Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 134/ШШ2016/00081

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: Ч нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.П холбогдох

Эрүүл мэндийн гэм хорын хохирол 1 580 490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бага охин Ө.Б 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр П.Б гэгч ангийн хүүхэд нь зодож хамарын ясыг хугалж хөнгөн гэмтэл учруулсан. П.Б учруулсан гэмтлийн улмаас охин Ө.Б эмчлүүлэхэд 1 580 490 төгрөгийн зардал гараад байна. П.Б эцэг Пүрэвсүх нь энэ хугацаанд бид бүхэнтэй уулзаж учрахгүйгээр барахгүй хохирол барагдуулах талаар юу ч ярихгүй байгаа.

Иймд П.Б-ийн асран хамгаалагч П учруулсан хохирол болох эмчилгээний зардал 442 200 төгрөг, оношлогооны зардал 321 000 төгрөг, замын зардал 687 900 төгрөг, хоол хүнсний зардал 117 390 төгрөг, нотариатын хөлс 12 000 төгрөг, нийт 1 580 490 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ч.Н нь тус шүүхэд 1 580 490 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг санал, гомдол байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Б.П холбогдуулан эрүүл мэндийн гэм хорын хохирол 1 580 490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Пүрэвсүхийн Б нь Ч.Н охин Өлзийбаярын Б зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/136 тоот Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдож байна.  

Хариуцагч Б.П нь нэхэмжлэгч Ч.Н нэхэмжилсэн 1 580 490 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 238 төгрөгийн тавин хувь болох 20 119 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.П 20 119 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Н нэхэмжлэлийн шаардлага болох эрүүл мэндийн гэм хорын хохирол 1 580 490 /нэг сая таван зуун наян мянга дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг хариуцагч Б.П төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 238  төгрөгийн тавин хувь болох 20 119 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч Б.П 20 119 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                             

 

ШҮҮГЧ                                Ц.НАРАНЧИМЭГ