Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 186

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айргийн 10-31 тоотод оршин суух, Наран овогт Осоржингийн Өлзийсайхан /ЗЮ75022402/-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Дэрэн сумын 2-р багт оршин суух, Цант овогт Төрбатын Энхчулуун /ЗЖ76111412/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Өлзийсайхан, хариуцагч Т.Энхчулуун, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 онд Т.Энхчулуунтай танилцаж гэр бүл болсон боловч Энхчулуун бид 2 өөрсдөө очиж гэрлэлтээ батлуулаагүй. Манай хадам аав бидний гэрлэлтийг батлуулж, 2000.05.05-ны өдөр ИГББ бүртгэлд гэрлэлтийн баталгаа авагдсан. Энхчулуун бид хоёр гэр бүл болоод амьдарч байх хугацаанд 2001 онд охин Оюунцэцэг төрсөн юм. Одоо эрүүл саруул бойжиж өсч хүмүүжиж сурч байна. Энхчулуун бид хоёр тус тусдаа амьдраад 5 жил болж байна. Цаашдаа хамтдаа амьдрах  ямар ч боломжгүй байна. Хамт амьдарч байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсан согтуу тавиад байнгын хэрүүл маргаантай гэр бүлийн дарамтанд байдаг байсан. Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй юм. Охин Оюунцэцэгийг өөрийнхөө асрамжинд авч, эцэг Т.Энхчулуунаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Тусдаа амьдарч байх хугацаандаа охиндоо ямар нэгэн хэлбэрээр дэмжлэг үзүүлж байгаагүй. Иймд Т.Энхчулуунаас гэрлэлтийн баталгаа цуцлуулж охин Оюунцэцэгийг 18 нас хүртэл хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Т.Энхчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. О.Өлзийсайхан нь хүүхэддээ мөнгө өгч байгаагүй гэж бичсэн байна. Би ажил хийж байхдаа боломжоороо зөндөө мөнгө өгсөн. Би улиралын шинж чанартай ажил хийдэг учир байнга мөнгө өгч чадахгүй. Тэгээд ч одоо хүссэнээр ажил олдохгүй байна. Ийм учраас охин Оюунцэцэгтээ боломж чадлаараа мөнгөн өгч байх болно гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Өлзийсайхан нь хариуцагч Т.Энхчулуунаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч гэрлэлтээ цуцлуулж, 1 хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна. Гэрлэгчид нь 2011 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй, мөн тус маргаан нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд  О.Өлзийсайхан, Т.Энхчулуун нар нь 2000 оны 2 сарын 4-ний өдөр гэр бүл болсныг 2000 оны 5 сарын 15-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн байна. 2001 оны 4 сарын 21-нд Э.Оюунцэцэг төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/, Э.Оюунцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. 

Гэрлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүх хуралдаан дээр эвлэрээгүй бөгөөд цаашид хамт амьдрах хүсэл эрмэлзэл, бодолгүй болох нь  зохигчийн тайлбараар нотлогдож байх учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж, охин Э.Оюунцэцэгийн хүсэлтийг үндэслэн эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Т.Энхчулуунаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжийн 116695 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар  шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Осоржингийн Өлзийсайхан, Төрбатын Энхчулуун нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2001 оны 4 сарын 21-нд төрсөн охин Энхчулууны Оюунцэцэгийг төрсөн эх О.Өлзийсайханы  асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2-т зааснаар 2001.04.21-нд төрсөн охин Э.Оюунцэцэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Т.Энхчулуунаар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Өлзийсайханд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 116695 /нэг зуун арван зургаан мянга зургаан зуун ерэн таван/  төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөх бүр хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд  даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ХИШИГДЭЛГЭР