Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 231

 

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 06 дугаар

сарын 16-ны өдөр                             Дугаар  231                                           Баруун-Урт 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Алтай” хотхоны 18-162 тоотод оршин суух, /РД:ЧА87072313, утас:99994221/ Боржигон овогт Гэрэлийн Одбаяр нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг,  “Ногоон” хотхоны 1-1 тоотод оршин суух “Ханан” фитнесс клубын дасгалжуулагч багш ажилтай, /РД:ЛЮ83010973, утас:96004561, 70514561/ Хатгин овогт Оргодолын Энхбаярт холбогдох 

 

“Тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 20 041 750 төгрөг, гэрээний дагуу тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрөөс тооцсон алданги 64 521 000 төгрөг, спорт бараа материалын үнэ 11 282 000 төгрөг, лангууны үнэ 950 000 төгрөг, нийт 96 794 750 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 03-р сарын 29-ны өдөр хүлээн авч, 2016 оны 03-р сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Одбаяр, хариуцагч О.Энхбаяр, гэрч Ж.Лхамжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Одбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Одбаяр миний бие иргэн О.Энхбаярыг Сүхбаатар аймагт фитнэсс клуб нээх зорилгоор фитнессийн тоног төхөөрөмж зээлээр нийлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2014 оны 8-р сарын 28-ны өдөр 104 777 750 төгрөгийн үнэ бүхий фитнессийн тоног төхөөрөмжийг 2015 оны 04-р сарын 01-ны өдөр төлөх нөхцөлтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор худалдах худалдан авах гэрээ байгуулан зээлээр олгосон. Тухайн үед манай зүгээс тоног төхөөрөмжийг нийлүүлээд зогсохгүй гэрээнд тусгаагүй 11 282 000 төгрөгийн спортын хувцас хэрэгсэл, бараа материал, 950 000 төгрөгийн үний бүхий лангуу тавиур, 2 сарын түрээсийн төлбөр зэргийг мөн зээлээр өгсөн. Зээлээр олгосон тоног төхөөрөмж, бараа материал төлөгдсөн дүнгийн задаргаа хүснэгтэнд байгаа. Хариуцагч О.Энхбаяр нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй ба гэрээний хугацаа дууссан өдрөөс өнөөдрийг хүртэл 2 удаа цувуулж нийт 62 000 000 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш холбоо барилгүй алга болсон. Бидний зүгээс хэд хэдэн удаа холбоо барих гэж үзсэн боловч холбогдож чадаагүй. Мөн фитнэсийн тоног төхөөрөмж, спорт барааны хэрэгсэл материал, лангуу тавиур худалдсаны төлбөр гаргуулах, хөрөнгө, тоног төхөөрөмж битүүмжлүүлэх.

Иймд гэрээний хугацаа 2015 оны 04-р сарын 01-ний өдөр дууссанаас хойш, өнөөдрийг хүртэл 227 хоног хугацаа хэтэрсэн тул О. Энхбаяраас 96 874 750 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 641 924 төгрөг нийт 97 436 674 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Г.Одбаяр мэдүүлэхдээ: Миний бие нь 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Энхбаяртай фитнессийн бараа, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээний үндсэн дүн 104 777 500 төгрөг болсон.  Энэ мөнгийг бид өөрсдийн зүгээс гаргаж  фитнессийн бараа, тоног төхөөрөмж авсан. Бид ингэж зээлээр өгөхдөө мөн 10 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Гэрээ хийсний дараа 09 дүгээр сарын 07-нд нийт мөнгөний 13 хувийг миний “Хас” банкны данс руу шилжүүлэх ёстой байсан.  Энэ мөнгө хугацаандаа орсон. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд бүх мөнгийг шилжүүлж дуусгасан байхаар гэрээ хийсэн. Би 2015 оны 01 дүгээр сар гаргаад энэ хүн рүү залгаж 04 дүгээр сарын 01-ний өдөр болох гэж байна шүү, мөнгө төгрөгөө бэлэн болгоорой гэж хэлдэг байсан. Гэтэл 04 дүгээр сарын 01-нд мөнгө орж ирээгүй. Ингээд 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцсон. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 25 000 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Ингээд нийт үлдэгдэл 57 265 500 төгрөг болж байгаа. Үүнээс 0.5 хувиар алданги тооцоод 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 37 000 000 төгрөг өгсөн. Тухайн үед гүйцэтгээгүй үүргийн дүнтэй нийлээд 113 490 000 болсон байсан. Дахин мөнгө өгөөгүй. Утсаар ярихаар болохгүй байна, бүтэхгүй байна, эмнэлэгт хэвтсэн байна, машины осолд орсон байна гэж 2 ч удаа хэлсэн. Би осолд орсон өдрүүдийг алдангид тооцоогүй. Би олон санал тавьж график гаргаад мөнгөө өг гэж хэлж байсан. Миний ээж энэ шүүх хуралдаанд гэрчээр орж байгаа. Зээл өгөх шийдвэрийг ээж гаргасан. Зээл олгох шийдвэрт нь би нөлөөлсөн. Бид зээл өгөхөөс өмнө Сүхбаатар аймгийн Засаг дарга, “Хас” банкны захирал, фитнессийн байр түрээслүүлэгчтэй хүртэл уулзахад бүгд болж бүтэх талаас нь дэмжиж өгнө гэсэн. Үүний дагуу 08 дугаар сард Энхбаярын данс руу 70 000 000 төгрөгийн зээл орсон байсан. Надад үүнээс 37 000 000 төгрөгийг нь өгсөн. Үлдсэн 33 000 000 төгрөгийг өөр зээлд төлсөн гэж сая надад хэлсэн. Би үндэслэлтэй мөнгө нэхэж байгаа. Манайх мөнгө зээлдүүлж эргэлдүүлдэг учраас хэдэн төгрөг ч хамаагүй эргэлдүүлж байвал ашигтай байдаг. Тиймээс ээж маань Энхбаяр руу залгахад утсаа аваагүй. Эхнэр лүү нь ярихад хэл амаар доромжилсон. Би юм хэлээгүй. Танай эхнэр ингэж байна шүү гэж хэлсэн. Анх гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан байж одоо яагаад алданги төлөхгүй гээд байгаа юм бэ? л гэдэг асуудлыг тавьж байгаа. Тиймээс би одоо Энхбаяраас нийт 96.794.750 төгрөгийн нэхэмжилж байгаагаас дутуу нийлүүлсэн гэх тоног төхөөрөмжийн үнэ 2 555 000  төгрөгийг           94 299 750 төгрөгнөөс, спорт бараа, материалын үнэ 11 282 000 төгрөгнөөс                   төлөгдсөн 1 400 000 төгрөгийг тус тус хасч тооцоход татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагч О.Энхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Миний бие Г.Одбаярын нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн нэхэмжлэлд             62 000 000 төгрөгийн төлбөр төлсөн гэж тусгасан нь бодит төлсөн төлбөрийн дүнтэй нийцэхгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Г.Одбаярын “Хас банк”-ны 5001153964 тоот дансанд гэрээнд заасан урьдчилгаа төлбөр болох 12 200 000  төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Г.Одбаярын “Хас банк”-ны 5000429798 тоот дансанд 25 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г.Одбаярын “Хас банк”-ны  дансанд  37 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийт тоног төхөөрөмжийн  төлбөр болох   94 299 700 төгрөгөөс 74 200 000 төгрөгийг төлж, үүнээс гэрээнд тусгасан боловч ирээгүй степний үнэ болох 800 000/ Найман зуун мянга/-н төгрөгийг хасч, нийт тоног төхөөрөмжийн үлдэгдэл 19 299 700 төгрөг үлдсэн. Нэхэмжилж буй 64 521 000 төгрөгний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай клубт түшиглэн нээсэн “Олимпус” спорт барааны салбар дэлгүүрийг татан буулгаж, спортын бараа, хувцас хэрэгсэл зэргийн үнийн дүн 11 282 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч О.Энхбаяр мэдүүлэхдээ: Би нэхэмжлэгч Одбаяртай уулзаад фитнессийн тоног төхөөрөмжийг авч, урьдчилгаа 13 000 000 төгрөг өгье гэж анхны яриагаа хийсэн. Одбаярын ах Сүхбаатар аймагт байсан.  Тиймээс зээл авах ямар боломж байна гэж “Хас” банкны захирал, Сүхбаатар аймгийн Засаг даргатай уулзахад ийм зүйл байгуулах гэж байгаа бол бид дэмжинэ, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслөөс зээл гаргаж болно, чи клуб байгуулаад төслөө бичээд ир гэсэн. Ингээд би урьдчилгаа мөнгөө Одбаярт өгсөн. 09 дүгээр сарын 27-ны өдөр манайд тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх ёстой байсан ч 10 дугаар сарын 25-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөөд 10 дугаар сарын 27-ны өдөр клубээ нээсэн. Он гараад Монгол улсын шадар сайд солигдсонтой холбоотойгоор жижиг дунд үйлдвэрийн төслийн төрийн сан мөнгөгүй болсон. 04 дүгээр сарын 01-нд мөнгө орж ирэхээр батлагдсан боловч төсөвгүй байсан. Тиймээс “Хас” банкинд клубын тоног төхөөрөмж, машинаа барьцаалж зээл авсан. Банкны зээлийн дээд хэмжээ 20 000 000 төгрөг байдаг гэсэн учраас ахаасаа 5 000 000 төгрөг зээлж 25 000 000 төгрөг шилжүүлсэн. Би энэ хооронд давхар хүү төлж байсан. 08 дугаар сарын 26-ны өглөө эхний мөнгө орж  ирэхэд би өдөр нь мөнгөө шилжүүлсэн. “Хас” банк өмнөх зээлийг чинь хааж байж 70 000 000 төгрөгийг чинь гаргана гэсэн. Тэгэхгүй бол давхар зээлтэй болно гээд шимтгэл бүх зүйлээ суутгаад 37 000 000 төгрөг үлдсэнийг Одбаярын данс руу шилжүүлсэн. Клубыг хөл дээр нь босгох гэж би банкны дарамт, байрны түрээсийн дарамттай байгаа. “Дөрвөлж” ОНӨҮГазарт хүртэл дулааны өртэй байгаа. Дэлгүүрийн барааны хувьд 12 000 000 орчим төгрөг болдог. Үүнд нэмэлт тайлбар өгье. 25-аас дээш 27, 27.5, 30, 32, 32.5, 35 гээд гантелиуд, эмэгтэй гантелины ком, ёогийн хувцаснууд дутуу ирсэн. Гэтэл үнэндээ оруулаад баримтандаа бичиж явуулсан байсан. Үүнийг тусад нь бодсон. 1 400 000 төгрөгийг ээжийн чинь дансанд хийсэн. Лангуу, тавиур, үлдсэн бараанд өчигдөр тооллого хийсэн. Дэлгүүрийн барааг худалдах, худалдан авах гэрээ бол хийгээгүй. Спорт барааны салбар дэлгүүр нээе гэж санал нийлсэн. Дэлгүүрийн лангуу, барааг буцаан өгөхөд бэлэн байна. Фитнесс клубын тоног төхөөрөмжийг угсарч өгсөн нь бол үнэн. Тохижуулж өгсөн зүйл бол байхгүй. Би          35 000 000 төгрөгийн зээл хийж тохижилтоо хийсэн. Би мөнгөө өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Цаг хугацаа ингэж таараад байна.  Нийтийн бие тамирыг хөгжүүлэх гээд бид өөрсдөө ашиггүй ч байсан төрөл бүрийн арга хэмжээ зохиож байгаа. Хүн гаднаас нь харахад ашигтай ажиллаж байгаа юм шиг харагдаж байгаа. Ерөнхий сайдыг ирэхэд хүртэл манай клубээр үйлчлүүлж байгаа хүмүүст урам хайрлаач гэж хүртэл хэлж авчирсан. Би менежент л хийгээд байгаа гэв.  

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ж.Лхамжав мэдүүлэхдээ: Сүүлд бүх барааг нийлүүлсэн. Энхбаяр манай дэлгүүрт ирээд өөрийнхөө дуртай бараагаа сонгодог байсан. Манай талаас энэ хүнээс илүү мөнгө нэхэмжлээгүй. Бид Сүхбаатар аймгийн ЗДТГазартай уулзсан. 70 000 000 төгрөг өгсөн байсан. Бид энэ хүнийг ивээн тэтгэж бараагаа зээлээр өгсөн. Бид Улаанбаатар хотоос наашаа ирж байгаа хүмүүсээс фитнесс клуб ажиллаж байна уу очиж үзэж хараад ирээрэй гэж захихаар ажиллаж байна, их хүнтэй байна гэдэг. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг бүрэн өгөөсэй гэж хүсэж байна. Дэлгүүрийн бараанаас 1 400 000 төгрөг өгсөн. Эхлээд 900 000 төгрөг өгөөд, үүний дараа 500 000 төгрөг өгсөн. Манайд бол ашиггүй байгаа. Дэлгүүрийн барааны баримт 13 000 000 төгрөг, лангуу, тавиурын үнэ 950 000 төгрөг байгаа гэв.

 

Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Одбаяр нь хариуцагч О.Энхбаярт холбогдуулан “Фитнессийн тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 20 041 750 төгрөг, спорт бараа материал, лангууны үнэ 12 232 000 төгрөг, гэрээний дагуу тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрөөс тооцсон алданги 64 521 000 төгрөг, нийт 96 794 750 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Одбаяр нь хариуцагч О.Энхбаяраас фитнессийн тоног төхөөрөмж зээлээр нийлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 104 777 500 төгрөгний тоног төхөөрөмжийг зээлээр худалдах-худалдан авахаар үнэ тохиролцож, үүнээс хямдрал 10 хувиар тооцож 10 477 000 төгрөгийг хасч, нийт төлөх дүн 94 299 700 төгрөг болно. Урьдчилгаа болох 13 хувь 12 258 000 төгрөгийг 2014 оны 09-р сарын 07-ны дотор шилжүүлнэ. Үлдэгдэл төлбөр болох        82 040 700 төгрөгийг 2015 оны 04-р сарын 01-ний өдрийн дотор бүрэн шилжүүлж дуусгана. Гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор зээлээр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, алданги шаардах эрхтэй байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага фитнессийн тоног төхөөрөмжийн үнэ болох 94 299 750 төгрөгнөөс дутуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн үнэ 2 555 000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. /94 299 750 төг – 2 555 000 төг = 91 744 975 төг/ 

 

Фитнессийн тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний 1.3 дахь хэсэгт “ урьдчилгаа төлбөр болох 13 хувь 12 2580 000 төгрөгийг Гэрэл овогтой Одбаярын Хас банкин дахь 5001153964 тоот дансанд 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор шилжүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч О.Энхбаяр нь 2014 оны 09 дүгээр  сарын 03-ны өдөр 12 200 000 төгрөгийг /58 000 төгрөг дутуу төлсөн/ нэхэмжлэгч Г.Одбаярын дээрх дансанд тушаасан болох нь Хас банкны орлогын маягтаар нотлогдож байна. /91 744 975 төг – 12 200 000 төг = 79 544 975 төг/           

Гэрээний 1.4 дэх хэсэгт “үлдэгдэл төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн шилжүүлж дуусгана” гэж тохиролцсон боловч үлдэгдэл                     79 544 975 төгрөгнөөс 25 000 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.Одбаярын Хас банкин дахь 5001153964 тоот дансанд 16 хоногийн хугацаа хэтрүүлж тушаасан болох нь Хас банкны 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн төлбөрийн баримтаар нотлогдож байна.

Гэрээний 4.2.1 дэх хэсэгт “гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 79 544 975 төг х 0.5% = 1 хоногийн алданги 397 724 төг, 397 724 төг Х 16 хоног = алданги 6 363 584  төгрөг болно.

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 79 544 975 төгрөгнөөс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 25 000 000 төгрөгийг хасч, 54 544 975 төгрөг үлдсэнээс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 128 хоногийн хугацаа хэтрүүлж 37 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн болох нь Хас банкны “Баруун-Урт салбар-123”-ын 20165 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дансны хуулга, нэхэмжлэгч Г.Одбаярын шүүхээр нэхэмжилсэн төлбөрийн задаргаа хүснэгт зэргээр нотлогдож байна.

54 544 975 төг х 0.5% = 1 хоногийн алданги 272 724 төг х 128 хоног = алданги 34 908 672 төгрөг болно.

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаарх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 54 544 975 төгрөгнөөс 37 000 000 төгрөгийг хасч, тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 17 544 975 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй байна.

Үлдэгдэл 17 544 975 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл буюу 210 хоногийн хугацаанд нэхэмжлэгчид төлөөгүй байх тул алданги тооцоход 17 544 975 төг х 0.5% = 1 хоногийн алданги 87 724 төг х 210 хоног = 18 422 040 төгрөгийн алданги болно.

Дээрхээс бодож үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн                   17 544 975 төгрөг, нийт алданги 59 694 296 төгрөг /6 363 584 + 34 908 672 + 18 422 040 = 59 694 296/ байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн    17 544 975 төгрөг, 354 хоногийн алданги 59 694 296 шаардсан нь алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул алдангид              8 772 487 төгрөг /17 544 975 : 2 = 8 772487/-ийг гаргуулж, илүү бодогдсон алданги болох 50 921 809 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Г.Одбаяр хариуцагч О.Энхбаяраас спорт бараа, материалын үнэ 11 282 000 төгрөг, лангууны үнэ 950 000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч нь спорт бараа, материалын үнээс 1 400 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын мэдүүлгээр нотлогдож байх тул үлдэх спорт бараа, материалын үнэ            9 882 000 төгрөг, лангууны үнэ 950 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч О.Энхбаяраас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 17 554  975 төгрөг, алданги 8 772 487 төгрөг, спорт барааны үнэ     9 882 000 төгрөг, лангууны үнэ 950 000 төгрөг нийт 37 149 462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Одбаярт олгож шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт   зааснаар нэхэмжлэгч  Г.Одбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  641 924 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Энхбаяраас 343 697 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Одбаярт олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232-р зүйлийн 232.4 заасныг баримтлан хариуцагч Хатгин овогт Оргодолын Энхбаяраас “Зээлээр худалдах- худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 17 554  975 төгрөг, алданги 8 772 487 төгрөг, спорт барааны үнэ 9 882 000 төгрөг, лангууны үнэ 950 000 төгрөг, нийт 37 149 462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овогт Гэрэлийн Одбаярт олгосугай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагаас алдангид илүү нэхэмжилсэн 50 921 809 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч  Г.Одбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  641 924 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Энхбаяраас 343 697  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.                       

                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ