Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 04

 

         С.Гэд  холбогдох эрүүгийн хэргийн тухай

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор С.О, 
Хохирогчийн өмгөөлөгч Л.Б, Э.Э, Д.Ө, Э.М,
Шүүгдэгч С.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М, Д.Т,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Я.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

    Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлсэн, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Гэд холбогдох, эрүүгийн 201510010196 дугаартай, 4 хавтас, 774 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Д.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мнарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

         Шүүгдэгч: Г-д холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцжээ.  

Шүүгдэгч С.Г нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн орой 16-17 цагийн хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэр “Хөлгүй усны сайр” гэх гүүрний хойд замд тоёота приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Эын жолоодож явсан тоёота марк-2 маркийн 34-41 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Г.Тгийн бие махбодид хөнгөн, С.Э, Д.Ш, Ж.С нарын бие махбодид хүндэвтэр, Д.БатТ, Э.Т, Б.У нарын бие махбодид хүнд гэмтэл, Л.Бийн эзэмшлийн приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6310000 төгрөгийн шууд, 6960800 төгрөгийн нийт, С.Эийн эзэмшлийн тоёота марк-2 маркийн 34-41 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6335000 төгрөгийн шууд, 7211000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

           Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Гийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
        Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийн тээврийн хэрэгсэл жодоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,
         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Л.Боос 4455000 төгрөг гаргуулж хохирогч Д.Шд, 10337,144 төгрөг гаргуулж хохирогч Б.Ут, 10414,701  төгрөг гаргуулж хохирогч С.Э, Э.Тд, 70000 төгрөг гаргуулж хохирогч Д.БатТт, 650000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Од тус тус олгож,
          Хохирогч Ж.С, хохирогч Г.Т нар нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж,
Хохирогч Д.Ш нь онгоцны зардал 17500000 төгрөг, хохирогч Д.БатТ, хохирогч Б.У нар нь цаашид эмчилгээ хийлгэх зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
       Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Гэд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.     

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мдавж заалдсан гомдолдоо: Манай нөхөр Б.У нь 2015.10.29-нд С.Гийн жолоодож явсан машинд явж байгаад осолд орж хүнд гэмтсэн. Осолд орохоос өмнө миний нөхөр Монгол Улсын шилдэг залуу эрдэмтэн, хүний сайн хань, сайн аав байсан. Гэвч одоо энэ хүн насаараа хөдөлмөр эрхлэх чадваргүй, мөн эрдэм судлалын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй, хоёр хүүхдээ хайрлаж хүмүүжүүлэх оюун санааны чадамжгүй, өрх гэр толгойлох нь битгий хэл өөрийгөө арчлаад биеэ зөв авч явахгүйгээр барахгүй оюун ухаан сэтгэцийн маш их өөрчлөлтөд ороод эрүүл мэнд, гоо сайхнаа бүрэн алдаад байгаа. Нөхөрт маань эмчилгээний 80 сая төгрөг яаралтай хэрэгтэй байна. Энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Хүнийг хүнд хэцүү байдалд гэр бүлээр нь давхар оруулчихаад С.Г хохирол төлөхгүй, мөн хоёр жилийн ял эдлээд буцаад хэвийн амьдралдаа орно гэхээр энэ хүний ял хөнгөдсөн, надад маш их харамсалтай, гомдолтой байна гэжээ.

       Хохирогчийн өмгөөлөгч Д.Ө давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С.Гэд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэлгүй түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Б.Уын хувьд Анагаах ухааны доктор цолтой, хүний их эмч мэргэжилтэй, хийж бүтээх ид залуу насандаа /32/  С.Гийн буруутай үйлдлээс болж биед нь хүнд гэмтэл учирч улмаар ослын улмаас сэтгэцийн эмгэгтэй болж, хөдөлмөрийн чадвараа 90% хувь алдсан, хүнд хор уршиг учирсан. С.Гийн зүгээс гэм хорын хохиролыг арилгах талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй, гэм буруугаа үл ухамсарлаж өөрийн бурууг бусдад нялзаах гэсэн байдал нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэхгүй байна. ...”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж тодорхой заасаар байтал С.Гийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлж шийдвэрлсэнд гомдолтой байна. Түүнчлэн иргэний хариуцагч Л.Б гэгчээс гэм хорыг хариуцан арилгуулахаар шийдвэрлэхдээ хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна гэв.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т, Ц.М нар давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хэргийн талаар нотлогдвол зохих асуудал болох зам тээврийн осол, хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөл буюу Г яагаад эсрэг урсгалд орох болсон шалтгааныг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийн газрын үзлгээр авагдсан А цэг, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь: С.Гийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч нар бүгд унтаж байснаас тухайн ослыг хараагүй, харин жолооч М.Эын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд явсан хохирогч С.Э, Д.БатТ, гэрч М.Э, насанд хүрээгүй гэрч нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...одоохон энд зогсоол байгаа гэж хэлээд том тэрэгний зогсоол бололтой баруун гар талын зам руу хурдаа хасаад орох гэж байтал эсрэг урсгалаас саарал өнгийн Приус-20 маркийн машин их хурдтай өнгөрөөд араас нь цагаан өнгийн приус-20 маркийн машин урсгал сөрж орж ирээд машины зөв талаас мөргөсөн...” гэж мэдүүлдэг ба энэ мэдүүлэг нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч үгүйсгэгддэг. Шинжээчийн 2647, 3298 дугаартай дүгнэлтүүд гарсаны дараа дахин бүрэлдэхүүнтэй техникийн шинжээч томилж, дүгнэлт гаргаж, хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоох байсан. Тээврийн хэрэгслүүдийн бодит жин, эвдрэл гэмтэл, мөргөлдсөний дараа зогссон байдал зэргийг үндэслэн тухайн тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөх үеийн хурдыг тодорхойлох боломжтой боловч энэ талаар шинжилгээ явуулаагүй, хурдыг тогтоогоогүй. Дээрх 2 дүгнэлт зэргээс үзэхэд 2 тээврийн хэрэгсэл хоёулаа Гийн явсан эгнээнээс буюу зүүн талын эгнээнээс баруун талын эгнээ рүү шилжин орж мөргөлдсөн байхаар харагдаж байгаа бөгөөд энэ талаар өмгөөлөгчийн зүгээс прокурор, мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хүсэлт, гомдол гаргаж, шүүх хуралдаанд хэлсэн боловч хэрэгт хийгдэх шаардлагатай ажиллагааг бүрэн хийлгэж шалгалгүйгээр дээрх 2 дүгнэлтээс өмнө гарсан 2015.03.21-ний өдрийн 150 дугаар техникийн шинжээчийн дүгнэлтээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм. мөрдөн байцаагч Л.У нь 2 тээврийн хэрэгслийг шинжилгээнд оруулсны дараа техникийн шинжилгээ хийлгэх байтал уг ажиллагааг хийлгүйгээр 2015.03.15-ны өдрийн шинжээч томилж, тогтоолыг Гэд болон өмгөөлөгч бидэнд танилцуулалгүй ЭБШХуулийн 157 дугаар зүйлийг зөрчсөн тул уг тогтоолын дагуу гарсан 150 дугаар дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.    

          Хохирогч Д.Шинэсувдын өмгөөлөгч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Гийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүхээс гэм буруутай гэдэг нь тогтоогдсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм буруу нь шүүхээр тогтоогдсон бол гэм хорыг хариуцна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхээр гэм буруу нь тогтоогдсон тул Г гэм хороо арилгах үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээ сувилгаа, бүх зардлыг төлнө, гэтэл энэ заалтыг Гэд хэрэглээгүй. Нэгэнт гэм буруутай нь тогтоогдож байхад бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд гэм хорыг арилгуулах нь зүйтэй тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

         Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Я.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто осол гаргасан С.Гийн хохирогч нарт учруулсан нийт 26 сая төгрөгийн төлбөрийг шүүх иргэний хариуцагч Л.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч нарын хохирлыг төлөх талаар Л.Б шийдтэй биш эргэлзээтэй хариултыг мөрдөн байцаалтын үед өгсөн баримт хэргийн 158 дугаар хуудсанд авагдсан байхад шүүх түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ялтан С.Гэд холбогдох хэргийг цагдаа шалгаж дуусгаад энэ тухай хохирогч нарт мэдэгдсэн атлаа иргэний хариуцагч Л.Бтод мэдэгдэлгүй хэргийг шүүх, прокурорт шилжүүлсэн. Мөн хэргийн материалын холбогдох хэсгийг танилцуулаагүй нь ЭБШХуулийг зөрчсөн ажиллагаа юм. Япон улсад үйлдвэрлэгдсэн 2004 оны тоёота приус-20 маркийн машины эзэмшигчийг тогтоохдоо учир дутагдалтай ажилласан байна. Уг машины мөнгийг Л.Бтын аав Г.Лувсандорж гарган хүүтэйгээ хамт машин оруулж ирдэг гэдгийг хэргийн 158-р хуудсанд авагдсан Л.Бийн мэдүүлэг нотолж байна. Иймээс энэ талаар Л.Бийн аав Лувсандоржийг асууж шалгах ёстой байсан, ингэж байж машины эзэмшигчийг зөв тогтоох ёстой. Б нь одоо оюутан, аав нь группт байдаг тул 26 сая төгрөгийн хохирлыг төлөх чадвар боломж байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтанд  буцаах саналтай байна гэв.

         Прокурор С.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хавтаст хэргийн материалаас Г нь урсгал сөрсөн байдал тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтэд энэ талаар дурдаагүй ч энэ талаар хэрэгт авагдсан, анхнаасаа тогтвортой өгсөн гэрчүүдийн мэдүүлэг байдаг. Өмгөөлөгч нарын яриад байгаа А цэгийг хавтаст хэргийн хүрээнд дахин тогтоох боломжгүй болохоос биш тухайн өмнөх А цэг үндэслэлгүй гэсэн дүгнэлт хавтаст хэрэгт байхгүй. Иргэний хариуцагчийг зөв тогтоож, түүнээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнөөс шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дугаар зүйлийн 284.1-д заасан “хууль ёсны ба үндэслэлтэй” байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Энэ нь Тээврийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201510010196 дугаартай 4 хавтас бүхий шүүгдэгч С.Гэд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Л.Бийг иргэний хариуцагчаар татаж /хх-2-157/, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хариуцагч Л.Боос байцаалт /хх-2-158/ авсан, улмаар 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэргийн материалыг танилцуулсан /хх-3-46/ байх ба түүнээс хойш иргэний хариуцагч Л.Бт хэрэгт хийгдсэн нэмэлт ажиллагааны талаар танилцуулаагүй, байцаалтын тэмдэглэл болон хэрэг танилцуулсан тухай баримтаас харахад түүнд иргэний нэхэмжлэлийг танилцуулсан гэж үзэх боломжгүй, түүнчлэн хохирогч нар анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, зарим хохирогч нар нэхэмжлэлээ иргэний хариуцагчид  холбогдуулан гаргасан байхад анхан шатны шүүх мөн хэргийн материал болон иргэний нэхэмжлэлийг түүнд танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 119 дүгээр зүйлийн 119.1, 123 дугаар зүйлийн 123.1-д нийцээгүй болно. 

         Тодруулбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 44.3.2, 44.3.4-д тус тус зааснаар иргэний хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх, нэхэмжлэлийн талаар тайлбар өгөх, хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгтэй танилцах, мөн хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар иргэний хариуцагч нь шүүх хуралдааны ажиллгаанд оролцож хүсэлт нотлох баримт гаргах, түүнийг шинжлэхэд оролцох, үг хэлэх зэрэг эрхтэй бөгөөд анхан шатны шүүхэд  түүний эдгээр эрхийг хангаагүй  нь хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ... хязгаарлаж, дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 

       Дээр дурдсан ажиллагааг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу хангалттай хийгээгүй хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 119 дүгээр зүйлийн 119.1, 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шүүх хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу иргэний хариуцагчаар татах шийдвэр гаргаж, хариуцагч, түүний төлөөлөгчид танилцуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгөх үүрэг нь шүүхэд мөн адил хамааралтайн гадна хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар энэхүү ажиллагааг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой тул хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй. 

        Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд хэн боловч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар осол гарахад тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж явсан эзэмшигч, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгахаар зохицуулснаас үзэхэд хохирогч нар нь учирсан хохирлоо хэнээс нэхэмжлэх нь тэдний эрх гэж ойлгогдоно. 
    
Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан агуулгаас үзэхэд хохирогч нар нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хэнд холбогдуулан гаргахаас шалтгаалан эзэмшигч, өмчлөгч хэн аль нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх энэхүү хуульд заасан үндэслэлийг тодруулалгүйгээр зөвхөн иргэний хариуцагчид бүх хохирлыг нөхөн төлөхөөр хариуцуулсан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болжээ. 

    Дээр дурдсан үндэслэлээр хохирогч Б.Уын өмгөөлөгч Д.Өы “... шүүгдэгч С.Гийг гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлсөнд гомдолтой, ... иргэний хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй” гэсэн, иргэний хариуцагч Л.Бийн өмгөөлөгч Я.Бын “... иргэний хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, ...хэргийн материалын холбогдох хэсгийг танилцуулаагүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. 

    Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буюу шүүхэд шилжүүлэх шатанд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

    Харин яллах дүгнэлтэд дурдагдсан, хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 150 /хх-2-174/, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3298 /хх-2-245/ дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Д.Т, Ц.М нарын гаргасан “... техникийн шинжилгээг дахин хийлгэх буюу ... хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах” тухай давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2, 273 дугаар зүйлийн 273.1-д зааснаар байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос анхан шатны шүүхэд шинжилгээг нэмж буюу дахин хийлгэх, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргах зэрэг эрхийг энэхүү магадлалаар хязгаарлах учиргүйг дурдах нь зүйтэй. 

Мөн нэгэнт хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах зарчмын дагуу хохирогч Б.Уын хууль ёсны төлөөлөгч Г.Мболон тэдний өмгөөлөгч Д.Ө нарын “... шүүгдэгч С.Гэд оногдуулсан ял хөнгөдсөн” тухай давж заалдсан гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.3, 318 дугаар зүйлийн 318.1, 320 дугаар зүйлийн 320.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
         1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Гэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        А.САЙНТӨГС 

                    ШҮҮГЧИД                                       Г.ТЭГШСУУРЬ

                                                                           Н.БАТЧИМЭГ