Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00897

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн Илгээлтийн 43-17 тоотод оршин суух, Хонин онход овгийн Гармаагийн Бодолцолмонгийн нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-06-21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Бодолцолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Г.Бодолцолмон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1978 оны 1 сараас 1981 оны хооронд Дархан хотын Керамзитын заводод мазутын станцын тохиргоочиноор болон хэвлэх цехийн операторчиноор тус тус  ажиллаж ирсэн. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэр байгаа хэдий ч архиваас зарим тушаал нь олдохгүй байгаагаас шалтгаалан өндөр насны тэтгэвэрт гарахад материалаа бүрдүүлэх шаардлагатай болсон учраас нэхэмжлэл гаргаж байна. Иймд 1978 оны 01  дүгээр сарын 10-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Дархан хотын Керамзитын заводод мазутын станцын тохиргоочиноор болон хэвлэх цехийн операторчиноор ажилласныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дарханы керамитын заводын даргын 1979-01-20-ны өдрийн 001 дугаар тушаал, 328 дугаартай хэвлэх цэхийн операторын үнэмлэх,  гэрч Ё.Гимнай,Т.Данзан нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хонин онход овгийн Гармаагийн Бодолцолмон нь 1978 оны 01  дүгээр сарын 10-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Дархан хотын Керамзитын заводод мазутын станцын тохиргоочиноор болон хэвлэх цехийн операторчиноор ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дарханы керамитын заводын даргын 1979-01-20-ны өдрийн 001 дугаар тушаал, 328 дугаартай хэвлэх цэхийн операторын үнэмлэх,  гэрч Ё.Гимнай,Т.Данзан нарын мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хонин онход овгийн Гармаагийн Бодолцолмон нь 1978 оны 01  дүгээр сарын 10-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан хотын Керамзитын заводод мазутын станцын тохиргоочин, хэвлэх цехийн операторчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасны  дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН