Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хүсэлт гаргагч: Дундговь аймгийн Хулд сумын 4-р багт оршин суух Хулд овогт Хайнзангийн Онхоон /ЗМ56060111/-ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Онхоон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Онхоон шүүхэд гаргасан  хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1956 онд төрсөн. 1981 оны 10 сарын 13-наас Хулд сумын Талын цэцэг нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 10 сарын 15-ны өдрийн 35-р тушаалаар ‘’Талын цэцэг’’ нэгдлийн уурийн зууханд галч, засварчнаар ажиллаж байгаад 1986 оны 3 сарын 28-нд Ахуй үйлчилгээний харъяа мэргэжил эзэмших курст суралцах болсон учир уурын зуухны галч, засварчны ажлаас нэгдлийн даргын 1986 оны 5 сарын 19-ний өдрийн 23-р тушаалаар чөлөөлөгдөж суралцахаар явсан. Мэргэжил дээшлүүлэх курст суралцаж ирээд 1986 оны 8 сарын 15-нд мэргэжлийн дагуу уурын зууханд слесарээр ажилласан. Бүх сумдын уурын зуухуудыг Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харъяалалд шилжүүлснээр нэгдлийн даргын 1988 оны 4 сарын 20-ны өдрийн 10-р тушаалаар харъяалалаар шилжсэн. 1988 оны 5 сарын 1-нд Аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 26-р тушаалаар Хулд сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зууханд засварчнаар ажилласан. 1990 оны 4 сарын 29-нд уурын зуух Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрлэлийн харъяалалд шилжсэн учир Хулд сумын НААҮТөвийн даргын 1990 оны 4 сарын 29-ний өдрийн 10-р тушаалаар чөлөөлөгдсөн. Энэ бүх тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичилттэй байгаа боловч аймгийн архивт зарим тушаал нь байхгүйгээс болж тэтгэвэрт орох боломжгүй болсон. Иймд миний 1981 оны 10 сарын 13-ны өдрөөс 1990 оны 4 сарын 29-ний өдөр хүртэл уурын зууханд гачегерь, слесарь /галч, засварчнаар/-ээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Онхоон нь Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг нэгдэл”, “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төв”-д 1981 оны 10 сарын 13-ны өдрөөс 1990 оны 4 сарын 29-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Х.Онхооны Дундговь аймгийн Хулд сумын “Талын цэцэг нэгдэл”, “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төв”-д 1981 оны 10 сарын 13-ны өдрөөс 1990 оны 4 сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд нь өөрт нь хадгалагдаагүй устсан түүнчлэн Архивын газраас шүүлгэхэд гарахгүй байгаа буюу мөн хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 109 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Х.Онхоон нь Дундговь аймгийн Хулд сумын  “Талын цэцэг нэгдэл”, “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төв’’-д 1981 оны 10 сарын 13-ны өдрөөс 1990 оны 4 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэдэг нь

- Хулд сумын “Талын цэцэг нэгдэл”-ийн даргын 1981.10.15-ны өдрийн 35-р тушаалын хуулбар / ..........уурын зуухны гачгараар Х.Онхооныг мөн сарын 13-наас эхлэн ажиллуулсугай гэжээ/

- 1986 оны 6 сарын 1-ний өдөр Талын цэцэг нэгдлээс Х.Онхоонд олгосон 163108 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /тус хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт Талын цэцэг нэгдлийн даргын 1981.10.13-ны өдрийн 35-р тушаалын бичилт, Талын цэцэг нэгдлийн даргын 1986.05.19-ны өдрийн 23 дугаар тушаалын бичилт /мэргэжил олгох курст явах болсон тул уурын зуухны гачгарын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай/, Талын цэцэг нэгдлийн даргын 1986.08.16-ны өдрийн 46 дугаар тушаалын бичилт /мэргэжил дээшлүүлж ирсэн тул уурын зуухны селесерээр томилсон тухай/, Талын цэцэг нэгдлийн даргын 1988.04.30-ны өдрийн 10 дугаар тушаалын бичилт / талын цэцэг нэгдлээс шилжүүлж, сумын НАҮ-ийн төвийн мэдэлд шилжүүлсэн тухай/, Аймгийн НАААҮ-ийн удирдах газрын даргын 1988.06.07-ны өдрийн 26 дугаар тушаалын бичилт /НАААҮ-ийн төвийн уурын зуухны селесерээр 1988 оны 5 сарын 1-нээс томилсон тухай/, Хулд сумын  НАААҮ-ийн төвийн даргын 1990.04.29-ны өдрийн 10 дугаар тушаалын бичилт /уурын зуух аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт шилжсэн тул Эрчим хүчний үйлдвэрт 1990 оны 5 сарын 1-нд шилжүүлсэн тухай//

- Аймгийн НАААҮ-ийн удирдах газрын даргын 1988.06.07-ны өдрийн 26 дугаар тушаалын хуулбар /Хулд сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний төв байгуулагдсантай холбогдуулан ........Х.Онхооныг селесерээр..........тус тус ажиллуулсугай гэжээ./

-Гэрч Л.Чимэддорж, М.Сийлэгмаа, Д.Шатар нарын мэдүүлэг /Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981-1990 оны дунд үе хүртэл ажиллаж байсныг гэрчилсэн байна./ зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Х.Онхооныг Дундговь аймгийн Хулд сумын ‘’Талын цэцэг нэгдэл’’, “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төв”-д 1981 оны 10 сарын 13-ны өдрөөс 1990 оны 4 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон                    ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хулд овогт Хайнзангийн Онхооныг Дундговь аймгийн Хулд сумын ‘’Талын цэцэг нэгдэл’’, Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төв-д 1981 оны 10 сарын 13-ны өдрөөс 1990 оны 4 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР