Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ‘’МТ петролиум’’ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд байрлах ‘’Цахиурт ойл’’ ХХК /захирал Х.Энхбат/-д холбогдох 17737902 /арван долоон сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Х.Энхбат, гэрч Ц.Мөнхцэцэг, Г.Бүрэнсайхан, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани ‘’Цахиурт ойл’’ ХХК-тай байгуулсан 83/14 тоот Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд манай компани стандартын шаардлага хангасан барааг цаг тухайд нь нийлүүлж байсан. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу Гэрээт ШТС /Шатахуун түгээх станц/ нь худалдан авсан барааны төлбөрийг , барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдан авсан шатахууны төлбөрийг барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр  болох 16052400 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд 83/14 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2,  5.2.3, 10 дугаар зүйлийн 10.3.1  зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 16052400 /арван зургаан сая тавин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 35 хоногийн алданги 1685502 /нэг сая зургаан зуун наян таван мянга таван зуун хоёр/ төгрөг, нийт 17737902 /арван долоон сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун хоёр/ төгрөгийг ‘’Цахиурт ойл’’ ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Манайхыг шатахуунаа соруулж ав гэж байгаа. Үүнийг нь манайх соруулж авах боломжгүй. Соруулж авах юм бол тодорхой хэмжээний зардал гарах тул хариуцагч талаас гарах зардал нэмэгдэнэ. Ийм байдлаар хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Хариуцагч ‘’Цахиурт ойл’’ ХХК-ийг алдангиас чөлөөлөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Энхбат нь 2014 оны 7 сарын 4-нд НИК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Дундговь аймгийн Дэлгэрцогт сум дахь хуучин НИК-ийн ШТС-ыг худалдан авсан. Гэтэл ‘’ЗЭТ БИ ЭС ДИ’’ компаний захирал Сэнгэравдан нь 2012 оны 11 сарын 26-ны 55-р захирамж /Хадан хошуу/ буюу төв замын зүүн хойд талд байрладаг Алтан загас уулын энгэрийн урд байдаг газартаа буугаагүй манай газар буюу орох гарах гарцыг санаатайгаар хааж буусанд Газрын хууль, Замын хууль, Шудрага өрсөлдөөний хууль зэрэг хуулиудыг зөрчсөнөөр өдий хүртэл эцсийн шийдвэр гаргаагүйн улмаас цаг хугацаа алдан МТ-ийн гэрээт борлуулагчийн хувьд 16052400 төгрөгний борлуулалтыг хийж чадсангүй. Одоо савандаа ДТ түлш 4тонн*1800=7200000 төгрөг, А80 2тонн*1600=3200000 төгрөг борлуулж өгнө. Дутагдал 5352400 төгрөг 2016 оны 12-р сарын 30 гэхэд төлж барагдуулна. Мөн алданги 1685502 төгрөгийг чөлөөлж өгч гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01 дэх захирамжаар эвлэрлийн гэрээ байгуулсан боловч энэ нь хууль бус захирамж гаргасны улмаас /нэг талын эрх ашигийг давуу баримталсан/ манай ШТС-ын хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Үүний уршигаар өдийг хүртэл 2 жил  ямар ч борлуулалт, орлогогүй зогсонги байдалд орсон бөгөөд 1686500 төгрөгийн алданги тооцсон байна. Энэхүү алданги болох 1686500 төгрөг нь манай байгууллагаас шалтгаалаагүй тул төлөх боломжгүй. Харин үндсэн төлбөр 16052400 /арван зургаан сая тавин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд гэрч Ц.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: Би Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын унаган иргэн хүн байгаа юм. Шатахуун түгээх станцыг Энхбат гэдэг хүн авсан. Тус станц нь эмнэлэгт залгаа байрлалтай шатахуун түгээх станц байсан юм. Манай суманд суугаа Сэнгэравдан гээд хотын иргэн байдаг. Энэ хүн эмнэлгээс баруун хойш колонк ажиллуулж байсан. Тэгсэнээ Энхбат гэдэг хүний шатахуун түгээх станцыг хааж колонкоо барьж ажиллуулаад дусал ч бензин өгөхгүй гээд дарамтлаад байдаг юм байна лээ. Сэнгэравдан гэдэг хүн тэнд колонкоо байгуулчихсан. Тус шатахуун түгээх станц нь анх цонхгүй, шалгүй байсныг нь тохижуулаад шатахуун түгээх станц болгож үйл ажиллагаа явуулаад “МТ петролиум” ХХК-ний гэрээт борлуулагч болгосон. Бид нар Засаг даргад хэлсэн боловч Сэнгэравдан гэдэг хүн хэл амтай бид нар дийлэхгүй тиймээс та нар хуулийн байгууллагад ханд гээд хуулийн байгууллагад хандсан чинь Сугиржав шүүгч шийдвэр гаргасан. Тус шийдвэр нь хууль бус шийдвэр гаргасан гэв.

Шүүх хуралдаанд гэрч Г.Бүрэнсайхан мэдүүлэхдээ: Хадгалагдаж байгаа бензин, түлш 1-2 жилдээ чанар алдагдахгүй, муудах үндэслэлгүй. Бензинтэй байгаа сав чинь дундуур байх тусмаа савныхаа хэмжээгээр ууршилт нь явагддаг. Дүүрэн байх тусмаа ууршилт нь бага явагддаг.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ‘’МТ петролиум’’ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг нь хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд байрлах ‘’Цахиурт ойл’’ ХХК /захирал Х.Энхбат/-аас 83/14 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2,  5.2.3, 10 дугаар зүйлийн 10.3.1  зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 16052400 /арван зургаан сая тавин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 35 хоногийн алданги 1685502 /нэг сая зургаан зуун наян таван мянга таван зуун хоёр/ төгрөг нийт 17737902 /арван долоон сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ’МТ петролиум’’ ХХК-ний Ерөнхий захирал Р.Ганзориг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэгээс гадна тус компаний ажилтан Г.Энхжавхлан, С.Долзодням нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, хэргийн материалтай танилцах, бүх шатны шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байдаг. Гэвч Г.Энхжавхлан, С.Долзодням нар нь өөрсдийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийг төлөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг нь тэднийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн. 

‘’МТ петролиум’’ ХХК нь ‘’Цахиурт ойл’’ ХХК-тай хамтран ажиллаж, чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн ‘’Цахиурт ойл’’ ХХК-д худалдаж, худалдан авсан барааны төлбөрийг ‘’Цахиурт ойл’’ ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулж байсан нь хэргийн 10-14-р хуудсанд авагдсан 83/14 тоот шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ, зохигчийн тайлбараар нотлогдож байна. Мөн хариуцагч ‘’Цахиурт ойл’’ ХХК нь нэхэмжлэгч ‘’МТ петролиум’’ ХХК-д 16052400 /арван зургаан сая тавин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг төлөх ёстой гэдэг нь хэргийн 15-р хуудсанд авагдсан Санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 6 сарын 18-ны өдрийн 171/111 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Тооцооны үлдэгдэл баталгаа маягтаар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч үндсэн төлбөр 16052400 /арван зургаан сая тавин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг төлөхөд маргаагүй болно.

‘’Цахиурт ойл’’ ХХК-ний төлөөлөгч нь ‘’ЗЭТ БИ ЭС ДИ’’  компани нь ‘’Цахиурт ойл’’ ХХК-ний орох гарах гарцыг санаатайгаар хааж, үйл ажиллагаа явуулсны улмаас 2 жил борлуулалт нь зогсож, 16052400 төгрөгний борлуулалтыг хийж чадаагүй тул 1685502 /нэг сая зургаан зуун наян таван мянга таван зуун хоёр/ төгрөгийн алдангийг төлөхөөс татгалзаж байна гэж маргажээ. Хариуцагч ‘’Цахиурт ойл’’ ХХК-ний захирал Х.Энхбат нь ‘’МТ петролиум’’ ХХК-тай сайн дурын үндсэн дээр 83/14 тоот шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасан худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлнө. Төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцсон алданги төлнө гэдгийг мэдэж байсан гэж тайлбарлаж байх тул ‘’МТ петролиум’’ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг нь 83/14 /хэргийн 10-14-р хуудас/ тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар 1685502 /нэг сая зургаан зуун наян таван мянга таван зуун хоёр/ төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа нь иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахв хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд ‘’МТ петролиум’’ ХХК нь  ‘’Цахиурт ойл’’ ХХК-ний хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд ‘’Цахиурт ойл’’ ХХК нь худалдан авсан барааны төлбөрийг худалдагч талд гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан хугацаа хэтрүүлсэн байх тул ‘’Цахиурт ойл’’ ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 16052400 /арван зургаан сая тавин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 35 хоногийн алданги 1685502 /нэг сая зургаан зуун наян таван мянга таван зуун хоёр/ төгрөг нийт 17737902 /арван долоон сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун хоёр/ төгрөг гаргуулж, ‘’МТ петролиум’’ ХХК-д олгож, нэхэмжлэлийг хангаж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд байрлах ‘’Цахиурт ойл’’ ХХК-иас 17737902 /арван долоон сая долоон зуун гучин долоон мянга есөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 6-р хороонд байрлах ‘’МТ петролиум’’ ХХК-д олгосугай. 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,639.51 /хоёр зуун дөчин зургаан мянга зургаан зуун гучин есөн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ‘’Цахиурт ойл’’ ХХК-иас 246,639.51 /хоёр зуун дөчин зургаан мянга зургаан зуун гучин есөн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ‘’МТ петролиум’’ ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ХИШИГДЭЛГЭР