Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 07

 

 

      Т.Өд  холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнхандын даргалж шийдвэрлсэн, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Өд холбогдох, эрүүгийн 201610010158 дугаартай, 1 хавтас, 207 хуудас бүхий эрүүгийн хэргийн шүүгдэгч Т.Өы давж заалдсан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Ө -нд холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

         Шүүгдэгч Т.Ө нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Т.Өын *** дугаартай гадаад паспортыг ашиглан хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

        Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Өыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Т.Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15360000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Т.Өын *** тоот гадаад паспорт, Т.Өы *** тоот гадаад паспорт, зуучлалын гэрээ 2 хуудас, С гэсэн бичиг бүхий 1 хуудас баримт зэргийг шүүгдэгч Т.Өд олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Т.Ө нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх уг ялын хэмжээнээс хамаарч 3 жил хүртэл хорих ялаар солихыг мэдэгдэж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Ө давж заалдсан гомдолдоо: ...Анхан шатны шүүх иргэн миний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх шийдвэрийн дүгнэх хэсэгтээ ...хил нэвтэрсэн байна гэж үзсэн нь ямар хуулийн заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн би анхныхаа тайлбар мэдүүлгээс эхлэн “шалгагч Бг шалгаж эхлэх үед надаас асуугаагүй байхад нь ихрийнхээ бичиг баримтаар явж байгаа” талаар мэдүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч үнэнээ хэлсэн. Гэтэл миний паспортон дээр тэмдэг дарсны дараа гэнэт л босоод гүйгээд явсан. Сүүлд мэдүүлгээс нь харахад Б өөрөө зөрчил илрүүлсэн гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй юм. Бг “ хэдэн хүүхэдтэй вэ” гэхээр нь би үнэнээ хэлсэн юм. Тэр хооронд шалгагч тэмдэг дарсан байсан. Зөрчилтэй байна гэсэн бол тэмдэг дарахгүй л байх ёстой. Би бусдын паспорт гэдгийг мэдсээр байж гадаадад гарах зорилгоор авч явсан нь үнэн, энэ миний буруу гэдгийг гүнээ ойлгож байгаа, дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй байж чадна. Надад ногдуулсан 15360000 төгрөгийн торгуулийн ялаас хасч шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг хянуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалын хэргийг шалгаж нотолсон нотломж /хх-4/, Давхарбаярын гаргасан дүгнэлт /хх-5/, зөрчил гаргасан этгээдийн тодорхойлолт /хх-9/ зэргээс харахад хилийн зөрчил гаргалаа гэж анх бүртгэж авсан. Мөн Б гэдэг хүний мэдүүлэгт шалгалтын явцад Өаас эхнэрийнхээ регистрийн дугаарыг хэл гэхэд нь Ө би ихрийнхээ паспортоор явж байгаа гэдгийг хэлэх үед хил нэвтрэх тухай тэмдэг дарагдсан байсан. Яасан гэнээ гээд Б асуугаад та байж байгаарай гээд босч яваад хил хамгаалах газрын хүмүүс ирээд аваад явсан. Улсын хилийг санаатайгаар зөрчсөн нь харагдахгүй байгаа учраас Монгол улсын хилийг нэвтэрсэн гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Шалгалтын явцад баригдах юм байна, үнэнээ хэлье гээд өөрөө ухамсарлаад, илчлээд хил нэвтрэх үйлдлээсээ сайн дураараа татгалзсан. Тэр үед тэмдэглэгээгээ хийгээд өгчихсөн. Тэмдэглэгээ дарсныг хараад цааш нь нэвтрүүлбэл улсын хил нэвтэрсэн гэж үзэх байх. Гэтэл Өы энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй, сайн дураараа татгалзсан тул гэмт хэрэг гэж үзэхгүй, харин захиргааны арга хэмжээ авах зөрчил юм. Хэрэг Прокуророос ирэхдээ завдалтаар зүйлчлэгдээд яллах дүгнэлт үйлдэгдээд иртэл анхан шатны шүүх завдалт биш, төгссөн хэрэг байна гээд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Учир нь шүүгдэгч Т.Ө нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Т.Өын *** дугаартай гадаад паспортыг ашиглан хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Т.Ө /хх-59/, Г.Б /хх-75/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 20165 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5151 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-91/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон болно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан хууль бусаар хил нэвтрэх гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь хууль бусаар улсын хилээр орсон, гарсан үйлдлээр илрэх бөгөөд Монгол Улсын Хилийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-д зааснаар хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн  үйлдлийг хил зөрчсөнд тооцох буюу хууль бусаар хил нэвтэрсэн гэж үзнэ.

 

Эндээс дүгнэж үзвэл хууль бусаар хил нэвтрэх гэмт үйлдэл нь улсын хилээр хууль бусаар орох буюу гарах үйлдэл хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд шүүгдэгч Т.Өы хувьд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн ихэр болох Т.Өын гадаад паспортыг ашиглан улсын хилээр гарах үйлдэл хийж улсын хилээр нэвтрүүлэх хянан шалгалтанд хамрагдсанаар гэмт хэрэг илэрсэн байх ба энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан төгссөн гэмт хэрэг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна.

 

Харин шүүгдэгч Т.Ө нь хууль бусаар хил нэвтрэхээр завдсан болон түүний өмгөөлөгчийн тайлбарт дурдсанаар гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгч Т.Өы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Т.Өы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                      ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                            Н.БАТЧИМЭГ