Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 08

 

             Ц.Гад холбогдох 
        эрүүгийн хэргийн тухай


    Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Ц.Гад холбогдох, эрүүгийн 201524001046 дугаартай, 3 хавтас, 497 хуудас бүхий эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Бын захирамжид гаргасан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Г -д холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

Шүүгдэгч Ц.Г нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цаг 20 минутын орчим Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын 936 дугаар километрийн гарамын замд “Х” /Х/ ХХК-ийн эзэмшлийн “Sinotruck Howo” маркийн 95-89 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 дэх хэсэгт заасан “жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг /зүтгүүр/-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино”, 2.3 жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнийулмаас Улаанбаатар төмөр замын эзэмшлийн 2810 дугаартай ачааны галт тэргийг мөргөж 76446900 төгрөгийн шууд, “Х” /Х/ ХХК-ийн эзэмшлийн “Sinotruck Howo” маркийн 95-89 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 49275000 төгрөгийн шууд, бусдад нийт 125721900 төгрөгийн шууд буюу онц их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: 498 дугаар км дэх гармын жижүүр буюу хамгаалалтыг “жижүүрийн цалин санхүүжлийг байгууллага олгохгүй байна” гэдэг үндэслэлээр Замын 4 дүгээр анги буулгасан нь Замын хөдөлгөөний /төмөр болон авто замын/ аюулгүй байдлыг зөрчсөн эсэхийг шинжээчээр тогтоолгох, гармын жижүүрийг буулгахад 15-аас доошгүй хоногийн өмнө анхааруулах самбар байрлуулаагүй нь Замын хөдөлгөөний /авто болон төмөр зам/ аюулгүй байдлыг зөрчсөн эсэхийг шинжээчээр тогтоолгох, осолд галт тэрэг болон авто машин мөргөлдсөн тул шинжээчийн бүрэлдэхүүнд авто болон төмөр замын мэргэжлийн хүмүүсийг оролцуулах хүсэлтэй байна гэжээ. 
Анхан шатны шүүх: Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гад холбогдох эрүүгийн 201524001046 тоот хэрэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Боос ирүүлсэн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Иргэний хариуцагч Д.Б захирамжид гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Гад холбогдох эрүүгийн хэргийн хамт хохирогч УБТЗ-ын гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх явдал бөгөөд тэдний шаардаж буй мөнгийг төлөх үүргээс шүүгдэгчийн ажил олгогч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар бүрэн эсвэл мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар хэсэгчлэн чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдсонд оршино. Шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт шүүгдэж байгаа тул хохирлоо төлсөн тохиолдолд ял тэнсэх боломжтой. ... уг гэмт хэрэг буюу осол төмөр замын гарам дээр гарсан бөгөөд яллах тал шүүгдэгчийг гэмт тэргийг өнгөрөөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан. Гэтэл УБТЗ-ын Замын 4-р анги санхүүжүүлэгч байгууллага жижүүрийн цалинг өгөхгүй байна гэдэг үндэслэлээр заавал жижүүртэй ажиллах орон нутгийн заавартай гармын жижүүрийг эрх бүхий этгээд УБТЗ-ын даргын шийдвэргүйгээр буюу Гарам ашиглах журмын 11 дүгээр зүйлийг зөрчин буулгасан юм. Ийнхүү жижүүр буюу гармын хамгаалалтыг буулгахдаа Гарам ашиглах журмын 5 дугаар зүйлийн 5.7, 11 дүгээр зүйлд заасны дагуу гарам хамгаалалтгүй горимд шилжиж байгаа тухай анхааруулах самбарыг 15-аас доошгүй хоногийн өмнө тавьж ямар нэгэн осол гарахаас урьдчилан сэргийлээгүй юм. Самбар тавиагүй гэдэг нь гэрч нарын  мэдүүлгээр нотлогдож байна. Ийнхүү нэг талаас УБТЗ, түүний байгууллага  болох Замын 4-р анги “өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан” болох нь мөн “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн болох” нь гэрч нар болон яллагдагчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. ... шинжээчийн дүгнэлт гаргуулж нотлох баримтыг нэмж цуглуулах шаардлагатай гэж үзэж шүүхэд хүсэлт гаргасныг шүүгч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний хувьд уг захирамжинд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх дээр өнөөдөр ирж хэргийн материалтай танилцахад хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд болох төмөр замын гарманд үйлчлэх орон нутгийн заавар, журам  нь гарын үсэг зурагдсан хувиараа хэрэгт хавсаргагдсан байна. Урьд нь энэ журмыг хэрэгт 3 удаа хавсаргасан боловч дандаа гарын үсэггүй хувилбар нь байсан юм. Иймд заавал шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Гэхдээ шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлосон тул хүсэлтийг хангах боломжгүй гэсэн үндэслэлийн хувьд зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд захирамжийн үндэслэлийг өөрчилж өгнө үү, харин би нотлох баримт цугларсан  байна гэж үзэж байгаа тул заавал шинжээч томилуулах шаардлагагүй боллоо гэж үзэж байна гэв. 
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гад холбогдох эрүүгийн хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээр товлосон боловч шүүгдэгч Ц.Г эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 240 дүгээр зүйлийн 240.3-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. 

    Харин мөн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Боос “... авто болон төмөр замын мэргэжлийн хүмүүсийг оролцуулан бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

    Анхан шатны шүүх дээрх иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу биш боловч хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гарч, шүүх хуралдааныг товлосон гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. 

    Тодруулбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.3, 102 дугаар зүйлийн 102.1-д зааснаар иргэний хариуцагч нь тодорхой байцаан шийтгэх ажиллагаа явуулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоох, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг гаргах эрхтэйн гадна хуулийн 155 дугаар зүйлийн 155.2, 273 дугаар зүйлийн 273.1-д зааснаар шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл шүүгч захирамж гаргаж шийдвэрлэхээр зохицуулжээ. 

    Эндээс дүгнэж үзвэл иргэний хариуцагч нь шинжилгээг дахин хийлгүүлэх тухай хүсэлтийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үе шатанд гаргах эрхтэй байх бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хуралдааныг товлосон асуудал нь түүний дээрх эрхийг хязгаарлах үндэслэл болох учиргүй юм. 

    Гэхдээ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед буюу хэргийн бусад нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалсаны үндсэн дээр иргэний хариуцагчийн дээрх хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 271, 272, 273 дугаар зүйлүүдэд нийцэх тул шүүгчийн захирамжинд энэ талаар зааж өгөөгүй нь буруу гэж үзнэ. 

    Иймд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь дээрх хүсэлтээ анхан шатны шүүх хуралдаанд дахин гаргах эрхтэй байх тул түүний  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

    Хэргийн иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдолтой холбогдуулан ирүүлсэн тайлбарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 113 дугаар зүйлийн 113.7, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлийг дурдаж, иргэний хариуцагчийг шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэсэн нь үндэслэлгүй юм. 

    Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д “анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын талаар давж заалдах шатны шүүхэд ... бичгээр гомдол гаргах, улмаар хуулийн 113 дугаар зүйлийн 113.7-д гомдлыг хянан шийдвэрлээд гаргасан ... шийдвэрт гомдол гаргахгүй гэж зааснаас үзэхэд дээрх хуулийн зохицуулалтаар иргэний хариуцагчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.7-д заасан зохицуулалт нь энэ тохиолдолд давж заалдах шатны магадлалд гомдол гаргах эрхгүй гэж ойлгогдоно.

    Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан гомдол гаргах эрхгүй тухай асуудал нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан хүсэлтэд хамааралтай ба иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг яллагдагчийг шүүхэд шилжүүлсэний дараа гаргасан байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.2, 113.7, 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Бын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Магадлалд гомдол гаргах эрхгүйг дурдсугай. 


                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                      ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

                                                                                            Н.БАТЧИМЭГ