Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 339

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч буюу хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны хар усан тохой 4-77 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг хар усны гудамж 1-3 тоотод түр оршин суух, эмэгтэй, 46 настай, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Нанжидын Соёлмаа /ДБ-71020420/

Хамтран нэхэмжлэгч: Дархан-уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол 15 байр 52 тоотод оршин суух, группт байдаг Баяд овогт Батхуягийн Доржготов нарын нэхэмжлэлтэй 

Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны дөрвөн замын баруун талд оршин суух, эмэгтэй,  одоо Дулаанхаан тосгоны дөрвөн замд байрлах “Өндөр ээж” цайны газрын эзэн Цэрэндоржийн Сүрэнд /МД-60020162/ холбогдох

“Зээл, махны төлбөр 4.921.000 төгрөг гаргуулах тухай”, “5.610.450 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Соёлмаа, хамтран нэхэмжлэгч Б.Доржготов, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов. 

Нэхэмжлэгч Н.Соёлмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Сүрэн гуай Дархан-Уул аймагт амьдардаг манай хүргэн ах Б.Доржготовын гэрт нь очиж 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай бичгээр гэрээ хийн зээлж авсан. Тэгээд нэг сарын дараа хүү болох 500.000 төгрөгийг өгч дахин нэг сараар сунгасан. Тэгтэл манай хүргэн ах Б.Доржготов Ховд аймагт, нутаг руугаа явах гээд надад “Ц.Сүрэнгээс зээлсэн 5.000.000 төгрөг хүүгийн хамт аваад өгөөч” гэхээр нь Ц.Сүрэн гуайд хэлэхэд надад “Одоо эгчид нь ямар ч мөнгө төгрөг алга чи л аргал” гээд байхаар нь би  хүүгийнхээ сургалтын төлбөрт зориулж хадгалсан байсан мөнгө болон 2-3 үхэр, бог малаа нядалсан мөнгөнөөсөө 5.500.000 төгрөгийг ахдаа өгч Ц.Сүрэн гуайн өрийг цайруулсан. Дараа нь надад мал авах гэж эгчээсээ зээлсэн мөнгө байгааг мэдээд над дээр ирж уйлж гуйгаад байхаар нь өөрийн ажлын газрын охин болох Саруулыг байлцуулан Саруулаар тоолуулан 6.000.000 төгрөгийг Ц.Сүрэн гуайд өгсөн. Энэ мөнгийг би хүргэн ах, эгч хоёроосоо авч өгсөн. Тухайн үедээ би Ц.Сүрэн гуайд “Та ямар их мөнгө төгрөг зээлдэг юм бэ, төлж чадах юм уу, хүүхдүүдэд чинь хэлье” гэхэд “Манай хүүхдүүдэд л битгий хэлж үзээрэй” гээд л уйлан дуугараад байсан. 6.000.000 төгрөг өгөхдөө ямар ч гэрээ хийгээгүй бэлнээр өгсөн. Бас цалингийн зээл 1.000.000 төгрөг авч 840.000 төгрөг өгсөн. Мөн надаас 2014 оны 03 дугаар сараас эхлэн хонь, үхрийн мах байнга зээлээр авдаг байсан тэр ч битгий хэл хүүхдийнхээ хуримын ууцны махыг хүртэл авсан. С.Энхсаруулын гаргасан махны тооцоонд хонины мах ерөөсөө ороогүй байна. Зээл болон махны мөнгийг нь өдөр тутмын орлогноос нь цувуулан авч байсан. Зарим нэг гарын үсэн байхгүй байгаа нь аваагүй гэсэн үг. Ц.Сүрэн гуай, түүний охин С.Энхсаруул, бид гурав 2015 оны цагаан сарын өмнө тооцоо хийж хамгийн сүүлд 4.340.000, төгрөг үлдсэн. Тэгэхэд охин нь “Ээж та Н.Соёлоо эгчийн өрийг овоо төлсөн байна” гэж байсан. Миний хувьд нэг хар дэвтэр байдаг. Түүнд тооцоо хийж гарын үсэг зурсан баримтууд байгаа боловч одоо авчираагүй. Би тооцоо хийсэн үлдэгдэл 4.340.000 төгрөгөн дээрээ бага зэргийн хүү нэмээд л 4.921.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Би хохирмооргүй байна. Миний хувьд мах, зээл гэж ялгасан тооцоо хийсэн зүйл байхгүй. Ц.Сүрэн гуайд зээлээр өгсөн мах, зээлээ нийлүүлээд л үлдсэн мөнгөө нэхэмжилж байна үүнийг гаргуулж өгнө үү гэх. 

Хамтран нэхэмжлэгч Б.Доржготов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Ц.Сүрэн гэдэг хүн 2014 оны 04 дүгээр сард манай гэрт өөрийн нөхөр болон манай дүү Н.Соёлмаа нартай ирж надаас 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай бичгээр гэрээ хийж авсан. Нэг сарын дараа хүү 500.000 төгрөгийг манай дүү надад авчирч өгөөд гэрээгээ нэг сараар сунгасан. 6-7 сард Ховд аймаг нутагруугаа ээжийгээ авч явах болоод дүүдээ “чи Ц.Сүрэнгээс надаас зээлсэн мөнгийг нэхээд ирээч” гэхэд удалгүй надад 5.500.000 төгрөг авчирч өгсөн. Тухайн үедээ надад энэ мөнгийг манай дүү өөрөө олж өгсөн талаар хэлж байсан. Дараа нь манай дүү эхнэр бид хоёроос дахин 5.000.000 төгрөг авч Ц.Сүрэнд өгсөн гэсэн. Энэ 5.000.000 төгрөгөө 20 хувийн хүүтэй нэхэмжилж байгаа юм гэх. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай ээж 2014 оны 04 дүгээр сард Б.Доржготов гэдэг хүнээс 5.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн гэдэг. Миний хувьд энэ талаар сайн мэдэхгүй. Сүүлд ээж болон Н.Соёлоо эгчээс мэдсэн. Би гуанзны тооцоог 2014 оны 07 дугаар сараас эхлэн тооцож явсан учраас энэ талаар сайн мэднэ. Миний хувьд Н.Соёлмаа эгчийн нэхэмжилж байгаа манай ээжид зээлсэн зээл болон махны үнэ болох үлдэгдэл 4.921.000 төгрөгийг манайх төлж дууссан гэж үзэж байгаа. Н.Соёлмаа эгч манай гуанзны орлогоос өдөр болгон орсон орлогуудыг авч байсан. 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 18.257.500 төгрөгийг авсан байдаг. Үүнээс манайх үхэр, хонины мах нийлээд 11.274.550 төгрөгний махны үнэ төлсөн гэсэн тооцоо гарсан. Би энэ тооцоог ээжийн өдөр тутмын орлогын дэвтрээс түүвэрлэн авсан. Бид нар энэ өрийг төлөхдөө өдөр тутмын орлогоосоо Н.Соёлоо эгч болон ажлынх нь хамт ажилладаг, Өлзий, Саруул, хүү Аюуш нарт өгч гарын үсгийг зуруулж байсан. Нийт өгсөн орлогоос махны мөнгийг хасахаар 6.982.950 төгрөг үлдэж байгаа. Энэ үлдсэн мөнгө нь зээлсэн мөнгө гэж үзэж байна. Ийм учраас Н.Соёлоо эгчид ямар ч өр төлбөр байхгүй. 2015 оны цагаан сарын өмнө ээж, Н.Соёлоо эгч, бид гурвын хийсэн тооцооноос үлдэгдэл гэх 4.340.000 төгрөгнөөс хойш 1 сар гаруйн хугацаанд төлбөр хийгдэж байсан. Манай ээжид 5.500.000 төгрөг зээлэхдээ ямар ч бичгээр гэрээ хийгээгүй учраас бид нар зээлийн хүү төлөх ёсгүй гэж үзэж байна. Манай орлого зарлага хөтөлдөг дэвтэр дээр тодорхой байгаа гэх. 

Сөрөг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Манай талаас Н.Соёлмаагийн нэхэмжилсэн 4.921.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Манай ээж Н.Соёлмаа эгчээс 2014 оны 07 дугаар сард бус 2014 оны 05 дугаар сард 6.000.000 төгрөг бус 5.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд энэ мөнгийг түүний хүргэн ах Б.Доржготовоос авсан. Тэгээд ч манайх гуанзны орлогоосоо өдөр болгон өгч нийт 18.352.500 төгрөг төлсөн байгаа. Үүнээс махны үнэ нь 11.274.550 төгрөг болсон. Илүү төлөлттэй гэж үзэн үлдэх 5.610.450 төгрөгийг нэхэмжилсэн байснаас тооцоо хийн 882.950 төгрөгийг нэхэмжилж үлдэх 4727500 төгрөгнөөсөө татгалзаж байна гэх. 

Хариуцагч Н.Соёлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Ц.Сүрэн гуайн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Надаас өч төчнөөн зээл үхэр, хонины мах авчихаад одоо болтол зээл болон төлбөрөө гүйцэд төлөөгүй байж яаж надаас мөнгө нэхэж байгаа юм болоо. Надаас энэ айлд төлөх өр байхгүй. 2015 оны 03 дугаар сарын 15-наас хойшхи хонины махны тооцоог гаргаагүй байна. Үүнийгээ би нотлох баримтаар гаргаж шүүхэд хандана. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Соёлмаа, Б.Доржготов нарын нэхэмжлэлтэй Ц.Сүрэнд холбогдох “Зээл. махны төлбөр нийт 4.921.000 төгрөг гаргуулах тухай”, Ц.Сүрэнгийн сөрөг нэхэмжлэлтэй Н.Соёлмаад холбогдох “Илүү төлөлт хийгдсэн 5.610.450 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир  нь:

1.Ц.Сүрэн нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Доржготовоос 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр ам хэлцэл хийн зээлсэнээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байна. 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүү 500.000 төгрөгийг бэлнээр өгч 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунган үндсэн зээл, хүүгийн хамт өгөхөөр бичгээр гэрээ хийсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд бичгээр хийгдсэн баримтаар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна. Хариуцагч нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бичгийн баримтанд заагдсан төлбөрөө хийж чадаагүй учраас хариуцагчийн хүсэлтээр түүний өмнөөс нэхэмжлэгч Н.Соёлмаа өөрт байсан мөнгөнөөсөө Л.Доржготовт үндсэн зээл, хүүгийн хамт төлж зээлийг дуусгасан байна. 

Харин хамтран нэхэмжлэгч Б.Доржготов нь 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаа сунгасан гэх 5.000.000 төгрөг 10 хувийн хүү 500.000 төгрөг нийт 5.500.000 төгрөгийг надад манай дүү Н.Соёлмаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл энэ авсан зээлээ төлөөгүй учраас Ц.Сүрэнгээс гаргуулж өгнө үү гэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ зээлийг Б.Доржготовт Н.Соёлмаа төлж дуусгаснаар Ц.Сүрэн, Б.Доржготов нарын хоорондох зээлийн гэрээ дуусгавар болсон, нэхэмжлэгч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзнэ. 

 Нэхэмжлэгч нь Ц.Сүрэнд 2014 оны 03 дугаар сараас 12 дугаар сар дуустал үхэр, хонины мах зээлээр өгч байсан болох нь шүүх хуралдаанд нотлох баримт болгон гаргасан Ц.Сүрэнгийн орлого, зарлагын дэвтэрт бичигдсэн болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна. Хариуцагч нь 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гуанзныхаа өдөр тутмын орлогоос зээл болон махны үнийг төлж байсан болох нь өдөр тутмын орлого зарлагаа тэмдэглэсэн дэвтрийн хуудсанд бичигдсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд энэ дэвтэрт бичигдсэн төлбөрүүдийг авсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд:

Хариуцагчаас нэхэмжлэгчид өдөр тутмын орлогоосоо 2014 оны 07 дугаар сард нийт 1670.000 төгрөг, 08 дугаар сард 3660.000 төгрөг, 09 дүгээр сард 2.550.000, 10 дугаар сард 2.269.000 төгрөг, 11 дүгээр сард 2.300.000 төгрөг, 12 дугаар сард 1.178.500 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард 375.000 төгрөг, 02 дугаар сард 635.000 төгрөг, 03 дугаар сард 120.000 төгрөг, тэтгэвэрийн зээл 1.100.000 төгрөг , Туяагаас зээлж өгсөн 2.000.000 төгрөг нийт 16.967.500 төгрөг төлж үүнээс: 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 11.274.550 төгрөгний мах авсан болох нь орлого, зарлагын дэвтэрийн хуудсанд тэмдэглэгдсэн тэмдэглэгээгээр нотлогдож байна. Махны үнийг: 2014 оны 08 дугаар сард 2.300.000 төгрөг, 09 дүгээр сард 2.620.000 төгрөг, 10 дугаар сард 1.881.100 төгрөг, 11 дүгээр сард 2.835.000 төгрөг, 12 дугаар сард 138.450 төгрөгний үхрийн мах, хонины 65.000 төгрөгний мах, Аюушид авсан махны төлбөрт 1.500.000 төгрөг өгсөн нийт 11.274.550 төгрөгний махны үнэ төлөгдсөн байна. Нэхэмжлэгч нь 6.000.000 төгрөг зээлдүүлснээ нотолж чадахгүй байх тул нийт төлөгдсөн 16.967.500 төгрөгний үнийн дүнгээс махны төлбөр 11.274.550 төгрөгийг  хасаж тооцон үлдэх 5.692.950 төгрөгийг зээлийн төлбөрт төлөгдсөн гэж үзнэ. Иймд Н.Соёлмаа, Б.Доржготов нарын нэхэмжлэлтэй Ц.Сүрэнд холбогдох “4.921.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Хариуцагч зээл болон махны үнийг өдөр тутмын орлогоосоо нэхэмжлэгчид төлж байсан бөгөөд нэхэмжлэгч нь зээл болон махны үнийг аваагүй, энэ талаараа тус тусад нь гаргасан тооцоо байгаа эсэх талаараа нотолсон болон няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, мөн зохигчид нь дараагийн зээл авч өгөлцөх үед зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан гэж үзнэ. 

2.Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Ц.Сүрэн нь Н.Соёлмаад холбогдуулан 5.610.450 төгрөг нэхэмжилснээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд сөрөг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: “...Илүү төлөлттэй гэж үзэн үлдэх 5.610.450 төгрөгийг нэхэмжилсэн байснаас тооцоо хийн 882.950 төгрөгийг нэхэмжилж үлдэх 4727500 төгрөгнөөсөө татгалзаж байна” гэсэн байна. Гэтэл хариуцагч нь юуг үндэслэн ямар тооцооны үндсэнд илүү төлбөр төлсөн эсэхээ нотолж чадахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Зохигчдоос хэрэгт авагдсан нотлох баримт болгон гаргасан “Иргэн Б.Доржготов, н.Цэндсүрэн, Ц.Сүрэн, н.Бадарч бид 4 банкнаас мөнгө гаргаж авах хүртэл мөнгө зээлэх гэрээ” нь /хх-ийн 17 тал/ энэ хэрэгт ач холбогдолгүй хамааралгүй, Зохигчдын хооронд хийгдсэн “Мөнгө зээлэх гэрээ” /хх-ийн19 тал/ засвартай он, сар, өдрийг нь хэзээ бичсэн нь тодорхойгүй, засвартай байх тул хасаж тооцох нь зүйтэй.    

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 93.690 төгрөг, сөрөг нэхэмжлэгчийн 104.718 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар Н.Соёлмаа, Б.Доржготов нарын нэхэмжлэлтэй Ц.Сүрэнд холбогдох “Зээл, махны төлбөр 4.921.000 төгрөг гаргуулах тухай “ Ц.Сүрэнгийн сөрөг нэхэмжлэлтэй “5.610.450 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйүлийн 57.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 198.408 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар “Иргэн Б.Доржготов, н.Цэндсүрэн, Ц.Сүрэн, н.Бадарч бид 4 банкнаас мөнгө гаргаж авах хүртэл мөнгө зээлэх гэрээ”, “Мөнгө зээлэх гэрээ” зэргийг нотлох баримтаас хасаж тооцсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА