Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 35

 

Э.Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Цэцэгмаа,

Ялтан Э.Очирын өмгөөлөгч Х.Даваасүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Очир, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Очирт холбогдох эрүүгийн 201625021896 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эмч овогт Энх-Амарын Очир, 1995 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 178в тоотод оршин сууж байсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 272 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ЙЗ95032511/;

Э.Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн хуучин эцсийн автобусны буудлын орчим хохирогч Н.Баяр-Эрдэнийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, тодорхой шалтгаангүйгээр пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Очирт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Очирыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Э.Очирыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Очирт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Очир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Очир гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Халтар гэгчтэй маргалдан зогсож байхад хохирогч Б.Баяр-Эрдэнэ миний биед халдан араас уяагаар боож, ухаан алдуулсан. Хэсэг хугацааны дараа сэргэхэд таягаараа цохин, хэдэн талаас өшиглөж байсан. Би амиа хамгаалан зугтаад хэсэг хугацааны дараа дэлгүүрээс шилтэй пиво авч уугаад нөгөө газраа очиж байхад цагдаа ирчихсэн байсан. Над руу заагаад тэр байна гэж хэлэхэд нь би ууж байсан пивоо газар шидсэн. Би хохирогчтой зодолдож, түүнийг цохисон зүйл байхгүй. Гэтэл хохирогч Б.Баяр-Эрдэнэ болон түүний найз нөхөд, тэдний талын хүмүүс худал мэдүүлэг өгсөн. Мөн мөрдөн байцаагч Нямдорж шүүх хуралдаанд “цохисон гэж хэлээд хэргээ хүлээж, хохирлоо төлсөн тохиолдолд тэнсэн суллах болно” гэж ухуулга хийсэн ба “хэрвээ хэргээ хүлээхгүй бол шүүгч, прокурор чамайг зууж өндөр ял өгөх болно” гэсэн үгэнд нь мунхран хилс хэрэг хүлээсэн болно. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, энэ хэргийг дахин шалгуулж өгнө үү. ...” гэжээ.

Өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Хэргийн сэдэлтийг зөв тогтоож чадаагүй, зүйлчлэл буруу хийгдсэн гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоохгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, хэт яллах талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хэргийн бодит байдлыг тогтоох, зүйлчлэлийг зөв хэрэглэх, гэмт хэрэг хохирогчийн буруутай үйлдлээс болж гарсан эсэхийг тогтооход ач холбогдолтой байж болох гэрчийг асуугаагүй. Хэрэгт хамааралтай, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт бүрдээгүй, эргэлзээ бүхий нөхцөл байхад нотлох баримтыг дутуу үнэлж, гэм буруугийн байдал, сэдэл, шалтгаан нөхцлийг тогтоогоогүй, хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Э.Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул хэргийн бодит байдлыг үнэн зөв, эргэлзээгүй үнэлэхэд нотлох баримт хангалтгүй байна. Иймд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж, гэм бурууг хөдөлбөргүй тогтоох хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэжээ.

Өмгөөлөгч Х.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн. Гэтэл хэрэг бүртгэгч Мөнхтуяа анх хэргийг шалгаад эрүүгийн хэрэг биш байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Дараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл энэ хэрэг нь явсаар байгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болсон. Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 91-95 дугаар зүйлд тус тус заасан нотлох ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд хэргийг бүх талаас нь бодитойгоор шалгах ёстой гэж заасан байтал энэ ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг гарах болсон шалтгаан, хэргийг хэн үйлдсэн талаар нарийвчлан тогтоож чадаагүй. Хэрэгт авагдсан мэдүүлгүүд зөрүүтэй байна. Тухайн хэрэг гарах үед байсан гэх Ц.Ганбаатар “Э.Очир шилээр цохиогүй” гэж мэдүүлдэг. Гэтэл хохирогч Б.Баяр-Эрдэнэ “миний толгой руу шилээр цохисон” гэж мэдүүлдэг. Э.Очирын хувьд анхнаасаа шилээр цохиогүй гэдгээ хэлсээр ирсэн. Анх Э.Очичр нь Халзан гэх хүнтэй маргалдсан гэдэг. Гэтэл хэргийн гол гэрч болох Халзанаас гэрчийн мэдүүлэг аваагүй. Халзан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, хэрэгт оролцсон гол гэрч учраас Халзанг заавал шалгах хэрэгтэй. Тухайн үед өдрийн 12 цаг болж байсан. Хэдийгээр хохирогч шилээр цохиулсан гэж байгаа боловч тухайн шил нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаагүй. Цохьсон шилэн дээр Э.Очирын хурууны хээ илрээгүй. Хэрэг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан, харин шүүх эмнэлгийн дүгнэлт 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр буюу хэрэг гарснаас хойш 5 хоногийн дараа гарсан. 6 дугаар сарын 23-наас 28-ны өдөр хүртлэх хугацаанд Б.Баяр-Эрдэнэ өөр байдлаар гэмтэл авсан байж болно. Б.Баяр-Эрдэнийн мэдүүлэгт “Би өмнө тархиндаа гэмтэл авч байсан. Толгой их өвддөг” гэсэн байдаг. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэд гэмтлийг хэзээ авсан эсэхийг тогтоогоогүй байдаг. Хэрвээ хохирогч тухайн өдөр гэмтэл авсан бол, үнэхээр хохирогч эргүүлийн цагдааг очиход толгойдоо шилээр цохиулсан байсан бол толгойноос нь цус гараад хувцас нь цус болсон байх байсан. Гэтэл тухайн үед Б.Баяр-Эрдэнийн толгойноос цус гарсан зүйл байгаагүй гэдгийг Э.Очирын ээж, хэргийн газарт очсон эргүүлийн цагдаа нар хэлдэг. Хэргийн газарт очсон эргүүлийн цагдаа мэдүүлэг өгөхдөө “Э.Очир энэ 4 хүн намайг дээрэлхсэн” гэж хэлсэн гэдэг. Тиймээс энэ хэрэг танхайн сэдэлттэй байсан уу, эсхүл хувийн сэдэлттэй байсан уу гэдгийг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Э.Очир нь хэргийн гол гэрч болох Халзантай маргалдаж байхад Б.Баяр-Эрдэнэ боож унагаснаар зодоон эхэлсэн гэдэг. Гэтэл Б.Баяр-Эрдэнэ эсэргээрээ “намайг Э.Очир боосон” гэж мэдүүлдэг. Тухайн үед хэргийн газарт очсон цагдаа нар “Э.Очирын хоолой боогдоод улайсан, өрөөсөн нүд нь хөхөрсөн” байсныг мэдэж байсан. Гэтэл цагдаа нар “чи энэ хүнийг зодсон юм чинь хэргээ хүлээхгүй бол болохгүй. Хүн зодсон хүн өөрийнхөө хоолойны улаан, нүдний хөхрөлтийг эмнэлэгт үзүүлээд байх шаардлага байхгүй” гээд шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол гаргаж өгөөгүй тул Э.Очир шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй. Мөнгөн гинж хүзүүнд нь байсан гэх асуудал яригддаг. Мөнгөн гинжийг дүүргийн үнэлгээний комисс 140.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Гэтэл тухайн гинж нь Б.Баяр-Эрдэнийн хоолойд байсан уу гэдэг нь тодорхой бус. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар бүх талаас нь судлаж, шинжлэх, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Э.Очир нь хийгээгүй хэрэгтээ 3 жил 6 сарын хорих ял авсан учраас гомдол гаргасан. ...” гэв.

Прокурор Б.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн эцэг, эх нь оролцоогүй. Өмгөөлөгч М.Алтанцэцэг, Э.Очир өөрөө найз охинтойгоо хамт ирж оролцсон. Гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүй талаар маргасан зүйл байхгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Шүүгдэгчийн хүсэлтээр хохирогч Б.Баяр-Эрдэнэ өөрөө шүүх хуралдаанд оролцож, шүүхийн шинэчилсэн байцаалтын явцад мэдүүлгээ тодорхой өгсөн. Гэмт хэрэг юунаас болж гарсан, хохирогч ямар хууль ёсны шаардлага тавьсан талаараа тодорхой мэдүүлээд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ хэлсэн. Анх хэрэг бүртгэгч Мөнхтуяа прокурорт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан. Эцсийн шийдвэрийг прокурор гаргадаг тул хэргийн материалыг хянан шийдвэрлэх явцад танхайн гэмт хэргийн шинжтэй байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаагч Нямбаяр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгааныг хохирогч шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтын явцад болон мөрдөн байцаалтын шатанд тодорхой хэлдэг. Хохирогч “Ахмад настай хүн рүү элдэв янзын үг хэлээд дайраад байхаар нь чи ингэж хэлж болохгүй гэж хэлсний төлөө миний толгой руу пивоны шилээр цохисон” гэж мэдүүлдэг тул гэмт хэрэг гарах болсон шалтгаан тодорхой байсан. Мөн хохирогч анх гэмтэл авсан үедээ 103 дуудлагаар эмнэлгийн тусламж үзүүлсэн талаар Б.Баяр-Эрдэнийн эхнэр, гэрч Эрдэнэсувд “тэр өдөр манай нөхөр гудамжинд явж байгаад толгой руугаа шилээр цохиулчихлаа гээд орой ажлаас ирэхэд толгойгоо боосон байсан” гэж мэдүүлдэг. Шинжээч эмч Ганзоригоос дүгнэлтийг нь тодруулж асуухад “тухайн гэмтлийг гэмт хэрэг гарах үед авсан байна” гэдгийг тодорхой мэдүүлсэн байдаг учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Э.Очирт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Э.Очир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн хуучин эцсийн автобусны буудлын орчим хохирогч Н.Баяр-Эрдэнийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, тодорхой шалтгаангүйгээр пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Баяр-Эрдэнийн “...2016 оны 6 дугаар сарын 23-ны 13 цагийн үед хотын төвөөс автобусанд суугаад гэр лүүгээ ирж байсан юм. Тэгээд эцсийн буудал дээр буугаад танил Ганбаатар ахтай уулзаад байж байтал үл таних залуу ирээд Ганбаатар ахтай цуг явж байсан нэг ахтай маргалдаад, хэрэлдээд байхаар нь би хажуунаас нь “чи аав шигээ хүнтэй битгий маргалдаад байгаач” гээд хэлтэл “чамд хамаагүй” гээд яваад өгсөн. Тэгснээ бор шилтэй пиво барьчихсан ирсэн. Тэгээд үг дуугүй миний толгойд нөгөө шилтэй пивороо цохиод толгой хагалчихсан. ... Намайг Ганбаатар ахтай юм яриад зогсож байхад миний араас шил барьж байгаад толгой руу цохисон. ...” /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ганбаатарын “...Халтарын хамт яриад зогсож байхад манай талийгаач дүүгийн найз Баяр-Эрдэнэ автобуснаас буугаад бид 2 дээр ирж уулзсан юм. Тэгээд бид гуравыг юм яриад зогсож байхад нилээд халамцуу залуу ирээд манай найз Халтар руу дайраад байхаар нь Баяр-Эрдэнэ “чи настай хүнийг яах гээд байгаа юм” гэж хэлээд барьцалдаж аваад хоорондоо цохилцохоор нь би арай гэж тэр хоёрыг салгаж явуулсан юм. Тэгсэн чинь тэр залуу Ууган төвийн дэлгүүр дотроос гартаа пиво барьчихсан гарч ирээд пивоныхоо талыг уучихаад шилийг нь хагалаад зогсож байхад цагдаагийн алаг тэрэг ирэхэд тэр залуу зугтаагаад явсан. ... Тэр согтуу залуу Халтар луу дайраад байсан. Юунаас болсныг мэдэхгүй байна. Тэгээд Баяр-Эрдэнэ дундуур нь ороод барьцалдаж аваад хоорондоо цохилцоход нь би салгасан. Гэхдээ айхтар зодоон болоогүй. ...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Г.Зол-Эрдэнийн “... 2016 оны 6 дугаар сарын 23-ны 12 цаг 40 минутад Бэлх 10-аас Бэлхийн хуучин эцэс дээр хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад Н.Баяр-Эрдэнэ гэгчийг Э.Очир нь согтуурсан үедээ пивоны шилээр цохиж танхайрч байсныг таслан зогсоож, материалжуулан Бэлх 10-д хүлээлгэн өгсөн. ... Баяр-Эрдэнийн толгой хагарсан байсан. Э.Очирын биед гэмтэл байсан эсэхийг анзаарч хараагүй. ... Намайг очиход Очироос бусад нь “ийм пивоны шилээр цохисон” гээд Очирын барьж байсан пивоны шилийг зааж байсан. Тэрнээс өөр хагарсан шил тэр хавьд байгаагүй. ...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэсувдын “... намайг зах орох гээд явж байхад манай нөхөр Баяр-Эрдэнэ над руу 14.00 цагийн орчимд залгаад “би хүнд зодуулчихлаа. Чи хаана явна. Буцаад ир. Миний гинж алга болчихлоо” гэж ярьсан. Би хол явж байсан болохоор очиж чадаагүй. Эгчтэй нь утсаар холбогдоход Бэлхийн эцэс дээр хүнд зодуулаад толгойгоо хагалуулсан байна гэж ярьсан. Тэгээд би 19.00 цагийн үед яараад гэртээ очиход манай нөхөр толгойгоо боосон байсан ба боолтоо авчихсан, дэр цус болчихсон байсан. Би юу болсон талаар асуутал Бэлхийн эцэс дээр нэг өвгөнийг өмөөрсөн чинь тэр залуу ууж байсан пивоныхоо шилээр толгой руу цохиод, цагдаа дээр очсон чинь надад түргэн тусламж дуудаж үзүүлээд, нөгөө залууг батлан даалтад өгөөд явуулсан” гэж надад ярьсан. Манай нөхөр намайг очиход толгой өвдөж байна гээд хэвтэж байсан. ...” /хх-ийн 18 дугаар хуудас/,

Э.Очирын сэжигтнээр өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэчихээд өглөө нь гараад явж байсан. Бэлхийн эцэс дээр иртэл нэг өвөө тамхилчих гэсэн. Тэгэхээр нь тамхи өгсөн. Тэгтэл хамт зогсож байсан нэг хүн намайг боогоод авсан. Тэгэхээр нь би тэр хүнийг цохиод хойшоо ухарсан. Дахиад сэрсэн чинь цагдаа ирсэн. Тухайн үед би согтуу байсан. Би болсон хэргийн талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан гараараа цохиж байснаа санаж байна. Тэдгээр хүмүүсийг би танихгүй. ...” /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Э.Очирын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд Бэлхийн эцсийн буудал дээр зогсож байтал хэдэн ах нар байсан. Тэгээд нэг ах хүү надаас тамхи асуухаар нь би нэг ширхэг тамхи өгсөн. Тэгтэл манай хашаанд байсан Халтар гэдэг ах байсан. Тухайн үед тэр Халтар манай хашаанд байхдаа тогны мөнгө тушаахгүй өрөнд оруулаад нүүгээд явсан байсан. Би Халтартай тогны мөнгөний асуудлаас болж маргасан. Халтартай барьцалдаж авахад хохирогч Баяр-Эрдэнэ намайг араас татан боож унагаасан. Тэгээд намайг унахад хажуу талаас цохисон. Тухайн үед би ухаан балартсан байсан. Мөн цуг явж байсан суга таягтай хүн намайг таягаараа цохисон. Тэгээд би тэд нараас салж яваад буцаж очоод пивоны шилээр хохирогчийн толгойн тус газарт цохисон. Тэгээд удалгүй эргүүлийн цагдаа авч явсан. ... намайг унагаасны дараа би тэд нараас салаад дэлгүүр ороод пиво авч уугаад тэр шилээр нь хохирогчийн толгойн тус газарт цохиж гэмтэл учруулсан. …” /хх-ийн 97 дугаар хуудас/,

Шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Хохирогчид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Шилээр цохиход үүсэх боломжтой. ...” /хх-ийн 99 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “...Баяр-Эрдэнийн биед зулайн сорви, баруун нүдний гадна булан, баруун шуу, сарвуунд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх /хх-ийн 22 дугаар хуудас/ 9404 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Н.Баяр-Эрдэнийн “... Тэгээд эцсийн буудал дээр буугаад танил Ганбаатар ахтай уулзаад байж байтал үл таних залуу ирээд Ганбаатар ахтай цуг явж байсан нэг ахтай маргалдаад, хэрэлдээд байхаар нь би хажуунаас нь “чи аав шигээ хүнтэй битгий маргалдаад байгаач” гээд хэлтэл “чамд хамаагүй” гээд яваад өгсөн. Тэгснээ бор шилтэй пиво барьчихсан ирсэн. Тэгээд үг дуугүй миний толгойд нөгөө шилтэй пивороо цохиод толгой хагалчихсан. ...” /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ганбаатарын “...Тэгээд бид гуравыг юм яриад зогсож байхад нилээд халамцуу залуу ирээд манай найз Халтар руу дайраад байхаар нь Баяр-Эрдэнэ “чи настай хүнийг яах гээд байгаа юм” гэж хэлээд барьцалдаж аваад хоорондоо цохилцохоор нь би арай гэж тэр хоёрыг салгаж явуулсан юм. Тэгсэн чинь тэр залуу Ууган төвийн дэлгүүр дотроос гартаа пиво барьчихсан гарч ирээд пивоныхоо талыг уучихаад шилийг нь хагалаад зогсож байхад цагдаагийн алаг тэрэг ирэхэд тэр залуу зугтаагаад явсан. ... Тэр согтуу залуу Халтар луу дайраад байсан. Юунаас болсныг мэдэхгүй байна. Тэгээд Баяр-Эрдэнэ дундуур нь ороод барьцалдаж аваад хоорондоо цохилцоход нь би салгасан. Гэхдээ айхтар зодоон болоогүй. ... Шилээ барьчихаад хашааны хашлага руу цохиж хагалсан. ...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Г.Зол-Эрдэнийн “... 2016 оны 6 дугаар сарын 23-ны 12 цаг 40 минутад Бэлх 10-аас Бэлхийн хуучин эцэс дээр хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад Н.Баяр-Эрдэнэ гэгчийг Э.Очир нь согтуурсан үедээ пивоны шилээр цохиж танхайрч байсныг таслан зогсоож, материалжуулан Бэлх 10-д хүлээлгэн өгсөн. ... Баяр-Эрдэнийн толгой хагарсан байсан. Э.Очирын биед гэмтэл байсан эсэхийг анзаарч хараагүй. ... Намайг очиход Очироос бусад нь “ийм пивоны шилээр цохисон” гээд Очирын барьж байсан пивоны шилийг зааж байсан. Тэрнээс өөр хагарсан шил тэр хавьд байгаагүй. ...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

Э.Очирын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд нэг ах хүү надаас тамхи асуухаар нь би нэг ширхэг тамхи өгсөн. … Би Халтартай тогны мөнгөний асуудлаас болж маргасан. Халтартай барьцалдаж авахад хохирогч Баяр-Эрдэнэ намайг араас татан боож унагаасан. … Тэгээд би тэд нараас салж яваад буцаж очоод пивоны шилээр хохирогчийн толгойн тус газарт цохисон. Тэгээд удалгүй эргүүлийн цагдаа авч явсан. ... намайг унагаасны дараа би тэд нараас салаад дэлгүүр ороод пиво авч уугаад тэр шилээр нь хохирогчийн толгойн тус газарт цохиж гэмтэл учруулсан. …” /хх-ийн 97 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд:

Н.Баяр-Эрдэнэ, Ц.Ганбаатар, Халтар нарыг ярилцаад зогсож байхад Э.Очир ирж, улмаар Халтартай маргалдахад Н.Баяр-Эрдэнэ нь уг зохисгүй харилцааг таслан зогсоохоор Э.Очир луу хандсанаас Н.Баяр-Эрдэнэ, Э.Очир нарын хооронд маргаан үүссэн боловч Э.Очир нь тэднийг орхин явж, тэрээр тодорхой хугацааны дараа дахин ирэхдээ пивоны шилээр Н.Баяр-Эрдэний толгойн тус газар цохиж, зулайн ар хэсэгт шарх бүхий /0.7х0.8 см, 0.4х0.1 см сорви/ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.

Дээрх байдлаар Н.Баяр-Эрдэний толгойн тус газар нь пивоны шилээр цохьсон Э.Очирын үйлдэл нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад дахин өөр гэрчийг байцааж,  хэргийн үйл баримтыг тодруулах зорилгоор тухайн үед байсан Халтар гэх хүнийг гэрчээр байцаах шаардлагагүй, Халтар, Э.Очир нарын хооронд эхлэн үүссэн маргаан нь Н.Баяр-Эрдэнэ, Э.Очир нарын хооронд үүссэн зөрчилтэй харилцаа, пивоны шилээр цохьсон үйлдэлтэй шууд хамааралгүй байна.

Э.Очир нь хохирогч Б.Баяр-Эрдэнийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг танхайн сэдэлттэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Ц.Ганбаатар нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “… Шилээр толгой руу нь цохиогүй. Шилээ барьчихаад хашааны хашлага руу цохиж хагалсан. … Гэхдээ яг шилээр цохиж гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. …” гэх зэргээр өөр өөр мэдүүлэг өгч эргэлзээтэй байдлыг үүсгэсэн байх боловч түүний мэдүүлгийн энэ хэсгүүд хохирогч Н.Баяр-Эрдэнэ, гэрч Г.Зол-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтын үед өгсөн, Э.Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр өгсөн тус тус мэдүүлгүүдээр тодорхой болсноор дүгнэлт хийх боломжтой болжээ.

Э.Очирт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгасан байх бөгөөд хохирогч Н.Баяр-Эрдэнэ, гэрч Ц.Ганбаатар, шүүгдэгч Э.Очир нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хэргийн үйл баримтыг тогтоож, уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Э.Очирын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

Иймд ялтан Э.Очир, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.