Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 64

 

                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.Өлзийбаярт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Б.Өлзийбаярын өмгөөлөгч Ц.Алтанцол,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/06 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн 201601080200 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Бат-Эрдэнийн Өлзийбаяр, 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хера” ХХК-д ковшны жолооч ажилтай байсан, ам бүл 1, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1а гудамжны 43 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УД89071530/,   

          Б.Өлзийбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1а-43 тоотод өөрийн төрсөн эцэг Г.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “аавыгаа гадуур архи уулаа, олж ирсэн бярууг тавиад явууллаа” гэж хоорондоо маргасны улмаас болж аавыгаа ор луу түлхэж, нүүр болон цээжин тус газар гараараа олон удаа цохисны улмаас зүүн талын 6 хавирга, баруун талын 5 хавирга хугарч, цээжинд битүү гэмтэл авсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 7 хоног эмчлэгдэж байгаад 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барж, хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Б.Өлзийбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн 201601080200 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй орхигдуулсан, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, мөрдөн байцаалтыг нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул түүнд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй байна. Тухайлбал: 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийг өмгөөлүүлэх бололцоогоор заавал хангах үүрэгтэй”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4 дэх хэсгүүдэд “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй” гэж тус тус заасан байхад мөрдөн байцаалтын шатанд Б.Өлзийбаярыг төлбөрийн чадваргүй бөгөөд өмгөөлөгч оролцуулах хүсэлтээ гаргаагүй байхад сэжигтэн, яллагдагчаар байцаалт авахдаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй өмгөөлөгч Ч.Мягмаржав, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хавтас хэрэгт авагдсан боловч уг гэрээг шүүгдэгч өөрийн хүсэл зоригийн хүрээнд хийсэн эсэх нь эргэлзээтэй өмгөөлөгч Э.Чулуунбат, С.Соёлмандах нарыг тус тус байлцуулсан байх ба 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд “урьд нь Э.Чулуунбат өмгөөлөгчийг авсан байсан. Тухайн үед Э.Чулуунбат өмгөөлөгч уулзаагүй, мөн өмгөөлөгч С.Соёлмандах нэг ч удаа хэрэгтэй танилцаагүй, хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн 91.1-ээс 91.2.12 болоход нэг ч ирсэнгүй, ийм учраас татгалзаж байна” гэсэн хүсэлт зэргээс дүгнэж үзэхэд тэдгээр өмгөөлөгч нар шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж чадаагүй, мөрдөн байцаагч, прокурор нь шүүгдэгчийг дээрх өмгөөлөгч нарын хамт байцаалт өгөхийг тулган, өөрөө өмгөөлөгчөө сонгон авах боломжийг түүнд олголгүй дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

2. Хавтас хэргийн 159 дүгээр талд авагдсан өвчний түүхэнд “Мөргүүл овогтой Бат-Эрдэнэ нь 2016 оны 5 дугаар сарын 8-нд бусдад зодуулсан гэсэн өгүүлэмжтэйгээр 5 дугаар сарын 9-ний 1520-д “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт ирж хэвтсэн ...өвчтөний биеийн байдал харьцангуй дээрдэж ухаан сэргэж, уушиг 2 талд сэргэсэн тул 5 дугаар сарын 11-ний өдөр хавсарсан гэмтлийн тасагт шилжүүлж эмчилгээг үргэлжлүүлсэн. Өвчтөний биеийн байдал харьцангуй тогтвортой болж 5 дугаар сарын 13-нд босож явж байгаад унасан. Дараагаар нь биеийн байдал дордсон…” гэх, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батдэлгэрийн өгсөн “Бид нар сувилагчийн хэлснээр босгож явуулсан. Тухайн үед сувилагч босгож явуулж болно гэж хэлэхээр нь ахыг босгоход 2-3 удаа алхаж сандал дээр суусан. Тэгээд эмч нь орж ирээд сувилагчийг загнасан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд талийгаачийн биеийн байдал тогтвортой болж дээрдсэн байхад өвчтөнийг босож явж болно гэсэн зөвшөөрлийг хэн олгосон, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд байсан эсэх, талийгаачийн унасан нь түүний эмчилгээнд нөлөөлсөн эсэх, нөлөөлсөн бол дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэх зэрэг өвчтөнийг эмчилж байсан эмч, сувилагч нараас мэдүүлэг аваагүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй байна.

Түүнчлэн Б.Өлзийбаяр нь мөрдөн байцаалтад гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн “Гурван дөхөм” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд дадлага хийж байсан. Тэгээд 2007 ондоо сургуулиа төгсөөд 2008 оноос эхлэн манай байгууллагад албан ёсны ажилтнаар ажиллаж байгаад 2013 онд ажлаасаа халагдсан” /хх-59/ гэх мэдүүлэг,

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар үйлдвэрлэл, худалдааны “Гурван дөхөм” ХХК-ийн захирал Л.Эвийхүүгийн “2013 оны 4 сараас хүнд машин механизмын операторчноор ажиллаж байлаа. 2014 оны 4 сард ар гэрийн гачигдлаас хүнд машин механизмын операторчны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн” /хх-122/ гэх тодорхойлолт,

Налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 0/563 дугаар тодорхойлолтод “ам бүл 3” гэх баримтууд хавтас хэрэг авагдсан байхад шүүгдэгч Б.Өлзийбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “ам бүл 1, хэрэгт холбогдох үедээ “Хера” ХХК-нд ковшны жолоочоор ажиллаж байсан” гэж мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд дээрх баримтуудтай зөрүүтэй, түүний хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заалтыг ноцтой зөрчсөн байна.

Мөн мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батдэлгэрийн өгсөн “Өлзийбаяр намайг бяруу алга болгосон эсхүл зараад архи уучихлаа, авчирсан бяруу тавиад явууллаа гэж загнаж байгаад л намайг зодлоо доо гэж надад ярьсан” /хх-42/ гэх мэдүүлэг, гэрч М.Батдоржийн өгсөн “...би хүүдээ зодуулж, үхэж хүүдээ гай болох нь дээ гээд байсан. Мөн үхэр малнаас болж зодууллаа…” /хх-54/ гэх мэдүүлэг, гэрч Д.Хэнжэбекийн өгсөн “тэр өдөр аавтайгаа утсаар ярьсан. Аав нь байн байн залгаад л байх шиг байсан. Утсаар яриад үхэр малны хэрүүл хийгээд байх шиг байсан” /хх-52/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Б.Өлзийбаяр нь хувийн сэдэлтээр, эсхүл үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн биед халдсан эсэхийг нягтлах нь зүйтэй байна.

Иймд дээрх ажиллагааг шалган тогтоосны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байх тул Б.Өлзийбаярт холбогдох 201601080200 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.Өлзийбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын явцад Б.Өлзийбаярыг сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаахдаа түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35, 36 дугаар зүйлд заасан “сэжигтэн, яллагдагчийн эрх үүргийг тодорхой тайлбарлан өгч, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх хууль зүйн бусад туслалцаа авч болохыг мөрдөн байцаалтын явцад тайлбарлан өгч, өөрөөр нь гарын үсэг зуруулсан байдаг. Сэжигтнээр байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Б.Өлзийбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст өмгөөлөгч Ч.Мягмаржавтай уулзаж, өөрөө сонгон авч байцаалт өгөхдөө өмгөөлөгчөөс татгалзаагүй байцаалт өгсөн байдаг.

Тухайн үед яллагдагч нь төлбөрийн чадваргүй байсан бөгөөд өмгөөлөгч Ч.Мягмаржав түүний өмгөөлөгчөөр оролцох боломжгүй хувийн гачигдалтай гэснээс сэжигтэн Б.Өлзийбаяр өмгөөлөгч Э.Чулуунбаттай өөрөө уулзаад Ч.Мягмаржав өмгөөлөгчийг сольж, Э.Чулуунбат өмгөөлөгчийг өөрийнхөө өмгөөлөгчөөр авахаар тохиролцсон байсан. Тэр үед нь мөрдөн байцаагч нь өмгөөлөгч Э.Чулуунбат, Б.Өлзийбаяр нарын хооронд байгуулсан “Хууль зүйн туслалцаа авах тухай” гэрээг хавтаст хэрэгт хавсаргаж, улмаар өмгөөлөгчийг оролцуулан сэжигтний мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа болон яллагдагчаар татаж байцаах ажиллагааг хийсэн байдаг.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед Б.Өлзийбаярын хойд эх Ю.Мөнхбаяр нь өмгөөлөгч Э.Чулуунбаттай утсаар ярьж “бид нар өмгөөлөгчийн төлбөр төлөх боломжгүй байгаа тул танаас татгалзаж, төлбөрийн чадваргүй яллагдагчид үйлчлэх улсын өмгөөлөгч авна” гэснээр Б.Өлзийбаяр болон түүний ар гэрийнхэн Э.Чулуунбат өмгөөлөгчөөс мөн л татгалзсан байдаг. Ингээд Б.Өлзийбаярыг өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөрдөн байцаагч М.Баярсайхан Налайх дүүргийн Хууль зүйн туслалцааны төвд хандан “Б.Өлзийбаярыг өмгөөлүүлэх эрхээр нь хангаж өгнө үү” гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Хууль зүйн туслалцааны төвөөс өмгөөлөгч С.Соёлмандахыг Б.Өлзийбаярын өмгөөлөгчөөр оролцуулахаар томилсон. Б.Өлзийбаяр нь өмгөөлөгч С.Соёлмандахаас татгалзаагүй өмгөөлөгчөө хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсныг хавтаст хэрэгт хийсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаагч М.Баярсайхан нь хэргийг прокурорт шилжүүлэхийн өмнө өмгөөлөгч С.Соёлмандахад танилцуулж гарын үсэг зуруулсан, шүүхийн шатанд өмгөөлөгч хэргийн материалтай танилцах эсэх асуудал нь өмгөөлөгчийн бүрэн эрх бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр шүүгдэгч Б.Өлзийбаярт холбогдох хэргийн шүүх хуралдааны зар гарч, хэрэг хэлэлцэх үед шүүгдэгч нь дахин өмгөөлөгч С.Соёлмандахаас татгалзаж төлбөртэй өмгөөлөгч авах хүсэлтээ шүүх хуралдаанд хэлж шүүх хуралдаан хойшилж байсан байна. Иймд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4, 40 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд Б.Өлзийбаярын хэрэгт олон өмгөөлөгч солигдож ажилласан нь бүгд түүний хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

2. Хавтас хэргийн 64-65 хуудсанд Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №251 дүгнэлтэд “…М.Бат-Эрдэнийн биед зүүн 2, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун талд 2, 4, 5, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун зүүн уушигны няцрал, баруун, зүүн цээжний хөндий хий, цус хуралт, хоншоор ясны баруун гойморын хөндийн урд, ард хана, баруун хацрын нум, баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, цээжний урд болон баруун хажуу хэсгийн цус хуралт, нүдний алимны цус харвалт, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь бие аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна…”, мөн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт №946 дугаартай дүгнэлт/хх-ийн 68-70/ “…Талийгаач нь цээжний битүү гэмтэл олон хавирганы хугарал, 2 уушигны няцралын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.Талийгаач нь өвчний түүхэнд дурдсанаар 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1 цаг 30минутанд нас баржээ.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Талийгаач нь цус АВО системээр А /II/ дугаар бүлгийн цустай байна.Талийгаач нь эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлэгдсэн тул спиртийн зүйл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт авагдсан байдаг.

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжээч эмч Т.Амартүвшингийн“…талийгаач М.Бат-Эрдэнэ нь 5 дугаар сарын 13-нд босож явж байгаад унасан дараагаар нь биеийн байдал дордсон гэх нь талийгаачийн үхлийн шалтгаан нь түүний зүүн 2, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун талд 2, 4, 5, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун зүүн уушигны няцрал, баруун, зүүн цээжний хөндий хий, цус хуралт, хоншоор ясны баруун гойморын хөндийн урд, ард хана, баруун хацрын нум, баруун нүдний ухархайн гадна хана, доод хана, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, цээжний урд болон баруун хажуу хэсгийн цус хуралт, нүдний алимны цус харвалт, хамрын нурууны зулгаралт гэмтлээс болж өвдөн шаналж, тарчлан, гэмтлийн улмаас зовж зүдэрсээр амь нас нь хохирсон, мөн талийгаач эмнэлэгт эмчлэгдэж байх хугацаандаа унаснаас болж амь нас хохирсон гэх үндэслэлгүй…” гэж мэдүүлдэг тул талийгаачийн унасан ньтүүний үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, иймд эмчилж байсан эмч, сувилагч нараас мэдүүлэг авах шаардлагагүй гэж дүгнэн, прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд “Шүүхэд хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан байхад тухайн шүүгдэгчид хамааралгүй эмч нарын хариуцлагын асуудлыг тодруулж гэж тогтоолд заасан байна.

Хэрэв шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар шүүх давтан юм уу нэмэлт шинжилгээ хийлгэх эрхтэй, мөн шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан байцааж мэдүүлэг авах хэлбэрээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж ч болохоор хуульчлагдсан.

3. Түүнчлэн Б.Өлзийбаяр нь мөрдөн байцалтанд гэрч Э.Эрдэнэбаярын өгсөн “Гурван дөхөм” ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд дадлага хийж байсан. Тэгээд 2007 ондоо сургуулиа төгсөөд 2008 оноос эхлэн манай байгууллагад албан ёсны ажилтнаар ажиллаж байгаад 2013 онд ажлаасаа халагдсан” /хх-59/гэх мэдүүлэг,

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар үйлдвэрлэл, худалдааны “Гурван дөхөм” ХХК-ийн захирал Л.Эвийхүүгийн “2013 оны 4 дүгээр сараас хүнд машин механизмын операторчноор ажиллаж байлаа. 2014 оны 4 сард ар гэрийн гачигдлаас хүнд машин механизмын операторчны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн” /хх-122/гэх тодорхойлолт,

Налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 0/563 дугаар тодорхойлолтод “ам бүл 3” гэх баримтууд хавтас хэрэг авагдсан байхад шүүгдэгч Б.Өлзийбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “ам бүл 1, хэрэгт холбогдох үедээ “Хера” ХХК-нд ковшны жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд дээрх баримтуудтай зөрүүтэй түүний хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчсөн гэжээ.

Гэрч Э.Эрдэнэбаяр нь Б.Өлзийбаярыг “Гурван дөхөм” ХХК-ийн ажилтнаар ажиллаж байгаад халагдсаныг хэлдэг, яг хэзээ халагдсаныг тэр хүн сайн санахгүй байх боломжтой. Харин уг байгууллагын тодорхойлолтод “2014 оны 4 сард ар гэрийн гачигдлаас компанийн операторчны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн” гэсэн байдаг.

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б.Өлзийбаярын сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “Миний бие 1989 оны 7 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт Бат-Эрдэнийн ууган хүү болон мэндэлсэн. Бага насаа Налайх дүүргийн 3 дугаар хороо, Буурлын давааны өвөрт өвөө, эмээгийн гар дээр өнгөрсөн. 1998 оны 9 сард Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуульд элсэн орж 8 дугаар анги хүртлээ суралцаад 2006 онд Налайх дүүргийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд элсэн ороод 2008 онд геологич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах “Хуцын орос цэвдэг” ХХК-ийн алтны уурхайд гурван жил ажилласан. 2010 онд ажлаасаа гараад тэр ондоо мөн л Сэргэлэн суманд байх “Гурван дөхөм” ХХК-ийн алтны уурхайд ковшны жолоочоор ажилд ороод 2013 онд ажлаасаа гарсан. 2014 онд Улаанбаатар хотод байх “Хера” ХХК-нд ковшны оператороор ажилд ороод 2015 онд ажлаасаа гарсан гэсэн мэдүүлгээр Б.Өлзийбаяр хаана, хаана ямар ажил хийж байснаа өөрөө тодорхой ярьсан байна.

Хавтас хэргийн 55-57 хуудсанд гэрч Б.Алтантуулын “...Миний бие нь 2007 онд Б.Өлзийбаяр гэх залуутай танилцсан. Тэгээд дөрвөн жил гаруй үерхэж байгаад 2011 онд гэр бүл болж, хурим найр хийж байсан. Гэхдээ бид хоёр гэр бүлээ батлуулаагүй ба 2012 онд хүүгээ төрсний дараа салсан...” гэж мэдүүлсэн байна. Тухайн үед шүүгдэгч эхнэр, хүүхдийн хамт гурвуулаа амьдарч байсан нь харагдаж байна. Шүүгдэгч 2012 онд эхнэрээсээ салснаас хойш өөрийн оршин суух Налайх дүүргийн 5 дугаар хорооны өрхийн гишүүдийн бүртгэлээс эхнэр, хүү хоёроо хасалт хийлгээгүй байсны дагуу хорооноос түүний ам бүлийг 3 гэж тодорхойлсон нь ойлгомжтой байна.

Иймээс Б.Өлзийбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолын заалтуудын үндэслэлүүд нотлох баримтуудыг нөхцөл байдлуудтай харьцуулан үнэлэхдээ өрөөсгөл дүгнэлт хийж, хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Б.Өлзийбаярын өмгөөлөгч Ц.Алтанцол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлтэй танилцсан. Анхан шатны шүүхийн тогтоолын 1 дэх заалтыг үндэслэлтэй гэж үзэж байна. Байцаалтад орохоос өмнө өмгөөлөгчийн асуудлыг шийдсэн байх ёстой. Байцаалт бүр дээр өмгөөлөгч нь солигдоод явсан байдаг. Үүнээс үзэхэд өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй байна гэсэн шүүхийн дүгнэлт үндэстэй гэж үзэж байна. Өмгөөлөгч миний зүгээс шүүх хуралдааны үеэс оролцож байгаа. Түүнтэй очоод уулзахад ямар өмгөөлөгч авснаа мэдэхгүй, манай ар гэрийнхэн авсан байж магадгүй гэсэн байдалтай байсан. Б.Өлзийбаярын эхнэрийнх нь эгч надтай утсаар холбогдоод энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод өгөөч гэсэн хүсэлт гаргасан учраас гэрээ байгуулан шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийн материалтай танилцаад үзэхэд тогтоолын  2 дахь заалт нь үндэслэлтэй байна. Эмчилгээний үр дүнгийн талаар мөн босч явах үедээ унасныг прокуророос нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн байдаг. Миний зүгээс үүнийг шалгах хэрэгтэй гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр энэ унасан тухай асуудлыг эмчлэгч эмчийн магадлалгаа буюу хувийн хэргийг хааж дүгнэхдээ бичсэн байдаг. Мөн ар гэрийнхэнтэй болон эхнэрт нь хэлэхдээ “уг нь сайхан эдгэсэн байсан чинь тамхи татна гэж гарч явахдаа халтираад унасан, үүнээсээ болоод нас барсан” гэсэн байдаг. Дэглэм сахиулахын тулд сахиуртай байсан. Сахиур нь хэлэхдээ сувилагчийн шаардлагын дагуу бид боссон гэж мэдүүлсэн байдаг. Үүнийг тогтоох хэрэгтэй сувилагч нь тэгж хэлсэн эсэхийг тодорхойлсны эцэст дүгнэж үзэх ёстой. Шүүх хуралдаанд шинжээч эмчээс асуулт асуухад “ийм нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгагдаагүй байхад би юу хариулах вэ, энэ талаар надад асуулт асуугаагүй байхад хариулах боломжгүй байна” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Мөн шинжээч эмч энэ талаар танилцаж амжаагүй юм шиг байсан. Эмчлэгч эмчийн хаасан дүгнэлтээр, ар гэрийхэнд хэлсэнээр эмчилгээнийхээ үр дүнгийн талаар тодорхойлоод энэ хүн дэглэм сахилгүй босч явахдаа халтирч унан өвчнөө хүндрүүлж, сэдрээснээр нас барсан гэдэг. Үүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг зааснаар мөрдөн байцаалтаар шалгах үүрэгтэй. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт бичгийн нотлох баримтыг магадлан шинжлэх замаар тодорхойлж, тогтоож шалгах хэрэгтэй. Шүүх хуралдааны явцад эдгээр ажиллагааг нөхөн гүйцэх боломжгүй учир шүүх буцах нэг заалт болгосон гэж үзэж байна. Хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байдаг. Үүнийг та бүхэн дотоод итгэлээр дүгнэсэн байгаа. Миний хувьд нотлох баримтыг үнэлэхдээ хувийн байдлыг бүрэн тодорхойлж чадаагүй гэж үзсэн. Сэдэлтийн хувьд прокуророос ялимгүй зүйлээр шалтагласан гэж дүгнээд байгаагаас хэрэг шалтгалтын явцад үнэхээр хувийн таарамжгүй байдлын улмаас энэ хэрэг үүссэн. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч хэлэхдээ “аав надруу хутга барьсан учраас би ийм үйлдэл хийхэд хүрсэн” гэж тайлбарладаг. Миний зүгээс прокурор үүнд дүгнэлт хийгээгүй байна. Мөн хувийн таарамжгүй харилцаа юм уу, танхайн сэдэлт үү, цочрон давчидсан асуудал байна уу гэдгийг тодорхойлж шийдэх ёстой. Шүүхийг тогтоолын 4 заалтыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй байна. Тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлт нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь сэжигтнээр тооцогдож, яллагдагчаар татагдан байцаалт өгөх бүртээ өмгөөлөгчидтэй байцаалт өгөхийг хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгсөн ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, тайлбарт амь хохирогч Г.Бат-Эрдэнэ нь цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугарал, 2 уушигны няцралын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж, гэмтлийн өвдөлт, шоконд орж нас барсан ба босож яваад унаснаас амь насаа алдах боломжгүй гэж удаа дараа тогтвортой мэдүүлж, тайлбарласнаас үзэхэд хохирогч Г.Бат-Эрдэнийн амь нас хохироход эмнэлгийн байгууллагын эмч, ажилтны буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг шалгах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Өлзийбаярын хувийн байдлын талаар хангалттай баримтууд хэрэгт цугларсан байх ба зөрүүтэй байдлыг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр асууж тодруулах замаар арилгах боломжтой.      

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэх нь зүйтэй.            

                            

Иймд “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Б.Өлзийбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Б.Өлзийбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ГАНСҮХ

 

ШҮҮГЧИД                                                   М.ПҮРЭВСҮРЭН

 

         Д.МЯГМАРЖАВ