Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00914

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 1993 онд төрсөн, 23 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, бүрэнбүст баг, 10 дугаар байрны 17 тоотод оршин суух, Буудай овгийн Ганболдын Эрдэнэцацралын /регистийн дугаар ФА93050423/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

                      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Эрдэнэцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

            Нэхэмжлэгч Г.Эрдэнэцацрал  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь ХААИС-ин эдийн засгийн бизнесийн сургуулийг эдийн засагч, математик загварчлалын мэргэжлээр 2015 онд төгсөж ирээд 2015-08-02-ны өдрөөс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст даргын туслах, архив бичиг хэрэг, няравын ажилд ажилд орж ажилласан. Эхний 3 сар туршилтаар ажиллаад үргэлжлүүлэн энэ ажлаа эрхэлсэн. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилга бат алдсан зөрчил дутагдал гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Харин 2016 он гараад дарга солигдож шинээр ирсэн дарга маань надтай уулзаж, өөрийн хүнээ туслахаар авах гэж байгаагаа хэлж ажлаа өгөхийг шаардсан. Би ямар нэгэн хариу өгөөгүй байтал 2016-04-06-ны өдрийн Б/25 тоот тушаал гаргаж ажлаас халсан. Уг тушаалд намайг хөдөлмөрийн хуулийн 40.1.2-д заасан буюу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг үндэслэлийг дурьджээ. Миний бие ажилдаа тэнцэхгүй нь талаар дүгнэлт шалтгалтаар тогтоогдсон зүйл байхгүй тул тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, хуучин ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Г.Эрдэнэцацралын 2016 оны 5 сарын 2-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Г.Эрдэнэцацрал нь ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдалгүй ажиллаж байх үед ‘’өөрийн хүнийг ажилд авна чи ажлаа өг’’ гэж шаардлага тавьж үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай нэхэмжлэлдээ дурьджээ.

Уг нэхэмжлэл гаргагчийг ажлаас халах болсон үндэслэл нь:

Тус хэлтсийн архив, бичиг хэргийн нууцын ажилтан Г.Эрдэнэцацрал нь ажлын байранд тавигдах шаардлага, дүрэм журмын чанд сахиж ажиллах ёстой.

          Ажлын байранд тавигдах шаардлага ‘’Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах’’ гэж заасан байдаг.

          Тусгай шаардлага: Мөн ажлын байрны тодорхойлолтонд ‘’ Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ олж мэдсэн улсын болон байгууллагын нууц, бусад ажилтнуудын хувийн нууцад хамаарах асуудлыг задруулахгүй байх’’ гэж заасан байдаг.  Г.Эрдэнэцацрал  байгууллагын дотоод мэдэ, мэдээлэл, гаргасан шийдвэрүүд, тушаал зэрэг ажил үүрэгтэй холбоотой нууцлалын мэдээллүүдийг удаа дараа өмнө нь ажиллаж байсан даргад тухай бүр мэдээлэл дамжуулж, байгууллагын нууцын тухай хууль, дотоод журам, албан бичиг хөтлөлтийн журмыг зөрчиж ажилласан. Зөрчил дутагдлыг удаа дараа хэлж, ажилчдын хурлаар анхааруулга өгч байсан. Ажлаас халагдах гол шалтгаан нь байгууллагын удирдлагын зөвлөлөөр хэлэлцэж буй асуудал, шийдвэрлэсэн шийдвэр, тушаалыг удирдлагын зөвшөөрөлгүйгээр өмнө ажиллаж байсан даргад шууд мэдээллэж байсан. Жишээ нь: мэргэжилтэн Уламнэмэхийг ажлаас чөлөөлж, тушаалыг танилцуулаагүй байхад өмнө ажиллаж байсан Ганхуяг дарга мэдчихсэн Уламнэмэхийг хоолонд урьж байна. Тушаал чинь гарсан гэлүү, сэтгэлийг чинь засья гэж ярьсан байсан. Энэ асуудлыг дарга Э.Содномжамц –д Уламнэмэх өөрөө хэлсэн /гэрчийн мэдүүлэг өгүүлэх/. Энэ бүгд холбогдох хууль, дотоод дүрэм журам ноцтой зөрчигдөж байсан тул цаашид ажиллуулах талаар удирдлагын зөвлөлөөр хэлэлцэж ажлаас халах шийдвэр гаргасан. Удаа дараа Г.Эрдэнэцацралыг дуудаж нягтлан бодогч, дотоод асуудал, хүний нөөцийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, ХШҮ-ний мэргэжилтэн нарт удаа дараа дутагдлыг танилцуулж, байгууллагын мэдээллийн нууцыг гадагш мэдээллэж байгаа талаар өөрт нь анхааруулж байсан боловч дахин давтагдсан. Ийм бичиг хэрг, архив, нууцын ажилтантай байх шаардлагагүй гэж үзсэн тул ажлаас халах шийдвэр гаргасан гэжээ.

           Шүүх хуралдаанд Орхон аймгийн  Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016-04-06-ны өдрийн Б/25 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын № А 0734485 дугаартай дэвтэр, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.  

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Г.Эрдэнэцацрал нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай   нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нь 2015-08-02-ны өдрөөс Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст даргын туслах, архив бичиг хэрэг, няравын ажилд орж ажиллаж байгаад тус хэлтэсийн даргын 2016-04-06-ны өдрийн Б/25 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8,38 дугаар зүйлийн 38.1.2,40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байна.

            Хариуцагч нь Г.Эрдэнэцацралыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт буюу ажил олгогчын санаачлагаар, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх хэсэгт зааснаар ажилтан мэргэжил,ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

            Гэвч энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гараагүй, дээрх байдал тогтоогдоогүй байна.

            Хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

            Нэхэмжлэгчийн № А0734485 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт нэхэмжлэгч нь сүүлд 2016 оны 1-4-р сарын нийгмийн даатгалын шимтгэл төлж  2 сард 488.521 төгрөг, 3 сард 504.521 төгрөг, 4 сард 333.680 төгрөгний  цалин авч байсан тухай тэмдэглэгдсэн байна. Энэхүү сүүлийн 3 сарын цалингийн дундажийг бодоход 442.240 төгрөг болж байна.

             Нэхэмжлэгч Г.Эрдэнэцацрал нь  2016-04-06-ны өдрөөс 2016-06-28-ны өдөр хүртэл  60 хоног буюу 2 сар, нэг сард ажлын 21.5 хоног гэж тооцон  2 сараар үржүүлэхэд 43  хоног ажилгүй байсан байна. Түүнчлэн сарын дундаж цалин 442.240 төгрөгийг 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 20.569 төгрөг болж байгааг 43 хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны  цалинтай тэнцэх нөхөн олговор 884.467 төгрөгийг  хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.   

        Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан  Буудай овгийн Ганболдын Эрдэнэцацралыг Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэсийн даргын туслах,архив,бичиг хэрэг,няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 884.467 төгрөгийг хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэсээс гаргуулан нэхэмжлэгч Г.Эрдэнэцацралд олгосугай.

3.Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас  25,777 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4 Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч  буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл   гардаж авсанаас хойш 14 хоногийн  дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН