Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Өлзийт суманд 1946 оны 2 сарын 13-нд төрсөн, эмэгтэй, 70 настай, бага боловсролтой, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р баг, Ундраагийн 1-4 тоотод оршин суух Боржигон овогт Баатарын Мөнхжсэвжидийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 139/2016/00136/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мөнхсэвжид, нарийн бичгийн дарга С.Уянга оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Мөнхсэвжид шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1946 онд төрсөн,  энэ жил 70 нас хүрсэн, улсад 27 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт 1967 оны 1 сарын 1-ний өдрөөс 1969 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл асрагчаар, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт 1973 оны 1 сарын 1-с 1975 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт нь дутуу учраас тэтгэврийн жилээс хасагдахад хүрээд байна. Иймд хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг, архивын лавлагаа зэрэг баримтуудыг үндэслэн 1967 оны 1 сарын 1-с 1969 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл асрагчаар, 1973 оны 1 сарын 1-с 1975 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Мөнхсэвжид нь Дундговь аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт 1967 оны 1 сарын 1-ний өдрөөс 1969 оны 7 сарын 1-ний өдөр хүртэл асрагчаар, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт 1973 оны 1 сарын 1-с 1975 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

             Нэхэмжлэгч Б.Мөнхсэвжид Дундговь аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт 1967 оны 7 сарын 1-ний өдрөөс 1969 оны 6 сарын 4-ний өдөр хүртэл асрагчаар, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт 1973 оны 1 сарын 1-с 1975 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан болох  нь  

Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 сарын 20-ны өдрийн 95 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Нэгдсэн больницын даргын 1975 оны 1 сарын 15-ны өдрийн 2 дугаартай “ажилд томилох ба амралт олгох тухай” тушаалын хуулбар,

Дундговь аймгийн Өлзийт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1967 оны 7 сарын 7-ны өдрийн 20 дугаартай “Сумын хүний их эмчийн салбарт ажилчин томилох тухай” захирамжийн хуулбар,

Б.Мөнхсэвжидэд Хөдөө аж ахуйг удирдах газраас 1977 оны 10 сарын 1-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

 гэрч М.Цэнд-Аюушийн “Б.Мөнхсэвжид нь 1967 оны 1 сарын 1-ний өдрөөс 1969 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан. Би 1972 оноос 2002 он хүртэл   Дундговь аймгийн Өлзийт сумын хүний их эмчийн салбарт цагаан хэрэглэл угаагчийн ажлыг хийдэг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Хандсүрэнгийн “Б.Мөнхсэвжид нь 1973 оноос 1976 он дуустал Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмчилгээний тасагт тогоочоор ажилладаг байсан. Тус тасгийн сувилалд  гаднаас хүн ирж эмчлүүлж, эмчлүүлэгчдэд хоолоор үйлчилдэг байсан юм. 1960-1985 он хүртэл Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан учраас энэ хүнийг тогооч хийж байсан гэдгийг мэдэж байна“ гэх мэдүүлэг,

гэрч П.Маамын “Б.Мөнхсэвжид нь 1967 оноос 1969 он хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын  хүний их эмчийн салбарт асрагч, үйлчлэгч хийж байсан. Би 1965 оноос 1991 он хүртэл  Дундговь аймгийн Өлзийт сумын хүний их эмчийн салбарт  сувилагч, дараа нь Дундговь аймгийн Өлзийт сумын яслид сувилагч хийдэг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна” гэх мэдүүлэг,

гэрч У.Хөсрийгийн “Б.Мөнхсэвжид нь 1967 оноос 1969 он хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын  хүний их эмчийн салбарт асрагч, үйлчлэгч хийж байсан. Дараа нь тогооч хийж байсан санагдаж байна. Би 1950 оноос эхлээд өндөр насны тэтгэвэрт гартлаа Дундговь аймгийн Өлзийт суманд сургууль, цэцэрлэгт, сургуулийн дотоод байрны тогооч хийж байсан юм. Тэр үед сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолыг бөөнөөр нь  4 тогооч хийдэг байсан. Тийм учраас Дундговь аймгийн Өлзийт суманд энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Тогтоолын “Б.Мөнхсэвжид Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт 1971 оноос 1975 он дуустал тогоочоор ажиллаж байсан. Би тус тасагт 1959 оноос 1977 он хүртэл сувилагчаар, түүнээс хойш Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилласан учраас Б.Мөнхсэвжидийн ажиллаж байсан талаар мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин Б.Мөнхсэвжидийн Дундговь аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт 1967 оны 1 сарын 1-с 1967 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл, 1969 оны 6 сарын 5-с 1969 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлын талаар гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй  байх тул уг нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Баатарын Мөнхжсэвжидийн   /РД:ЗЮ46021367/  Дундговь аймгийн Өлзийт сумын Хүн эмнэлэгт 1967 оны 7 сарын 1-ний өдрөөс 1969 оны 6 сарын 4-ний өдөр хүртэл асрагчаар, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт 1973 оны 1 сарын 1-с 1975 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс  Дундговь аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт 1967 оны 1 сарын 1-ний өдрөөс 1967 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл, 1969 оны 6 сарын 5-ны өдрөөс 1969 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч  Б.Мөнхсэвжидийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ