Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 34

 

Ч.Нацагдоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ганчимэг,

Хохирогч Б.Батжав,

Ялтан Ч.Нацагдорж, түүний өмгөөлөгч Ц.Батхүү,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Нацагдорж, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, хохирогч Б.Батжав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Нацагдоржид холбогдох эрүүгийн 201625013112 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овогт Чүлтэмсүрэнгийн Нацагдорж, 1988 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн-Ард Аюушийн 25 дугаар гудамжны 117 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЧО88012877/;

Ч.Нацагдорж нь 2016 оны 8 дугаар сарын 7-ноос 8-ны өдөр хүртлэх хугацаанд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны жолооч, цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхдаа тус хэлтсийн хүлээлгийн өрөөнд гомдол гаргахаар ирсэн иргэн Б.Батжавын баруун гарыг мушгин хугалж, хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Нацагдоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Нацагдоржийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ч.Нацагдоржийг 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Ч.Нацагдорж нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ч.Нацагдорж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Нацагдоржийн өмгөөлөгч Ц.Батхүү гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Ч.Нацагдорж нь 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаа, жолоочоор томилогдон албан үүргээ гүйцэтгэж байсан ба шөнийн 23 цагийн орчим Б.Батжав тус Цагдаагийн хэлтэс дээр бусдад дээрэмдүүлсэн гэж ирэхдээ согтуу байсан учир Ч.Нацагдорж “та маргааш ирж гомдлоо гарга, эсхүл одоо бичээд өг” гэж хэлэхэд нь дээрэмдүүлчихээд байхад арга хэмжээ авсангүй “муусайн юмнууд татварын мөнгөөр цалинждаг, хувцасны гол ...” гэх мэтээр хэлж, 2-3 удаа орж гарч, орж ирэх бүрдээ зохисгүй үг хэлж, маргаан үүсгэсэн байдаг. Хохирогч согтуу, маргаан үүсгээд байсан учир түүнийг эрүүлжүүлэх шаардлагатай байсан. Ингээд түүнийг эрүүлжүүлэх гэхэд биедээ хүргэхгүй чангалах, хөшиж зогсох, биеэрээ Ч.Нацагдоржийг нударч эсэргүүцээд байсан тул “Цагдаагийн байгууллагын албан хаагч албан үүрэг гүйцэтгэхдээ тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх” зааврын 5.2-д Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол биеийн хүч хэрэглэж болох тухай зааж, зөвшөөрснөөр хохирогчид биеийн хүч хэрэглэн баруун гарыг мушгих үед далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан юм. Уг хүндэвтэр зэргийн гэмтлийг шүүгдэгчийг санаатайгаар учруулсан гэж үзээд ял шийтгэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр үйлдэгддэг бөгөөд субъектив тал нь гэм буруугийн шууд ба шууд бус санаатай хэлбэрээр илэрдэг. Шууд санаа нь хор уршгийг зориуд хүсч үйлддэг бол шууд бус санаа нь тухайн хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байдаг. Үүнээс үзэхэд гэм буруутай эсэхийг Эрүүгийн хуульд заасан хор уршгийг учруулснаар бус уг үйлдлийг гэм буруугийн санаатай, болгоомжгүй хоёр хэлбэрээр үйлдэгдсэн эсэхийг субъектив талын үндсэн шинж болгон авч үздэг.

Шүүгдэгч болон хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа, хохирогчийн биед гэмтэл учруулах санаа зорилго Ч.Нацагдоржид байгаагүй. Харин хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлснөөс болж, түүний биед болгоомжгүй байдлаар гэмтэл учруулсан юм. Гэмт хэргийг зүйлчлэхдээ тухайн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар бүлэг, төрөл, зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй хэрхэн нийцэж байгаагаар нь авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, тодорхой төрлийн гэмт хэрэг гэдэг ойлголт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүрээгээр хязгаарлагддагтай адил гэмт хэргийн зүйлчлэл мөн энэ хүрээгээр тодорхойлогддог. Үүнээс үзвэл нийгэмд аюултай байсан ч эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй, хууль бус үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй. Ч.Нацагдоржийн үйлдлийн улмаас Б.Батжавын биед хүндэвтэр гэмтэл учирсан боловч энэ гэмтлийг болгоомжгүй хэлбэрээр учруулсан тул гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үгүйсгэх юм. Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тодорхойлогдоогүй гэмт явдлыг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, мөн эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх зарчимтай. Өөрөөр хэлбэл, болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулах талаар эрүүгийн хуульд заагаагүй. Иймээс эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг нягтлан шалгасан боловч гэмт этгээдийн гэм буруутайд эргэлзээ төрөх, Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар Ч.Нацагдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Ч.Нацагдорж Цагдаагийн байгууллагад 18 настай байхдаа ажилд орж, 12 жил орчим Цагдаагийн байгууллагын хүнд хүчир, цаггүй ажлыг хийхдээ ямар нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд албан үүргээ гүйцэтгэж байгаад болгоомжгүй үйлдлийн улмаас ажил, амьдралаараа хохирох болсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч Ч.Нацагдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Ч.Нацагдорж гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 5 настай, 1 нас 7 сартай 2 хүүхэдтэй. Залуу гэр бүл тул өрх гэрээ босгох гэж зээл авсан байгаа. Би төрийн тусгай албанд ажилладаг тул хэрвээ ял шийтгэгдсэн тохиолдолд цагдаагийн албан үүргээсээ шууд чөлөөлөгдөх ёстой. Тиймээс надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч Б.Батжав гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гэртээ харихаар явах замдаа 4 залууд гар утас, 20.000 төгрөгөө дээрэмдүүлсэн. Сансарын 33 дугаар сургуулийн орчимд шинээр барьсан хорооны хажууд 3-4 цагдаа зогсож байхаар нь очоод дээрэмдүүлсэн тухайгаа хэлэхэд маргааш 2 дугаар хэлтэс дээр очиж өргөдөл өг гэсэн. Би дөнгөж сая дээрэмдүүлсэн, намайг дээрэмдсэн залуус холдоогүй байгаа гээд маргалдсан. Тэдгээр цагдаа нар тоохгүй байсан тул би таксинд сууж Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү очсон. Жижүүрийн ширээн дээр Ч.Нацагдорж сууж байсан бөгөөд болсон хэргийн талаар ярихад “ахаа та согтуу байна. Маргааш 2 дугаар хэлтэс дээр очиж өргөдлөө өг” гэхэд нь согтуу байсан учир миний уур хүрч элдэв үгээр доромжилсон. Тэгээд гадаа гарч тамхи татаад байж байгаад нөгөө болсон явдал бодогдоод уур хүрээд байхаар нь буцаж Цагдаа руу ороод маргаж, хэрүүл үүсгэсэн. Тэгэхэд Ч.Нацагдорж таныг саатуулна гэсэн. Ингээд гарах гээд хаалга руу алхах үед хүзүү орчимоор цамцнаас татахаар нь биеэ чангалан зогсож эсэргүүцсэн. Тэгэхэд миний гарыг мушгих үед гар эвгүй болж өвдсөн. Ч.Нацагдорж надад санаатайгаар гэмтэл учруулаагүй, эрүүлжүүлэх гэхэд нь би эсэргүүцэл үзүүлээгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан болов уу гэж бодоод одоо ч харамсдаг.

Би анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн үеэс л гомдол саналгүй, согтуугаар Цагдаагийн байгууллагад очиж маргаан, хэрүүл үүсгэн, эрүүлжүүлэх гэхэд нь эсэргүүцэл үзүүлснээс болж миний гарыг болгоомжгүйгээр хугалсан гэдгээ мэдүүлж байсан. Одоо ч энэ үгээ хэлж байна. Согтуугийн балагаар өөрийн үр хүүхэд шиг хүний ажил, амьдралыг ийм байдалд оруулж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Ч.Нацагдорж намайг гэмтээх гэсэн санаатай үйлдэл хийгээгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Нацагдоржид холбогдох хэргийн бүрдэл хангагдсан. Хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаарлагыг хангасан байх тул хэвээр үлдээх саналтай байна. Ч.Нацагдорж нь 2016 оны 8 дугаар сарын 7-ноос 8-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны жолооч, цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхдаа тус хэлтсийн хүлээлгийн өрөөнд гомдол гаргахаар ирсэн иргэн Б.Батжавын баруун гарыг мушгин хугалж, хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Ч.Нацагдоржид холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Ч.Нацагдорж нь 2016 оны 8 дугаар сарын 7-нд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны жолооч, цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхдаа, 23 цаг 30 минутын үед тус хэлтсийн хүлээлгийн өрөөнд гомдол гаргахаар ирсэн иргэн Б.Батжавыг “чи мулгуу юм” гэх зэрэг үг хэллэгээр доромжиллоо гэдгээр шалтаглан түүний баруун гарыг мушгиж, улмаар дээш татахдаа баруун атгаал ясны далд хугарал, баруун хөмсөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Батжавын “... 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр ... би Сансарын колонкын буудал дээрээс 1000 төгрөгийн унаанд суух гээд 13 дугаар хорооллын автобусны буудлаас Сансарын колонк руу алхсан. Сансарын колонкын саравч ороод тамхи татаад сууж байтал 20 орчим насны 4 залуу ирээд галаа өгөөч гэхээр нь галаа өгсөн. Мөн нэг нь тамхи гуйхаар нь өгсөн. 2 залуу нь миний 2 талд суугаад 2 гарнаас бариад өмдний халаасанд байсан Нокиа-А75 загварын гар утас болон баруун халаасанд байсан 20.000 төгрөгийг авсан. Би “ахыгаа битгий зодоорой” гэж хэлсэн чинь нөгөө залуучууд яваад өгсөн. Би Сансарын үйлчилгээний төвийн чанх урд талд байрлах хороон дээр очиход 4 цагдаа үүдэнд нь сууж байсан.  Би дөнгөж сая дээрэмдүүлчихлээ гэсэн чинь халзан толгойтой, цагдаагийн ахмад цолтой залуу “Маргааш өргөдлөө Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргах хэрэгтэй” гэхээр нь “дөнгөж сая дээрэмдүүлсэн. Тэд нар холдоогүй байгаа”  гэсэн чинь “маргааш өргөдлөө өг” гэхээр нь би “та нарыг хэлдэг газарт чинь хэлнэ” гээд зүүн доошоо алхаад замаас такси бариад Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ойролцоогоор 23 цаг 30 минутад ирсэн. Өмдний арын халаасанд байсан 3000 төгрөгөө таксинд өгсөн. Цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимын ширээний ард цагдаагийн ахлагч сууж байхаар нь очоод “би сая дээрэмдүүлчихлээ. Танай цагдаа нар тэнд байхаар нь хэлсэн чинь тоохгүй байна. Өргөдлөө өгнө” гэсэн чинь нөгөө цагдаа “Та маргааш Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдлөө өг” гэсэн. Ингээд би тэр цагдаатай өргөдлөө өгмөөр байна гэж маргалдаж байгаад харих гэж гараад Цагдаагийн хэлтсийн үүдэнд тамхи татсан. Уурандаа буцаж ороод нөгөө цагдаа руу “чамайг даргад чинь хэлнэ. Хүн дээрэмдүүлчихээд байхад яагаад үл тоодог юм. Би зодуулсан” гэж хэлээд фудболкоо сөхөж үзүүлээд эргээд хаалгаар гарахаас өмнө “чи мулгуу юм” гэсэн чинь нөгөө цагдаа араас гүйж ирээд фудболкны захаас татаж газар унагаад баруун гарыг ард мушгих үед миний гар эвгүй болсон. Намайг татаж унагаад гар ард мушгих үед нэг цагдаа гүйж ирээд шилэн хүзүүн дээр дарсан. Би энэ 2 цагдаад гар эвгүй болчихлоо гэсэн чинь гар мушигсан цагдаа гар тавьсан. Нөгөө цагдаа нэг өвдгөөрөө нуруун дээр дараад баруун гар дээш нь татах үед гар янгинаад явчихсан. Би баруун гараа бариад шалан дээр хэсэг суугаад “миний гар эвгүй болчихлоо. Мөр янгинаад байна” гэхэд нөгөө 2 цагдаа юм хэлээгүй. Би автобусны буудал руу явж байхад гар янгинаад байсан тул нөгөө гар мушигсан цагдаагийн нэрийг асуух гээд Цагдаагийн хэлтэс рүү буцаад орсон. Нөгөө цагдаа зогсож байхаар нь “миний баруун гарыг чи гэмтээчихлээ. Чамд гомдолтой. Чи нэрээ хэл” гэхэд өөрийгөө “Нацагдорж” гэж хэлсэн. Би гэртээ хариад унтах гэтэл шөнөжингөө баруун гар өвдөөд хоносон. Өглөө нь гэмтлийн эмнэлэг ороод зураг авахуулсан чинь баруун мөрний доод хэсгээр баруун атгаал яс нь хугарсан байна гэсэн” /хх-ийн 5 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батпүрэвийн “...2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 9 цагаас 8-ны өдрийн 9 цаг хүртэл хугацаанд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн конторын үүрэг гүйцэтгэсэн. Би 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 23 цагийн үед жижүүрийн ахлахын өрөөнд орж дуудлагын хуудас шивэхээр болоод байж байтал гаднаас Саатуулах байрны цагдаа, жолооч Ч.Нацагдорж орж ирэхээр нь “миний найз түр сууж байгаач, жижүүрийн ахлахын өрөө ороод юм шивээд ирье” гэсэн. Ингээд Нацагдорж миний оронд ширээн дээр суугаад үлдсэн. Би жижүүрийн ахлахын өрөөнд ороод 10-15 минут дуудлагын хуудас шивсэн. Намайг өрөөнөөс гарч ирэхэд конторын цагдаагийн ширээний хажууд Нацагдорж зогсож байсан бөгөөд 1 согтуу хүн Нацагдорж руу “та нар муусайн юмнууд татварын мөнгөөр цалинждаг биз дээ. Даргад чинь хэлнэ. Дээрэмдүүлчихээд байхад яагаад үл тоодог юм” гэж хэл амаар доромжилж байсан. Би буцаж жижүүрийн ахлахын өрөө рүү хальт ороод гарч ирэхэд нөгөө согтуу хүн Нацагдорж руу “муу мулгуу, хувцасны гол” гэхэд нь Нацагдорж “таныг эрүүлжүүлнэ шүү” гэхэд хаалга руу зүглэж алхаад эргэж хараад фудболкаа сөхөж үзүүлээд “чи мулгуу юм уу. Би бие муутай. Чам шиг юм намайг эрүүлжүүлж чадахгүй” гээд хаалгаар гарах үед нь Нацагдорж гүйж очоод нөгөө хүний фудболкны захны ард талаас татаж газар унагаад баруун гарыг өчиж ард нь мушигсан. Энэ үед би нөгөө хүний шилэн хүзүүн дээр нь баруун гараараа дарсан. Тэгтэл нөгөө хүн “ёо ёо. Гар эвгүй болчихлоо” гэсэн чинь Нацагдорж гарыг нь тавьсан. Нацагдорж нөгөө согтуу хүний гарыг мушгих үед “так” гэсэн чимээ гарахаар нь би Нацагдоржид “наад хүний чинь гар нь эвгүй болчих шиг боллоо. Боль” гэж хэлсэн. Нөгөө хүн зүүн гараараа баруун гарын мөрөө дарж “миний гар эвгүй болчихлоо” гээд шалан дээр хэсэг сууж байгаад явсан. Удалгүй буцаж орж ирээд “миний гарыг чи гэмтээчихлээ. Чамд гомдолтой. Чи нэрээ хэл” гэхэд нь Нацагдорж нэрээ хэлж байсан. Ингээд нөгөө согтуу залуу гарч яваад дахиж ирээгүй” /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Л.Ууганбаярын “...2016 оны 8 дугаар сарын 7-ны 9 цагаас 8-ны 9 цаг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах офицерын үүргийг гүйцэтгэсэн. Конторын цагдаагаар цагдаагийн ахлах ахлагч Ц.Батпүрэв гарсан. 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад би саатуулах байр болон хэлтсийн гадна талыг шалгаад явж байхад конторын цагдаагийн ширээн дээр саатуулах байрны цагдаа Нацагдорж ганцаараа сууж байсан бөгөөд дээгүүрээ саарал өнгийн фудболктай билүү цамцтай согтуу хүн Нацагдоржийн ширээний өмнө зогсоод орилж хашигчаад байсан. Одоо уг согтуу хүн юу гэж хэлснийг нь санахгүй байна. Ямар ч байсан Нацагдорж руу дайрч, давшилсан үг хэлж байсан. Тэгээд би жижүүрийн өрөөндөө байж байхад коридорт нэг хүн орилоод байхаар нь өрөөнөөсөө гараад харахад нөгөө согтуу шалан дээр баруун гараа бариад явган суучихсан хажууд нь Нацагдорж зогсож байхаар нь би Нацагдоржид “наад хүнээ явуулаа” гэж хэлээд шууд гадагш гараад буцаад орж ирэхэд өмнөөс нөгөө согтуу зөрөөд гарч байсан. Удалгүй араас нь Нацагдорж гарсан. Үүнээс цааш юу болсон талаар би мэдэхгүй байна. ...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шинжээч Н.Туяагийн “...Мохоо зүйлийн хүчээр үүсгэгдэнэ. Б.Батжавын баруун гарыг мушигсанаас дээрх гэмтэл үүсэх боломжтой. Зулгаралт нь унах үед үүсэх боломжтой. ... Харин далд хугарал бүхий гэмтэл учирсан байна. ...” /хх-ийн 32 дугаар хуудас/,

Ч.Нацагдоржийн яллагдагчаар өгсөн “...Б.Батжавыг хаалгаар гарах үед нь би гүйж очоод фудболкны захны ард талаас татаж газар унагаад баруун гарыг нь өчиж ард нь мушигсан. Энэ үед Батпүрэв хүрч ирээд Батжавын шилэн хүзүүн дээр нэг гараараа дарсан. Батжавын баруун гарыг нь өчөөд мушгих үед “ёо ёо. Ах нь одоо харьлаа. Ахыгаа уучлаарай” гэхээр нь баруун гарыг нь тавьсан. Тэгтэл Батжав баруун гарын мөрөө зүүн гараараа бариад шалан дээр хэсэг суугаад миний баруун гар эвгүй болчихлоо гээд гараад явсан. Удалгүй Батжав дахин орж ирээд надад “миний баруун гарыг чи гэмтээчихлээ. Чамд гомдолтой. Чи нэрээ хэл” гэхээр нь “намайг Нацагдорж гэдэг” гэж хэлсэн чинь “хоёулаа уулзана аа” гээд явсан. Би Батжавын гарыг өчиж мушигсан. Гэхдээ гарыг нь хугартал өчиж мушигаагүй. ...” /хх-ийн 46-48 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11253 дугаар дүгнэлтэд “... Б.Батжавын биед баруун атгаал ясны далд хугарал, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. … Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Б.Батжавын “... Уурандаа буцаж ороод нөгөө цагдаа руу “чамайг даргад чинь хэлнэ. Хүн дээрэмдүүлчихээд байхад яагаад үл тоодог юм. Би зодуулсан” гэж хэлээд фудболкоо сөхөж үзүүлээд эргээд хаалгаар гарахаас өмнө “чи мулгуу юм” гэсэн чинь нөгөө цагдаа араас гүйж ирээд фудболкны захаас татаж газар унагаад баруун гарыг ард мушгих үед миний гар эвгүй болсон. ... Нөгөө цагдаа нэг өвдгөөрөө нуруун дээр дараад баруун гар дээш нь татах үед гар янгинаад явчихсан. Би баруун гараа бариад шалан дээр хэсэг суугаад “миний гар эвгүй болчихлоо. Мөр янгинаад байна” гэхэд нөгөө 2 цагдаа юм хэлээгүй. …” /хх-ийн 5 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батпүрэвийн “... Би буцаж жижүүрийн ахлахын өрөө рүү хальт ороод гарч ирэхэд нөгөө согтуу хүн Нацагдорж руу “муу мулгуу, хувцасны гол” гэхэд нь Нацагдорж “таныг эрүүлжүүлнэ шүү” гэхэд хаалга руу зүглэж алхаад эргэж хараад фудболкаа сөхөж үзүүлээд “чи мулгуу юм уу. Би бие муутай. Чам шиг юм намайг эрүүлжүүлж чадахгүй” гээд хаалгаар гарах үед нь Нацагдорж гүйж очоод нөгөө хүний фудболкны захны ард талаас татаж газар унагаад баруун гарыг өчиж ард нь мушигсан. Энэ үед би нөгөө хүний шилэн хүзүүн дээр нь баруун гараараа дарсан. Тэгтэл нөгөө хүн “ёо ёо. Гар эвгүй болчихлоо” гэсэн чинь Нацагдорж гарыг нь тавьсан. Нацагдорж нөгөө согтуу хүний гарыг мушгих үед “так” гэсэн чимээ гарахаар нь би Нацагдоржид “наад хүний чинь гар нь эвгүй болчих шиг боллоо. Боль” гэж хэлсэн. …” /хх-ийн 26-27 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Сиди-нд үзлэг хийсэн “… 23 цаг 36 минут 07 секунтэд хохирогч Б.Батжав руу Ч.Нацагдорж дөхөх үед хохирогч Б.Батжав гарах хаалга руу чиглэж хаалганы наана очоод буцаж эргээд 3 алхам алхаад цамцаа дээш нь сөхөөд гэдсээ харуулах үед Ч.Нацагдорж өмнөөс нь алхаж очилоо. Хохирогч эргээд хаалгаар гарах гэхэд буюу 23 цаг 36 минут 18 секунтэд Ч.Нацагдорж хохирогчийн цамцны захны араас татаж газар унагаах үед баруун талаас гарч ирсэн цагдаа /гэрч Ц.Батпүрэв/ Ч.Нацагдоржийн араас очив. Ч.Нацагдорж хоёр гараараа хохирогч Б.Батжавыг шалан дээр унагаад баруун гарыг нь ард нь мушгиад дээш нь татах үед хохирогч нүүрээрээ шал мөргөж байв. Энэ үед гэрч Ц.Батпүрэв хохирогч Б.Батжавын шилэн хүзүүн дээр нь баруун гараараа дарав. Ч.Нацагдорж хохирогч Б.Батжавын нуруун дээр нь гараад хоёр гараараа хохирогчийн баруун гарыг нурууг нь дагуулж дээш нь татаж байгаад 23 цаг 36 минут 33 секундэд тавихад хохирогч Б.Батжав зүүн гараараа баруун гарын мөрөө бариад тэр дороо хагас бохирсон байдалтай сууж үлдэв. …” гэх тэмдэглэлээс /хх-ийн 16-18 дугаар хуудас/ үзэхэд:

Хохирогч Б.Батжав нь албан үүргээ гүйцэтгэж байсан Ч.Нацагдоржийг “чи мулгуу юм” гэх зэрэг үг хэллэгээр доромжлоод хаалгаар гарч явахад нь Ч.Нацагдорж араас нь очиж, хоёр гараараа хохирогч Б.Батжавыг шалан дээр унагаад баруун гарыг нь ард нь мушгиад дээш нь татах үед хохирогч нүүрээрээ шал мөргөсөн, гарыг мушгих үед “так” гэсэн чимээ гарсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.Батжавын гарыг мушгиж, гэмтэл учруулсан Ч.Нацагдоржийн үйлдэлд хайхрамжгүй хандсан, хөнгөмсөгөөр найдсан сэтгэхүйн харьцаа байхгүй байх бөгөөд харин хор уршгийг хүсээгүй боловч зориуд хүргэсэн шууд бус санаатай үйлдлийн шинж хадгалагдаж байна.

Түүнчлэн Цагдаагийн байгууллага, алба хаагч, албан үүргээ гүйцэтгэхдээ тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх зааврын 5 дугаар зүйлийн 5.1-д “Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхдээ … тухайн нөхцөл байдалд тохируулан биеийн хүчийг хэрэглэн тухайн этгээдийг хяналтдаа авах зорилггор хэрэглэнэ” гэж заажээ.

Дээрх хэргийн үйл баримтаас үзвэл Ч.Нацагдоржийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа Б.Батжавд хүч хэрэглэсэн үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохироогүй байна.

Ч.Нацагдоржид холбогдох хэргийн үйл баримтын талаар болон хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгажээ.

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Ч.Нацагдоржийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнийг 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд ялтан Ч.Нацагдорж, түүний өмгөөлөгч Ц.Батхүү, хохирогч Б.Батжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.