Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4333

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан гудамж, 27 /а/ байрны 1502 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧК 84092006, Боржигон овогт Насанбаярын  Солонгын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханцхутагт дамдинбазарын гудамж 49 дүгээр байрны 23 тоотод  оршин суух, регистрийн дугаар ТИ 86010805, Сартуул овогт  Мөнхбатын  Шинэ-Одод  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар  сарын 02-ны өдөр  хүлээн   авч  хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Шинэ-Одын хүсэлтээр 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдөр 4 800 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай хүүгүй зээлсэн.Зээлийн хугацаа хэтэрсэн зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан.Улмаар зээлийн гэрээ дуусаж байхад мөнгө өгөхгүй хохироож байна.Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх үүргээ хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Шинэ-Од нь гэрээний үүргээ биелүүлээгүй түүний зээлээ төлөх хугацаа нь дууссан.Иймд зээлдэгч Шинэ-Одоос зээлийн гэрээний дагуу төлөх 4 800 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Солонго шүүхэд  гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Шинэ-Одоос зээлийн гэрээний үүргийн 4 800 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч  уг мөнгийг Шинэ-Од 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар бид эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Шинэ-Од шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 4 800 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор Н.Солонгод төлж барагдуулахаар бид эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Солонго хариуцагч М.Шинэ-Одод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Солонгийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөгийг хариуцагч Шинэ-Од 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь  зүйтэй байна.

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 550  төгрөгийн  50 хувь болох  56 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 56 275  төгрөгийг улсын орлогоос, 56 275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Н.Солонгийн нэхэмжилсэн  4 800 000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийг хариуцагч М.Шинэ-Од 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 550  төгрөгөөс  56 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 56 275  төгрөгийг улсын орлогоос, 56 276 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

        ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН