Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Өлзийт сумын 6-р баг, Рашаантын 16-1 тоотод оршин суух, Дархчуул овогт Ойровын Мөнхбат /ЗИ56031311/-ын хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Мөнхбат шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1956 онд төрсөн, энэ жил 60 нас  хүрч байгаа улсад 42 жил ажилласан юм. Үүнээс 1971 оны 01 сарын 01-нээс 1979 оны 02 сарын 05  хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар таван жил нэгдэл”-д малчин, цэргийн албыг 126-р ангид хаасан. Хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахыг надад олгохдоо Даш гэж ааваар овоглож бичсэн. Төрсний гэрчилгээ олгохдоо ээж Ойровоор овоглож олгосон байсныг  баримталж, иргэний үнэмлэх авахдаа ээж Ойровоор овоглож авсан нь цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр дээрх овог зөрсөн зөрчил гарсан тул хамт ажиллаж байсан 3 хүний мэдүүлэг, бусад холбогдох баримтыг үндэслэн 1970 оны хөдөлмөрийн дэвтрийн /дугаар 422/ болон цэргийн батлах /№251057/-ын жинхэнэ эзэмшигчээр Ойровын Мөнхбатыг мөн эсэхийг тогтоож, мөн 1970 оны 1 сарын 1-нээс 1975 оны 5 сарын 19  хүртэл, 1978 оны 8 сарын 1-нээс 1979 оны 2 сарын 5  хүртэл  Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар таван жил нэгдэл”-ийн Дэрт бригадад малчнаар ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, цэргийн батлах, хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт, гэрлэгчдийн бүртгэлийн хуулбар зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэв. 

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Мөнхбат нь хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр болон 1970 оны 1 сарын 1-нээс 1975 оны 5 сарын 19 хүртэл, 1978 оны 8 сарын 1-нээс 1979 оны 2 сарын 5  хүртэл  Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар  таван жил нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч О.Мөнхбатыг Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар таван жил нэгдэл”-д 1970 оны 1 сарын 1-нээс 1975 оны 5 сарын 19 хүртэл, 1978 оны 8 сарын 1-нээс 1979 оны 2 сарын 5-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн эцгийн нэр зөрчилтэй тул тус дэвтрийг үндэслэн тэтгэвэр тогтоолгож чадахгүй байгаа гэх бөгөөд ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал  нь аймгийн Архивын газарт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар,  Дундговь аймгийн Архивын тасгийн 98 дугаартай тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Мөн Дашын Мөнхбат гэж олгосон хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Ойровын Мөнхбат мөн болохыг хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дашийн Мөнхбатад 1973 оны 11 сарын 27-ны өдөр олгосон 251057 дугаартай цэргийн батлахын мөн Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар таван жил нэгдэл”-ээс Дашийн Мөнхбатад олгосон 422 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ойровын Мөнхбат мөн болох нь хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан Ойровын Мөнхбатад олгосон төрсний гэрчилгээний хуулбар, 1971 оны 1-2 дугаар сарын цалингийн хүснэгт /хэргийн 24-р хуудас/,1972 оны 7-8 сарын цалингийн хүснэгт /хэргийн 32-р хуудас/, 1973 оны 11 сарын цалингийн хүснэгт /хэргийн 35-р хуудас/, 1974 оны 3 сарын цалингийн хүснэгт /хэргийн 37-р хуудас/, 1974 оны 4, 5 сарын цалингийн хүснэгт /хэргийн 39-р хуудас/, 1975 оны 5 сарын цалингийн хүснэгт /хэргийн 43-р хуудас/, 1978 оны 8 сарын 12-ны өдрийн цалингийн хүснэгт /хэргийн 46-р хуудас/, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2/173 дугаартай тодорхойлолт /хэргийн 62-р хуудас/, гэрч Г.Цээсүрэн, Б.Зулаа, Б.Даш нарын мэдүүлгээр нотлогдож байна.

            Ойровын Мөнхбат нь 1970 оны 12 сараас 1975 оны 5 сарын 19-н хүртэл, 1978 оны 8 сарын 1-нээс 1979 оны 2 сарын 5-н  хүртэл  Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар таван жил нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн хүсэлт, Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар таван жил нэгдэл”-ээс Дашийн Мөнхбатад олгосон 422 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /тус дэвтэр нь 1971 оны 1 сараас 1975 оны 6 сар, 1978 оны 8 сараас 12 сар хүртэл бичилт хийгдэж, тамга дарагдсан/, Өлзийт сумын “2 дугаар таван жил нэгдэл”-ийн цалингийн хүснэгт /хэргийн 20-50-р хуудас/,  гэрч Г.Цээсүрэн, Б.Зулаа, Б.Даш нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

            Иймд Дашийн Мөнхбатад 1973 оны 11 сарын 27-ны өдөр олгосон 251057 дугаартай цэргийн батлахын мөн Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар таван жил нэгдэл”-ээс Дашийн Мөнхбатад олгосон 422 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ойровын Мөнхбат мөн болохыг, Ойровын Мөнхбат нь 1970 оны 12 сараас 1975 оны 5 сарын 19 хүртэл, 1978 оны 8 сарын 1-нээс 1979 оны 2 сарын 5  хүртэл  Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар  таван жил нэгдэл”-д малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн эсэх болох 1970 оны 1 сарын 1-ний өдрөөс 1970 оны 12 сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгож, О.Мөнхбат нь нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүсэлт гаргагчаас 70200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон                    ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Дашын Мөнхбатад 1973 оны 11 сарын 27-ны өдөр олгосон 251057 дугаартай цэргийн батлахын, мөн Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар таван жил нэгдэл”-ээс Дашийн Мөнхбатад олгосон 422 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ойровын Мөнхбат /ЗИ56031315/ мөн болохыг тогтоосугай.

     

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ойровын Мөнхбат нь Дундговь аймгийн Өлзийт сумын “2 дугаар таван жил нэгдэл”-д 1970 оны 12 сарын 01-нээс 1975 оны 05 сарын 19-ны өдрийг хүртэл, 1978 оны 08 сарын 01-нээс 1979 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Мөнхбатаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР