Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 37

 

Б.Содномпэлжээд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Гэрэлмаа,

Ялтан Б.Содномпэлжээгийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Содномпэлжээгийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Содномпэлжээд холбогдох эрүүгийн 201625013207 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Өтгийн тайжууд овогт Бүдрагчаагийн Содномпэлжээ, 1946 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 70 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрийн механикч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 4а хэсгийн 1586 тоотод оршин суух бүртгэлтэй, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтангадас” одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, /РД: ЧИ46102012/;

Б.Содномпэлжээ нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 1586 тоот хашааны гадаа “далангийн шороо нураалаа гэж П.Эрдэнэцэцэгийн ач Дэмчигжаргалыг загинахад П.Эрдэнэцэцэг нь өөрийн ачийг өмөөрөн “танай энэ муу хашааг яасан ч яадаг юм” гээд хашаа руу нь чулуу шидэхэд нь түүний нүүрэн тус газар нь цохиж, газарт унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Содномпэлжээд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Содномпэлжээг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномпэлжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Содномпэлжээд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Содномпэлжээ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Содномпэлжээгээс эмчилгээний зардалд 924.773 төгрөг гаргуулан хохирогч П.Эрдэнэцэцэгт олгож, үлдэх 436.487 төгрөгийг нотлох баримтаар шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Б.Содномпэлжээд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Содномпэлжээгийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Мөрдөн байцаалтын ажиллагаа, яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн илт буруутай үйлдлээс болж, Б.Содномпэлжээ нь бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон боловч Б.Содномпэлжээгийн уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.5, 55.1.6-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгааг шүүх харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан буюу “шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэх зарчмыг баримтлалгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Б.Содномпэлжээ нь өндөр настай, даралт нь байнга ихэсдэг, зүрх муутай, сонсголын түвшин бууралттай зэрэг биеийн байдлыг харгалзан үзэж Б.Содномпэлжээг тэнсэн харгалзах ялаар шийтгэх боломжтой байсан боловч шүүх 1 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Б.Содномпэлжээ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлбөрийг барагдуулна гэдгээ хэлсэн зэргийг харгалзан үзэх боломжтой байсан. … Шүүх хурлын дараа Б.Содномпэлжээ гуайн хүүхдүүд нь хохирогчийн хохирлыг барагдуулсан байдал болон Б.Содномпэлжээ гуайн эрүүл мэндийн байдал муудаж байн байн даралт нь ихсэн тархины цус харвалт өгөх аюултай байдалд байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Б.Содномпэлжээд холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Б.Содномпэлжээ нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжны 1586 тоот хашааны гадаа “далангийн шороо нураалаа гэж П.Эрдэнэцэцэгийн ач Дэмчигжаргалыг загинахад П.Эрдэнэцэцэг нь өөрийн ачийг өмөөрөн “танай энэ муу хашааг яасан ч яадаг юм” гээд хашаа руу нь чулуу шидэхэд нь түүний нүүрэн тус газар нь цохиж, газарт унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Эрдэнэцэцэгийн “... би 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчим гэртээ байхад хажуу айлын эмэгтэй Отгондаваа “хажуу айлын эмэгтэй танай ачийг зодоод байна” гэсэн. Гараад очиход эмгэн өвгөн хоёр хашааны гадаа миний ач Дэмчигжаргалыг загнаад байж байсан. Юу болсон талаар асуухад эмгэн нь “танай хүүхэд хашааны гадна талын шорооноос аваад байна” гэсэн. Тэгэхээр нь би хашааны гадна талын шороог авсан байна. Энэ чинь нийтийн өмч гээд уурлахад хойноос манай охин ирээд “манай дүүг гар луу нь төмрөөр цохисон гэнээ” гэхээр нь би уурлаад “танай энэ муу хашааг яасан ч яадаг юм” гээд хашаа руу нь чулуу шидэхэд өвгөн нь хүний өмч рүү халдлаа гээд уурласан. Нэг сэртэл хүүхдүүд уйлалдаад би газар унасан байдалтай, миний зүүн гар хөдлөхгүй, ам хамраас цус гойжсон байсан. ...” / хх-ийн 30 дугаар хуудас/,

гэрч Б.Лхагвасүхийн “...2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчим хашаанаасаа гараад хажуу айл руу явах гэтэл хашааны үүдэнд байдаг жалганы шороог нэг жаахан хүүхэд нураагаад байсан. Тэгэхээр нь “наадахаа нураахаа болиорой” гэж хэлчихээд айлд ороод 30-40 минут болчихоод буцаж гарч ирээд гэр лүүгээ орох гэсэн чинь тэр хүүхэд дахиад далангийн шороог нураагаад зогсож байсан. Тэгэхээр нь “би чамд хэлсэн биз дээ. Наад шороогоо битгий нураагаад бай” гэхэд цаанаас нэг эмэгтэй гүйж ирээд уурлаад чулуу аваад хашаа руу шидсэн. Тэгэхээр нь би “хөгшин настай хүнээс юу болсон талаар асуухын оронд яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд учир зүггүй уурлаад хүүхдээ өмөөрөөд байсан. Тэгтэл манай нөхөр Б.Содномпэлжээ гарч ирсэн. Тэр эмэгтэй дахиад чулуу аваад намайг хашааны хаалганы хажууд зогсож байхад хашаа руу шидсэн. Манай нөхөр урдуур ороод намайг хамгаалаад тэр эмэгтэйг барьж аваад шанаа руу нь нэг удаа цохьсон чинь зүүн талаараа гараа дараад унасан. Тэгээд газар нэг их удаагүй би босгоод хувцасны шороог нь гөвөхөд дахиад чулуу аваад манай хашаа руу шидсэн. ...” / хх-ийн 31 дүгээр хуудас/,

гэрч Э.Отгондаваагийн “...2016 оны 8 дугаар сарын 21-ны өдөр 15 цагийн үед гэрийнхээ гадаа юм угаагаад зогсож байхад манайхаас доошоо 50 метр орчим зайд 1 эмэгтэй жаахан хүүхдүүд загинаад 1 хүүхдийн бөгсөн дээр 2 алгадаад, газраас юм аваад шидээд байх шиг байсан. Уг хүүхэд нь манай бэр Эрдэнэцэцэгийн зээ байхаар нь би Эрдэнэцэцэгийн гэр лүү ороод “доор нэг хүн хүүхэд рүү чинь чулуу шидээд байна” гэж хэлсэн. Тэгсэн Эрдэнэцэцэг хашаанаас гараад доошоо гүйсэн. Би хашаан дотроосоо холоос харж байхад хашааны хаалга 2 удаа дуугарсан. Хэсэг хугацааны дараа хүүхдүүд орилолдоод байсан. Яваад очиход Эрдэнэцэцэг газар уначихсан, нэг эмгэн татаад босгох гэж байсан. Б.Содномпэлжээ хажууд нь зогсчихсон, охин нь хүүхдээ тэвэрчихсэн хажууд нь зогсож байсан. Эрдэнэцэцэгийн завьжны зүүн хэсгээс цус гараад чих хүртэл нь урсаад хатсан байсан. ...” /хх-ийн 33 дугаар хуудас/,

гэрч Д.Алтантуяагийн “... 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим гэртээ байж байхад гаднаас манай нөхөр Энхбаатар 13 настай хүүхдийн хамт орж ирээд хажуу айлын эмээ шороо буулгасан хүүхдүүдийг загинаад зогсож байна” гэж хэлсэн. 10 орчим минутын дараа хашааны гадна эмэгтэй хүн чанга чанга орилоод, шаагилдаад байхаар нь гараад харахад Б.Содномпэлжээгийн хашааны үүдэнд манай хашаанаас хойшоо байдаг эмэгтэйн хувцас нь шороо болчихсон, завьжнаас нь цус гоожчихсон, Б.Содномпэлжээгийн хажууд зогсож байсан. Эхнэр нь тэр эмэгтэйн хувцасыг гөвж байсан. ...” /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхтуулын “... 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай хашааны үүдэнд Эрдэнэцэцэг газар уначихсан хэвтэж байсан. Хажууд нь 2 хүүхэд нь, Б.Содномпэлжээ гуай хөгшинийхөө хамтаар зогсож байсан. П.Эрдэнэцэцэгийн хүүхдүүд “ээжийг цохьчихлоо ш дээ” гээд уйлаад байсан. ...” /хх-ийн 36 дугаар хуудас/,

Б.Содномпэлжээгийн сэжигтнээр өгсөн “... 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим гэртээ байж байхад гадаа хашааны хаалган дээр баахан хүмүүс бужигнаад байхаар нь гартал зүүн талын хамар хашааны эмэгтэй Туул манай эхнэр Б.Лхагвасүх нар маргалдаад байж байсан. Хажуу айлын хүүхдүүд хашааны шороо ухаад нураагаад байж байхаар нь манай эхнэр та нар шороо нураахаа боль гэж хэлснээс маргаан үүссэн байсан. Би эхнэрийг гэртээ ор гэхэд орохгүй маргалдаад байж байхад цаанаас нэг эмэгтэй хар хурдаараа ирээд “та нар яана гэнээ” гээд газраас чулуу аваад манай эхнэр лүү шидэхэд манай эхнэрийн толгой дээгүүр нь өнгөрсөн. Би хажуунаас нь хараад зогсож байхад Эрдэнээ гэх хүүхэн газраас бүүр том чулуу аваад далайхаар нь урдуур нь ороод биеэрээ хаагаад зогстол чулуугаа миний мөрөн дээгүүр давуулаад шидэхэд хашааны хаалга оносон. Тэгэхээр нь би тэр хүүхнийг баруун гараараа зүүн завжинд нь нэг удаа цохиход газарт унасан. ...” /хх-ийн 67 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11691 дүгээр “... П.Эрдэнэцэцэгийн биед бугалганы далд зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгөнд зулгаралт, баруун шуу, баруун алганд цус хуралт, зулгаралт, нэг шүдний хөдөлгөөн оролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Содномпэлжээгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

Б.Содномпэлжээгийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн нь шийтгэх тогтоолд төлөхөөр заасан 924.773 төгрөг дээр нэмж 2.500.000 төгрөг, нийт 3.424.773 төгрөгийг хохирогч П.Эрдэнэцэцэгт өгсөн баримт, түүнчлэн хохирогч П.Эрдэнэцэцэгийн бичгийн хэлбэрээр үйлдсэн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн баримтыг тус тус гарган өгснийг давж заалдах шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байна.

Иймд Б.Содномпэлжээгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа чин санаанаас ойлгон гэмшиж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, энэ талаар өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.