Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р багт оршин суух, Нуухаагийнхан овогт Лувсан-Осорын Дүгэр /ЗД57010719/-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Дүгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Дүгэр шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой. Бага наснаасаа аав, ээжийн гар дээр мал маллаж байгаад 1973 оноос эхлэн илгээлтээр гарч Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Шинэ зам нэгдэл”-д 1976 оны 6 сар хүртэл мал тууж байгаад цэрэгт явсан. Цэргийн албыг 1976 оны 6 сараас 1979 оны 6 сар хүртэл хааж ирээд тус сумын “Шинэ зам нэгдэл”-ийн Номгон бригдадад 1979 оны 7 сараас 1993 оны 8 сарыг дуустал буюу нэгдэл тартал мал малласан. 1981 оноос 1990 оныг дуустал бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг, овгийн зөрчилтэй, бусад оны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Иймд мэдэх хүмүүсийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг, цалин хөлсний баримтыг үндэслэн 1973 оны 01 сарын 01-нээс 1976 оны 6 сарын 30-ныг хүртэл, 1979 оны 7 сарын 1-нээс 1993 оны 8 сарын 31-нийг дуустал улсад малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв. 

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Дүгэр нь 1973 оны 1 сарын 1-нээс 1976 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 7 сарын 1-нээс 1993 оны 8 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ‘’Шинэ зам нэгдэл’’-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.Дүгэрийг 1973 оны 1 сарын 1-нээс 1976 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 7 сарын 1-нээс 1993 оны 8 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Шинэ зам нэгдэл”-д малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг, овгийн зөрчилтэй бөгөөд ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал  нь аймгийн Архивын газарт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Дундговь аймгийн Архивын тасгийн 1485 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Лувсан-Осорын Дүгэр нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Шинэ зам нэгдэл”-д 1973 оны 1 сарын 1-нээс 1976 оны 6 сарын 1-ний өдөр хүртэл, 1979 оны 7 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч  Ц.Галсандэжид, Д.Тэрбиш, З.Алтанцог нарын мэдүүлэг /хэргийн 34, 36-38-р хуудас/, 1981 оны 6 сарын 2-ны өдөр Иш овогт Дүгэрт олгосон хөдөлмөрийн дэвтэр  /хэргийн 5-р хуудас/, Дэлгэрхангай сумын “Шинэ зам нэгдэл”-ийн 1977 оны хэдэн сар нь тодорхойгүй, 1982 оны хэдэн сар нь тодорхойгүй, 1983 оны 7 сар, 1988 оны 10 сарын 25,  1991 оны 9 сар, 1992 оны 6-7-р сарын цалингийн тооцооны хүснэгт /хэргийн 6-7-р хуудас, 22-33-р хуудас/-ээр тус тус нотлогдож байна. Мөн хэрэгт авагдсан 1981 оны 6 сарын 2-ны өдөр Иш овогт Дүгэрт олгосон хөдөлмөрийн дэвтэр нь овгийн зөрчилтэй боловч тус хөдөлмөрийн дэвтэр нь Лувсан-Осорын Дүгэрт олгосон хөдөлмөрийн дэвтэр мөн болох нь Л.Дүгэрийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

Харин 1993 оны 1 сарын 1-нээс 8 сарын 31-нийг дуустал малчнаар ажилласан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хүсэлт гаргагч Л.Дүгэрийг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Шинэ зам нэгдэл”-д 1973 оны 1 сарын 1-нээс 1976 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэл, 1979 оны 7 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан гэж үзээд хүсэлтийн шаардлагаас үлдсэнийг буюу 1993 оны 1 сарын 1-ний өдрөөс 8 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан жилийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон                    ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нуухаагийнхан овогт Лувсан-Осорын Дүгэрийг 1973 оны 1 сарын 1-ний өдрөөс 1976 оны 6 сарын 1-ний өдөр хүртэл, 1979 оны 7 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Шинэ зам нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

     

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР