Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 4502

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

           

Нэхэмжлэгч:Төв аймгийн Жаргалант сум 1 дүгээр баг, Буурал овоот гудамжны 07 тоотод оршин суух, регистрийн дугаар НМ 78052513 Цогт-очирын Бямбацогтын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 13 дугаар байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧН 78112168 Буянтогтохын Өнөржаргалд холбогдох

 

Авто машины үнэ болох 9 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ц.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2015 оын 12 сарын 07-ны өдөр Б.Өнөржаргалд Toyota маркын ТӨА 42-77 улсын дугаартай Probox авто машинаа 9.500.000 төгрөгөөр худалдсан бөгөөд тэрээр автомашины төлбөрийг 2016 оны 4 сарын 20-нд төлөхөөр тохирсон бөгөөд төлбөрийг 45 бод малаар (15 гүү, 15 даага, 15 унага нийтэд 45 адуу) хийхээр амласан юм. Авто машин зээлээр худалдсаны баталгаа болгож 2015 оын 12 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ бол Б.Өнөржаргалаас автомашины төлбөрт 9 500 000 төгрөг авах ёстойг нотлох баримт юм.Б.Өнөржаргал нь автомашины эзэмшихийг шилжүүлэн авч, ашиглаад 6 сар болж байгаа бөгөөд 2016 оны 04 сарын 20-ны өдөр автомашины төлбөрийг төлөх ёстой байтал одоо болтол ямарч адуу надад өгөөгүй. Утсаа салгаад ярихаа ч байсан. Би энэ асуудлаар өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Өнөржаргалын оршин суугаа газраар биш иргэний үнэмлэхэд дээр бичигдсэн хаягаар гаргачихсан юм.Гэтэл энэ хаяг дээр оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан.Б.Өнөржаргал БГД-ийн 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, 13 дугаар байр, 1 дүгээр орцны 10 тоот хаяг дээр нөхөр Барбаатарын хамт оршин суудаг. Би энэ хаягаар гэрт нь хэд хэдэн удаа очиж байсан юм.Иймд Б.Өнөржаргалаас автомашины үнэ болох 9 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б.Өнөржаргал шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би Бямбацогтоос 9 500 000 /есөн сая таван зуун мянган төгрөгний үнэ бүхий япон суудлын тэрэг авсан нь үнэн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 15 гэхэд төлбөрийг барагдуулж дуусах болно.Бямбацогт нь 2015 оны 8 дугаар сарын 15 гэхэд төлбөрийг барагдуулж дуусах болно.Бямбацогт нь 2015 оны 8 дугаар сард миний нөхөр Д.Барбаатараас 1 тооны адуу /саарал зүсмийн/ авсан бөгөөд энэ адууны төлбөр болох 1 200 000 төгрөгийг /9 500 000 /гаас хасаж төлөх хүсэлтэй байна.Энэ төлбөр барагдуулах хооронд Бямбацогт болон түүний эхнэр нь биднийг ойлгон, хэл амаар доромжлохгүй байхыг хүсэж байна.10 гүү худалдан авсан хүн маань 2016/08 сарын эхээр бүх мөнгөө бидэнд өгөх бөгөөд тэр мөнгийг шууд Бямбацогтод өгөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц. Бямбацогт шүүхэд  гаргасан тайлбартаа: Өнөржаргалаас авах ёстой 9 500 000 төгрөгийг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хугацаа алдаж  хойшлуулсаар өдийг хүрлээ, 9 500 000 төгрөгийг хугацаа алдахгүй даруй авах хүсэлтэй байна  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Бямбацогт хариуцагч Б.Өнөржаргалд холбогдуулан авто машины төлбөр болох 9 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Бямбацогтын нэхэмжилсэн 9 500 000 төгрөгийг хариуцагч Б.Өнөржаргал бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгийн 50 хувь болох  83 475 төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 83 475  төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 83 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                        1.Нэхэмжлэгч Ц.Бямбацогтын нэхэмжилсэн авто машины үнэ 9 500 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч Б.Өнөржаргал бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгөөс 83 475 төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 83 475  төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 83 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН