Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 215

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 06 сарын 09                             Дугаар 215                                        Баруун-Урт

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Канад хаус хорооллын 2-8 тоотод оршин суух, /ЛЮ83082964 регистртэй/ Бух овгийн Монхорын Чулууны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох зээлээр худалдсан барилгын материалын төлбөр 906300 /есөн зуун зургаан мянга гурван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04-р сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад 

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч М.Чулуун шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манайх барилгын материал зардаг дэлгүүртэй юм. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь  2014 оны 09-р сарын 29-өөс 2014 оны 10-р сарын 21-ийг хүртэл хугацаанд манай дэлгүүрээс 906300 төгрөгний бараа материалыг зээлээр худалдан авсан. Энэ хугацаанд бараа материал худалдан авсан баримтыг тус төвийн нярав Э.Уранчимэг нь өөрийн биеэр ирж авч байсан. Тухайн үед тус төв нь манайхаас зээлээр бараа материал худалдан аваад сар бүр мөнгийг нь  төлдөг байсан болохоор энэ удаа ч гэсэн зээлээр авсан барааны мөнгөө төлчих байх гэж бодож байсан боловч төлөөгүй өдийг хүрсэн. Зээлээр авсан бараа материалын үнийг төлөх талаар 2015 онд 3-5 удаа нябо руу нь утсаар холбогдож, сургууль дээр очиж биечлэн уулзаж байсан. Шийдтэй хариу өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Иймд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс зээлээр худалдан авсан бараа материалын төлбөр 906300 /есөн зуун зургаан мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Чулууны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд тусгагдсан бараа материалыг сургуулийн дадлагын газар, үйлдвэр сургалтанд ашигласан нь тогтоогдлоо. Иймд нэхэмжлэлийн шаардлага 906300 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Чулуун нь Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан зээлээр худалдан авсан барилгын материалын төлбөр 906300 /есөн зуун зургаан мянга гурван зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Чулууны 906300 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26301 төгрөгний тал хувь 13150 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 13150 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Чулуунд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч М.Чулууны зээлээр худалдсан барилгын материалын төлбөр 906300 /есөн зуун зургаан мянга гурван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч М.Чулууны 906300 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26301 төгрөгний тал хувь 13150 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 13150 төгрөгийг хариуцагч Сүхбаатар аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Чулуунд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА