Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 05

 

     А.Ад холбогдох 
    эрүүгийн хэргийн тухай

                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор С.Н
Шүүгдэгч А.А
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П. Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Т.Энхмандах, Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Ад холбогдох, эрүүгийн  201608000094 дугаартай, 2 хавтас, 448 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бын давж заалдсан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: А -д холбогдуулан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлйин 91.1-д зааснаар  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн сэдэлтээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 30-31 нд шилжих шөнө С.Бийн эзэмшлийн приус-10 маркийн 92-72 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож яваад уг автомашинаас өөрөө үсэрч буун иргэн П.Бийг санаатай алах зорилгоо хэрэгжүүлэхдээ автомашиныг зэвсэг хэрэгсэл болгон ашиглаж хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйчилж, 
шүүгдэгч А.Аыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 
шүүгдэгч А.Амаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Аын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн хар саарал өнгийн пүүзэн гутал 1 хосыг шүүгдэгч А.Ад буцаан олгохыг, хохирогчийн унасан байж болох газрын цусаар бохирлогдсон шороо, ***Болормаа гэсэн бичигтэй цаас, шар өнгийн барьцаат зээлийн хуудас, хар өнгийн куртик дээр байсан гэх шороо, бинт марал зэргийг устгахыг, CD-г хадгалахыг тус тус дурдаж, 
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас оршуулгын зардал 3164104 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, П.Бт олгохыг, нэхэмжлэлийн шаардлагаас шашин зан үйлтэй холбоотой болон нотлох баримтын шаардлага хангахгүй 757582 төгрөгийг, мөн хавтаст хэрэгт оршуулгын зардалтай холбоотой авагдсан нийт хохирол болох 4023050 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн шаардлагын үнэ болох 3921686 төгрөг хоорондын зөрүү болох 101364 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгохыг, тэжээгчээ алдсаныг тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, 
Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Аын хорих ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигин овгийн Алдуулын Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Прокурорын газраас А.Аыг П.Бийг санаатай алах зорилгоо хэрэгжүүлэхдээ автомашиныг зэвсэг хэрэгсэл болгон ашиглаж санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-ээр зүйлчилж ирүүлсэн байхад түүнийг болгоомжгүй алсан гэж үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж ял завшуулж байгаад маш их гомдолтой байна. А.А нь уг хэргийг санаатай хийсэн болох нь шүүх эмнэлгийн 15 тоот дүгнэлтээс тодорхой харагддаг. Осол болсноос хойш А.А шууд эмнэлэг рүү явсан гэж ярьдаг боловч эргэлзэж тээнэгэлзсэн байдалтай эмнэлгийн байгууллага руу шууд яваагүй гэдгийг CD-нд хуулагдсан бичлэгээс тодорхой харагдсаар байдаг. Ер нь талийгаачийг амиа хорлосон мэтээр шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгох гэж дутуу дулимаг шалгаж, А.Аыг батлан даалтанд байлгаж гадуур байлгаснаас гэрч гэх хүмүүстэй хуйвалдаж бодит байдлыг ташаа шалгахад хүргэсэнд гомдолтой байгаа. Дүүгийн маань амь насыг хохироочхоод үхсэн хүн үг хэлэх биш гэж үлгэр зохиож байгаад маш их гомдолтой байна. Гэтэл анхан шатны шүүхээс энэ бүхнийг зөв шийдвэрлээгүй. А.А автомашинаас өөрөө түрүүлж үсэрч буух үйлдэл хийсэн, талийгаач дараа нь үсэрч буух үйлдэл хийсэн нь тогтоогдсон гэж болгоомжгүйгээр алсан мэт дүгнэлт хийж 4 жилийн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс энэ хүн дүүг маань санаатай алсанд гомдолтой байгаа тул хуулийн дагуу ял завшуулахгүйгээр үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн талийгаачийн 2 охинд тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн боловч зөрүүтэй болох нь тогтоогдоогүй гэж шийдвэрлээгүй гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасныг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Хүний амь нас гэдэг юугаар ч сольж боломгүй үнэт зүйл юм. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтыг үзэх юм бол тухайн гэмт хэргийг санаатайгаар үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогддог юм. Талийгаачийн биед олон тооны гэмтэл учирсан. Зөвхөн тархи толгойны гэмтлээс гадна эрүүний зүүн буланд хүзүүнд, зүүн бугалганд, зүүн тохой орчимд, зүүн шуунд, зүүн ташаа орчимд, зүүн гуянд, зүүн өвдгөнд, зүүн өвдөгний доод дотор хэсэгт, зүүн өвдөгний доод гадна хэсэгт, баруун гуянд, баруун өвдгөнд, баруун өгзгөнд цус хуралт, зүүн гуяны дунд дотор хэсэг гэх мэт хөхрөлт няцралт үүсээд байдаг. Мөн хүчирхийллийн ул мөр байна гэсэн байр суурьтай байгаа. Үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг дээр дөрөөлж өөрт ашигтайгаар мэдүүлж, бид 2 дотно харилцаатай байсан, бэлгийн харилцаанд орсон гэж хэлдэг. Гэвч юугаар нотлох юм бэ. Тухайн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хэргийн газар үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт,  гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчид ял оногдуулах нь зүйтэй. Ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Прокурор С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэв.

Шүүгдэгч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч бид хоёр 2-3 жил уулзлаа. Нэг нэгэнтэйгээ муудалцах зүйл байгаагүй. Тэр үед бид 2-т утас байгаагүй. Би тухайн үед хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхийг л  бодсон. Тэрнээс нуун дарагдуулах санаа зорилго байгаагүй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б болон түүний өмгөөлөгч Б нарын давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч А.А нь  хохирогч П.Бийг суулган автомашин жолоодож явж байхдаа түүнийг айлгах зорилгоор явж байгаа автомашинаас үсэрч буусны улмаас хохирогч машинаас үсэрч буухдаа тархиараа газар мөргөж унахдаа гавлын суурь зүүн дагз яс, зүүн арын хонхор, нугасны нүхний орчмын цөмөрсөн хугарал, их тархи, бага тархины суурь хэсгийн няцрал бүхий  хүнд гэмтэл учирч нас барсан тул шүүгдэгч А.Аыг Говь-Сүмбэр аймгийн прокурор хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллуулахаар Говь-Сүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг явж байгаа машиныг жолоочгүйгээр үлдээж хохирогчийг аюултай нөхцөл байдалд үлдээж,  болгоомжгүйгээр бусдыг алсан буюу Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, 4 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл буюу гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зүйл нь шүүгдэгч болон хохирогч нар нь гэр бүлээс гадуур дотно харилцаатай байсан ба шүүгдэгчийн мэдүүлэгт дурдсанаар хэрэг гарах үед тэдний хооронд таарамжгүй байдал бий болж, улмаар шүүгдэгч А.А нь автомашинаас өөрөө үсэрч буун жолоочгүй явж байгаа автомашинд хохирогчийг ганцааранг нь үлдээсэн үйлдэл юм. Энэ нь эхлээд шүүгдэгч,  дараа нь хохирогч унасан талаарх хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийнх 4-5/, Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15/,  хохирогчийн биед задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-162/, гэрч В.Гэрэлтуяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 127-129/ зэргээр тус тус тогтоогдож байна. 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэсэн 2 хэлбэртэй ба хөнгөмсөгөөр найдсан этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдсэн нь шууд бус оюун санааны шинжтэй боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж гэж буруу тооцсон хүсэл зоригийн шинжтэйгээр  гэмт хэрэг үйлдсэн байх юм.

Хайхрамжгүй хандсан хэлбэр нь уг этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарласан,  үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан, түүнийг мэдэх боломжтой байсан зэрэг оюун санааны шинжүүд, мэдэлгүй үйлдсэн хүсэл зоригийн шинжүүдтэй байдаг.

     Эрүүгийн эрх зүйн эдгээр онолын үндэслэлүүдэд дүгнэлт хийж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг дүгнэж үзвэл явж байгаа автомашиныг жолоочгүйгээр орхивол жолоодлогогүй автомашин онхолдох, эсхүл юм мөргөсний улмаас дотор нь сууж яваа зорчигч гэмтэх, эсхүл амь нас нь хохирох аюултай гэдгийг шүүгдэгч нь мэдэж байсан, мэдэх ёстой байсан боловч хэргийн газрын үзлэгээр замын нөхцөл нь онхолдох, юм мөргөх нөхцөл байдалгүй зам байсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг хүнийг санаатай  алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. 

Харин шүүгдэгч автомашинаас хохирогчийг үсэрч бууна гэдгийг мэдээгүй, тооцоолоогүй,  хохирогч үсэрч буухдаа үхэлд хүргэх гэмтэл авна гэдгийг шүүгдэгч мөн мэдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүх шүүгдэгч 
А.Аыг хайхрамжгүй хандан хохирогч П.Бийг болгоомжгүйгээр алсан гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

    Хохирогчид учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтээр хохирогчид толгойн гэмтлээс гадна эрүүний зүүн буланд, хүзүүнд, зүүн бугалганд, зүүн тохой орчимд, зүүн шуунд, зүүн ташаан толгой орчимд, зүүн гуянд, зүүн өвдөгт, зүүн өвдөгний доод дотор хэсэгт, зүүн доод гадна хэсэгт, баруун гуянд, баруун өвдөгт, баруун өгзгөнд цус хуралт, зүүн гуяны дунд дотор хэсэгт, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Толгойн гэмтлүүд, биеийн цус хуралт болон зулгаралт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу нас барах агшинд үүссэн байх боломжтой” гэжээ. /1-р хх-ийн 156-158/  Энэ дүгнэлтээс үзэхэд хохирогчийн биед учирсан олон тооны цус хуралт, зулгаралт нь хохирогч автомашинаас үсэрч буухдаа автомашинаас 10.2 м чирэгдэж газар унахдаа үүссэн байж болох, эсхүл  шүүгдэгч нь хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлэхээр автомашинд суулгах, буулгахаар өргөж, зөөхдөө чанга барих зэргээс үүссэн байх боломжтой нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-5/,  шинжээчийн дүгнэлтээр “толгойн гэмтлүүд, биеийн цус хуралт болон зулгаралт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу нас барах агшинд үүссэн байх боломжтой” гэсэн задлан шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 156-158/,  сувилагч Б.Өлзийгийн “ тэр эмэгтэйн толгойн ар хэсэг болон хамарнаас нь цус гарсан байдалтай байсан, хүзүү хэсгээр хөхрөлт байгаагүй” гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 119/  зэргээр тус тус тогтоогдож байна. Хохирогчийн толгойн гэмтлээс бусад гэмтэл нь амь насанд аюулгүй цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд байх тул дахин шинжээч томилж шинжлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

    Хохирогчоос шүүгдэгчийн үрийн шингэн илэрснээр түүнийг хүчирхийлсэн гэж шууд үзэх боломжгүй ба энэ талаар тогтоосон зүйл хавтаст хэрэгт авагдаагүй байна.

    Шүүгдэгч нь хэрэг болсны дараа  хохирогчийг машины арын суудалд суулгаж  эмнэлэгийн тусламж үзүүлэхээр хэргийн газраас хөдөлж Шивээ-говь сумын эмнэлэгт хүргэсэн болох нь их эмч Г.Биндэръяа /1-р хх-ийн 118/, сувилагч Б.Өлзийт /1-р хх-ийн 119/ нарын мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32-33/ зэргээр тогтоогдож байх тул машины салоны дотор хэсэг хохирогчийн цусаар энд тэндгүй бохирлогдсон байх боломжтой юм.
    
Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотолсон байна гэж үзлээ.

Хохирогч нас барсантай холбогдсон гэм хорын хохирлыг хавтаст хэрэгт цугларсан хууль ёсны дагуу бүрдүүлсэн нотлох баримтанд үндэслэн оршуулгын зардалд 3.164.104 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.   

    Хохирогчийн 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, хохирогчийн цалин хөлсний зөрүүг тогтоолгохоор нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох  гол нотлох баримт болох хохирогчийн цалин хөлсний талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс анхан шатны шүүх хуралдаанаар энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байсан байна.  Иймээс анхан шатны шүүх иргэний журмаар жичдээ нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь зөв болсон байна.

    Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүссэн тухай давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
    
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. ГовьСүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ 

                                                  ШҮҮГЧИД                                Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                   А.САЙНТӨГС