Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 000013

 

                             Б.Нацагдоржид захиргааны шийтгэл

                                      ногдуулсан хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийтгэвэртэй, Б.Нацагдоржид холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан хэргийг, зөрчил гаргагч Б.Нацагдоржийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун дэнж 25-20 тоотод оршин суух, ФБ91050614 регистрийн дугаартай, Чин овогт Батмөнхийн Нацагдорж.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

Б.Нацагдорж нь архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийтгэврээр:

 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Б.Нацагдоржийг 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурьдаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэврийн нэг хувийг зөрчил гаргагч Б.Нацагдоржид гардуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчил гаргагч шийтгэврийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч Б.Нацагдорж давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Батмөнх овогтой Нацагдорж нь 1991 оны 05 дугаар сарын 06-нд Орхон аймаг Баян-Өндөр суманд төрж өссөн. Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр одоогоор хийсэн ажилгүй 5 сартай охиноо хардаг. Миний эхнэр төрөлтийн хүндрэлтэй төрж охин минь 2 сар дутуу төрж их бие султай эмнэлгийн хараа хяналтанд байнга эмчилгээнд байдаг. Манай аав ээж 2 нас дээр гарсан хүмүүс байдаг. Аав минь группэд байдаг. Ээж минь гэрт тэр хоёр маань аавын группын мөнгөөр гарынхаа хоол хүнсээ арай ядаж аргалдаг тэр болгон охин, эхнэр хоёрыг минь эргээд байх боломжгүй байдаг. Охин эхнэр хоёр минь одоо эмнэлэгт хэвтэж байгаа. Би өөрөө гадуур дотуур явж барилгын халтуурын жижиг сажиг ажил олж хийдэг. Олсон хэд гурван төгрөгөөрөө охин эхнэр хоёрынхоо эм тариа, хоол, хүнс хэрэгцээг нь арай ядан болгодог. Эхнэрийн минь талаас охин эхнэр хоёрыг минь эргэж тойроод байх завтай хүн байхгүй. Одоогоор охины минь бие их муу эм, тариа нь тасалдаж чүү ай хүн амьтан гуйж аргалуулж байгаа юм билээ. 2016 оны 10 дугаар сарын 06, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн минь үнэн болно.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийтгэврээр 14 хоног баривчлагдсан. Энд байх хугацаанд их гэмшиж, их ухаарлаа, ЭББ-ны ном, сонин сэтгүүл уншиж, уух уу ухаарах уу гэдэг сургалтанд сууж бус өөрийн биеэр гарын авлагыг авч уншиж их юм ойлгож маш их гэмшиж ямар муухай нүгэл үйлдэж буйгаа чин сэтгэлээсээ ухаарч ойлголоо.

 

Иймд энэ аргагүй байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан шийтгэл болох 14 хоногоос минь багасгаж өгөхийг чин сэтгэлээсээ ухаарч ойлгосон миний бие хүсэж байна. Ахиж би архи уухгүй, оюун бодол сэтгэл санаандаа маш их ухаарч, ойлгосон  тангараглая гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зөрчил гаргагч Б.Нацагдорж нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн гэртээ буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын “Дэнж” багийн 25-20 тоот гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргасан болох нь зөрчлийн талаар асуусан тэмдэглэл, зөрчлийн тухай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл, зөрчил гаргагч Б.Нацагдоржийн тайлбар зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Б.Нацагдорж нь үүний өмнө “2016 оны 10 дугаар сарын 06, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд мөн архи ууж эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан болох нь зөрчил гаргасан тухай материалд авагдсан Орхон аймгийн Цагдаагийн газрын бичгийн нотлох баримт болон зөрчил гаргагчийн өөрийнх нь мэдүүлгээр нотлогдох ба анхан шатны шүүхээс хуульд заасан хариуцлага ногдуулсан шийтгэл нь түүний гаргасан зөрчил болон хувийн байдалд тохирсон байх тул  зөрчил гаргагчийн  “...энэ аргагүй байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан шийтгэл болох 14 хоногоос багасгаж...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Б.Нацагдоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

 

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

 

ШҮҮГЧ                                                                       Ц.ТУЯА

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР