү өшиглөсөн/, гэрч Л.Дондов /гэдэс рүү өшиглөөгүй/ нар нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх тул зөрүүтэй мэдүүлгийн талаар нүүрэлдүүлэн байцаалт авахын зэрэгцээ Дашдорж гэх хүнийг гэрчээр асууж, тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг тодруулах.

 

Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт гэдэс рүү өшиглөсөн, түлхэж бөгсөөр нь газар унагасан нөхцөл байдал тусгагдсан байх тул гэдэс рүү өшиглөх, түлхэж бөгсөөр нь газар унагахын алинаас ураг зулбах гэмтэл үүсэх боломжтой эсэх, хохирогчийн ураг зулбасан гэмтэл нь Б.Нацагийн хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нэг мөр шалган тогтоох шаардлагатай байна.

 

Шинжээч эмч Д.Мөнхбатыг жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад хохирогч Б.Энхсайхан очиж үзүүлсэн талаар мэдүүлэгт авагдсан байх тул үзүүлсэн он, сар, өдрийг тодорхой болгох нь хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ.

 

Дээрх нөхцөл байдлыг шалгаж, тогтоогдсон үйл баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсний дараа гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Нацагт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.